Нийтлэл 10 сарын 28, 2026

МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ТАНДЕМ, 2021-2026 ОНД

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Герман, Финланд, Беларусь улсуудад хийсэн айлчлалын төгсгөлд өнөө цаг үеийн Монгол Улсын гадаад бодлогыг тоймлон харах цаг ба нөхцөл бүрдэв. Монгол Улсын Үндсэн хуулиар гадаад бодлогын үндсийг УИХ тодорхойлж, Засгийн газар хэрэгжүүлж, Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлнө. Гэвч 2021-2026 онуудад Ерөнхийлөгч Хүрэлсүх гадаад бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, төлөөлөх гэсэн гурван үе шатанд голлох үүрэг гүйцэтгэсэн учир шалтгааныг энд тайлбарлана. Түүнчлэн гадаад харилцаанаас урган гарах дотоод улстөрийн үр дагавар ба эсрэгээрээ дотоод бодлогын алдаа оноо манай улсын гадаад харилцааны цаашдын өрнөлд хэрхэн нөлөөлөх магадлалтайг авч үзнэ. 

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон 2021 онд дэлхийн түүхэнд ямар эгзэгтэй бүлэг бичигдсэнийг нэг эргэн харах нь зүй. Олон улсад эдийн засаг, улстөр, хүчний харилцаа үндсээрээ өөрчлөгдөх явц ид өрнөж байлаа. Ковидын нөлөөгөөр засгийн газруудад эрх мэдэл төвлөрч, тээвэр ложистикын хямрал ба ковидын мөнгөний тэлэлээс улбаатай глобал инфляцын өсөлт эхлээд байв. 2021 оны намартаа АНУ Афганистанаас цэргээ гаргаж, бүс нутаг төдийгүй дэлхийн дэг журам дахь АНУ-ын хегемон буюу нэг улсын манлайлал дуусгавар болсны илрэл гэгдлээ. НҮБ төвтэй хоёрдугаар дайны дараах дэлхийн дэг журамд түйвээлт хийсэн Трампын эхний засаглал мөн онд дуусгавар болсон байв. Аляскын хэлэлцээрт АНУ-Хятадын өрсөлдөөн ба зөрчил хэзээ хэзээнээс ил тод болж, Энэтхэг-Номхон далайд Хятадын эсрэг дөрвөл эвсэл байгуулагдав. Дараа жилээс нь Орос-Украинийн хооронд 2014 оноос хойш үргэлжилж байсан нөхцөл байдал албан ёсоор дайны хэлбэрт шилжиж шинэ Хүйтэн дайны хуваагдал бодитой болов. Орос-Украины дайн эхлэхтэй зэрэгцэн Израилаас Палестины суурьшлыг хууль бус, аюулгүй байдлын заналхийлэл гэж мэдэгдсэн нь Араб-Жүүдийн найм дахь дайны эхлэл болжээ. Энэ мэт нөхцөл байдлаас үүдэн төдийг хүртэл дэлхийн хөгжил цэцэглэлтийн үндэс гэгдсэн глобал харилцан хамаарал ба дундын дэг журамд итгэх итгэл суларч, улс орнууд бие даасан бодлого хэрэгжүүлэх, явцуу эвслийн харилцаа илүү идэвхжих шатанд шилжин орсон билээ. Энэ үеэс хойш дэлхий даяар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрт гэхэд 2 триллион $ зарцуулагдаж (ОУВС), худалдааны хориг болон хоёр талын худалдааны гэрээний тоо дор хаяж гурав дахин нэмэгдэж (ДХБ), эрчим хүчний экспорт импортын харилцаанд дор хаяж 20 хувийн дахин зохион байгуулалт хийгджээ (ОУЭХА). Батлан хамгаалах салбарт армийн төсөв газар сайгүй нэмэгдэж, 2021 оноос хойш бодит дүнгээр 25% орчим өссөн 2.9 их наяд долларт хүрээд байна(SIPRI). 

Дэлхийн хүчний шинэ бүтэц ба хуваагдлаас Монгол Улсад эрсдэл, боломжийн аль аль нь дагалдан үүсэв. Улстөрийн хувьд газарзүйн байршлын онцлогоос Орос, Хятад хоёр хөрштэй, ардчилсан орны хувьд барууны ардчилсан орнуудтай харилцах эрэлт ба шахалт зэрэгцэн идэвхжлээ. Эдийн засгийн хувьд үндэсний валютын хамгаалалт сул эдийн засаг инфляцын эрсдэлд хамгийн хүндээр нэрвэгдэж буйг дурдахад илүүц. Нөгөө талаар ковидын дараах эдийн засгийн идэвхжил ба шинэ хуваагдлын эрэлтээр тэжээгдсэн түүхий эдийн циклээс манай улсын экспортын орлого огцом нэмэгдэж 5 жилийн турш түүхэн дээд хэмжээгээ шинэчилж буй. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч Хүрэлсүхийн хувьд 2020, 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнд парламентад өөрийн нөлөөний суудлуудтай, Оюун-Эрдэнэ, Учрал нарын Ерөнхий сайдууд болон тэдний кабинетийг эрх барих намын лидерийн хувьд өөрийн нөлөөллийн хүрээнээс томилсноороо дээр дурдсанчлан гадаад бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, төлөөлөх гурван шатанд Гадаад харилцааны сайд Батцэцэгтэй гар нийлэн ажиллах улстөрийн болон эдийн засаг, төсвийн өрөө нээгдсэн гэж үзэх үндэстэй. 

Гадаад бодлогын тандем (гар нийлэх) гэдгээр чухамхүү гадаад, дотоод хүчин зүйлээр тохижсон энэ өрөөнд Ерөнхийлөгч Хүрэлсүхийн гадаад харилцааг чухалчлах, тэргүүлэх манлайлал болон Батцэцэг сайдын төрийн алба, институцийн гүйцэтгэл нэгэн цул болж Монгол Улсын гадаад бодлогын түүхэн идэвхжил ба дэлгэмэл тэлэлтийг бодит ажил хэрэг болгосныг заан хэлж буй хэрэг. Том, жижиг ямар ч орны гадаад бодлого хувь хүн хоорондын ойлголцол, итгэлцэл, улстөрийн манлайлал ба мэргэжлийн дипломат албаны гүйцэтгэл дээр тогтож байдаг. Үүнийг хослуулах тандем ажиллаж байсан тулдаа Ерөнхийлөгчийн гадаад айлчлал, хэлэлцээрүүдэд зөвхөн гадаад бодлого төдийгүй соёл, боловсрол, урлаг, шинжлэх ухаан зэрэг олон салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэгцэн багтдаг жишиг шинээр бий болов. Олон салбар дамнасан хөтөлбөр хэрэгжихэд төрийн алба, яам, тамгын газрын арын албаны нөр их хөдөлмөр, төрийн институц хоорондын хамтын ажиллагаа шаардагдана.

Энэхүү тандемын магад хэт идэвхжил, амбиц ба төсвийн зарцуулалтыг шүүн хэлэлцэх нь татвар төлөгч монголчуудын бүрэн эрх ба юутай ч голлох үр дүнгээс дурдвал дэлхийн хүчний хуваарилалтын өөрчлөлт хөдөлгөөний шатанд Монгол Улс гадаад бодлогын хувьд нэгд тэнцвэртэй, хоёрт идэвх санаачилгатай, гуравт прагматик хариу үзүүлэх бодлого баримталснаар: 

1, Шинэ Хүйтэн дайны Евразийн талд: Хоёр хөршийн тухайд иж бүрэн стратегийн түншлэлийг баяжуулж шинэ түвшинд гаргав. Төв Азийн орнуудтай харилцан яриа, харилцан айлчлалын механизмуудыг бий болгов. Хятад улстай Дэлхийн хөгжлийн санаачилга, Бүс ба зам санаачилгуудад идэвхтэй хамтрах хэлэлцээ хийж, Орос улстай стратегийн хугацаагүй түншлэл хийхээр тохирч, мөн гурван улсын хамтын хэлэлцээрүүдийг үе шаттай гүнзгийрүүлэв.

2, Ардчилсан Европ, АНУ, гуравдагч хөршийн талд: АНУ, БНСУ, Япон, Герман, Итали улстай стратегийн түншлэл, Франц улстай эрчим хүчний салбарт стратегийн төслүүд, Энэтхэг улстай хамтын ажиллагааны механизмуудыг батлав.

3, Олон улсын байгууллагуудтай дэлхий нийтийн асуудлаар: НҮБ, Еврропын Холбоо, ШХАБ-ын бүх талын эвсэл болон нэгдэлд идэвхтэй оролцохын зэрэгцээ энхийг сахиулах ажиллагаа, жендерийн дипломат харилцаа, цөлжилттэй тэмцэх олон талт хэлэлцээнд нэгдэв.

Энэ зэрэг дэлгэмэл зураг зурахад сайнаар хэлбэл бүх талуудад нээлттэй, найрсаг байх, муугаар хэлбэл зарим талуудад “ширэн нүүрлэх” хэрэгцээ мөн тулгарлаа. Хятадад фашизмыг ялсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож, дараа нь мөнөөх фашистуудтай нэг талд байлдсан Японы Тэнно эзэн хааныг улс орондоо дээд хэмжээнд хүлээн авч үзүүллээ. Европын Холбооны лидер Германтай стратегийн түншүүд болж, Балтийн тэнгисийн Финландад нацистын холбоотон явсан үеийн дурсгалд цэцэг өргөхийн зэрэгцээ маргааш нь нацист хядлагад өртсөн Минскийн мөнхийн галд цэцэг өргөж энхийг эрхэмлэх буюу бүх талын баатруудыг хүндлэх Монголиан прагматик ухааныг бас үзүүллээ. Энэ нь нүүдэлчин монголчуудыг угтах, үдэх дэлхийн нүдэнд хэрхэн тусаж буйг мөн барууны болон Евразийн гадаад харилцааны болон улстөрийн ёсзүйн агуулгын хам хүрээнд шинжлэх үзэх хэрэгцээ мэдээж бий. 

Энэ утгаараа Герман, Финланд, Беларусь гурван улсыг дамнасан айлчлал өнгөрсөн 5 жилийн Монгол Улсын гадаад бодлогын тандемын хураангуй байлаа. Монгол Улсын төрийн тэргүүн энэ удаад Герман буюу НАТО-ын Европ дахь хамгийн том цэргийн хүчний нутаг дэвсгэрт тэдний сөнөөгч онгоцоор хамгаалуулан нэвтэрсэн ба улмаар Шведийг эс тооцвол NATO-ын хамгийн шинэ гишүүн оронд, мөн эвсэлтэй хамгийн хурцадмал харилцаанд буй нутгийн тоглогч Беларусьт дараалан айлчлав. Айчлахдаа дээр дурдсанчлан Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн тамгын газрын төрийн албан хаагчид, нэр үл дурдагдах залуусын нөр их хөдөлмөрийн үр дүнд тусгай үүргийн нэг нислэгээс гаргаж болох хамгийн олон талт, хамгийн завгүй хөтөлбөр бүхий соёл, боловсрол, урлаг, шинжлэх ухаан, түүхийн салбар дамнасан MIAT-ын Чингис хөлөгт багтсан Монгол Улсыг дагуулан айлчиллаа. 

Энэхүү нүсэр хөтөлбөр бүхий айлчлалыг биеэр дагалдаж, нүдээр гэрчлэх завшаан гарсны хувьд гурван улстай хийх хэлэлцээр, харилцаанд хоёр зүйл онцлог давтагдаж буйг дурдъя. 

1, Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувь хүний харилцааны давуу тал. Тэрээр гадаад болон дотоод улстөрийн харилцаанд хүний гар, биед хамаагүй хүрлээ гэхчлэн шүүмжүүлдэг авч хувь хүний түвшинд нөхөрсөг, дулаан харилцаа тогтоох авьяастай ажээ. Германы холбооны Ерөнхийлөгч Штайнмайэр болон Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко нарын хамтарсан мэдэгдлээс үзэхэд түүний хувь хүний найрсаг, нөхөрсөг чанарыг онцлох агуулгууд илтэд уншигдаж байлаа. 

2, Монгол Улсын институцийн хөгжлийн хоцрогдол. Дипломат үг хэлд ил тод илэрхийлэхгүй авч тухайлбал 2011 онд Германтай байгуулсан оны ашигт малтмал, түүхий эдийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хянах, Беларусиас бодлогын үр дүн ба хэрэгжилтийг онцлох зэргийн мөр хоорондоос уншихад манай улсаас амалсандаа хүрэх, хэлсэндээ хийх зэрэг гүйцэтгэл шаардаж буйг бэлхнээ уншиж болох байлаа.

Чухам энэ хоёр зөрчил буюу гадаад харилцаан дахь хувь лидерийн манлайлал ба дотоод засаглалын  үр ашиггүй байдлын аль аль нь У.Хүрэлсүх хэмээх улстөрчийн өөрийнх нь легаси-өв болохыг үүнийг бичиглэгч биш юм гэхэд цаг хугацаа ба ард түмний саруул ухаан шүүж таарна. Гадаад хэрэг буюу дэлхийгээс ангид дотоод хэрэг явдал байхгүй ба дотоод бодлогоос ангид гадаад харилцаа гэж мөн байхгүй. Дотоод улстөрөөс гадаад бодлогын тандем үүссэнийг дээр дурдсан ба цаашид энэхүү тандемаас бүтээж бий болгосон олон улс дахь итгэлцлийг Монгол Улс дааж чадах эсэх нь мөн л дотоодын улстөр ба засаглал, монголчууд биднээс хамаарах болно. 

Гуравхан жишээ дурдахад:

1, Гадаад талдаа Беларусь улстай маалингын бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр амжилттай хэлэлцээ хийв. Үүний тулд дотооддоо ’Цагаан алт’ зэрэг клиентелист санхүүжилт, төсвөөс хамааралтай хөтөлбөрүүдээс ноолуурын зах зээл, үйлдвэрлэлийг либералчлах ажлууд шаардагдана. 

2, Гадаад талдаа Герман болон Финланд улсуудтай боловсролын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд дотоодод татвар төлөгчдийн мөнгө, улсын төсвийг барилга, замаас илүүтэй монгол хүний толгойд, улсын боловсролд хийх төсвийн бодлогын шинэчлэл зайлшгүй. 

3, Гадаад талдаа гурван улсад шинжлэх ухааны өдөр, бизнес эрхлэгчдийн форум зохион байгууллаа. 15-50 сая долларын гэрээ хэлэлцээр байгууллаа. Айлчилсан улсуудын ДНБ-д харьцуулахад чамлалттай дүн ба эдгээр дүнг нэмэгдүүлэхийн тулд дотоодод зах зээлийн өрсөлдөөнийг хамгаалах, төрийн төсөв болон нүүрсний улстөр тойрсон эдийн засгийн загварт үндсээс нь шинэчлэл хийх, шинжлэх ухаан технологийг хуурмаггүй хөгжүүлэх ажил зайлшгүй.

Дор хаяж эдгээр бодлогын шинэчлэлийг хийлгүйгээр энэ таван жилд дэлхийн улс орнуудтай харилцсан, хэлэлцсэн, итгэлцсэн бүхэн үр дүнгүй болж хүн төрөлхтний итгэлийг улам улам алдахад хүрнэ. Эдгээр шинэчлэл өнөөгийн Монголын тулгамдсан асуудал боловч ямартай ч Хүрэлсүх Ерөнхийлөгч дэлхийн олон улсын удирдагчидтай ардчилсан үнэт зүйл, эрх чөлөө, хуулийн засаглалын нийтлэг үнэт зүйл дор нэгдэж буйгаа олонтаа илэрхийлж гар барьж, гарын үсэг зурсан тул Монгол Улс ядаж л энэ хүний манлайлал дор улстөрийн дэглэмийн хувьд ардчиллаас ухрах, дарангуйллын замыг сонгох эрсдэлгүй болжээ гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд 2021-2026 онуудад Ерөнхийлөгч Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Батцэцэг нарын гадаад бодлогын тандем ямартай ч Монгол Улсыг хүчний дахин хуваарилалт явагдаж буй шинэ Хүйтэн дайны газрын зураг дээр тодоор зурж, бүх тал руу харсан олон цонхыг нээж өглөө. Цонхоор нь харахад үүдээр нь орж, тухтай саатаж, өнөд нөхөрлөм айл болж чадах эсэх нь одоогоор тодорхойгүйг дэлхийн түвшинд хийсэн найрсаг харилцааны айлчлалаас эргэн ирэхэд улс орон ямаршуу байдалтай угтаж буйгаас харж болом билээ. Дэлхийн улстөрийн түүхэнд “гоё гар”-ууд олноор төрсөн. Сайн засаглал хийсэн нь бол цөөн. Дэлхийд уригдаж, хүндлэгдэж, хайрлагдсан манай “гоё гар” улс орондоо сайн засаглал амжиж хийж чадах эсэхийг харах үлдлээ.

 

arrow icon