Нийтлэл 02 сарын 12, 2015

Популизм ба дарангуйлал

20-р зууны хараахан шарлаагүй түүхийн хуудаснаас үзвэл бүх цаг үеийн дарангуйлагчид анх үндэснийхээ уналт доройтлын үеийн эмх замбараагүй байдлын дунд үүссэн сиймхийг ашиглан Популизм хийсээр гарч ирсэн замналтай байх юм. Үндэстний уналт, доройтол ихэнхдээ тухайн улс орны түшмэдийн бүлэг оюунлаг, болон сэхээтний бүлгээ үлбэгэр, идэвхгүй, сул дорой байдалд оруулж, ихэс дээдсийнхээ увайгүй, үрэлгэн, цамаан зан авирыг өөгшүүлэх замаар төсвийн санг хяналтгүй зарцуулан завших эрхийн төлөөх хуйвалдаан, тулалдаанаас эхтэй байдаг нь үлгэрийн номд ч хүртэл гардаг. Энэ байдал нь аливаа тогтолцоонд гажуудал үүсгэж хөрөнгөтний бүлгээсээ авахуулаад энгийн ард иргэдээ ч амьжиргаанаас нь салгах хүртэл хэмжээнд хямрал, ядууралд хүргэх тул амьд гарах байгалийн шалгарлын мөн чанарын дагуу хүний араатанлаг шинж чанарууд хөгжиж, шударга зарчим, ёс зүй үгүй болж, эмх замраагүй байдал ноёрхоно.

Гэвч хэдий зэрлэгшсэн байлаа ч хүн нийгмийн сүргийн системээр амьд оршдогийн хувьд мөнхөд амьдралынхаа баталгаа болох хүний ёсыг хайсаар ирсэн. Иймдээ ч шашин шүтлэг, хүсэл сонирхол, үзэл санаа, сүсэг бишрэл гээд алив хэлбэрээрнийгмийн бүлгүүд хамтын үнэт зүйлээ бий болгож, итгэх итгэлийг нь баталгаажуулах манлайлагчийг мөрөөдсөөр байдаг. Ард түмэн задарсан хаанаа хөнөөгөөд, ядарсан ард түмнээ тэнийлгэж, мангастай байлдан улс орноо аварсан агуу их баатрыг мөрөөддөг тул агуу хүчит баатрын үлгэр үргэлж жаргалтайгаар төгсдөг. Гэвч үлгэрт асуудлын агуулга, зөрчлийн зангилаа, шийдлийн гарц, амьдралын урт хугацааны баталгааг хангах тайлал зэрэг зүйл хэзээ ч дурдагдахгүй. Тиймээс үлгэр бол үлгэр. Гэхдээ үлгэр домогжсон хүний мөрөөдөл амьдралд биелээ олж байжээ. Харамсалтай нь үлгэрт гардаг шиг аз жаргалтай төгсгөлтэй байсан нь үгүй. Харин ч тэрхүү баатар нь дарсан мангасаасаа ч илүү харгис дарангуйлагч болон хувирч, ард олноо зовлонгийн далайд живүүлж байсан нь түүхэн үнэн.

          Дэлхийн 1 дүгээр дайнд шившигтэйгээр ялагдсан Герман Их Гүрнүүдэд дааж давшгүй их дайны төлбөрт орсны дээр эдийн засгийн бүхий л төрлийн хоригт орж, өөрийн нөлөөний бүсүүдээ алдсан. Дэлхийн тавцанд ганцаардсан Германд улс төр, эдийн засгийн хямрал үүсэж, намуудын зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн хайпер инфляци, ард олны ядуурал зэрэг үзэгдэл 20 гаруй жил үргэлжилсэн билээ. Цөхөрсөн ард түмэн итгэл үнэмшлээ бүрэн алдаад байсан цаг үед Германы Үндэсний Социалист Нам хүчээ авч Гитлерийг төрүүлсэн юм. Түүний пан-германизмын нацист үзлийг дэвэргэж, Герман үндэстнийг шившигт байдалд оруулсан улс орнуудыг үзэн ядах, алдагдсан бүс нутаг, Ромын Эзэнт Гүрний хүчирхэг байдлаа эргэн сэргээж агуу Герман Улсыг байгуулах популизмын уриа лоозон үйлдвэрийн ядуу ажилчид, хөдөөгийн тариаланчдад сүсэг биширлээ эргэн сэргээх мөрөөдлийн оч болон бадарсан билээ. Нацист үзлээр угаагдсан аль л харанхуй бүдүүлэг иргэдэд дээрэм тонуул, аллага яргалал явуулах эрх эдлүүлж, зүүдэлж ч байгаагүй ямба олгосноор нийгмийн дунд эрүүл ухаан бүрэн сохорсон. Хүний ухаанд багтамгүй зэрлэг харгислал нь эргээд өөрсөд дээр нь ирэх нь дамжиггүй болсныг ойлгосон нийгмийн сэхээлэг бүлэг зэрлэгүүдтэйгээ ижилсэн, дуугүй даган дуурайхаас өөр арга үлдээгүй нь тодорхой. Эцэстээ бүх ард түмний эрх тэгш ёс, шударга зарчим, үндэсний бахархлыг амлаж, зүүдэнд ч оромгүй мөрөөдлийг бий болгосон агуу удирдагч Гитлер нь өөрийн ард түмэндээ төдийгүй дэлхийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй аймшигт харгислалыг явуулсан мангас болон түүхэнд мөнхөрчээ. Өдгөө Германчууд энэ цаг үеэсээ ихэд ичин жигшдэг билээ.Нацист Германы үеийн Гитлерийн дарангуйллын дэглэм бүх цаг үеийн хамгийн аймшигт он жилүүдийн хэлхээс хэдий ч Сталин, Франко, Муссолини, Фидель Кастро, Ким Жон Иль, Мугабе болон бусад дарангуйлагчдын учруулсан хор хөнөөл, зовлон шаналал, харгислал нь хэмжээгээрээ дүйхээргүй байлаа ч дутахааргүй, тэдний төрсөн замнал захиалгатай юм шиг яг адилхан, арга хэлбэр ив ижилхэн загвартай явж иржээ.

      Гитлер Австрийн нэгэн ядуу айлд төржээ. Сурлага муутай тул дунд сургуулиа орхиход хүрч, хожим нь Венийн Урлагийн сургууль 2 ч удаа өрсөлдсөн ч зурах авьяасгүй тул хасагдсан. Бага насандаа хагас өнчирч, өсвөр насандаа бүтэн өнчирсөн тул Веннийн гудамжинд зурагт хуудас заран өлөн зэлмэн амьдарч, бие бялдрын хувьд туниа муутай байсан тул армид тэнцээгүй, чадваргүй тул ямар ч ажилд орсон ч тогтвортой ажиллаж чадаагүй юм. Боловсролгүй, ядуу дээр зүс царай таруу тул залуудаа эмэгтэйчүүдэд төдийлөн тоогддоггүй байж. Цэрэг армид сонирхолтой байсан тул 1-р дайны үед Германы армид сайн дураар орсон ч хорт хийнд нүдээ гэмтээн сохорч армиас хасагдсан.Харин 1919 оноос Германы ажилчдын намд элссэнээр Версалийн гэрээний эсрэг хэд хэдэн илтгэл тавьж, гарамгай оратор (массын илтгэгч) болохоо нотлон улс төрийн замналаа эхлүүлсэн байдаг. Цөхөрч шоовдорлогдсон ард түмэн түүнийг бурханчлан шүтэж ирснээр Гитлерийн харгис дэглэм тогтож, Дэлхийн 2 дугаар дайны хор уршгаар нийт 80 гаруй сая хүний амь эрсэдсэн. Түүний дотор 6 сая орчим Еврей үндэстэн, 9 сая орчим Герман болон герман хэлтэн үндэстэн багтжээ.

         Сталин Гүржийн ядуу гуталчны гэрт төрсөн. Багадаа туссан цэцэг өвчин нь хүндэрсний улмаас насаараа сорвижсон нүүртэй явахад хүрсэн. 6 насандаа мөрөндөө авсан гэмтлийн улмаас зүүн гар нь хөдөлгөөнгүй болсон. Түүний эх эцэг нь 7 настайд нь Христийн сүмийн бага сургуульд оруулсан боловч Орос хэл мэддэггүйн улмаас хасагдсан. 2 жил орос хэлний бэлтгэл ангид хэл заалгасны эцэст Сүмийн бага сургуулийн 1 дүгээр ангид орсон боловч морин тэрэгний цуваанд дайруулж хүнд бэртэн, баруун хөлийнхөө 3 хурууг тайруулж 1 жил сургууль завсардав. Хэдийгээр баримт бичигт ийн тэмдэглэгдсэн боловч түүний гуталчин эцэг нь архинд донтдогийн дээр Сталиныг болон эхийг нь хэрцгийгээр зоддог байсан бөгөөд тэрээр байнга гэмтэж, эх нь сүмийн сургуульд цагаар ажиллан хүүтэйгээ хорогддог байсан тухай аман яриа зарим дурдатгалд үлджээ. Ямартаа ч Сүмийн сургуулийн 4 жилийг амжилттай дүүргэж Закавказийн Тиффлийскийн үнэн алдартны сүмийн семинарт элссэн байна. Гэвч тэнд сүмийн семинараас гадна төрөл бүрийн ардын үндэстний марксист үзлийн нууц бүлгэмийн семинарууд явагдаж эхэлсэн тул Сталин нууц бүлгэмийн ажиллагаанд татагдан оролцож эхэлсэн. Хожим нь шүлэг, найраглал оролддог байсны хувьд нууц бүлгэмийн семинаруудад авьяаслаг илтгэгчээ харуулж эхэлснээс хойш төмөр замчдын дугуйланг тэргүүлж, Төмөр замын ажилчдын бослогыг удирдан зохион байгуулснаар улс төрийн замналаа эхлүүлсэн байна. Тухайн үеийн залуухан Соко Джугашвили (хожмоо Иосиф Сталин болсон) үнэндээ социалист-марксист үйл хэрэгт үнэнчээр зүтгэсэндээ бус харин бослого нэрээр Тиффлисийн Төв банкийг дэлбэлж бүх мөнгийг тонох террорист ажиллагааг зохиосон энгийн дээрэмчин байсан гэж түүхийн зарим баримтад дурдсан нь бий.  Гэвч бослого удирдсан гэх энэ үйл хэргээрээ ЛениныИскра” нууц бүлгэмийн зүтгэлтнүүдэд үнэлэгдэж большевизмын үйл хэрэгт нэгдэн орсон томоохон төлөөлөгч болсон юм. Алсдаа хамтран зүтгэлтнүүдээ хэлмэгдүүлэн хороож Орос Улсыг бүхэлд нь эрхшээсэн харгис дарангуйлагч болохыг хэн нь ч тэр цагт тааварлаагүй юм. Сталины дэглэмийн дор 1917 оноос 1959 он хүртэлх хугацаанд ЗСБНХУ-ын хэмжээнд 110 орчим сая хүн их хэлмэгдүүлэлтэд өртөж цөллөгт хөөгдөн, шорон гянданд амьдралаа дуусгасан. Үүнээс иргэний дайнд үрэгдэгсдээ оруулаад Дэлхийн 2 дугаар дайны өмнөх үе хүртэл нийт 66 сая хүн буудан хорогдож, шоронд тарчлагдаж, цөллөгт хүний биш нөхцөлд өлсгөлөн, өвчин зовлонд шаналан амиа алдсан гэдэг.

           Муссолини Гитлер, Сталин нартай харьцуулахад үгээгүй ядуу гэр бүлд өсөөгүй юм. Ээж нь католикийн сургуулийн багш, харин аав нь боловсролгүй ч төмрийн дархны жижиг аж ахуй эрхэлдэг байсан тул сүмийн сургуульд боловсрол олжээ. Гэсэн ч төрөлхийн хурц ширүүн, харгис зан авиртай байсан тул байнга зодоон хийж, эцэстээ ахлах ангийн нэгэн сурагчийг хутгалж сургуулиасаа хөөгдөх дээрээ тулсан боловч эхийнх нь өршөөл хүссэн өр өвдөм гуйлга, ятгалгаар өөр гимназируу шилжүүлэгдэж тэндээ бага сургуулийн багшаар төгсөж байжээ. Түүний эцэг социалист үзэл санааны тууштай тэмцэгч байсан тул хүүдээ ч улс төрийн үзэл баримтлалынх нь гол нөлөөлөгч болсон юм. 1900 онд Муссолини Социалист намд элсэн орж, намын сонинд нийтлэл бичиж эхэлсэн боловч цэргийн албанаас дайжин Швейцарруу дүрвэв. Швейцарт амь залгуулах ажил төрөлгүйн улмаас гудамжаар хоног төөрүүлэн гуйланчлан явж байхдаа социалист-марксист улс төрийн хурал цуглаанд оролцох завшааныг олж, идэвхтэй оролцон, хүчтэй оратор болох авьяасаа нээжээ. Эдгээр хурал цуглааны дунд тэрээр хүч хэрэглэсэн бослогод хувьсгалаар коммунизм байгуулах үзэл санааг бат шингээн авчээ. Хожмоо нутагтаа социалист намын улс төрийн сонины сэтгүүлч болох замаар улс төрийн гараагаа эхлүүлэв. Энэ цагаас хойш тэрээр улс төрд хүчтэй дуу хоолой болж, социализмын үзэл баримтлалыг тууштай ухуулагч байсан хэдий ч 1 дүгээр дайнаас хойш социалист үзлийг үгүйсгэн Итали Улсыг хатуу гараар зангидан удирдах Фашист Намыг хөхүүлэн дэмжигч томоохон төлөөлөл болсон юм. Тэрээр цэргийн зэвсэглэсэн ахмадуудаар эгнээгээ бүрдүүлэхээс гадна ард олонд Агуу Италийг сүр хүчийг цогцлоох Үндсэрхэг үзэлтэй, ажилчин ангийг хамгаалагч коммунист, тэгш боломжийг бүтээх хувьсгалч дүрээрээ нэгэн зэрэг хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн тул тухайн цагийн Хаан иргэний дайн дэгдэхээс эмзэглэн фашист хөдөлгөөнийхнийг зогсоогоогүй, Засгийн газраа бараг зүгээр өгсөн юм. Сүр хүч, сэргэн мандалт, Үндэстний омогшил Италийн гадаад ноёрхлыг сэргээн тогтоохоо чанга дуугаар, уран яруу лоозогносон Муссолины популизмд ард иргэд нь бүрэн ховстуулж, баяртайгаар даган дэмжжээ. Гэвч удалгүй улс орондоо асар их гай зовлон авчирч, ард иргэд талхны төлөө тэмцэн, энэ бүхнийг цэргийн хүчээр дарангуйлан хянах чинээ гэнэн иргэдийн масс нь төсөөлөө ч үгүй юм. Италийн Фашист Германы 3 дугаар Рейхийн холбоотон болон зуузай холбож, хөрш зэргэлдээ орнууд болон Африкийн орнуудруу дайн зарлан, ард түмнээ үгүйрүүлж, Үндэстнийхээ Элитүүдийг хоморголон баривчилж, Итали хүн Этиоп, Араб, Еврей үндэстэнтэй цус холилдохыг хориглосон цуврал тушаал, захирамж гаргаж эхлэх боловч аймшигт хэлмэгдүүлэлтийг харин явуулж амжаагүй. Магадгүй Гитлер, Сталин нарын дэргэд эцэг эхийн хайрыг бага ч болов хүртэж өссөн учир хүний мөсөөр арай дээр байсан бололтой. Хүн төрөлхтний эсрэг хариуцлага нэхсэн олон улсын дарамт шахалт, Фашизмыг эсэргүүцсэн дотоодын партизаны хөдөлгөөн нэгэн зэрэг явагдаж тэрээр Италиас зугтан гарсан боловч Фашизмын үзэл баримтлал, үнэт зүйлийг нэн яаралтай батлан хамгаалахыг шаардсан Гитлерийн дарамтад эргэн өртөж, ямар ч аргагүй нутагтаа буцан хөдөөгийн тосгонд бүгж байхдаа партизанууддаа баригдаж, буудуулан хороогдсон юм.

Цаг цагийн дарангуйлагчдийн ижил төстэй шинж чанарыг харьцуулахад энэ гурван “Ард Түмний эцэг”-ийн түүх намтар л хангалттай.Тэд ихэнхдээ өлсөж, ядарч, гадуурхагдаж өссөн, хайр энхрийллээр дутсан, бие бялдар, эрүүл мэндийн байдлын сэтгэлийн шаналалтай тул энэ комплексоо нуухын тулд хүч чадалтай, бууж өгдөггүй, урт хугацаанд тэсвэртэйгээр зорилгодоо хүрэх сэтгэлийн хаттай байж чаддаг сайн чанаруудтай. Тиймдээ ч тэд ямарваа нэг зүйлээр байнга дутаж яваа нийгмийн доройхон амьдралтай массын сэтгэлийн хоосролыг яаж дүүргэхээ сайн мэддэг . Тиймдээ ч тэдний сэтгэлийн чавхдасаар наадах хөгжмийн эрдмийг бүрэн эзэмшсэн байдаг.

Тэд хэзээ ч төсөөлж байгаагүйгээр хувь заяагаа өөрчлөх цаг үеийн тохироог чадамгай ашиглах мэдрэмжтэй тул массын хүсэж буй мөрөөдөлт үлгэрийг биелэл болгох эрхийг эдлүүлэх тухай ярьж, тэднийг өөрийн хүчирхэг зэвсгээ болгон ашигласаар ирсэн. Хэзээ ч арга зам, судалгаа шинжилгээ, суурь зарчим, аюул эрсдэлийн харьцуулалт бус гагцхүү биелэгдэх боломжгүй үлгэрийг бодит мэтээр ярьж ухуулна. Дундад зууны хүчирхэг явсан домгоо сэргээн дуудаж, тэрхүү эзэрхэг гүрний эзэн явсан агуу хүчит үндэстний үр удмын хувь заяаг эвлэрч чадамгүй үхээнц болсонд гашуудах үзлийг дэвэргэн үндэстний өөрийгөө үнэлэх үнэлэмжийн итгэлийг унагаана. Тэрхүү агуу үндэстнийг доройтоход хүргэсэн цаг үеийн дайснуудын атгаг санаа хэрхэн хэрэгжсэнийг ахин дахин сэнхрүүлж, тэрхүү атгаг санааг орчин цагт өвлөн хэрэгжүүлэгчдийг илрүүлэн үзэн ядуулах хүчийг огшино. Бид буруутай биш, бид хохирогчид. Биднээс авсан, биднийг хаясан, булаасан, дээрэмдсэн. Тиймээс бид яг энэ аргаар нь алдсан бүхнээ эргүүлэн авна гэдэг.

Харин аз жаргалтай, амьдрал нь бүрэн дүүрэн, авьяас билэг өндөр, эрдэм чадвар их, асуудлыг шинжлэн тайлж, дэнслэн шүүх эрүүл ухаантай хүмүүсээс тэд үхтлээ айна. Энэ айдас нь хүнд хэлбэрийн параноя өвчин болж, сэтгэцийн эмгэгт оруулдаг тул ямар ч дарангуйлагч өөрийнхөө дэргэд махны машин ажиллуулдаг. Ердөө айсандаа сая саяар нь, хэдэн зуун мянгаар нь энгийн иргэдийг хэлмэгдүүлэн хөнөөнө. Энэхүү айх өвчин нь хүндэрсээр төрсөн эхнэр хүүхэд, эх эцэг, найз нөхөд, хамтран зүтгэгсдэдээ машиндахад хүргэсэн бодит түүх олон.

1 дүгээр дайны дараа нийгмээрээ бүрэн ядууран доройтож, өвчин, өлсгөлөн, гэмт хэрэг, харгислал гаарч байснаас түшмэдийн шийтгэл, татвар гувчуур, хатуу хууль цааз улам чангарсан тэртээх он жилүүдэд алдах юмгүй болтлоо цөхөрсөн ард түмэнд ямар орон зай үлдэх вэ?

Нэгэнт цагт Ромын Эзэнт Гүрэн явж Европ байтугай дэлхийн тив хязгаарыг, хүн төрөлхтний оюуныг, сүсэг бишрэлийг эрхшээн захирч байсан Италийн ард түмэн тэр эрхээ буцаан олж авахыг; Австри, Унгар, Серби, Хорват, Чех, Словак, Балтик, Словенийн улс Орнуудыг эрхшээн Пруссийн Эзэнт Герман гүрэн байгуулж байсан дундад зууныхаа алдар нэрээ хүсэмжилсэн Германы ард түмэнд тэр нэр хүндээ сэргээж сүр хүчээ нотлохыг, Монгол-Татарын дарлалаас ангижрахдаа ванлиг, ханлигаараа нэгдэн Агуу Орос гүрэн байгуулж чадаж байсан Оросын ард түмэнд эзэн байх эрхийг, сайн явсан цагаа эргүүлэн авах мөрөөдлийг нь биелүүлэх ИТГЭЛИЙГ амлах том орон зай нээгддэг. Гэхдээ ямар ч эрүүл ухаан, хүнт ёс, хөгжил цэцэглэлтээр хүрэх бус, харин Дундад зуунруугаа онцгой эрхт сор үндэстний хосгүй эрдмээр очих мухар сүсгээр цэнэглэнэ. Гадаа хөлдөж үхэх шахаж байгаа үед халуун цай, дулаан хөнжил өгсөн нэгэнд өөрийн амь насаа өргөх ч багадам сэтгэлээн зориулдаг шиг туйлдан доройтож байгаа ард түмэнд Эзэн явсан эрхийг нь өгч буй “Бурхан” -ийг удирдагчаараа залан, өмч хөрөнгө, амь нас, эрүүл ухаанаа өргөн барьдаг нь гэнэн нийгмийн жам ёсны үзэгдэл билээ. Харамсалтай нь бодит амьдралыг хийсвэр үлгэрээр арилжиж буйн төлөөсөө ойлгох хүртэл асар хүнд, аймшигт зовлонг биеэрээ, амьдралаараа амсдаг. Цаг үе нь өөрч үзэгдэл яг ижил болж буй хамгийн сүүлийн жишээ өнөөгийн Украин.

Яах гэж ийм нуршуу хог бичээд байна гэж үү?

Бид дэлхийн иргэншлээс хоцорч яваа үндэстэн. Тэрэндээ ихээр эмгэнэн гашуудаж, дундад зуунаа өмөлзөн санагалздаг. Тэр зуунаас маань хөтөлж авчраад, хөнтөрч унагаасан атгаг санаат мангасыг мөнхөд хайсаар. Гашуудлаасаа гарч чадахгүй байсаар өөрсдөө муу явах зам руугаа ордог гэнэн ард түмний нэг болчих аюул нэгэнт нүүрлэжээ. Өөрийн бахархалт түүхээ мэдэх, бусдаас ялгагдах чанараа дээдлэх нь дамжиггүй ч энэ цаг үед улс, үндэстний хувьд бат бэх орших үндэс бол дэлхийн хөгжлөөс тасархааргүй, зэрэгцэн орших тэр зам болох нь тодорхой. 

Дэлхийн хөгжлийг тодорхойлогч улс, гүрнүүдийн замнасан түүх, алдаа, оноо, нийгмийн туйлшрал, төрийн хямралын эмгэнэл, зогсолтгүй ажиллах системийг олох хүртэл туулсан бүхэн, илрүүлж зассан гажуудал, туршлага нүднээ ил байгаа нь бидний давуу тал байхад заавал биеэр тэр бүхнийг араас нь давтан давтан, төөрч будлих ямар хэрэг байна аа? Бусдаас хоцорч яваадаа эмгэнэн гашуудаж, өшөөрхөн хорсож суухын оронд энэ бэлэн будааг давуу тал болгон ашиглаж дэлхийн томчуудын бөөрөнд мэдэгдэлгүйхэн, төвөг болохгуйхэн наалдчихаад энерцид нь эргэлдээд хөгжчих боломж бидний ухаанаас л шалтгаална. Хэдхэн хүний ухаанаас хамаарах боломжгүй. Бүх нийтээрээ зарчимч ёсны зүй тогтол, тоглоомын дүрмээ мөрдөх жудаг зэрэгт үзэл санаагаа цэгцлээд, нэгтгээд, аашаа хувиргахгүй баттай хэрэгжүүлбэл бидний ИТГЭЛ баталгаажих суурь болохсон. 2, 9 сая Чингисийг сэргээгээд л, хаана ч бичигдээгүй Чингис хааны үг зохиож афоризмдаад л, үүх түүхээрээ бахархан бахдах үзлээ омогшин солиордог зан үйл болгоод л, гүндүүгүй дөлгөөн гэх чанараа жудаггүй мангар гэдгээр орлуулаад л, биенээ хүндэтгэн, зэрэгцэн амар амгалан орших дүрмийг сахиж чадахгуйгээ тэнгэрээс заяагдсан эрх чөлөө хэмээсээр муу бүхнээ хаацайлсаар байгаад ичих булчирхай гээч зүйл бидний хэдэн цэнхэр өгзөгтөнүүдэд байхаа больжээ. Ичнэ гэдэг уул нь хүн өөрийнхөө үйлийг хянан хязгаарлаж байх эрхэм чанар юмсан.

Өндөр дуугаар 13 дугаар зууныг санагалзан мөрөөдүүлж, аймшигт ардын дайснуудыг түүхээс хайн, түүний үргэлжлэлийг илрүүлэгчид энэ галзуу популизмээ хязгаарлахгүй бол энэ нийгмийг энэ цаг үед ямар ч эрсдэлд хүргэж мэдэхээр болоод байна.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-03-24

    Уучлаарай гитлер ядуу айлд төрж өсөөгүй юм шүү. Эцэг нь австрийн гаалийн түшмэл байсан шүү найзаа. Зөв мэдээлэл оруулж байгаарай

    • Лувсанжав
    • 2015-02-15

    Голыг нь олсон нийтлэл. Энэ популизм тэнэглэлээ зогсоож эдийн засгаа оод татахгуй бол экстремистууд ондийн босож магадгуй байна. Цаана чинь ганбаатар уянга мэтийн нохдуудын дуу чангараад л байгаа шуу

    • Зочин
    • 2015-02-13

    элбэгээ баярцогт нарын захиалга

    • Sad
    • 2015-02-13

    Ukrainiig buruu gazraa jishee bolgood bn Ugtaa bol alimnaas shaal oor asuudal yum shdee

    • Sad
    • 2015-02-13

    Lol...

arrow icon