Нийтлэл 06 сарын 04, 2015

Монголын өмгөөллийн ба хуульзүйн зөвлөгөөний зах зээлийн бодлогын асуудалд

 

Ямар ч улс, ямар ч үндэстэн өөрийн улсынхаа эрх ашгийг улам тутам эрчимтэй өрсөлдөж байгаа өнөөгийн дэлхийн эдийн засагт хамгаалах, хадгалах, болж өгвөл бусдад ноогдож байсан хэсгээс шударгаар өрсөлдөж авахыг эрмэлздэг. Даяарчлалын бялуунаас аль болох том хэсгийг нь авч ирээдүйдээ хөрөнгө оруулж, ирээдүйд ч гэсэн байж л байх, өрсөлдөж л байх үүд хаалгаа нээж, замаа засдаг.

Үндэсний, улсын эрх ашиг гэж юу вэ? гэж асуувал мэргэжлийн зах зээлийн салбар бүрт өөр өөрөөр тавигдана. Монголчууд мэргэжлийн салбар бүртээ үндэсний эрх ашгаа тодорхойлж, түүнийгээ улсынхаа ерөнхий бодлогод нийцүүлэн зангидаж нэг зорилго, хүсэл эрмэлзэлтэйгээр зах зээлийн өрсөлдөөний тулалдаанд морьдох цаг болсон. Бид хамтын ирээдүйнхээ төлөө хэлэлцэж, тэмцэж, хөдөлмөрлөж чадахгүй бол @bolushka-ийн энэ хуудсанд бичсэнээр “бусдын тэрэгний дугуй” л болно эндээс Бид үүнийг хүсэхгүй байх ёстой.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай 2012 оны хууль батлагдсанаар монголын өмгөөлөл, хуульзүйн зөвлөгөөний зах зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Харин энэ өдрүүдэд өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөөний зах зээлд дахин бүтцийн өөрчлөлт хийх талаар шийдвэр гаргах түвшинд яригдаж байна. Энэ үйл явцтай холбогдон Др.Дэлгэрийн Уянга миний зүгээс

манай улс юуны өмнө хуулийн зөвлөгөө, өмгөөлөлийн бизнесийн хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэж хамтын зорилго, хамтдаа олж авах давуу тал, өрсөлдөх чадвартай болохын тулд хамтдаа хийх ажлынхаа талаар ярилцаж, хэлэлцэх хэрэгтэй гэж бодож яваагаа үүгээр илэрхийлье.

Бушуу туулай борвиндоо баастай, цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай нь дээр гэсэн ухаант ардын зүйр үгс бий.

Бид зах зээлийн өрсөлдөөнд ялагдагчид болж бусдын тэрэгний дугуй болох бус харин өөрт ногдох хэсгийг хүртэх чадвартай, хүсэл эрмэлзэлтэй, хамтын бодлоготой байх хэрэгтэй байна. Энэ нийтлэлд бидний хамтын бодлого юунд чиглэх ёстой юм бэ? гэсэн асуултад өөрийн мэдлэг, мэдээлэл, туршлагад үндэслэн хариулахыг хичээе.

 

ШҮҮХИЙН ХӨГЖИЛ, НЭГДСЭН МЭДЛЭГИЙН ЗОРИЛТ

Аль ч улс өөрийн улсад хамааралтай эдийн засгийн асуудлыг өөрийн улсынхаа дотор, шүүхээрээ шийдвэрлүүлэхийг эрмэлздэг. Шүүх бизнесийнхэний итгэлийг хүлээж, хараат бус шийдвэр гаргах чадвартай, бизнес эдийн засгийн асуудлыг эрх зүйн үүднээс олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөх хэмжээнд шударгаар шийдэх чадвартай байх ёстой. Ийм чадваргүй бол хөрөнгө оруулагчид монголын шүүх уруу очихгүйн тулд хэргийг шүүхээс өмнөх шатанд заавал шийдвэрлэхийг зорино эсвэл гадаадын арбитр уруу зүтгэнэ эсвэл нэн ялангуяа авилгалын эсрэг хатуу ширүүн хуультай улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулах нь зүйтэй эсэхэд эргэлзсээр байх болно. Бүгдээрээ гэрээ бариад мал дээр гарч чадахгүйгээс хойш

Манай улсын,

монгол гэдэг сайхан амьдрах хүсэлтэй иргэдийн нийгэмлэгийн зорилт бол байгаль орчинд ээлтэй өндөр мэдлэг технологитой, хүнийг ба ажилтныг хүндэтгэх соёлтой, хуульд захирагдах хүсэл эрмэлзэлтэй сайн хөрөнгө оруулагчдыг татах явдал.

Бүгдээрээ гэрээ бариад мал дээр гарч чадахгүйгээс хойш даяарчлал гэдэг тоглоомоор тоглохоос өөр сонголт бидэнд байхгүй.Үүнд хараат бус шүүхийн ач холбогдол өндөр.

Хараат бус шүүхийг бэхжүүлэгч дайчид, баатрууд, нийгмийг ардаасаа дагуулагч тэргүүлэх сэхээтнүүд бол яах аргагүй хараат бус, ажлынхаа учир холбогдолыг ухамсарлан ойлгосон өмгөөлөгчид.

Монголын шүүхээр эдийн засаг, бизнесийн хэргийг шийдвэрлэж байна гэдэг нь өмгөөлөгч, орчуулагч, өмгөөлөгчийн туслах, нарийн бичиг, экспертүүд гээд олон хүний талхыг залгуулах эдийн засгийг, зах зээлийг босгож байна гэсэн үг, монголын дотоод эдийн засагт хөрөнгө мөнгө эргэлдэж байна гэсэн үг. Үүнтэй холбогдон англиар хуульзүйн үйлдвэрлэл (Legal Industry) гэсэн үг байдаг. Үйлдвэржих үү? эс орших уу? эндээс гэсэн салаа замын уулзвар дээр байгаа бид хуульзүйн үйлдвэрлэлийн эдийн засгийг босгох талаар ярих ёстой.

Манай “хуульзүйн үйлдвэрлэлийн” бодлогын хамгийн чухал зарчим нь монголын шүүгчид, өмгөөлөгчид, хуульчид хамтдаа хөгжих зарчим байх ёстой.

Хэрэв гадны арбитр, гадны шүүхэд монголын хуулийг монголын хуулийн экспертүүдийн хууль зүйн дүгнэлтийг харгалзаж шийдвэр гаргавал ихэнхи тохиолдолд энэ мэдлэг нь монголчуудын хувьд хаалттай үлдэнэ. Монголын хуулийн талаархи “гадаадын мэдлэг“, “дотоодын мэдлэг” гэсэн хоёр ялгаатай мэдлэг бий болно.Гадны хөрөнгө оруулагчдаас хараат бид тэдэнд “дээрэлхүүлж” байгаа юм шиг сэтгэгдэлтэй үлдэх явдал ч өнгөрсөн хугацаанд гарсан.

Дотоодын хуульзүйн үйлдвэрлэлийн бодлого байхгүй улсад шүүгчид, шүүх, дотоодын дийлэнхи олонхи өмгөөлөгчид гэр бүл салалт, хөдөлмөрийн маргаан, эрүүгийн хэргээр дагнаж, илүү ашигтай бизнесийн маргаан дотоодын олонхи өмгөөлөгчдөд хаалттай хэвээр байна. Бидний хамтын зорилго бол аль болох олон монгол өмгөөлөгчдийг илүү ашигтай бизнест татан оруулах явдал.

 

ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН НӨӨЦ БОЛОМЖИЙГ НЭЭХ, АШИГЛАХ ЗОРИЛТ

Монголын хуульчид гадаад зах зээлийн нөөц бололцоогоо ашиглах тухай ярилцах цаг болсон. Одоо байхгүй байгаа бизнесийг бий болгох зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Хэрэв бид хүсвэл, хийж чадвал бидэнд гадаад зах зээлээс орж ирэх орлогын эх үүсвэрүүд, арга замууд бий. Ганцхан жишээ гэхэд л дэлхий даяар эмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд дэлхийн зах зээлийн хуульзүйн орчны тойм судалгаанууд цуглуулдаг. Манай улс ийм судалгаанд хамрагддаг, гадны компаниуд монголын хуулийн фирмүүдэд хандахаар хариу авдаг эсэх нь тодорхойгүй. Ихэнхи тохиолдолд монголын хуулийн фирмүүд нэг удаагийн үйлчилгээ үзүүлдэг. Өргөн утгаар, байнга үйлчлүүлэгчээ хадгалах урлаг, бизнесийн арга барил нэвтрээгүй байгаа нь харагддаг. Үүнийг өөрчлөх, суралцах шаардлага гарч байна.

Гадаад зах зээлийн нөөц боломжыг нээхийн тулд бид гадаад улсын харъяат, гадаад улсад өмгөөлөх эрхтэй хуульчид монголд ирж, нэн ялангуяа монголчуудын хуулийн фирмд ажиллах, хамтран өмчлөгч (хувьцаа эзэмшигч, партнер) болох боломжыг хууль зүйн хувьд нээж өгөх ёстой. Энэ замаар л бид практик мэдлэг олж авах, мэдэхгүйгээ бусдаас суралцах үүд хаалгыг нээнэ. Энэ замаар л бид монголчуудын байгуулсан монголын хуулийн фирм олон улсын арбитрт монголынхоо Засгийн Газар, монголын компаниудаа үлгэр жишээ өмгөөлөх сайхан ирээдүйг, эдийн засгийг авчирна. Ямар ч улс өөрийн гэсэн тулгуур компаниудтай байхыг эрмэлздэг.

Бид монголын гэсэн тодотголтой, олон улсад өрсөлдөх чадвартай ганц ч болтугай хуулийн фирмийг ойрын хугацаанд бий болгоё гэж хүсвэл монголын хуулийн фирмд гадаадын өмгөөлөгчид ажиллах боломжыг хуулиар нээж өгөх үүрэгтэй.

Үүний дээр монголын хуульч, өмгөөлөгч залуус монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны хуулийн фирмд дэвшиж дээшлэх, улмаар хамтран өмчлөгч (хувьцаа эзэмшигч, партнер) болж ашиг хуваах эрхтэй болоход хуульзүйн саад хийхгүй байх ёстой. Хөгжсөн Европт гадаадын, дотоодын гэж хуулийн фирмүүдийг хүчтэй ялгаж, салгадаггүй. Харъяат иргэд нь том бизнесийг дагасан дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг том хуулийн фирмийн тогтолцоонд ахиж дэвшиж, удирдах түвшинд ашиг хувааж авах эрхтэй партнер болж ажиллах боломжыг хуулиар байлгадаг. Иргэнээ сурахад, баян байхад санаатайгаар саад тавьдаг улсыг цөөн хэдэн хүний хувийн эрх ашигт үйлчлэх холбоог (cartel-картель) бий болгодог буурай, урагшгүй улс л гэж нэрлэнэ. Гадны хуулийн фирмүүд монголд орж ирж, монголын залуус бизнесийн туршлага олж авч, том бизнесийн захаас мэддэг болж байгаа нь сайшаалтай. Энэ бол монголын нийгмийн оюун санаанд оруулж байгаа том хөрөнгө оруулалт, чанга атгах боломж гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг эдийн засгийн хүчтэй хуулийн фирмүүд орчин үеийн эдийн засгийн тогтолцоог эрх зүйн хувьд дэлхий даяар хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулдаг гэдгийг бид нар ойлгож, илүү нээлттэй байх хэрэгтэй байна.

Бид эхлээд өрсөлдөх чадвартай боловсон хүчинтэй болох ёстойЯмар ч суутан шууд онгоц угсраад эхлэхгүй, бусдыг дуурайж, суралцах хэрэгтэй. Гадны хуулийн фирмүүд монголын залууст хуульзүйн ертөнцийн "онгоцыг" угсрах, түүнийг худалдах арга ухааныг зааж өгч байгаа. Удахгуй тэдгээр монголын охид хөвгүүд дэлхийд нэртэй хуулийн фирмийн монголын салбарыг нь удирдах менежментийн туршлагатай болох ёстой тул энэ боломжыг хуулиар олгох хэрэгтэй.

Нөгөө талаас гадаадад байнга оршин сууж байгаа монголын хуульч, өмгөөлөгчдийг монголтойгоо холбогдож ажиллах эрх зүйн үүд хаалгыг нээх, нээлттэй болгох хөшүүрэг хэрэгтэй байна. ХБНГУ-д л гэхэд гадаад улсад германы өмгөөлөгчид ажиллахад зориулсан, гадаад улсад байгаа хаягаараа үйлчилгээ үзүүлэх эрхтэй байх хуулийн тусгайлсан зохицуулалт байдаг. ХБНГУ-д олон мэргэшсэн хуульчдын нийгэмлэгүүд, төрийн бус байгууллагууд байдаг. Энэ төрийн бус байгууллагуудаас Хуульчдын боловсролын тухай хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн олон мэргэшсэн сургалтыг жилийн турш зохион байгуулдаг тул хуульчид аль ч цагт давтан боловсрол эзэмших хуулийн үүргээ биелүүлэх өргөн боломжтой байдаг.

Европын Холбооны төв Бельгийн нийслэл Брюссельд тус тусын орныхоо эрх ашгийг хамгаалахад, өөрийн орны компаниудын эрх ашигт үйлчилж мэдээлэл цуглуулдаг үйл ажиллагааг явуулдаг Европын өмгөөллийн фирмүүд байдаг. Герман өмгөөллийн фирмийн Брюссель дэх салбар нь өөрийн төлөөлж байгаа герман компанийн эрх ашгийн үүднээс Дэлхийн Худалдааны Байгууллага, Европын Холбооны түвшинд стандарчлал, бодлого, хуульзүйн хөгжлийн судалгаа шинжилгээ хийдэг. Нарны эрчим хүчний бизнесийн гэх мэт олон улсын зах зээлийн төлөөх өрсөлдөөнд Дэлхийн Худалдааны Байгууллагын эрх зүйгээр мэргэшсэн хятад өмгөөлөгчид Брюссель хотын оффистоо Хятад Улсынхаа эрх ашгийг Европын Холбооны өмнө хамгаалахад хувь нэмрээ оруулаад л сууж байдаг.

Удахгүй монголчууд ч гэсэн Дэлхийн Худалдааны Байгууллагын (ДХБ) гишүүний давуу талаа ашиглаж их гүрнүүдтэй хуульзүйн хувьд үзэлцэх ёстой болно. Жижиг орнуудад боломж олгодог ДХБ-ын тогтолцоо ашиглах чадвартай, мэдлэгтэй болох нь яах аргагүй бидний хөгжлийн зорилт.

Монголын хөрөнгө оруулагч уул уурхайн компаниуд Голланд гэх зэрэг татварын таатай орнуудад бүртгэлтэй, захиргаатай байдаг. Энэ компаниудтай газар дээр нь шууд харилцаж, үйлчилгээ үзүүлэх гадаадад суудаг монголын хуульчид одоо байхгүй юмаа гэхэд ойрын ирээдүйд гарч ирнэ. Хуулийн шинэчлэлийн бодлого үүнд нээлттэй байх ёстой. Гадны фирмүүдэд хандаж байснаас шууд монгол хүнд, фирмд хандвал хэргийн төсөв харьцангуй бага гарна, төдий чинээгээр монголд орж ирэх унац нь өндөр байх болно.

 

ШИНЭ ЭДИЙН ЗАСГИЙГ ХУУЛЬ ТОГТООМЖЫНХОО УТГА УЧРЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ОЙЛГОХ ЗОРИЛТ

Монголын хуульчид гадаад зах зээлийн нөөцөө ашиглахын тулд сурах ёстой. Монголын дотоодын зарим хувийн компаниуд гадаад зах зээлд гарч асар хурдтай хувьсаж өөрчлөгдөж байгаа энэ үед 1990 оноос хойш хийсэн олон улсын бизнесийн орчны нийтлэг стандартад нийцэж байгаа монголын иргэн, бизнесийн хуулийн шинэчлэлийн утга учрыг ойлгоогүй хуульчид, өмгөөлөгчид байж л байна. Одоо үйлчилж байгаа, манай улсад эрх зүйн тогтвортой байдлыг хангахад суурь хууль болох 2002 оны Иргэний хуулиа буруугаар тайлбарлаж, үзэл санаанаас нь харш практик бий болгочихсон явж л байна.

Өнгөрсөн хугацаанд бий болгосон амжилтаа чамлахгүйгээр чанга атгаж иргэн, бизнесийн хуулиудынхаа утга учрыг ойлгож, зөв хэрэглэх нэгдсэн практикийг бий болгох хэрэгтэй байна. Монголын дотоодын зах зээл маш жижиг. Гэвч хэрэв монголын хуульчид орчин үеийн иргэн, бизнесийн хуулиудынхаа утга учрыг гүн гүнзгий ойлгож чадвал гадаад зах зээлээс бизнес оруулж ирэх боломж бий. Үүний тулд практик хуульчид маань ХБНГУ-д сургууль төгссөн монголын хуульзүйн багш нараасаа сайн зүүгдэх хэрэгтэй байна. Олон жилийн туршлагатай өмгөөлөгчид маань ч тэр энэ багш нараараа нэн ялангуяа иргэний эрхзүйн үндсийг дахин сайтар заалгахад илүүдэхгүй.Хувийн амбиц, бусдыг жижиг болгож харагдуулах сэтгэлзүйн хаалт бидэнд хэрэггүй. Бид гадаад зах зээлийн өрсөлдөөний тулалдаанд морьдох ёстой, бид маргаашынхаа төлөө хамтдаа амжилт гаргах үүрэгтэй. Бид залуусын шинэ мэдлэгээс суралцаж, ахмадуудынхаа ажлын туршлагаас хуваалцаж чаддаг залгамж холбоотой хуульчид, өмгөөлөгчдийн нийгэмлэгийг монголынхоо сайн сайхны төлөө хамтдаа бүтээх ёстой.

“Германчуудыг, гадныханыг дуурайлаа” гэж зарим ахлах үеийн өмгөөлөгчид хэлж байна. Гэвч жишээ нь: монголын 2002 оны Иргэний хууль ХБНГУ-ын Иргэний хуулийн орчуулга бишээ. Иргэний хуулийг олон улсад нийтлэг үйлчилдэг зарчмыг харгалзаж, өрсөлдөх чадвартай монголын эдийн засгийн хөгжлийн суурь болгох зорилготой бүтээсэн. Энэ хуулийнхаа утга учрыг сайтар ойлгож чадвал шаардлагагүй, тогтолцооны гажуудал бий болгосон хуулиудыг үйлдвэрлэх явдал багасна.

Бид амьдарч байгаа дэлхийнхээ эдийн засгийн хуулийн нэг хэсэг гэдгийг үргэлж ойлгож байх хэрэгтэй байна. Социализмын үед ч тэр бид “өөрийн хуультай” байгаагүй. Бид социалист эдийн засгийн тогтолцооны нэг хэсэг болохын хувьд ЗХУ-ын хуулийг импортоор авсан. ЗХУ-ын эрх зүйн тогтолцоо олон учгаар Гитлерийн германы төвлөрсөн төлөвлөгөөт дайны эдийн засгийн хууль тогтоомжоос эх авсан байсан гэдгийг дурьдахад илүүдэхгүй. Ерөөс дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч биш, чирэгдэгчид бид дэлхий нийтээр заншсан бизнесийн ёс жаягийг дагах үйлийн үртэй, бид үүнээс суралцаж, үүнийг дагаж байж л хөгжинө.

 

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ, ТОГТВОРТОЙ БИЗНЕС ХИЙХ ШИНЭ СОЁЛЫГ БИЙ БОЛГОХ ЗОРИЛТ

Орчин үеийн иргэн, бизнесийн хуулиудаа эрх зүйн шинжлэх ухааны хувьд судалж, улсын нэгдсэн мэдлэг бий болгохоос гадна өмгөөлөгчид үйлчлүүлэгчтэй харилцах олон улсын нийтлэг жишгийг сурах ёстой. Одоогийн Хуульчдын Холбооны "Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм" ийм олон улсын жишгийг Монгол Улсад нэвтрүүлсэн байна. Энэ дүрмээ сайн ойлгож, практикт хэвшүүлэх шаардлагатай байна. Үүний дээр практикт өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй харилцахдаа баримталдаг олон улсад нийтлэг хэвшмэл зуршлууд бий. Хэдийд өмгөөлөгч үйлчлүүлэгчид меморандум өгөх вэ?, ямар үед үйлчлүүлэгчийн зөвшөөрлийг урьдчилж авах вэ? ямар үед зөвшөөрөл авах шаардлагаггүй вэ? гэх мэт. Энэ бүхнийг монголын өмгөөлөгчид сурах шаардлагатай болж байна. Үүний тулд бид хөгжсөн орнуудын Баарын Холбоонуудтай сайн найзлах хэрэгтэй байна.

 

ӨМГӨӨЛӨГЧИД БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛТЭЙ БОЛОХ ЗОРИЛТ

XXI зуун бол Америкийн зуун. Бид хүссэн ч хүсээгүй ч ертөнц ийм. Дэлхийн эдийн засаг АНУ гэдэг айлаар мотор хийж, энэ улстай хамт өсч, хямарч байна. Урд хөрш маань Америкийг нэхэн гүйцэх маш том амбицтай шургуу хөдөлмөрлөж байгаа ч Америкийн бодлогын эдийн засагч Lester Thurow-ын хэлснээр ойрын ирээдүй, XXI зуун амеркийнх хэвээр л байна. Америкийн дараа Азийн ноёрхолын үе ирэх төлөвтэй боловч хөгжингүй азичууд америкийн компанийн зохион байгуулалтыг германы хуульзүйн системтэй хамт хуулж аваад өөрийн болгочихсон бид нарыг өрсөлдвөл өрсөлд эсвэл тэрэгний дугуй бол гэж шахах болно. Бид капитализмыг алгасч чадаагүй шиг америкжсан эрин үеийг алгасаж чадахгүй.

Америкийн зуунд амьдарч байгаа бид англи хэлгүйгээр олигтой бизнесийн тухай яриад ч хэрэггүй. Европын хуульчдад 20 жилийн өмнө англи хэлтэй байх шаардлага ийм хүчтэй тавигдаж байгаагүй. Өнөөдөр Европын хуулийн фирмүүд бичгийн ажлаа үндсэндээ англи хэлээр явуудаг. Учир нь үйлчлүүлэгчид нь олон улсын зах зээлд гарсан, өөрсдөө англи хэлээр харилцдаг хүмүүс. Байшингийн буланд дараагийн гэр бүл салалтын хэргийг хүлээгээд сууж байхыг хүсэхгүй өндөр амбицтай залуу хуульчид бүгд англи хэл сурах ёстой. Англи хэл сурахдаа хаа хамаагүй зүйл сурч гэюүрэх зав бидэнд байхгүй. Суурь англи хэлтэй нь шууд хуулийн англи хэл үзэх ёстой. Үүнийг нэг хүн ганцаараа, өөрийн хөрөнгөөр шийдэх гэж зовсны оронд хамтдаа шийдвэл илүү хямд, эрчимтэй байх болно. Ийм зохион байгуулалтад орох хүсэл эрмэлзэл хэрэгтэй байна.

2005 онд БНЧУ-ын Өмгөөлөгчдийн Холбоонд очиж танилцахад Чехэд гадны өмгөөлөлийн фирмүүд ороод ирчихсэн, чехийн фирмүүд өрсөлдье, үзье, суръя гэж их ярьж байсан үе байлаа. Чехийн нэг томоохон өмгөөллийн фирм америк, англи багш авчихсан долоо хоногийн 3-4 өдөр өглөө бүр өмгөөлөгчиддөө англи хэл заалгуулж байхыг харж билээ. 10 жилийн дараа тэр өмгөөллийн фирмийг вэб хуудас дээрээ өөрсдийгөө олон улсад өрсөлдөх чадвартай чехийн фирм гэж танилцуулсан байхыг уншихад бахархах сэтгэл төрсөн.  

 

ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ БИЗНЕСИЙГ ӨМГӨӨЛӨГЧИД АТГАХ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Хууль Зүйн Яамнаас УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа Хуульчийн эрх зүйн байдал, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын тухай хуулийн төсөлд “хуулийн зөвлөх”, “өмгөөлөгч” гэсэн хоёр мэргэжлийг салгах санаа явж байна.

Манай улс дээр дурьдсанаар шүүхтэйгээ, шүүгчидтэйгээ хамт хөгжих, монголын хуулийн талаархи гадаадын ба дотоодын ялгаатай үзэл баримтлал бий болгохгүй, нэгдсэн суурь мэдлэгтэй байхыг зорих ёстой. Шүүхэд бусдын эрхийг төлөөлдөггүй хуульч хуульзүйн зөвлөгөө өгөх явдал өргөн хүрээнд бий болж, хуульзүйн зөвлөгөөний бие даасан бизнесийн салбар бий болгох нь хараат бус шүүхийг бэхжүүлэх бидний хамтын зорилтод, улсын маань Үндсэн Хуулийн эрх ашигт нийцэхгүй. Энэ нь шүүхэд бусдын эрхийг төлөөлдөг хуульчийн мэдлэг, шүүхэд төлөөлдөггүй хуульчийн мэдлэгийн хооронд ялгаа бий болгох, эрхзүйн баталгаат байдлыг сааруулах, эрхзүйн нэгдмэл байдлыг алдагдуулах хортой.

АНУ, ХБНГУ, Европын бусад орнуудад хууль зүйн зөвлөгөөний бизнес үндсэндээ өмгөөлөгчдийн гарт байдаг. Хуульзүйн бизнест “өмгөөлөгч” гэсэн мэргэжил давамгайлах, дэлхий нийтийг хамарсан, танил дотно нэр томъёо. Бид хамтдаа гадаад зах зээлийг гэртээ оруулж ирье гэж хүсвэл хуулийн салбарын хувийн бизнесийнхэн өмгөөлөгчид (attorneys-at-law), өмгөөллийн фирмүүд (law firms) байх ёстой. Бид дэлхий нийтээр хэвшсэн, танил болсон, итгэл үзүүлэх хэлбэрээр бизнес хийж гарч ирэхгүй бол оригиналь монголчуудад орон зай үнэндээ байхгүй.

 

ХАРААТ БУС, ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИТАЙ ӨМГӨӨЛЛИЙН ФИРМҮҮДТЭЙ БОЛОХ ЗОРИЛТ

Өрсөлдөх, өргөн хүрээнд бодлого тодорхойлоход оролцох чадвартай, эдийн засгийн чадалтай, эрх зүйт төрийн хөгжлийг урагш чирэх дэвшилтэд хуулийн фирмүүдийг хөгжүүлэх бол бидний хөгжлийн зайлшгүй зорилт мөнөөсөө мөн.

Чанартай хууль зүйн зөвлөгөөгөөр шүүхийн ачааллыг жинтэй багасгаж болно. Ерөөс өмгөөлөгчид шүүх уруу шууд гүйхээс илүү шүүхийн өмнөх шатанд эсрэг талын өмгөөлөгчидтэй мэтгэлзэж, шүүхэд очвол ямар үр дүн гарах талаар хэлэлцэж, аль аль талдаа цаг хэмнэсэн, маргааныг шийдвэрлэхийг эрмэлзсэн соёлыг нэвтрүүлэх чухал.

Орчин цагийн өмгөөллийн фирмүүд бол эрх зүйт төр, хүний эрх, бизнесийн чөлөөт орчинг хамгаалж, төрийн эрх мэдэлтнийг дураар аяглахад хязгаар тавьж чаддаг хүчирхэг институц юм.

Ганц ганц дайчид 10, 20 хэрэг зэрэг авдаг үе удахгүй өнгөрөх ёстой. Ажлын чанарыг ийм байдлаар хангахгүй. Ажлын туршлагаа 10-хан жил ашиглаад эрүүл мэндээрээ хохирох биш, харин 20 жил тогтвортой ажиллах боломжыг бий болгосон түншлэлийн, фирмийн тогтолцоонд орох ёстой. Өнгөн дээрээ хуулийн фирм боловч үнэн утгаараа ийм болоогүй байгаа индивдуалистуудын нийгэмлэгийн зохион байгуулалттай байгаа нь Европынхоны нүдээр бол фирм биш харин өмгөөлөгчдийн бяцхан холбоо, хүй нэгдлийн үеийн зохион байгуулалт. Монголын хуульзүйн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зарчим нь хуулийн фирмүүдийг жинхэнэ утгаар нь бий болгох, бэхжүүлэх явдал байх ёстой.

Ийм цагт Хуульчдын Холбоо, Өмгөөлөгчдийн Холбоо, Хуулийн Зөвлөхүүдийн Холбоо гэж тус тусдаа хуулийн дагуу “заавал” гишүүнчлэлтэй байх олон холбоо бий болгож, давхар захиргаа, давхар дарамтад хөл дээрээ зогсох гэж байгаа хуулийн фирмүүдээ оруулах нь хэр зохистой вэ? гэсэн бодол УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа хуулийн төслүүдтэй танилцсаны дараа төрснөө нуухгүй. Үүнийг сайн бодож, олуулаа хэлэлцэх хэрэгтэй байна.

Эцэст нь тэмдэглэхэд, хуулийн фирм гэдэг нь нэртэй, хаягтай хуульч хүмүүсийн эзэмшилд байдаг, эзэн өмчлөгч харъяатнууд нь тодорхой хараат бус байгууллагыг хэлдэг. Дэлхий даяар ийм л тогтолцоо байдаг. Хэн нэгний дураар бүтээсэн тогтолцоо биш, хөгжсөн өрнөдийнхөний гунигт, дэвшилтэт түүхээс суралцсан эрдэм мэдлэг, туршлага. Энэ эрдэм мэдлэг, туршлагыг өмнөд хөрш маань ч бас авч хэрэгжүүлж, хятадын гэх тодотголтой өрсөлдөх чадвартай хуулийн фирмүүдтэй болсон. Одоо энэ фирмүүд  өрнөдийн фирмүүдтэй нэгдэж дэлхийн зах зээлд гарч байгаа тухай сонирхолтой нийтлэлийг саяханы the Economist сэтгүүлд дурьдсан байсан. Тэд прагматик, алсыг харж, хийж чаддаг гайхалтай улс.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon