Нийтлэл 08 сарын 11, 2017

УИХ-ын гишүүн нэгэн зэрэг сайд байж болохгүй

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар хуульч Г.Ганбаатарын байр суурь-3 

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1:  Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.

Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно, кабинетын гишүүн буюу сайдад нэр дэвшигч тухайн салбарт 12 жилээс доошгүй ажилласан мэргэжлийн хүн байна гэж заах нь зохистой гэж үзэж байна. УИХ нэг танхимтай, цөөн гишүүнтэй тул УИХ-ын гишүүн нэгэн зэрэг Засгийн газрын гишүүн байх нь төрийн эрх мэдлийн тэнцвэр, хяналтын зарчим, хуулийн чанар чансаанд яаж сөргөөр нөлөөлдөг талаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуульч судлаачдын байр суурь, судалгаа цөөнгүй бий.

УИХ, ЗГ холилдсоноос бие биедээ хяналт тавих чадвар, бодлого алдагдсан. УИХ-аас арга ядахдаа тусдаа төрийн хяналтын байгууллага байгуулах санал гаргаж буй гэж үзэх үндэслэл байна.  

Мөн зарим Улсын их хурлын гишүүн атлаа сайд болсноор сонгогч иргэд буюу гишүүдийн хооронд зөрчил, тэмцэл, ялгаварлал үүсгэдэг цаашид үргэлжлэх нь маргаангүй. Жишээ : УИХ-ын нэгэн гишүүн Сангийн сайд болсноороо сонгогдсон тойрогтоо эсхүл нам, фракцийн гишүүдийнхээ тойрогт илүү төсөв батлах, зөвхөн өөрийн тойргийн иргэдэд төрийн халамжийн мөнгө хишиг хүртээх гэх мэт зүй бус олон асуудал гарсаныг өмнөх үйл явдлууд гэрчилнэ.

Монгол Улсын сайд хүн мэргэжлийн биш бол салбартаа болон бусад салбар дундын хүрээнд хамаарах цогц асуудлыг яаж оновчтой бодлого, зохицуулалтаар төлөвлөж, хэрэгжүүлж, хөгжүүлэх вэ гэдгийг хэн боловч хэлж байна. Мэргэжлийн бус сайдаас болж улс орны салбарын хөгжлийн бодлого, зохицуулалт яаж алдагдаж байгааг заавал анхаарах ёстой.

 

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг  Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.

Үндсэн хуульд зааснаар нэгэнт Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д оруулснаар томилж байгаа тохиолдолд Ерөнхийлөгч батлах асуудал байхгүй. 

Харин УИХ өөрөө сайд нарыг нэг бүрчлэн томилсон тул Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаас хойш УИХ 72 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заах нь зөв болно. 

 

Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2 Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Засгийн газрын гишүүдийн тэн хагас нэгэн зэрэг огцрох буюу тийнхүү сайдууд өөрсдөө эсхүл Ерөнхий сайд нь нэгэн зэрэг тэн хагасыг нь огцруулах хүсэл зориг угаасаа байхгүй, байвал гайхалтай нэн ховор үзэгдэл болно.   

 

Үндсэн хуулийн 46 дугаар зүйлд 4, 5 гэж нэмэхээс гадна 6 дахь хэсгийг шинээр  нэмэх   

“Албан тушаалтан хэн боловч төрийн жинхэнэ албаны зарчмыг зөрчсөн, төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн нь түүнийг халах, чөлөөлөх үндэслэл болно” гэж хатуу заахгүй тохиолдолд тухайн нэмсэн зохицуулалтууд хэрэгжих механизмгүй буюу амьд үйлчлэлгүй, тунхаг төдий болох магадлал өндөр гэдгийг тооцох ёстой. Дур зоргоор авирласан хэнд ч хууль адил тэгш үйлчлэх ёстой.        

 

Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2:   Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна

“Төр“-ийн цаана улс, улсын ашиг сонирхол байгаа гэж сэтгээд ажиллахад болохгүй зүйл огт үгүй. “Төрийн” гэх тодотголыг өөрчлөхөд хүрвэл зөвхөн үүгээр тогтохгүй тул үгээр хөөцөлдөж Үндсэн хуульд халдах шаардлагагүй.       

 

Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 3:   Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана гэснийг Төрийн албаны хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албаны ажиллах нөхцөл баталгааг хуулиар тогтоон гэж өөрчлөхөөр төсөлд тусгагдсан.

Тус хэсгийг өөрчлөн найруулах шаардлагагүй, тунхаг төдий заалт хийснээс холбогдох хуулиар зохицуулах боломжтой.

 

Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл 3: Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.

            Шүүхийн ерөнхий зөвлөлийг 11 гишүүнтэй болгох заалт “учир битүүлэг” байгаа нь сэжиг, хардлага сэрдлэг дагуулах үндэслэлтэй байна.  

Учир битүүлгээр Үндсэн хуулийн зохицуулалтыг амьд үйлчлэлгүй болгож болохгүй. Яагаад заавал 11 гэж, үүнд ямар хүмүүс багтах вэ гэдэг нь судалгаа, нотолгоотой, ил тод байх шаардлагатай. Шүүхийг улс төржүүлж, бас шүүх улс төржих хэрхэвч болохгүй учраас шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд анхан шатны шүүхээс 3, давж заалдах шатны шүүхээс 2, Улсын дээд шүүх, МУ-ын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, Улсын ерөнхий прокурор, өмгөөлөгчдийн хорооноос тус бүр нэг төлөөлөл нийт 11 гишүүнтэй байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад тухайн гишүүд дотроос нэр дэвших эрхтэй ба бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 4 жилийн хугацаагаар сонгоно гэсэн утга агуулга бүхий саналыг дэвшүүлж байна. 

            Үндсэн хуульд зааснаар шүүхэд улс төрийн аргаар нөлөөлөх аливаа дур зорго, оролдлогын зогсоох үндсэн арга механизм бол бүх шатны шүүхийн шүүгчдийг томилуулах эрх бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл юм.  

            Тийм учраас шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг яг таг зөв, оновчтойгоор заахгүй бол шүүхийг улс төржүүлэх, шүүх бүрэлдэхүүнийг тогтворгүй байдалд хүргэх, шүүх, шүүхийн захиргааны  хууль эрх зүйн орчин тогтворгүй болох зэрэг ноцтой үр дагаврууд гарна гэдэгт эргэлзэхгүй байж болно.   

             Ингэснээр шүүхийг улс төржүүлэх, улс төржиж байна гэж хардах, цуурхахын эсрэг Үндсэн хуулийн хамгаалалтын оновчтой хэлбэр болж чадна гэж үзэж байна. 

 

Өмнөх цувралуудыг эндээс үзнэ үү 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon