Нийтлэл 10 сарын 09, 2017

Хүүхэд тань хичээлийн дэвтрээ хэр хөтөлдөг вэ?

 

Энд тэнд сургалт семинарт оролцоод явж байхад нэг зүйл ажиглагддаг. Бичиж тэмдэглэж сураагүй томчууд. Хүний яриаг дэвтэр, тарааж өгсөн материал дээр ч тэмдэглэлгүй, самбар, илтгэлийн слайдны зургийг аваад л харьдаг хүмүүс. Тэд авсан зургаа дараа нь тогтож хардаг болов уу, ай мэдэхгүй..

Бид ухаалаг утас, таблетны эрин үед амьдарч байгаа ч сонссон мэдээллээ цаас буюу дэвтэр дээр цэгцтэй, дараа үзэхэд ойлгомжтой тэмдэглэх чадвар зөвхөн томчууд, оюутнууд гэлтгүй сургуулийн насны хүүхдэд ч хэрэгтэй.
Тиймээс бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ дэвтрийг нэг нээж үзээрэй. Замбараагүй бичсэн, урагдсан, муухай дэвтэртэй гэж зэмлэхээсээ өмнө доор бичсэн хэдхээн дүрмийг хүүхдэдээ зааж өгөөрэй. Дунд ангид орохоор нь болъё, эсвэл өөрөө аяндаа сурна биз, багш нар заагаад өгчихнө гэж хойрго хандалгүй яг одооноос эхлээрэй.

Багаасаа дэвтрээ зөв хөтөлж, цэгцтэй бичиж сурвал хожим маш олон чадварын суурь болно. Доорх зөвлөгөөг хүүхдэд хандаж энгийн үгээр ойлгомжтой бичихийг хичээлээ. Хүүхэдтэйгээ хамт уншаарай.

************************
1-Р ДҮРЭМ: ХИЧЭЭЛИЙН ДЭВТРИЙГ ЧИ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ХӨТӨЛДӨГ

Ээж аав, багшдаа магтуулахын төлөө биш, хичээлээ сайн ойлгох, дараа нь бататгаж давтахын тулд дэвтэр хөтөлдөг.

************************
2-Р ДҮРЭМ: АЛЬ БОЛОХ ЦЭВЭРХЭН БИЧЭЭРЭЙ

Мэдээж хэцүү. Гэхдээ ядаж дараа өөрөө уншихад ойлгогдохоор, аль болох цэвэрхэн бичихийг бодоорой. Цэвэрхэн бичихийн тулд үзгээ зөв барих хэрэгтэй. Мөн ширээний ард зөв сууж байж илүү гоё бичнэ.

**Үзгээ зөв барих
-Үзэгний үзүүрээс 2,5 см дээрээс барина
-Долоовор хуруу, эрхий хуруугаараа хавчиж, дунд хуруугаараа тулна
-Ядам хуруу, чигчий хуруугаа хөнгөхөн нугална
-Харандаагаа 60 градус орчим налуу барина

Манайд бүр 1-р ангиас нь шууд үзгэн балаар бичүүлдэг. Харин гадны орнуудад, тухайлбал Японд, дөнгөж бичиж сурч байгаа хүүхэд харандаа ашигладаг юм билээ.

**Зөв суух
-Нуруу цэх байна
-Ширээнээс бага зэрэг зайтай сууна
-Сандалны хойшоо лав сууна
-Хөлийн ул шаланд гүйцэт хүрч байх ёстой

************************
3-Р ДҮРЭМ: ХЭТ ШАХАЛГҮЙ, МӨР ХООРОНД ХАНГАЛТТАЙ ЗАЙ АВЧ БИЧИХ

Мөр хоорондох зай их байх тусмаа сайн. Дараа нь уншихад нүдэнд амар, ойлгомжтой. Хайран дэвтэр хурдан дуусна гэж бодож магадгүй. Гэхдээ дараа хичээлээ эргэж уншаад давтахад нэмэлт тайлбар бичих шаардлага гарна. Тиймээс илүү зай үлдээж бичээрэй.

************************
4-Р ДҮРЭМ: ДЭВТРЭЭ ОЙЛГОМЖТОЙ ХАЯГЛАХ

Дэвтрийн хавтсан дээр 1/ Хичээлийн нэр 2/ Нэр 3/ Дэвтэр нээсэн өдөр 4/ Дэвтрийн дугаар (хичээлийн жил эхэлснээс хойш хэд дэх дэвтэр вэ) -ыг бичээрэй.
Сургууль, багш чинь зөвшөөрдөг бол хавтсан дээрээ гоё зураг зурж, чимэглэж болно. 
Битүү зурагтай хавтастай дэвтэр бол хавтасны дотор талын цагаан нүүрийг ашиглаж болно. 
Нэг хичээл дээр заавал нэг дэвтэр гэлгүй, гэрийн даалгаврын, давтлагын гэх мэтээр нэмж дэвтэр нээж болно. Гэхдээ хичээлийн нэрний доор “Гэрийн даалгавар” гэх мэтээр ямар зориулалтын дэвтэр вэ гэдгийг нэмж бичээрэй.

************************
5-Р ДҮРЭМ: ХУУДАСНЫ ХААНА ЮУ БИЧИХЭЭ ШУГАМААР ХУВААХ

- Хуудасны эхэнд сар өдөр, хичээлийн гарчиг
Шинэ хичээлийг шинэ хуудаснаас эхэлж бичвэл цэгцтэй. Гэхдээ хайран зай гэвэл хоёр хичээлийг зураасаар зааглаж болно. 
Хаана юу бичихээ шугамаар хуваачихвал дараа уншихад ойлгомжтой. Жишээ нь, 3 багананд хувааж болно. Эхний багананд сурах бичгийн хэддүгээр хуудсан дээр явж байгааг бичнэ. Голын хэсэг буюу хамгийн их зайнд самбар дээрхийг бичнэ. 3 дахь багананд самбар дээр бичигдээгүй багшийн тайлбар болон хамгийн чухал зүйлс /жишээ нь, томъёо, тодорхойлолт зэрэг/ бичнэ. Мөн энэ хэсэгт чи өөрийн сэтгэгдэл бодлоо бичиж болно. Мэдээж хуудасны хамгийн доор тусад нь зай гаргаад сэтгэгдэлээ бичиж болно. 
Заавал бүтэн өгүүлбэрээр бичих шаардлагагүй. Ганц хоёр үгээр бичсэн ч болно. 

*Сэтгэгдэл бичих* 
Юу ч бодолгүй самбар дээрхийг хуулах утгагүй. Багшийн яриаг анхааралтай сонсонгоо, самбар дээр хаана юу байгааг бүхэлд нь сайн харж байгаад тэмдэглэж авна. Мөн тухайн сэдвийг үзээд ямар сэтгэгдэл төрсөнөө ганц хоёр өгүүлбэрээр тэмдэглэж болно. Хүн уншсан сурсанаа эргэж санахдаа яг тухайн үед харсан ямар нэг онцгой зүйлээс ургуулж санах тохиолдол олон байдаг. Тухайлбал, дэвтрийнхээ буланд “багш өнөөдөр шар өнгийн цамц өмссөн байна. Гадаа цас орж байна” гэж бичээд үлдээвэл дараа тэр цагийн хичээлийг санахад дөхөм болж магадгүй юм.

************************
6-Р ДҮРЭМ: ӨНГИЙН БАЛ, ТОДРУУЛАГЧ АШИГЛАХ

Чухал хэсгийг тодруулах гэж өнгийн бал, тодруулагч ашигладаг. Хэт олон өнгө ашиглах хэрэггүй. Өнгө өнгийн саатай бал гоё л доо. Гэхдээ олон өнгө холивол дэвтэр чинь эрээн мяраан, хаана, ямар чухал зүйл бичигдсэн нь мэдэгдэхгүй болно. Балаа солих гэж цаг авна, анхаарал сарнина. 
Ерөнхийдөө хоёр гурван өнгө байхад л хангалттай. Жишээ нь: хар, цэнхэр, улаан. 
3 өнгөтэй бал хэрэглэж болно. Эсвэл нэг өнгөөр бичээд гэртээ ирээд тодруулагчаар тодруулж болно шүү.

Мөн заавал өнгийн бал, тодруулагч гэлгүй янз бүрийн зураас, дүрсээр чухал хэсгийг тодотгож болно.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon