Нийтлэл 10 сарын 17, 2017

Монгол Улс 100 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, түүний дөнгөж 30% хувь нь өрхүүдэд очиж байна

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.1 хувь нь 15-34 насны залуучууд эзэлж байна гэдэг мэдээллийг ҮСХ-оос авлаа. Энэ үзүүлэлт юуг илэрхийлж байна вэ? Залуучуудыг хүлээж авах ажлын байр байхгүй байна уу? Эсвэл хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтийг хангах нийлүүлэлт байхгүй байна уу? 

Энэ тоо нь ажилгүйдлийн ерөнхий түвшинг хэмждэггүй. Харин, бүртгэлтэй ажилгүй хүмүүсийн дунд залуус хэдэн хувийг эзэлж байна вэ гэдгийг хэмждэг, харьцангуй жин юм. Эдийн засаг сайжирсан ч энэ тоонд онцын том өөрчлөлт орохгүй. Жишээ хэлье. Хөгжсөн оронд, тухайлбал АНУ-д ажилгүйчүүдийн 55 орчим хувь нь энэ насны залуус байдаг. Тэгэхээр идэр болон ахмад насны хүмүүсийн дунд ч гэсэн ажилгүйдэл их байгаа. Нийт ажилгүй хүмүүсийн тоо, ажил эрхлэлт хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдгийг илүү сайн анхаарах хэрэгтэй байх. Нийт ажил эрхлэлтийн түвшингээрээ, манайх хуучин социалист орнуудаас 10 хувь доогуур байгаа. Энэ бол их санаа зовоосон тоо. Ажилгүйдэл их байгаагаас болоод ажил хайхаа больсон хүмүүс ч их байгаа.

Монгол улс 100 гаруй их, дээд сургуультай жилдээ 35000 гаруй оюутанг, өөрөөр хэлбэл 35000 гаруй дипломыг үйлдвэрлэн гаргаж байна. Гэтэл тэдний ихэнх нь мэргэжлээрээ ажиллахгүй дипломтой худалдагч, дипломтой барилгын ажилтнууд болж байна. Сүүлдээ бараг л дипломтой цэвэрлэгч авна гэдэг сурталчилгаа явах нь холгүй байна. Хүмүүсийн сэтгэлгээ ч мөн хүүхдээ ямар ч хамаагүй их дээд сургууль төгсөгчихвөл болоо гээд хамаг байдгаа тавиад л сургаж байна. Үүнийг нь ашиглаад хувийн сургуулиуд зөвхөн төлбөрийг нь авахын тулд массаар нь дипломтой төгсөгчдийг үйлдвэрлэн гаргаж байна. Энэ тал дээр? 

Их том, бас нарийн асуулт байна. Их, дээд сургуулийн тоо, элсэгчдийн тоо хурдтай өссөн 25 жил өнгөрлөө. Энэ хооронд хөдөлмөрийн заx зээл, ажлын байр сайжирсангүй. Олон төгсөгчид сайн ажлын байранд очиж чадсангүй. Үүнээс болоод, хүмүүс эргээд их дээд сургуулиудын боловсролд шүүмжлэлтэй ханддаг болсон.
Их, дээд сургуулиудыг төгссөн оюутнууд нь хэр хурдан ажил олж байна вэ, оюутнууд нь төгсөөд дунджаар хэдэн төгрөгний цалинтай ажилд очиж байна вэ гэдгээр нь хүмүүс ялгаж ойлгодог болох хэрэгтэй. Ийм шалгуур олон сургуулийн удирдлага, эздэд таалагдахгүй байx. Яамны зүгээс ийм ажил хийвэл салбараа болон эдийн засгаа илүү өгөөжтэй болгонo. Ийм бодит хэмжүүрээр биш, харин аар саар зүйлс, багш нарын цол, тэмдэг, гадаад харилцаа, хурал чуулган, нэр томьёо гэсэн зүйлсээр сургуулиуд суртачилгаагаа явуулж байгаа харагддаг.
Гэхдээ, их дээд сургуулиудаа шүүмжлэх нь асуудлын зөвхөн нэг тал нь. Энэ бол нийлүүлэлтийн талаа хэт яриад байна гэсэн үг. Боловсролын эрэлтийг төр дэмжих ёстой. Одоогоор энэ талын цэгцтэй бодлого байхгүй. Сайн ажлын байр бий болгох нь эдийн засгийн бодлогын хамгийн эхний зорилт байх ёстой. Өмнө нь ч би энэ тухай нэг бус удаа ярьж байсан. Гэвч, яс юман дээрээ очихоор бид ажлын байр биш, мөнгө санхүү, сайхан төслүүд яриад явчихдаг. Тууштай биш.
2 жилийн өмнө эдийн засагч Манлайбаатартай хамтран, Ажиллах хүчний судалгааны микро дата ашиглаж нэгэн судалгаа хийсэн. Энэ судалгаагаар, их дээд сургууль төгссөн хүмүүс төгсөөгүй хүмүүсээсээ, дунджаар, 40 орчим хувь өндөр цалин авч байгаа болон тэдгээр төгсөгчид нь ажилд орохдоо арай бага цаг зарцуулдаг гэсэн баримтыг гаргаж тавьсан. Цөөн хүмүүсийн хувьд их, дээд сургуулийн боловсрол хэрэггүй мэт санагдавч, дундаж төгсөгчийн хувьд өгөөжтэй байгаа. Статистикийн дүр зураг.

Магадгүй энэ олон дипломтой төгсөгчид байгаа нь төрийн албыг данхайлгах шалтгаан болох үндэстэй юу? /таамаглал/ Нэг дарга нь очоод л таньдаг мэддэг дипломтой залуусаа төрийн албанд шахдаг. Төрд нэг хүний ажлыг 3 хүн хийж байна, төрийн алба төрлийн алба боллоо гээд л бид их шүүмжилдэг шүү дээ.

Танил талаараа болон авлигаар хүн ажилд авдаг тухай өнгөрсөн хавраас хойш хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр их эрчтэй ярьцгаасан. Олон хүмүүс надаас илүү мэдэж байгаа. Ажил хайж байгаа шинэ залуу төгсөгчдийн урам их хугарч байгаа. Ажил хийж байгаа залууст ч гэсэн хортой. Эцэстээ, бид нийтээрээ хохирч байна. Хөдөлмөрийн заx зээл дээрх төрийн бодлогын эн тэргүүний зорилт бол аливаа хүнийг тохирсон ажилд нь ажиллуулах явдал. Авлигын уршгаар энэ том функц гажуудаж байгаа.

Саяхан нийгмийн сүлжээгээр 1991 оноос хойш төрөгсөд ажлын байранд орж ирж байна гэвч тэд залхуу, хойрго, ажил хийдүүлдэг, бүр сургах гээд ч сурдаггүй гэсэн шүүмжлэл явсан. Ирээдүйд монгол улсыг авч явах ажиллах хүч иймэрхүү байдалтай байна гэдэгтэй та санал нийлэх үү? Зарим талаар энэ үзэгдлийг 90-ээд оноос хойш тогтсон боловсролын тогтолцоотой холбож үзсэн байсан. Хэрвээ тэд үнэхээр муу байгаа бол ажлын бүтээмжийг нь өсгөх бодлого явуулах боломжтой юу? 

Ой мод урттай, богинотой гэдэг. Цөөн тохиолдлыг дөвийлгөөд байна уу, эсвэл нийтээрээ тийм байна уу, хэлж мэдэхгүй байна. Энэ үеийнхний бас нэг онцлог нь тэд цөөн хүүхэдтэй айлын хүүхдүүд. Цаг үе нь ч бас өөр байна. Олон хүчин зүйл байдаг биз. Ийм төрлийн шүүмжүүд дан ганц манайд ч биш, бусад улс орнуудад бас бий.
Нөгөө талаас, нийгмийн сүлжээ гэдэг юм 80-аад онд байсан бол тэр үеийн хөгшчүүл, тэр үеийн залуусын тухай ч гэсэн бидний мэдэхээс ихээр шүүмжлэх л байсан байх шүү. Гэхдээ гадаадад очоод ажиллаж байгаа монгол залуусыг харвал, тэд нэг их гологдохгүй байгаа нь бас энэ шүүмжлэлд эргэлзээ төрүүлдэг. Бид дараа, дараагийнхаа үеийг шүүмжлэх биш, тэдэнд сайн ажлын байр яаж бий болгох вэ гэж бодох хэрэгтэй. Энэ талаар хийсэн юмгүй удаж байна. Бидний амьдралын хэвшил болж байна.

Монгол улсад ажиллах ажлын байргүй, хөдөлмөрийн хөлсний хэмжээ доогуур байгаагаас Монгол улсын ажиллах хүч гадаад руу олон тоогоор гарах боллоо. БНСУ-ын элчингийн хэлний сургалтанд суух хүсэлтэй иргэдийн тоо 2016 онд 8000 байсан бол энэ жил 16000 болж нэмэгджээ. БНСУ-руу 3 сарын хугацаатайгаар виз хүсэгчдийн тоо ч эрс нэмэгдэж байна. Өрхийн эмч хүн цалин бага учраас ажлаа хаяад солонгос руу гарах виз мэдүүлж байна. Манайд байгаа ажиллах хүч гадаад оронд очоод мэдээж хамгийн муу, хамгийн хүнд, хортой ажлыг хийж энд байгаа ар гэрээ авч явж байна. Энэ тал дээр? 

Өөр оронд очсон хүмүүс ажлыг доороос нь л эхлээд хийдэг. Сайн эмч, сайн багш нар ингэж явж байгаа нь тоогүй. Хүссэн, хүсээгүй энэ эмгэнэл дахиад олон жил үргэлжлэнэ. Яагаад гэхээр, хөдөлмөрийн зах зээлийг олон жилийн, тогтвортой сайн бодлогоор сайжруулдаг. Нэг байшин бариад, тууз хайчлахтай огт адилгүй.

БНСУ-ын Ариранг сайтад 2030 он гэхэд роботууд БНСУ-ын хөдөлмөрийн зах зээлийн 30 хувийг эзэлнэ. Эмч, хуульч, их сургуулийн профессорын үүргийн зарим хэсгийг хиймэл оюун ухаант робот орлох боломжтой ба хүмүүс харилцааны чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх шаардлагатай бөгөөд засгийн газар боловсролынхоо бодлогыг өөрчлөх шаардлагатай болж байна гэдэг мэдээ гарсан байсан. Цаашид манай улсын хувьд хөдөлмөрийн зах зээл хэрхэн өөрчлөгдөх вэ? мэдээж роботууд орлох ч арай болоогүй байх.  Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт аль тийшээ хандаж байна? 

Ийм таамгууд байнга л гарч байдаг. Хэрэв бодит ажил болбол, хүмүүсийнхээ амьдралд сайнаар нөлөөлөх байдлаар л хэрэгжих биз. Манай мэргэжлийнхний дотор дотоодод ч, гадаадад ч ийм юм сонсогдохгүй байна.  

Эдийн засаг өсөлттэй байгаа ч ядуурлын хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлтээс баян хоосны ялгаа нэмэгдэж байна гэж харж болох уу? 

Яг тийм юм болж байна. 

Эдийн засгийн өсөлтийг яаж ард түмэндээ наах вэ? /хар үгээр тайлбарлачихлаа/, эдийн засгийн өсөлтөөс үр шимийг өгч байна гээд баахан бэлэн мөнгө тараачихдаг, гэхдээ үүнийг аваад бидний амьдралд үзүүлж байгаа нөлөө байдаггүй шүү дээ.

Таны хэлж буй нь  их чухал асуудлын том сэжим. Миний тооцоолсноор, Монголд дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 30% хувь нь  цалин буюу хөдөлмөрийн орлого. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 100 төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, түүний дөнгөж 30% хувь нь өрхүүдэд очиж байна.  Энэ тоо өмнөд Солонгос болон Японд 70-80 хувь хүрдэг.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх цалин хөлсний хэмжээг яаж нэмэх вэ?
Эхлээд авлигын тогтолцооноос салaх хэрэгтэй. Тэгвэл, аяндаа манай дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх цалин хөлс хурдан өснө. Дараа нь улс төрчид, хөдөлмөрийн зах зээлээ сайжруулъя, ажлын байрыг нэмэгдүүлье, сайн ажлын байрыг нэмье гээд нийтээрээ зоригловол тийм хэцүү ажил биш.

За одоо бид дахиад л сайд нараа сольж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хэрэгжүүлэх ёстой бодлогыг та юу гэж харж байгаа вэ? 

Төр засаг, сайд солигдсон ч миний бодол өөрчлөгдөөгүй. Би өмнө нь энэ талаар нэг бус удаа ярьсан. Хөдөлмөрийн зах зээлээ өргөн утгаар нь харах хэрэгтэй. Төлөвлөгөөний комисс байхгүй болоход манайд хөдөлмөрийн зах зээл зөнгөөрөө гарч ирсэн. Энэ манай хамгийн том зах зээл. Энэ зах зээлээ тоолгүй олон жил давхилаа. Энэ том чухал зах зээлээ одоо бид халамж, ядуурал, ажилгүй хэдэн хүмүүс гэж харж явдаг. Хөдөлмөрийн зах зээлээ эрх зүй талаас нь хараад жижиг, сажиг зүйлс их хийж, ярьж яваа харагддаг. Энэ бол юуны өмнө макро эдийн засаг талаас нь харах том институц. Макро бодлого хэрэгтэй.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon