Нийтлэл 11 сарын 08, 2017

Цахим алт уу? Цахим хөөс үү?

Ойрын үед дэлхий дахинд Биткойн, Блокчэйн буюу криптовалютыг тойрсон маргаан өрнөөд байна. Манайд ч мөн гол гол мэдээллийн сувгуудаар энэ төрлийн мэдээлэл гарах давтамж нь ихэсчээ.

Биткойн, блокчэйн гэж юу болох тухай цөөнгүй нийтлэл гарсанг олоод уншчихсан, ажиллагааг нь ойлгодог гэж найдаад техникийн хэсгийг нь алгасъя ;-)

Алт нь арилжаа наймаанд өргөн ашиглагддаг байгаад цаасан мөнгө хэлбэртэй болсонг бид мэднэ. Цаасан мөнгө нь одоо үед хуванцар карт, цахим хэлбэрт орсон боловч улс орон бүр өөр өөрийн валюттай, тэдгээрийн хоорондын ханш, улс хоорондын шилжүүлэг, төлбөр тооцоо хийх зэрэг нь ихээхэн түвэгтэй, шимтгэл, зардал өндөртэй байв.
Биткойн зэрэг криптовалют гарч ирснээр эдгээр бүх валютыг нэг л хэмжүүр, ханш руу хөрвүүлээд, хэдхэн хоромын дотор л дэлхийн хаана ч шилжүүлж, дамжуулж чадах боломжтой болсон нь цахим алт гэж үзэх үндэслэл биш үү?

Мөн алт гэгддэг металыг газраас олборлодог бол биткойныг гүйлгээнүүдээс хамааралтайгаар, тоон (цифр) олонлог дотроос хайх алгоритмаар олдог (олборлодог) ба 21 сая нөөц хэмжээтэй гэдэг нь цахим алт гэж нэрлэх бас нэг шалтгаан болно.

Алт олборлолт, биткойн олборлолтын хөгжлийн үе шатуудыг харуулав. (Зургийг "Bitcoin and Cryptocurrency Technologies" номноос). Алтны уурхай манай нинжа нар шиг энгийн олборлолтоос нарийн техникчсэн ажиллагаа болон хөгжиж ирсэн шиг койн олборлолт нь компьютерийн инженерчлэл, нарийн мэргэшсэн ажиллагаа, үйлдвэрлэл болоод хурдацтай хөгжчихлөө.

 

Криптовалютыг олборлох нь цахилгаан энергийг үргүй их зарцуулж байна гэж шүүмжлэгдэж байгаа хэдий ч мөн эсрэгээрээ уламжлалт төлбөр тооцооны экосистемийг эвдэж өөрчилснөөр (disrupting) бас хэмнэнэ. Үүнд, цаасан мөнгө хэвлэх, тараах хуягласан машин, сүлжээ, АТМ, төвлөрсөн төлбөр тооцооны системийн нууцлал аюулгүй байдлын зардал зэрэг олон зүйлс, ажиллагааг үгүй хийхийг хэлж байгаа.

Товчхондоо, дэлхий даяар мөнгө шилжүүлэхэд банкуудын авдаг байсан өндөр шимтгэлийг үгүй болгож (багасгаж), түүнийг ажиллуулж буй крипто-олборлогчдод өгдөг болж өөрчлөгдөж байна.

Эцэст нь, эргээд нөгөө талцаад байгаа асуулт дээрээ эргээд ирвэл, криптовалют нь төлбөр тооцооны хөгжлийн шинэ шат буюу цахим алт мөн үү? эсвэл шинэ төрлийн цахим Понзи схем үү?

Хүн төрөлхтөний түүхэнд олон нийтэд тогтсон уламжлалт хэв маяг, ойлголтыг эвдсэн олон нээлт бий болж байснаас тоочвол, дэлхий нарыг тойрдог гээд шатаагдсан Коперник, дэлхий бөөрөнхий гэдгийг баталсан Магеллан, параллель хоёр шулуун огтлолцож болно гэсэн Лобачевский, цаг хугацаа абсолют биш гэсэн Эйнштейн, ажиглалт хийх хүртэл бөөмийн шинж чанарыг тодорхойлох боломжгүй гэсэн квант физикийн Нилс Боор гээд тоочвол олон.

Ямартай ч бид дэлхийн хамгийн агуу Понзи тэсрэх, эсвэл цахим алт хэмээх технологийн шинэ хөгжлийн үе шатын гэрч, оролцогч болох нь ёстой баараггүй.

Сэтгэгдэл бичих

arrow icon