Нийтлэл 09 сарын 18, 2020

Гадаад хэргийн сайдын айлчлал хийгээд Active measures

БНХАУ-ын гадаад хэргийн сайд айлчлалынхаа үеэр хадаг мөнгөн аягатай сүүнээс татгалзаж байгаа маягтай зураг нийгмийн сүлжээгээр нэлээн түгэх болов. Нийгмийн сүлжээгээр байнга шахуу тарж байдаг онц ач холбогдолгүй хуурамч мэдээллийн нэг юм шиг санагдах боловч цаг хугацааны мөчлөг болон тарааж байгаа эх сурвалжуудыг нь анзаарахад ард нь илүү том тоглоом яваа юм биш биз гэсэн хардлага төрж байна.

 

20-р зууны түүхийг эргэн харах юм бол том гүрнүүдийн тусгай албадын зохион байгуулсан элдэв хувьсгал, тэмцэл, жүжигээр дүүрэн. Энэ дундаас хамгийн сонирхолтой нь Англиар Active measures буюу Оросоор активные мероприятия гэх улстөрийн дайны (political warfare) түүх юм.

Active measures нь улстөрийн зорилгоор нийгэмд нөлөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай ажиллагааны процесс юм. Энэ процесст хуурамч мэдээлэл тараах, зарим тохиолдолд үнэн боловч нууц мэдээллийг олон нийтэд ил болгох, үзэл сурталын ухуулга хийх, сэтгэлзүйд далдуур нөлөөлөх үйл ажиллагаа, дуурайлгасан хуурамч бичиг баримтаар скандал үүсгэх зэрэг олон янзын тактикууд ашиглагддаг.

ХБНГУ-ын улстөр судлаач Томас Ридийн томъёолсоноор бол Active measures нь дараах гурван шинжийг агуулдаг ажээ.

  1. Улстөрчдийн гэнэтийн буюу сэтгэлийн хөдөлгөөнөөр хэлдэг худал үгс бол Active measures биш юм. Харин сайтар төлөвлөж системчилсэн, зохион байгуулалттай худал мэдээлэл агуулж байвал ард нь ихэвчлэн тусгай албад ажиллаж мэдээ тараалтыг тогтмол сайжруулан ихэвчлэн гадаадын дайсныхаа эсрэг зохион байгуулдаг.
  2. Бүх Active measures нь дотроо disinformation (оросоор дезинформация) буюу буруу ташаа мэдээллийн элемент агуулж байдаг (disinformation болон хуурамч мэдээ fake news 2 нь ялгаатай гэдгийг анхаарна уу). Эдгээр буруу мэдээлэлд хуурамчаар үйлдсэн бичиг баримт, хулгайлсан бодит мэдээлэл, эсвэл жинхэнэ эх сурвалжийг нь албаар өөрчлөсөн мэдээлэл зэрэг багтана. Мөн түүнчлэн уг ташаа мэдээллийг тарааж буй “агент”-ууд нь ихэвчлэн дүрээ хувиргасан “жүжигчид” байх ажээ.
  3. Active measures нь заавал тодорхой зорилготой байдаг. Мэдээж туйлын зорилго нь дайснаа сулруулах бөгөөд чингэхийн тулд холбоотон улсуудын дунд дайсагнал үүсгэх, үндэстэн ястануудыг хагаралдуулах, институцид итгэх итгэлийг сулруулах зэрэг тактик ашиглана. Заримдаа жижиг зорилгод чиглэх буюу ард иргэдийн засаг төрдөө итгэх итгэлийг үгүй хийх, аль нэг хувь хүний нэр төрийг үгүй хийхэд эсвэл бүр ямар нэг улстөрийн шийдвэр гаргалтанд ч чиглэсэн байж болно.

Хамгийн анхны нийтэд мэдэгдсэн Active measure үйл ажиллагааг operation “Trust” буюу Оросоор операция “Трест” гэдэг. Большевик засгаас зугтаж баруун Европ руу цагаачилсан цагаан Оросууд нутагтаа буцаж төрийн эрхийг авахаар хуйвалдаж байсныг сөрөх тагнуул нь илрүүлж дунд нь өөрсдийн хүмүүсээ шургуулан хуурамч мэдээлэл дамжуулж байсан бөгөөд 1920–1925 оны хооронд идэвхитэй үйл ажиллагаа явуулж Цагаан Оросуудын төрийн эсрэг үйл ажиллагааг сулруулж байжээ.

Үүний дараа Танакагийн айлтгал (Tanaka Memorial) нэртэй хуурамч бичиг баримт хэвлэлээр гарч ирсэн нь дэлхийн хоёрдугаар дайнд АНУ-ыг татан оролцуулахад нөлөө үзүүлсэн Active measure гэж тооцогддог. Тухайн үеийн Японы ерөнхий сайд байсан Танака Гиичи эзэн хаандаа Япон улс дэлхийг эзэлж авах стратеги төлөвлөгөөг танилцуулж байгаа байдлаар бүтээгдсэн уг баримт бичигт гарч буй дайны төлөвлөгөөнүүд нь 1930-аад оны Японы зүүн хойд Азид хийсэн цэргийн ажиллагаатай таарч байсан тул бодит гэж тооцогдож байв. Уг төлөвлөгөөг АНУ-д төрийн түвшинд хэлэлцэж дэлхийн хоёрдугаар дайнд оролцох болсон оролцоогоо зөвтгөж байв. Уг бичиг баримтын эх сурвалж хаанаас гаралтай гэдэг нь одоо болтол тогтоогдоогүй бөгөөд ЗХУ-ын тусгай албад БНХАУ дахь ашиг сонирхолоо хамгаалахаар хийсэн эсвэл БНХАУ-ын тагнуулууд Японоос чөлөөлөгдөх зорилгоор бүтээсэн зэрэг янз бүрийн таамаглалууд оршдог.

Дэлхийн хоёрдугаар дайнаас эхлээд Хүйтэн Дайн дуустал дэлхий тэр чигтээ хоёр фронтын Active measures дунд эргэлдэж байв. Үүнээс бидэнд хамгийн ойр нь магадгүй 1980-аад оны дэлхийн энх тайвны хөдөлгөөнүүд бөгөөд тагтааг билэгдлээ болгон “Миру Мир” хэмээх уриа хашгирч явсан жагсаал цуглаанууд байх. 1981 онд Роналд Рейган АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноор АНУ-ын батлан хамгаалах доктринийг өөрчлөн зэвсэглэлд маш их хөрөнгө оруулж эхэлсэн юм. Энэхүү зэвсэглэлийн өрсөлдөөнд ялах эдийн засгийн болон технологийн давуу тал багатай байсан Оросууд ялагдахгүйн тулд АНУ-ын зэвсгийн шинэчлэлийг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхий даяар зохион байгуулж байжээ. Уг хөдөлгөөнүүд дунд жинхэнэ энх тайвны идэвхитэнүүд цөөнгүй оролцож байсан ч гол зохион байгуулагчид нь КГБ-ийн үүсгэн байгуулсан Дэлхийн энх тайвны хөдөлгөөн гэх мэт ТББ-ууд байлаа. Сонирхолтой нь тухайн үед АНУ-д бүтээгдэж байсан устөрөгчийн бөмбөгийг баруун Европод суурилуулахыг энх тайвны хөдөлгөөнүүд бүгд эсэргүүцэж байсан ч ОХУ-ын зүгээс зүүн Европод суурилуулаад байсан тив алгасагч пуужингуудыг хэн ч дурьдахгүй байлаа.

Энэ бүх түүхийг нуршихын учир гэвэл өнөөгийн Монголд болж буй хуваагдал тэмцэл үзэн ядалтуудын ард том гүрний тусгай албад мэдээллийн дайн хийгээд байгаа юм биш биз гэдэг хардалт юм. Хэрэв фэйсбүүк дээрхи хамгийн радикал груп пэйжүүдийг анзаарах юм бол манай хойд хөрштэй холбоотой нэг ч сөрөг мэдээ мэдээлэл оруулахгүй харин барууны хөрөнгө оруулагчид болон Хятадтай холбоотой сөрөг мэдээллийг өдөр алгасахгүй түгээж байдаг. Миний яг бодитоор харсан жишээ гэвэл 2016 оны 12 сард Хар Сарнай хамтлагийн дуучин Амарааг ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан зодож гэмтээсэн мэдээлэл гарахад гадныхан Монголчуудыг дээрэлхэж байна гэсэн хамгийн радикал мэдээлэл цацдаг сувгууд энэ тал дээр бүлх залгисан юм шиг чив чимээгүй өнгөрч байсан юм.

Өнөөдөр манай засаг төрийг сайн ажиллаж байгаа гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй бөгөөд засч сайжруулах, шүүмжлэх асуудал хар мянга бий. Гэхдээ хүссэн ч эс хүссэн ч энэ бол Монгол улсын хууль ёсны засаг захиргаа учир гадны нөлөөлөлд автаж гэрээ нураачихгүй аливаа асуудалд ул суурьтай хандаж байгаасай гэж уриалах байна.

 

Сэтгэгдэл бичих

    • Undesnii seheetnuudiig chine
    • 2020-09-20

    nuhaad ehelchihlee shuudee, sertsgeegeech mongolchuud!

arrow icon