Нийтлэл 12 сарын 27, 2020

Орчин үеийн үлгэр ба хиймэл оюун ухаан

Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааны талаар ярьж, бүтээх элдэв оролдлого хийж, үр дүнд хүрч байгаа талаар сүүлийн үед бид олонтаа сонсох болсон. Доор өгүүлэгдэх зүйлс бол Макс Тегмарк хэмээх физикч, зохиолч, эрдэмтний хүн төрөлхтөний ирээдүйн талаар зөгнөж бичсэн орчин үеийн үлгэрээр хиймэл оюун ухаан юунд хааш нь хөтөлж байгаа талаар бага ч болов төсөөлөл бий болгохыг зорьж Монгол хэлнээ товчлон, хөрвүүллээ. Үүгээр эрт урьдын цагт болсон биш ч ойрын ирээдүйд болох үйл явдлын тухай өгүүлэх болно.

Нэгэн технологийн компанийн гүйцэтгэх захирал хиймэл оюун ухааны програм бүтээх баг бүрдүүлж, түүнийгээ “Омега” гэж нэрийднэ.  Байгуулж буй багаа авъяас чадвартай хүмүүсээс бүрдүүлэхийг зорьж, нарийн шалгуураар сонгосон гишүүдтэйгээ өөрөө биечлэн уулзаж, нэг бүрчлэн сонгожээ. Ингээд “Омега баг” салбар салбартаа сор нь болсон судлаач, инженер, програмистуудаас бүрдэв.

Тэдний зорилго нь зөвхөн хүн төрөлхтнийн тусын тулд, сайн сайхныг бүтээхэд оршиж байв. Хэдийгээр сайн үйлст зорьж байсан ч тэдний ажил онц аюултай гэдэг нь анхнаасаа л тодорхой байлаа. Хэрэв тэдний бичсэн програм, код нь буруу хүмүүсийн гарт орвол төсөөлөхийн аргагүй аюултай үр дүнг авчирч болзошгүй нь тодорхой байв. Өмнө нь “Манхаттан төсөл”-ийг хэрэгжүүлэхээр дэлхийн хамгийн ухаантай хүмүүсийг нэг дор цуглуулаад юу боллоо. Үр дүнд нь цөмийн зэвсэг үүсч, хүн төрөлхтөн газрын хөрснөөс арчигдах аюултай нүүр тулж байсан шүү дээ. Тэгвэл тэд дахин ийм үр дагаврыг үүсгэхгүйн тулд үндэстэн дамнасан томоохон корпорациуд байтугай, төр засгаасаа ч нууцлан энэхүү төслөө хэрэгжүүлэхээр болов.

Бүтээж буй хиймэл оюун ухааны програмаа тэд “Прометей” хэмээн нэрлэв. Энэ төсөл өнөөг хүртэл хөгжүүлэхээр оролдож байсан хйимэл оюун ухааны хязгаарлагдмал өгөгдөл бүхий нөхцөлөөс хавьгүй өргөн цар хүрээг хамрахаар төлөвлөгдөв. Учир нь “Омега” баг хиймэл оюун ухааныг илүү ерөнхий зорилгоор ашиглахаар бүтээж байв. Тэдний бүтээл хэдийгээр оюун ухаан гэсэн нэртэй ч хүн шиг нийгмийн харилцаанд орох чадваргүй байв. Гэхдээ бусад хиймэл оюун ухааны програмаас ялгаатай нь Прометей, хиймэл оюун ухааны бүхэл бүтэн системийг өөрөө дахин програмчлах чадвартайгаар програмчлагдаж байв. Энэ нь өөрөөр хэлбэл машин бүтээж чаддаг машин бүтээнэ гэсэн үг байв. Хэрэв хүнээс хавьгүй ухаантай хиймэл оюун ухаан бүтээж чадвал цаашид шаардлагатай чадвараа тэр өөрөө сурчихаж чадна гэж багийн гишүүд тооцоолов. 

Нэгэн Баасан гаригийн өглөөний 09:00 цагт Омега баг “Прометей төсөл”-ийн програмчлалын код хангалттай болсон хэмээн үзэж төслийг ажиллуулж эхлэх эхлүүлэх товчийг даржээ. Агааржуулалт, хөргөлтийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий өрөөнд “Прометей програм” ажиллаж эхэлжээ. Гэхдээ түүнийг шууд интернетэд холбоогүй бөгөөд зөвхөн Википедиа, Юутүб, Фейсбүүк, Твиттерийн зарим хуудсуудыг шууд хуулбарласан хард дискнээс өөрийн анхны мэдээллийг авч ажиллахаар тооцоолон туршжээ. Эдгээр мэдээллээс тэдний бүтээсэн хиймэл оюун ухаан өөрийгөө хөгжүүлэх ёстой байв.

Омега багийн гишүүд энэ үйл явдлын тухай хэнд ч хэлэлгүй, гэр бүлийнхэндээ хүртэл компани дээр арга хэмжээтэй учир амралтын өдрүүдэд ажил дээрээ байх шаардлагатай гэж хэлсэн тул тэдний юу хийж байгаа талаар өөрсдөөс нь өөр хэнд ч, ямар ч мэдээлэл байсангүй. Прометей ажиллаж эхлээд эхлээд амжилт муутай хэд хэдэн програмууд бичив. Гэхдээ програм зохион бүтээгчдийн бараг мянган жилд туулах замыг хэдхэн секундэд хийж байсан учир өөрийнхөө алдааг маш хурдтай засварлаж эхлэв. Цаг 10:00 гэхэд өөрийн эх кодын 2.0 хувилбарыг хөгжүүлж амжив. Хэдийгээр дэлхийн шилдэг програмистуудын бүтээсэн анхны хувилбараас 2.0 хувилбар хавьгүй сайн байсан ч, төсөөлсөн түвшнээс доогуур хэвээр л байв. Гэтэл зарим рэдэмтдийн бүтээсэн хиймэл оюун ухааны програмууд дэлхийн шилдэг Го даамчдыг хүртэл хожих хэмжээнд хэдийнээ хүрээд байгаа шүү дээ.

Прометей програм ийм төвшинд очихын тулд өөрийнхөө програмчлалын хувилбарыг 5.0 хувилбарт хүртэл хөгжүүлэх шаардлагатай болов. Үүнийгээ ч 14:00 цагийн орчимд хийж амжив. Омега багийн гишүүд Прометей хэрхэн өөрийгөө хурдтай шинэчилж байгааг гайхан ажигласаар байлаа. Үдэш гэхэд Прометейн 10.0 хувилбар бэлэн болов. Омега багийнхан Прометейг оруулсан мөнгөө эргүүлэн олоход бэлэн болсон гэж үзэв.

Анхны бай нь “Механик” хэмээн нэрийдсэн цахим хуудас байв. Энэ нь фрийлансеруудын цахим орчин буюу энэ хуудсанд гишүүн болсон хүмүүс үйлчлүүлэгчдийн захиалгаар төрөл бүрийн ажил, үүргийг гүйцэтгэж мөнгө олдог платформ байв. Энэ хуудсыг Амазон компанийн хөрөнгө оруулалттайгаар 2005 онд байгуулжээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа гишүүд нь төрөл бүрийн цахим хуудас, зураг, эд зүйлсийн талаар санал дүнэлт бичихээс эхлээд, янз бүрийн бүрийн эх бичих, хуулах, орчуулах гээд олон ажлыг хийж гүйцэтгэдэг байв. Прометей энэ цахим хуудсанд хуурамч хаягууд үүсгэн нэвтэрч, энгийн хүмүүсийн хийдэг ажлыг авч гүйцэтгэж эхлэв. Тэр ажлаа хүмүүсийн адил сайн гүйцэтгэхээс гадна, нэг эх сурвалжаас хийгдэж байгаа гэж огт мэдэгдэхээргүй сайн гүйцэтгэж байв. Гэхдээ гүйцэтгэх үүргүүд нь огцом нэмэгдсэний улмаас Прометейг ажиллуулж байсан компютерийн хүчин чадлыг нэмэхээс аргагүй байдал үүсэв.

Ингээд Омега баг Амазоны санал болгодог үйлчилгээнүүдийн нэг болох “клоуд систем”-ийг ашиглан тэдний виртуал компьютеруудыг түрээслэн ажиллаж эхлэв. Ингээд энд зарцуулсан нэг доллар бүрийг Прометейн үйл ажиллагаагаар 2 доллар болгож эхлэв. Амазон ч тэдний нэг үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийгээд нөгөөгөөс нь хавьгүй их мөнгө олж болно гэж бодож чадаагүй л болов уу. Өөрсдийн ул мөрийг баллахын тулд Омега баг хэдэн мянган хуурамч  хаягуудыг нээж байлаа. Прометей тэдгээрийг ашиглан ашгаа 8 цаг тутамд орлогоо 2 дахинаар нэмж эхлэв. Ингээд Механик сайтад явуулах үйл ажиллагаа байж болох хамгийн дээд хэмжээндээ хүрч ашиг нь өдөрт хэдэн сая доллараас дээш гарах боломжгүй гэдгийг эцэстээ тэд ойлгов. Гэхдээ тэдний олсон мөнгө төслөө дараагийн шатанд оруулахад хангалттай хэмжээнд хэдийнээ хүрсэн байв.

Омега баг төслийн эхнээс л хамгийн өндөр ашгийг, богино хугацаанд авчрах хөрөнгийн зах зээлд гол анхаарал хандуулж байв. Гэхдээ төрөл бүрийн хууль тогтоомжийн улмаас тус зах зээлд хурдан нэвтрэх, хяналтаа тогтоох, хангалттай ашиг олох боломжийг хязгаарлаж байв. Тэдний хувьд хиймэл оюун ухаан ашиглан асар хурадацтай хөгжүүлэх боломжтой, олон хувь зарж болох, тоон системд суурилсан ямар нэг бүтээгдэхүүн хөгжүүлэх шаардлагатай байв. Тийм бүтээгдэхүүний нэг болох тоглоомын зах зээл тэдний анхаарлыг татав. 2011  онд зах зээлд гарч гарсан даруйдаа 400 сая ам.долларын ашиг олсон компьютер тоглоомын кодыг Прометейгээр уншуулж үүнтэй ижил, эсвэл хавьгүй төгс хувилбарыг бүтээлгэх боломжтой талаар Омега багийн гишүүд санал гаргав.  Прометейг интернэтэд холбож хүмүүсийн тус тоглоомын талаар гаргасан хэдэн сая санал, хүсэлтэд анализ хийлгэн тэдний хүсэл сонирхолд яв цав нийцсэн хувилбарыг гарган, хуурамч хаягууд олноор нээн, шинэ тоглоомын талаар асар олон санал дүгнэлтийг интернэтээр цацан тоглоомоо олны анхаарлын төвд оруулж, хүмүүсийн 24 цагийн турш дэлгэцийн өмнө уях тоглоом хийж болно гэдэгт тэд эргэлзэхгүй байв. Тэдний тооцоогоор эхний долоо хоногт 250 сая доллар оллоо гэхэд 8 өдөрт ашгаа 8 удаа 2 дахинаар өсгөж чадахаар байв. 24 цаг тутамд нэг шинэ ийм тоглоом бүтээнэ гэж тооцвол компани богино хугацаанд 10 тэрбум долларын орлоготой зах зээлийг гартаа оруулах боломтжой гэж төслийн баг тооцоолов. 

Гэхдээ Омега багийн кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд ийм алхам хийх нь тэдний хувьд эрсдэлтэй байж болохыг нөхдөдөө анхааруулав. Хэрэв Прометейг интернэтэд холбовол үр дүн нь юу болохыг таамаглахын аргагүй учир түүнийг хаалттай орчинд барьж байх нь чухал гэдгийг дахин дахин сануулав. Үнэхээр ч Прометейн гадаад ертөнцтэй холбогдох, сурах үйл явцыг тэд хатуу хяналтдаа байлгахаас аргагүй байв. Одоохондоо тэд Амазоноос түрээслэсэн комьпютерыг өөрсдийн зохион бүтээсэн үйлдлийн системээр ачааллан ажиллуулж байв. “Пандорагийн хайрцаг” хэмээн нэрлэсэн энэ үйлдлийн систем Прометейн гүйцэтгэсэн ажлуудын талаар тогтмол тайлан гарган “Омега багт” танилцуулах үүрэгтэй байв.

Ингээд Омега баг хөрөнгийн зах зээл ба комьпютерийн тоглоомын зах зээлийг сонголтоосоо бүр мөсөн хасч олон хувилбараар ярилцсаны эцэст мультимедиа компани байгуулах шийдвэрт хүрэв. Өөрөөр хэлбэл киноны зах зээлд нэвтрэх компани байгуулахаар төлөвлөв. Баасан гаригт эхлүүлсэн Прометей төсөл Ням гариг гэхэд нэлээд чадвартай болсон байв. 2 өдрийн турш “Механик” хэмээх сайтад өгөгдсөн үүргийг гүйцэтгэн ажилласан програм энэ чиглэлд өөрийгөө нэлээд хөгжүүлжээ. Харин кино хийх талаар үнэндээ ямар ч чадваргүй байв. Мэдээж үүний шалтгаан ч энгийн юм.

Дэлхийн хэмжээний кино найруулагч Жеймс Камерон дөнгөж төрснийхөө дараа кино найруулах талаар ямар ойлголттой байсан шиг хоёрхон өдрийн өмнө төрсөн Прометей ч тийм л хэмжээний мэдлэгтэй байсан нь мэдээж юм. Харин онцлог нь хүүхэдтэй адил юу л хүснэ түүнийгээ сурах чадамж нь асар өндөр байв. Ингэхийн тулд суралцахад нь шаарлагатай мэдээллийн эх сурвалжаар хангах л хэрэгтэй байв. Жеймс Камерон бичиг үсэг тайлагдаж юм ойлгох хэмжээнд хүрэхэд хэдэн жил шаардагдсан бол Прометей энэ мэдлэгийг ажиллаж эхэлсэн Баасан гаригийн үдээс өмнө гэхэд л сурч орой болоход “Википедиа”-г бүгдийг нь уншиж дуусгасан байв. Мэдээж үүний хажуугаар түүнд ачаалсан хэдэн мянган электрон номыг ч уншиж дуусгасан байв.

Хүмүүсийн анхаарлыг татсан бүтээл бичихийн тулд хүний нийгмийг бүхэлд нь ойлгосон байх хэрэгтэй. Мэдээж зөвхөн бичихээр ч үйл ажиллагаа хязгаарлагдахгүй, тэднийг дүрсжүүлж, дүрүүдийг гурван хэмжээстэй хувилбараар бүтээх, дуу хоолойг нь сентезлэх, төвөгтэй орчин нөхцөл үүсгэж түүнийг дүрсжүүлэн зураглах, хөдөлгөөн, түүнд тохирсон ая, хөгжим зэргийг бүтээх гээд томоохон цогц шийдлийг хийх хэрэгтэй болно. Ингээд энэ ажлыг эхлүүлэхийн тулд ням гаригийн өглөөнөөс эхлээд Прометейд янз бүрийн кино үзүүлж эхлэв. Прометей дунджаар 2  цаг орчмын киног нэг минутанд үзээд мөн хугацаанд тухайн кинотой холбоотой бичигдсэн бүх ном, зохиол,  шүүмж, санал хүсэлтүүдийг уншиж харьцуулж, цуглуулсан мэдээлэлдээ анализ хийж байв. Хэдэн зуун киног ийм хэлбэрээр үзэж судалж дуусгасны дараа Прометей нэгэн хачирхалтай үйлдэл хийж эхэлснийг Омега багийнхан ажиглав. Прометей зөвхөн киног үзээд шууд түүнтэй холбоотой санал дүгнэлтүүд хэрхэн гарсан талаар урьдчилсан таамгийг алдаагүй дэвшүүлж эхлэв. Ням гаригийн орой гэхэд Омега багийнхан дэлгэцийн өмнө “поп корн”-оо авч Прометейн анхны бүтээсэн киног үзэхээр тухлацгаав.

Прометейн анхны бүтээл бэлэн болжээ. Энэ нь Диснейн “Фрозен”-той төстэй анимэйшн кино байв. Киног үзэж эхэлсэн цагаасаа л Омега багийн гишүүд зарим хэсэгт нь инээж, зарим хэсэгт сэтгэл нь хөдөлж, анхаарлаа салгаж чадахгүй үзсээр дуусгасан ба тэд уг киног хиймэл оюун ухаанаар бүтээсэн гэдгийг ч мартахад хүрсэн байв. Ингээд кино дуусахад байгуулсан компанийнхаа дутагдаж байсан хамгийн чухал хэсгийг нэгэнт оллоо гэдэгт багийн гишүүд бүгд итгэв.

Омега баг төслөө хэрэгжүүлэхэд гаргахад сайн бэлтгэлтэй байв. Хэд хэдэн  компани Сибир, Якутск гэх мэт цалин, орлого бага газарт стартап хэлбэрээр байгуулж, жинхэнэ хүмүүсийг ажилд авсан нь тэдний үйл ажиллагаагаа халхавчлах, ялангуяа алслагдмал байдал нь хамгийн идэвхитэй сэтгүүлчид ч сонирхож очих хүсэл төрөхөөргүй болгох боломжийг олгож байв. Ажилд авсан хүмүүс нь медиа компанийн гэхээсээ зөвхөн худалдааны хэлэлцээр хийх л ганц үүрэгтэй байв. Гэхдээ тэдэнд төсөөлшгүй их ажилтай, үндэстэн дамнан дэлхийн хэмжээнд ажилллах тул ямарч хэвлэлд яриа хийж болохгүй гэдгийг анхнаас нь сануулжээ. Ингээд энэ дэлхий нийтээр тарсан ажиллах хүчнээ байдлаа компанийн шинэ санаа олох үндсэн ажиллах арга барил хэмээн соинрхсон хүмүүст ойлгуулжээ.

Төлөвлөгөө ёсоор Прометей ажиллаж эхэлснээс хойш долоо хоногийн дараа анхны анимейшнээ цацав. Бүтээлийг кино театрт гаргахын оронд “Нетфликс”, “Хулу” гэх мэт сайтуудаар хүмүүст үзүүлэх нь зөв стратеги гэж төслийн баг үзжээ. Бүлэг болгоныг долоо хоног бүр шинээр цацах ба эхний бүлэг үнэгүй гарч, хамгийн сонирхолтой хэсэг дээрээ дуусах ба дараа дараагийн бүлгийг төлбөртэй үзэхээр борлуулалтын тактик боловсруулав. Эхний 2 долоо хоногт Прометейн кино хийх чадвар төсөөлснөөс өндөр түвшинд хүрэв. Дүр, үйл явдлыг гаргах талаар нарийн бүтэцтэй алгоритмыг кодлож, үүнээс гадна киногоо бүх хэлэнд хөрвүүлж чадаж байв. Өөрөөр хэлбэл аль улсад гарч байгаагаас хамааран дүрүүдийн нүүрний мимик, амны хөдөлгөөнийг тухайн хэлэнд зохицуулан хувиргаж байв. Прометей хүний дүр төрхийг шууд бүтээж чадахгүй байсан учраас дүрүүд нь ихэвчлэн масктай, эсхүл толгойнос хөл хүртлээ хуяг дуулгатай байв. Анги бүрийг үзэх тусам хүмүүс улам их сонирхож ихэнх цагаа түүнд зарцуулах болов. Дүрүүдийг хаа нэгтэйгээс санаад ч байх шиг гэхдээ яг харьцуулчих дүр санаанд буухгүй, ая нь эртний, хэзээний танил дуу шиг санагдаж, үйл явдлуудыг нь өөр бусад киноноос үзсэн юм шиг мэдрэгдэнэ. Гэхдээ эдгээрийн тунг нь төгс тааруулсан байх бөгөөд үзэгчид анхаарлаа хоромч сарьнуулахгүйгээр үзэж байв.  

Макс Тегмарк гэх МIT-ийн физикийн профессор,  зохиолч, эрдэмтний бичсэн Амьдрал 3.0 хэмээх номын оршил хэсэгт байх хэсгийг та бүхэндээ товчлон хөрвүүлж хүргэлээ. Тэрээр энэ номоо хиймэл оюун ухаанаар мэргэшсэн дэлхийн хамгийн том эрдэмтэдтэй уулзсаныхаа дараа бичсэн гэдэг. Бид ийм орчин, үйл явдал, өрсөлдөөнд бэлэн үү, гэдэг асуултыг одооноос өөрсдөөсөө асуух хэрэгтэй болж байна. Цаашид бидний юу сонирхох үзэх, мэдэх, мэдрэх  нь үнэхээр бидний хүсэл сонирхолоос хамаарах эсэхийг таамаглахад бэрх болж байна.

Дээрх үйл явдал хэрхэн дууссан бэ, гэж үү? Тэдний байгуулсан медиа компанийн үйл ажиллагаа нь гүнзгийрч дэлхийн хэвлэл мэдээллийн салбар, бусад өрсөлдөгчдөө хиймэл оюун ухааны тусламжтайгаар  гартаа оруулж, эцэстээ засгийн газруудад шахалт үзүүлэх хэмжээнд хүрнэ. Олсон орлогынхоо зөвхөн багахан хэсгээр л ард иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээж, эрх мэдлийг өөртөө татна. Ингээд Прометейн тусламжтайгаар дэлхий дээр ганц төр үлдэх асуудал яригдана.

Энэ бол зохиомол түүх. Гэхдээ энэ дэлхийн аль нэг хаалттай хаалганы цаана Прометейтэй ижил төслийг эхлүүлэх товчлуурыг хэн нэгэн хэдийнээ бүтээсэн байх магадлал байна. Яагаад гэвэл энэ түүх одоо л дөнгөж эхэлж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon