Нийтлэл 01 сарын 24, 2021

Хөрөнгийн биржээ амилуулж эдийн засгаа аваръя!

Монголд Хөрөнгийн бирж үүсэж хөгжсөний 30 жилийн түүхэн өдөр энэ долоо хоногт тохиож, энэ салбарыг бүтээлцэж явсан хүмүүс бие биендээ баярын захидал илгээх аж. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай улсад Хөрөнгийн бирж гэдэг санхүүгийн салбарын тулгын 3 баганын нэг нь яах аргагүй мөн: нөгөө хоёр нь банк, даатгал юм. 

Хөрөнгийн биржийн ач холбогдол маш өндөр: компаниуд өндөр хүүтэй зээл банкуудаас авахын оронд, иргэдээс мөнгө босгох замаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, бялуугаа улам томруулах боломжтой. Иргэд ч томорсон бялуунаас ашиг хүртэж, хуримтлалаа нэмэгдүүлнэ. 


Корона вирусын цар тахлын үед хөгжсөн орнуудын Төв Банкууд үнэндээ хөрөнгийн биржээрээ дамжуулж л хувийн хэвшилдээ асар том дэмжлэг үзүүлж байх жишээний. 2020 онд биржээр дамжуулан санхүүжилт, зээл босгосон хэмжээ нийт АНУ эдийн засгийн 40% хүрч, банкны систем арын эгнээ рүү шилжлээ..

Капитализмыг алгасан социализмыг цогцлоон бүтээх гэж явсан Монгол хөрсөнд чөлөөт зах зээлийн энэ чухал үрийг нутагшуулна гэдэг амаргүй даваа байсан нь мэдээж.

 Эх сурвалж: Economist.com

30 жилийн ололт амжилтаа өнөөдөр бид магтан дуулах хэрэгтэй ч, алдаа дутагдлууд дээрээ дүгнэлт хийж дараагийн 30 жилдээ бэлдэх нь нэн чухал байна.

Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр 3 гаруй их наяд төгрөгний зах зээлийн үнэлгээтэй 200 орчим компани бүртгэлтэй байдаг ч, энэ их үнэлгээний дийлэнхи хувийг 10 хүрэхгүй компани дундаа эзэмшдэг. Өдрийн арилжаа 30 сая төгрөгтэйгээр нийт үнэлгээний 0.1% ч хүрэхгүй байгаа байдал нь манай биржын зогсонги, хөрвөх чадвар байхгүйг яруу тод илтгэнэ.

Хөрөнгийн бирж гэсэн энэ инстүүцийн улбагар, зомби байдалтай байгаа нь олон шалтгаантай байж болох ч эхлэл нь 90-ээд оны эхэн үеийн зоримог, стандарт бус шийдвэрийг тултал нь хэрэгжүүлэлгүй, ойлгохгүй сонирхохгүй зүйлээ замаас нь хаядаг нүүдэлчин зантай холбоотой мэт.

90ээд оны өөрчлөлтийн салхи сэвэлзсэн он жилүүдэд Монголын төр 70 жил хувийн өмч үзээгүй ард түмнээ өмчтэй болгох их ажлыг эхлүүлсэн байдаг. Хөрш бусад орнуудын хувьчлалын аргатай харьцуулахад, Монголын хувьчлалын үндсэн санаа нь төрийн мэдэлд байх 5000 орчим аж ахуйн нэгжийг иргэддээ тэнцүү хуваан олгож, бүгд ижил гараанаас хөрөнгийн эзэн болцгоох идеалист үзэлтэйгээр эхэлсэн юм.

Хэрэгжүүлэх арга нь тус бүр 1000 төгрөгний үнэлгээтэй 3 ягаан тасалбар, 7000 төгрөгний үнэлгээтэй 1 цэнхэр тасалбар тараагдсан бөгөөд түүгээрээ дамжуулан компаниудын хувьцаагаар солиж авах байсан. Хэдий 5000 компани байсан гэх ч, дийлэнхи нь гэхдээ сумын төвийн дэлгүүр, гуанз, хоршоонууд.

Өөдрөг үзэл, хамгийн сайхныг бодон хэрэгжүүлсэн энэ хөтөлбөр зорьсон зорилгодоо хүрээгүй. Эхний шалтгаан нь мэдээллийн дутмаг байдал: тасалбар авсан дийлэнхи хүмүүс энэ тасалбар ямар ач холбогдолтой, ямар үнэ цэнэтэй, юу хийж болохоо ойлгож амжилгүй, тэдгээр тасалбарууд мартагдаж, алга болцгоосон. Тэр үеийн хөл нь толгойгоор эргэсэн эмх замбараагүйдэл дунд тасалбарын мөн чанарыг ойлгуулах сэхээ ч Засагт байгаагүй биз.

Удаах шалтгаан нь харин тухайн компаниудын бизнес фундаменталууд анхнаасаа алдаатай: ихэнхи компаниуд нь зах зээлийн орчинд улсын дэмжлэггүйгээр ажиллах чадваргүй, аль эсвэл бирж дээр ирэхдээ аль хэдийн гол тоног төхөөрөмжүүд нь тоногдсон ирсэн гэдэг. 90-ээд оны сүүлээр Засаг өөрт байсан сүүлийн хувьцаагаа биржээр тарааж дуусаад, Монголын Хөрөнгийн Биржийн богинохон амьдрал буцаад унтаа байдал руу шилжсэн юм.

Одоо байгаа суурь макро үзүүлэлтээр Монгол улсад хөрөнгийн бирж хөгжих таатай орчин аль хэдийнээ бүрэлдсэн. Сүүлийн 3 жил иргэдийн гар дээрх хадгаламж 30 орчим хувиар өссөн бөгөөд эрүүл хөрөнгийн зах зээлтэй оронд энэ их өссөн хадгаламж биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлдэг. Гэтэл эсрэгээрээ, манай төгрөгийн хадгаламж долларын хадгаламж болж хувирав: 2020 оны 6 дугаар сарын байдлаар валютын хадгаламж өнгөрсөн оны энэ үеэс 47% өссөн байна.

Эх сурвалж: 2020 оны 06 дугаар сарын нийгэм эдийн засгийн эмхэтгэлээс

Дан ганц банк гэсэн санхүүгийн тулгуур дээрээс хамааралтай байдаг Монголын бизнесүүдэд корона вирусын ойлгомжгүй байдал хүнд цохилт болж байна. Банкууд шинээр арилжааны зээл гаргахаа зогсоож, эдийн засгийн мотор бага багаар ажиллахаа больж байна. Хэрэв Монголд Хөрөнгийн Бирж зохих түвшинд хөгжсөн байсан бол нөхцөл байдал арай өөр харагдах байсан байх, үүнийг ч Төв Банкны өнөөгийн Ерөнхийлөгч өөрийн жиргээгээр хэлсэн.

Монголын Бирж унтаа байдлаасаа сэрэг цах болсон. Банкууд зээл гаргалтаа зогсоож, эдийн засгийн арын эгнээ рүү шилжиж байгаа энэ үед Хөрөнгийн бирж түүхэн үүргээ мэдрээд нэгдүгээр эгнээний тоглогч болохыг цаг үе шаардаж байна.

Монголын хадгаламж эзэмшигчдын мөнгө дэлхий дээр үнэгүйтэж байгаа доллар руу хөрвөх биш, Монголын эдийн засгийн мотор болсон үндэсний компаниудаа санхүүжүүлэхэд чиглэх хэрэгтэй байна.

Энэ нөхцөлийг бий болгохын тулд бирж юуны түрүүнд хөрөнгө оруулагчдын итгэлийг даасан, хараат бус, дундын арбитр гэсэн үүргээ биелүүлэхээс эхлэнэ.

Энэ нь бирж хамгийн түрүүнд өөрсдийн гаргасан дүрмээ дагаж, манай бирж дээр үхмэл, хөдөлгөөнгүй байдаг компаниудаа цэгцэлэхээс эхлэх юм. Биржийн өөрийн дүрмэнд нь “тухайн үнэт цаасны хөрвөх чадвар муудсан, Биржээс тогтоосон шалгуур, шаардлагыг биелүүлж чадахгүй болсон нь тогтоогдсон нөхцөлд бүртгэлээс хасна” гэж тод оруулсан байдаг.

Өнөөдөр бүртгэлтэй байдаг 200 компанийн 80% дээш хувь нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Хөрвөх чадварын шаардлагыг хангахгүй байгаа, компанийн засаглалын наад захын үүргээ биелүүлдэггүй “хувьцаат” гэх компаниудыг цэгцэлснээр хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх том дохио болох юм. Цэгцэлнэ гэдэг маань шаардлага хангахгүй компаниудаа бүртгэлээс хасаж, засаж залруулж болох компаниудаа хугацаат үүрэг өгч үлдээх шийдэмгий алхамуудыг юуны түрүүнд хийх хэрэгтэй юм.

Хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх нь биржийн хөрвөх чадварыг бий болгоход хамгийн чухал. Ингэснээр өдрийн арилжааны хэмжээ нэмэгдэнэ, зах томорно, улмаар хөрөнгөө хадгалуулсан хүн дуртай үедээ банкин дээрээ очоод мөнгөө гаргаж авч болдогтой адил, хувьцаагаа ч чөлөөтэй арилжих нөхцөл бүрдэнэ.

Бирж нь чадварлаг, итгэл даасан дундын арбитр болохын тулд мөн бүртгэлийн шалгуураа чангатгаж, компаниудын санхүү тайлагналын стандартыг өндөрсгөж, жинхэнээсээ ашигтай ажилладаг компаниудад тодрох боломж олгох хэрэгтэй байна.

Гуравт, жижиг том хувьцаа эзэмшигчдын хооронд түгээмэл ажиглагддаг бие биендээ үл итгэх харилцааг зохицуулж, нээлттэй засаглал руу шилжихэд компаниудад нөлөөлөх боломж бүх биржид бий, Монголынход ч мөн адил. Тухайлбал, Улсын Их Дэлгүүр гэсэн хотын төвийн байршилтай, зах зээлд танигдсан брендтэй энэ хувьцаат компани тасралтгүй алдагдалтай ажиллаад байгаа нь жижиг хувьцаа эзэмшигчдын хардлагыг төрүүлэх нь ойлгомжтой юм.

Тогтвортой, идэвхтэй бирж аливаа улсын дундаж ангийн хөрөнгийг бий болгож, өсгөдөг жамтай. Монголын бирж идэвхгүй байснаар асар том боломжыг алдаж байна: жирийн ард иргэдийн хувьд хөрөнгөө найдвартай хадгалж, өсгөх; харин хувьцаат компаниудын хувьд санхүүжилтийн шинэ эх үүсвэр босгох. Үнэндээ бирж идэвхтэй болсон нөхцөлд л банкууд компаниудад зээл өгөх гэж өрсөлдөж, зээлийн хүү буурдаг жамтай.

Монголд идэвхтэй бирж ажиллах бүх суурь орц нь бүрдсэн байна, одоо ажлаа хийх л үлдэж!

arrow icon