Нийтлэл 02 сарын 19, 2021

Агуу нээлт, суут бүтээл хэзээ төрдөг вэ?

Дэлхийг донсолгосон шинэ нээлт, эсвэл гайхалтай технологийг хараад “би уг нь яг ингэж бодож байсан” гэж өөртөө хэлсэн тохиолдол чамд бий юу? Урлагт ч гэсэн аль нэг киног үзэхдээ эсвэл ямар нэг ном уншихдаа чи хэдийнээ тэр талаар бичихийг бодож байсан ч юм шиг санагдаж байсан уу? Тэгээд чи энэ мэдрэмжийнхээ талаар хүнд хэлбэл юу болдог билээ дээ? Бүгд л нүд нь томорч, чи юу даа гэсэн байдалтай хардаг шүү дээ. Гэхдээ ингэж бодох нь хэчнээн хэвийн, бүр гайхамшгийн үндэс ч байж болохыг түүх гэрчлэх аж.

Тийм ээ, аливаа нэг шинэ бүтээлийн санаа нэгэн зэрэг хэд хэдэн хүний толгойд зэрэг орж ирсэн байж болно. Үүнийг батлах шиг шинжлэх ухаан технологийн түүхэнд нэгэн зэрэг нээгдсэн олон нээлтүүд байдаг аж. Би дөнгөж сая тэртээ 1922 онд бичигдсэн “Нээлтүүд зайлшгүй байсан уу?” (i) гэсэн судалгааны өгүүллийг Ж-стор цахим хуудаснаас олж уншлаа. Түүнд нэгэн зэрэг өөр өөр хүмүүсийн нээсэн алдартай нээлтүүдийн талаар бичсэн байх юм. Судалгаанд дурдсанаар түүхэнд 148 нээлтийг хамгийн багадаа хоёр өөр хүн тус тусдаа нээсэн талаар дурдсан бол нарны толбоны талаарх нээлтийг 4 хүн бие биенээсээ хамааралгүйгээр хийснийг тэмдэглэжээ.

Эдгээр жагсаалтын хамгийн анхаарал татсан нь телефон утасны нээлт аж. Телефон утсыг хэн нээсэн гэж асуувал бид бүгд л Александер Грахам Белл гэж нэгэн дуугаар хэлэх байх. Гэтэл энэ судалгаанд тэмдэглэсэнээр Элиша Грей гэдэг хүн бас түүнтэй зэрэгцэн нээсэн аж. Хоёулаа 1876 оны Гэгээн Валентины өдөр хоорондоо 3 хан цагийн зөрүүтэй патент авахаар хүсэлтээ гаргасан байх юм. Өөр нэгэн хачирхалтай зүйл нь тэр цаг үед зөвхөн тэр хоёроос гадна өөр олон хүн уг нээлтийг хийсэн байдаг байна. 1860 онд Антонио Меюччи хэмээх хүн “телефотрон” гэгч зүйл бүтээсэн нь анхны телефон байсан бөгөөд хэлний чадавхи, эдийн засгийн байдлаасаа болоод авсан патентаа 10-хан доллараар сунгуулж чадалгүй үлдсэн байдаг. Ингээд түүхэнд А.Грахам Беллийг дэлхий таньдаг болж бусад нь түүхийн хуудсанд тоосонд дарагдан үлдэж. Азгүй гэхээс яахав.

Нийгмийн сэтгэл зүйч эрдэмтэн Дийн Саймонтон шинэ нээлтийг гарахад нөлөөлөх хүчин зүйлсийг нэгт суутан байх, хоёрт азтай байх, гуравт цагаа олсон байх гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл цагасаа өмнө шинэ санааг яаж ч яриад хэн ч ойлгохгүй гэсэн санаа цаана нь нуугдах аж. Жишээлбэл Александр Грахам Беллийг дөнгөж 13 настай байхад Франкфурт хотод физикийн багш 27 настай эрдэмтэн Йохан Филипп Рейс зэс утсаар дуу чимээ дамжуулах зүйл зохион бүтээснээ танилцуулсан ч хүмүүс түүнийг нь тоогоогүйгээр барахгүй хүүхдийн тоглоом байна хэмээн шоолж байсан гэдэг. Тэгэхээр эндээс үзвэл шилдэг санаа дангаараа биш яг цагтаа гарч ирэх нь чухал аж. 100 жилийн дараа энэ хүний талаар дурдаж анхны телефон утас гэх мэт зүйл бичсэн марк хэвлэж байсан ч нэгэнт оройтож, түүх хэдийнээ өөрийнхөөрөө үргэлжилсэн байж. Чи үгүй бол өөр хэн нэгэн нээж л таараа гэсэн байгалийн хууль хатуу байгаа биз. Гэхдээ нөгөө талаас шинэ нээлт гэдэг цаг нь болохоор аяндаа гарч ирдэг зүйл юм биш биз гэж бодогдох...

Жишээлбэл Нептун гэж 8 дахь гариг байх ёстой гэсэн санаа нэгэн зэрэг 2 хүний толгойд орсон бол математикт логарифмийг Напиер, Бриггс гэсэн хоёр математкчид нээсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл тэднээс 3 жилийн өмнө үүнийг нээсэн гэгдэх Жоост Буржи гэгч математикчийн талаар бид юу хэлэх вэ? Фото зураг авах аргыг Нисефор Ниепчи хэмээх хүн нээсэн гэдэг бол үүнийг түүнтэй нэгэн цаг үе амьдарч байсан 4 өөр хүн бас нээсэн байвал яах вэ? Телеграф дамжуулах аргыг мөн л 5 хүн нэгэн зэрэг бодож олсон бол яах вэ? Энэ бүхэн юуг харуулж байна вэ?

Эсвэл нээлт гэдэг зүйл аадар бороо мэт мэдлэгийн хуралдсан үүлсээс гэнэт шаагидаг юм болов уу? Тэнгэрт борооны үүл хуралдахад заримд нь тэрнээс элдэв амьтан олж харах санаа төрдөг бол заримд нь агаарын даралт, дулааныг хэмжих санаа төрдөг аж. Галилеo бас л үүл харж байгаад термометрийг (термоскоп) зохиосон гэдэг. Гэтэл үүнийг 6 өөр хүн бас зохиосон байсан гээд боддоо.

1992 онд Нью Йорк хотод жижигхээн театрт “Франкийн Амьдрал” хэмээх жүжиг тоглогджээ. Энэ жүжгийг бичсэн Марк Дэнн 6 жилийн дараа “Труман Шоу” гэх нэртэй Холливудын киног үзээд галзуурахаа дөхөж, оюуны өмчийн асуудлаар шүүхэд гомдол гаргажээ. Гэтэл хачирхалтай нь хэн бүхний санаанд орохооргүй, гаж гэмээр үйл явдал, зохиол бүхий дээрх хоёр урлагийн бүтээл өөр хоорондоо ямар ч хамааралгүй болох нь тогтоогдсон байна. Гэхдээ 149 ижил тал олдсон гэдэг. Урлагийн онгод ч мөн үүлс болон хуралдаж, нэг л өдөр хур мэт асгардаг юм биш байгаа?

Цахилгааныг нээсний дараа үүнийг гэрэл асаахад ашиглаж болох юм байна гэсэн санаа магадгүй хэдэн арван мянган хүний толгойд орсон байж таараа, гэтэл тэднээс зөвхөн 1000 нь л яаж гэдэг асуултад хариулт хайсан болов уу. Тэднээс 100 нь л асуудлыг цаасан дээр буулгаж, загварчлах гэж оролдож, дөнгөж 10 нь анхны бүтээлийн загвараа гаргаж толгойд орсон санаагаа бодит болж болно гэдгийг баталсан биз. Харин ганц нь л түүнийг бусдаар хүлээн зөвшөөрүүлж амьдралд нэвтрүүлдэг бололтой. Жишээлбэл цахилгаан чийдэн зохион бүтээсэн гэгдэх Сванн, Латимер, Эдисон, Дэйви гэх мэт хүмүүсээс бид Эдисоныг л мэддэг болж.

Яг одоо чиний толгой дээр урлагийн, эрдэм мэдлэгийн, амжилт бүтээлийн их аадрын үүл хуралдаж байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ 7 тэрбум хүнээс хэдэн аравхан мянга нь л түүнийг элдэв амьтан биш мэдлэгийн үүл болохыг анзаардаг. Ганц нь л тэр мэдлэгийг бусдад ойлгуулж амьдралд үлдээдэг. Бид түүнийг суутан гэж нэрлэдэг. Гэтэл Эдисон энэ талаар юу гэж хэлсэн гээч “суутны нээлтийн 1 хувь нь онгод, 99 хувь нь хөдөлмөр” гэсэн байдаг. Тэгвэл бичлэгийн эхэнд хэлж байсанчлан хэн нэгэн шинэ санаа төрснөө чамд хэлж байвал түүнийг битгий инээж, шоолж угтаарай. Тэр бусдаас илүү өөр дээр нь хуралдсан үүлнээс мэдлэг, авъяасын онгодын 1 хувиа олоод харчихаж. Харин 99 хувийн хөдөлмөрөө гаргахад нь чи түүнд сэтгэлийн дэм өгөхөө мартуузай. 

Сэтгэгдэл бичих

arrow icon