Нийтлэл 12 сарын 24, 2019

Бүхнийг фронт руу

Нэг ийм ойлголт яваад байдаг.

"90-ээд онд хамаг сайхан үйлдвэрээ сөнөөгөөд урагшаа төмрийн хогонд өгчихсөн. Инженерийн боловсон хүчин байхгүй болж, бүгд ганзагачин, худаалдаачин болсон. Аж үйлдвэрийн бодлого алдагдсан..."

Халаг, нээрээ л тийм. Цаашилбал...

"Одоо үндэсний үйлдвэрлэлээ тултал дэмжих хэрэгтэй. Төрийн бүх бодлого нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл рүү чиглэх ёстой..." Үүнтэй санал нэгдэхгүй хүн бас ховор. Дэлхийн 2-р дайны “Бүхнийг фронт руу” гэдэг үгийг өөрчлөөд “Бүхнийг үндэсний үйлдвэрлэл рүү” гэхэд хүмүүст таалагдах биз. Гэхдээ учир бий

1990 оны өмнөх Монголын аж үйлдвэр гэж юу байв?

Социалист лагерийн орнуудын, тэр систем доторх ердөө нэг дамжлага, жаахан хэтрүүлэхэд ЦЕХ, ЗАВОД шахуу байсан юм. Дотоодынхоо хэрэгцээнд жаахан арьс, нэхий, гутал, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Гадагшаа гаргадаг нь ах дүү социалист орнуудын найрамдалт харилцааны бэлэг тэмдэг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, эсвэл түүхий эд. ЗАХ ЗЭЭЛ НЬ БЭЛЭН!

“Үйлдвэрлэл” гэдэг сонсголонтой үг боловч, борлуулах зах зээл байхгүй бол утгаа алдана. Ямар ч гоё үйлдвэр бариад бараагаа зарж чадахгүй бол хэлхээтэй төмөр л гэсэн үг. 90-ээд онд соц лагерийн систем задран унахад дагаад тэр зах зээл нь л байхгүй болчихсон. Манайхан мулгуудаа үйлдвэрүүдээ зогсоосон юм биш. Зүүн, баруун хоёр Герман нэгдсэний дараа Зүүний бүх үйлдвэр дампуурсан. Ер нь ихэнх зүүн европын гайгүй хөгжилтэй орнуудад ийм гамшиг тохиосон. Нэгэнтээ үйлдвэрлэсэн бараа нь зарагдахгүй, орлого олохгүй бол тэр үйлдвэрийг байлгаад байх уу? Дизайн загвар нь, технологи нь "капиталист ертөнцөд" гологдоно. Өртөг өндөртэй. Зүйрлэвэл, архи нэрж ойр хавийнхаа 3 суманд зардаг нэг “үйлдвэрлэгч” байсан гэж бодъё. Гэтэл АПУ-гийн маш гоё хийцтэй, чанартай, хямд архи ороод ирвэл яах вэ? Нөгөө жижиг аж ахуй удахгүй хаалгаа барих байх. Энэ бол даяарчлагдан буй дэлхийнхний нийтлэг зовлон юм. Куба, Хойд Солонгос шиг тусгаарлаад байх уу, хаалгаа нээж, хэдий хатуу хүтүү ч гэсэн бодит үнэнтэй нүүр тулж, өрсөлдөж, хөгжиж явах уу? Хаалттай, зожиг хэвээр цаг хугацаа алдах тусмаа л гаднаас орж ирэх давалгаанд нам цохиулна. Индиан омгийнхон дархлаа суугаагүйгээс эх газраас ирэх далайчдаас ханиад аваад үй олноороо үхэж байсан.

Гэхдээ хамгаалах бодлогыг бас үгүйсгэхгүй л дээ. Тухайн орон алс хэтдээ хөгжүүлэх зорилготой үйлдвэрлэлийн салбараа нялх байхад нь дайруулаад алчихгүйн тулд тодорхой хугацаанд хамгаалах ёстой (тэр нь соц үеийн болхи үйлдвэрүүд лав биш).
Ёстой л манай давуу тал, онцлог юу байна, юугаа бид зарах вэ гэдгээ тооцоолсны үндсэн дээр хамгаалах ёстой үйлдвэрлэл юм. Түүнээс биш ихэнх өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлээр бид Хятадтай өрсөлдөж чадахгүй, өрсөлдөх нь ч утгагүй. Зарим машин техник, электроникийн үйлдвэрлэлийн тухайд аж үйлдвэрийн кластер нь байхгүй, үйлдвэрлэлийн өртөг өндөр тусах учир бас ирээдүйгүй. Бид юуг чадах вэ гэдэг нь тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа харагдана.

Бид үйлдвэрлэлийг бурханчлаад, худалдаа наймааг дорд үзэх гээд байдаг зантай. Социализмын үзэл суртал өдгөөг хүртэл гараагүй байна. Гэтэл үйлдвэрлэл хөгжих чухал угтвар бол худалдааны хөгжил юм.
ӨнөөDөр томоохон компани болж өргөжсөн манай бизнесмэнүүд 90-ээд онд бүгд ганзагачин байсан. Эхлээд худалдан авч оруулдаг байсан, дараа нь нэгэнт зах зээлийн боломж харагдсан учир зарим хэсгийг нь оруулж ирээд угсарч нийлүүлдэг болсон, дотооддоо хагас боловсруулдаг болсон гэх мэт явсан. Ер нь аж үйлдвэрийн хувьсгалын өмнө европт худалдаа эрчимтэй хөгжиж, худалдаа наймаагаар капиталын хуримтлал үүсч, мөн зах зээлийн эрэлт хэрэгцээ нь тодорч, үйлдвэрлэл хөгжих шат руу орсон байдаг. Дундад зууны үеийн Англи, Франц, Голланд... худалдаагаар дэлхийг атгаж байв.

Ардчилсан хувьсгалын дараа зах зээлийн бодит хэрэгцээ нь байхгүй болсон хуучин үйлдвэрүүд жам ёсоор үгүй болж, нэг хэсэгтээ үйлдвэрлэлийн салбар уруудсан. Харин сүүлийн жилүүдэд эргээд огцом сэргэж байна. Дэлхийн банк болон АХБ-ны статистикаар 1989- оноос 2019 оныг хүртэлх 30 жилийн хугацаан дахь манай аж үйлдвэрийн салбарын салбар өсөлттэй яваа.
2010-аад оноос эхлээд 89 оны түвшингээс давж, эрчимтэй хөгжсөнийг тоо баримт өгүүлнэ. Боловсруулах үйлдвэрийн тухайд бид цементээ дотооддоо хангадаг болсон, ноолууран бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл рүү хүчтэй гарч эхэллээ, хүнсний чиглэлийн олон үйлдвэрлэл хөгжиж байна, зарим нь урагш хойш гарах үүд хаалгаа нээлээ. Муу нэртэй архи маань экспортын томоохон бүтэгдэхүүн болоход ойрхон байна.

Эрчим хүч, уул уурхай, барилгын салбарт монгол инженерүүд шижигнэтэл ажиллаж байгааг бид мэднэ. Зарим нэг тоног төхөөрөмж, техникийг дотооддоо угсардаг боллоо. Энэ бүхэн улам хурдсах, өсч хөгжих үндэс бол ердөө л зах зээл. Маркетинг, эрэлтээ мэдрэх, олох, нээх чадварын хөгжил!

Хятадаас бараа оруулж ирж зардаг нэг танил маань сүүлийн 2 жил дотооддоо үйлдвэрлүүлж зардаг болсон байна. Гэтэл үйлдвэрлэн нийлүүлж байгаа хүмүүс нь нэгд хэтэрхий үнэрхдэг (борлуулалт, маркетинг ямар чухал вэ гэдгийг ойлгодоггүй), хоёрт найдвартай жигд нийлүүлдэггүй, бизнесийн этик байдаггүй, үйлдвэрлэлээ хямд өртгөөр оновчтой явуулах талаар идэвх санаачлага гаргадаггүй гэх мэт асуудлыг нь тоочиж байж билээ. Уул нь нөхөр бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд байдаг.

Ямартай ч, бид буруу замаар учиргүй будаа тээсэнгүй. Бодит үнэнг зах зээл бидэнд хэлж өгч, бодит хөгжлийн жамаар явж байхад болохдоо л болно.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-01-01

    Тэр үйлдвэр цехүүдийг хувьчилж авсан хүмүүс тийм л мундаг байсан юм бол тэр америк японы зах зээлээ нээхгүй яасын, тийм л мундаг байсан юм бол хөрөнгө босгоод технологио шинэчлэхгүй яасын, менежментийг нь шинэчлээд нэгэнт босгосон үйлдвэрийг аваад явахгүй яасан юм? Тийм чадвар байгаагүй л биз дээ. Тийм байж бусдын бүтээснийг шалихгүй энэ тэр гэж ярих зүйн хэрэг үү? Хайран залуу ийм юм бичих гэж. Харамсалтай

    • Зочин
    • 2019-12-28

    Ene metiin hudal tarhi ugaaltad humuus odoo itgehee bolisoon. Tiim mundag bsan yum bol humuusee surgaad, technologoo shinechleed, zah zeelee tomosgood ywahgui yasin. Chadwargui huselgui humuus ingej shaltag toochdog ym.

    • Сандаг
    • 2019-12-26

    Тэхдээ 89 онд ажиллаж байсан гутал, арьс шир нэрийн үйлдвэрүүд чинь 90 ээд он гарахад Хятадад очиж үздэг үйлдвэрүүд ээс бараг технологиор илүү байсан юм шүү. харин хятадууд тийм үйлдвэрүүд ээ ашиглан юм хийсээр байгаад шинэчилсэн. Одоо байгаа гутал, арьсны жижиг үйлдвэрүүд тэр үеийнхээс бараг илүүгүй. Арьсных анхан шатны технологи нь бараг хаана ч адил. сүйтгэж хятад гаргасныг зөвтгөх юм байхгүй. улсын мэдэлд нь байлгаад шинэчлэх байсан юм. хятадын олон үйлдвэр Японы будсан хуучин машинаар хөгжсөн гэж тэд хэлдэг

arrow icon