'Үндэстний амбиц' -ыг трэнд болгоё!

Амралтын өдрүүдэд вэб медиа болон олон нийтийн сүлжээнд нийтлэгч Соннигийн Монгол мөрөөдөл ба үндэстний амбици нийтлэл трэнд боллоо. Мөн өнгөрөгч Баасан гарагт шинээр мэндэлсэн ХҮН ХӨГЖИЛ шинэ улс төрийн хүчин үндэстний хүсэл, тэмүүлэл, хөгжлийн үндсэн стратегийн ач холбогдлыг онцолсон.  Бичиг оюуны болон улс төрийн хүрээнд үндэстний амбиц, үндэстний зорилго гэх мэт түлхүүр үгс “моодонд” орж буй нь сайшаалтай.Аливааг нэрлэж тэмдэглэх, хэлэлцэх, бичихэд хэрэглэгдэх  “түлхүүр үг” нь үүсэж байж шинэ зүйлс олон нийтийн оюунд шингэж, нийгэмд шинэчлэлт, өөрчлөлт явагддаг. Түлхүүр үгээр тэмдэглэгдсэн асуулттай тархи, асуултгүй тархинаас шал өөрөөр ажилладаг нь тогтоогдсон байдаг. Нэг хүний хувьд зорилготой тархи шал өөрөөр эзнээ удирддаг гэдгээс бүхэл бүтэн үндэстэн зорилготой байх нь зорилгогүй үндэстнээс асар том ялгаатайг баримжаалж болно. Үндэстний амбиц! Манай үндэстний, монголчууд бидний нийтлэг зорилго, мөрөөдөл юу вэ?  Өөрсдийн хариултыг эрж хэлэлцэхэд  өнгөрсөн түүхээсээ, мөн бусдын түүхээс суралцах зүйл их бий. Нийтлэгч Соннигийн бичсэн Хятад, АНУ-ын жишээн дээр нэмээд Японы түүхээс товч толилуулав:

 

Япон улс - Үндэстний амбиц дэлхийн 2-р дайнаас өмнө - Гүйцэж түрүүлэх бодлого

200 орчим жил хаалттай улсын бодлого явуулсан Японы эрэгт АНУ-ын усан цэргийн коммандлагч Перри “”хар хөлөг хөлөглөсөн мангас”-ын дүрээр ирж, гадаад харилцаа нээхийг тулган шаардсан 1853 он. Өрнөдийн цэрэг зэвсэг, эдийн засгийн хүчний өмнө цэргийн феодлын хоцрогдсон дэглэмтэй, эдийн засгийн хямрал, гэмт хэрэг, хот хөдөөгийн ялгаа гүнзгийрч хямарсан Азийн орон нэг жилийн чөлөө гуйсан авч, жилийн дараа дахин ирэхэд нь үг дуугүй захирагдахаас өөр арга байсангүй. Ёкохама, Нагасаки тэргүүтэй 5 боомтоор хилээ нээж нэр нь найрамдалт ч нидэр дээрээ дээрэлхүүлсэн гадаад харилцаа, худалдааны Канагавагийн гэрээг  АНУ-тай байгуулжээ. Гэнэтийн нээлттэй гадаад харилцаа, өөрчлөлтөд цочирдсон ард олон үймж, зэвсэгт бослого гаргаж, үндсэрхэг үзэл газар авсны дунд гэрээ байгуулсан цэргийн засгийн газрын нэр хүнд унаж, хаан эзэнд төрийн эрх мэдлийг шилжүүлж өгөв. Ийм үймээн дунд Японы төрийн лидерүүд зуун жилийн хөгжлийн ялгааг давах үндэсний стратеги боловсруулж, хэрэгжүүлж чадсан юм. 1867 оноос хааны дэргэд байгуулагдсан шинэ засгийн газар улсын зорилгыг “ӨРНӨДИЙГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ” гэж томьёолов. Энэ зорилгын дор  “баян улс, хүчирхэг арми”, мөн  “үйлдвэрлэлийн хөгжил эдийн засгийн хөгжил”гэх дөрвөл түлхүүр ханзаар нэрлэсэн үндэсний стратегийн бодлого нь шинэ үеийн хөгжлийн түүхэнд домог болсон Мэижигийн шинэчлэл болон биежсэн билээ. Япон төр япон хүн ардын хүсэл тэмүүлэл, хөдөлмөр зүтгэлийг “өрнөдийг гүйцэх” үндэстний амбиц, үндэстний хүслийн дор нэгтгэн зангидаж чадсан. Тиймдээ ч Мэижигийн шинэчлэл эхэлснээс ердөө 20-30 жилийн дараагаар Япон барууны орнуудтай зэрэгцэн хөрш орнуудад милитарист бодлого явуулах хэмжээнд хүчирхэгжиж, дахиад 2 аравны дараа дэлхийн дайн хийх хэмжээнд “гүйцэж түрүүлсэн”. Манай улс 90 оноос хойш Мэижигийн шинэчлэлийн хурдаар хөгжсөн бол өдийд Galaxy, iPhone-тэй өрсөлдөх бүтээгдэхүүнтэй, Украйн, Алс Дорнод дахь гадаад харилцааны хэрэг явдлуудад өөрийн гэсэн жинтэй байр суурьтай орон байна гэсэн үг. Зүдэрч, хямарч, туйлдсан Япон орон эдийн засаг, цэрэг армийн үнэмлэхүй давуу талтай өрнөдийг гүйцэж түрүүлнэ гэж сэтгэж, зорьж, улмаар хэрэгжүүлж чадсан нь тов тодорхой үндэстний амбиц, төрийн нэгдсэн удирдлага ямар үр дүнд хүрдгийн сонгодог жишээ болон судлагдсаар байна.

“Гүйцэж түрүүлсэндээ” эрдсэн Японы милитарист бодлого шангаа хүртэж, Нагасаки, Хирошима хотуудаа хүний түүхийн хамгийн гунигт туршилтаар оруулсны дараа япон хүн зоны үндэсний зорилго хэрхэн өөрчлөгдсөн талаар үргэлжлэл хэсэгт хүргэх болно.

 

Ёкохама боомтод ирж буй гадаадын худалдааны хөлөг онгоцууд

 

Япон улсын нэр хүнд, бардамнал, үндэстний бахархлыг сэргээх зорилго тавьсан Сацүма овгийн самурай нар


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%