Нийтлэл 02 сарын 20, 2015

Хонь жилд Монголчууд Оюутолгойн эзэмшигч байхаа больж магадгүй

УИХ битүүний өдөр эрчимтэй хуралдаж битүүртлээ хууль баталсаны дотор ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль багтсан. Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг роялти авах хувилбараар солих эрх зүйн боломж бүрдсэн. Мөн уг хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Хүндрэлийг даван туулах тогтоолын төсөлд ГАЦСАН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ХӨДӨЛГӨХ гэсэн сонин гарчигтай хэсэг багтаж буй дотор Оюутолгойн талаар

Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх

гэж заагаад  1,2 тэрбум долларын үр дүн энэ оны эцсээр гарахаар тусгажээ. Хууль батлагдсаны маргаашнаас Ройторс агентлаг болон уул уурхай, хөрөнгө оруулалтын томхон эх сурвалжуудаар дараах мэдээ түгээгдээд байна:

 Монголын парламент  зэсийн аварга уурхай Оюу Толгойн үйл ажиллагааг  өргөжүүлэхийн тулд Рио Тинтотой урт удаан хугацааны турш хийсэн маргааныг зогсоох шинэ ерөнхий сайдынхаа төлөвлөгөөг дэмжлээ. Цагаан сарын шинийн нэгний өмнө батлагдсан төсөлд 2015 оны эхний хагас гэхэд “далд уурхайн санхүүжилт тойрсон асуудлуудыг шийдвэрлэх”, “бүтээн байгуулалтын ажлыг сэргээх” гэж орсон гэж Уул уурхайн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Г.Бодьбилгүүн хэллээ. Түркүоз Хилл охин компаниараа дамжуулан Оюу Толгойд хувь эзэмшдэг  Рио  Тинто 5,4 тэрбум долларын санхүүжилттэй далд уурхайн  ажлыг засгийн газартай өртөг нэмэгдсэн болон 30 сая долларын татвар тойрсон маргааны улмаас зогсоогоод байгаа юм. Засгийн газар өөрийн хувь эзэмшлээ роялтигаар солих бодолтой байна гэж Г.Бодьбилгүүн нэмж хэлжээ. Рио Тинто хувь эзэмшлээ нэмэх сонирхолгүй гэж мэдээлэл хийгээд байгаа тул гуравдагч талд санал болгох хэрэг гарна.

 Битүүний хуралдаанаас ч өмнө, 2-р сарын 12-ноос өмнө ерөнхий сайд болон Рио Тинтогийн захирал Сэм Уолш нарын хооронд 34 хувь зарах тухай яриа болсон гэж эх сурвалжууд мэдээлснийг бид өмнө нь дамжуулсан. Ямартай ч ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Оюутолгой дахь төрийн мэдлийн 34 хувийг роялти авах хувилбар болгож өөрчлөх эрх зүйн боломж бүрдсэн. Далд уурхайн гацаа бол Оюутолгой дахь төрийн хувь эзэмшилтэй холбоотой хэдий ч, ашигт малтмалын тухай хуулиас тусдаа өөр асуудал. Далд уурхайн хөрөнгө оруулалтыг гацаанаас гаргах асуудлаар өнгөрсөн оны 11 сард Монголын засгийн газарт “сүүлийн болоод хамгийн сайн” саналаа тавьсан гэж Сэм Уолш  2-р сарын 12-нд яриа өгсөн. 2015 оны эхний хагас гэхэд энэ гацааг тайлах төсөл УИХ-аар дэмжигдсэн гэж Уул уурхайн яамнаас мэдээлснийг үзвэл 11 сард Рио Тинтогоос ирсэн санал, Оюутолгойн 34 хувь эзэмшлийг зарах боломжийн дундаас 2016 онд 1,2 тэрбумын үр дүн гарахаар тооцоо хийгдсэн бололтой. Экс ЕС Н.Алтанхуяг сар шинийн өмнө өгсөн ярилцлагадаа "Рио Тинто анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум гаруй ам.доллараар нэмэгдүүлсэнийг бид хүлээн зөвшөөрөөгүй" гэж дурдсан. Рио Тинто 18-ны хуралдаанаар далд уурхайн санхүүжилтэд өөрсдийн саналыг хүлээж авахаар бодолцсон тогтоол батлуулахын тулд "34 хувийг худалдан авах сонирхолгүй", "манайх хамгийн сүүлийн саналаа өгсөн" гэж олон улсын хэвлэл мэдээллээр сенсаацлах нүүдэл хийсэн байх магадлалтай.

 

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэсгээс:

Сэм Уолшийн хэлж буй “хамгийн сайн бөгөөд хамгийн сүүлийн” санал гэдэг нь ямар санал байсан, яаж 1,2 тэрбум долларын үр дүн үүсэхээр байгаа,  гарчиг, хариуцсан эзэн, мөнгөн дүн, хугацаанаас өөр детальгүй тогтоолын төслийн ард олон асуулт олон бодлого нуугдаастай байна. УИХ, Засгийн газар төслийг шийдэх, ажлыг эрчимжүүлэх гэх мэтийн романтик бадрангуй авч утга бүрхэг үсэг, тоотой хууль, тогтоол батлаад дунд нь "үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөө"-г тэрэнд энэнд даатгав гэж халтуурдахаа больмоор байна. Ялангуяа Монголчуудыг хэдэн үе тэжээж байгаа Эрдэнэт үйлдвэрээс хэд дахин том Оюутолгой уурхайн асуудлаар!

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon