Нэмүү өртөг үү, нэмэгдэх ял уу?

Анх нэмүү өртгийн татварын санааг 1919 онд Карл Фридрих фон Зийменс гаргажээ. Учир нь тухайн үед Герман улсад үйлчилж байсан худалдааны албан татвар нь аливаа барааг гар дамжих бүрт улам үнэд оруулж олон шат дамжлагатай бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, бүх шат дамжлагыг дотроо үйлдвэрлэдэг том компаниудад хэтэрхий давуу байдал олгож, зах зээлийн зарчим, шударга өрсөлдөөнийг гажуудуулахад хүргэжээ. Гэхдээ тухайн үед худалдааны албан татвараас татгалзаж чадаагүй бөгөөд 1951 онд Франц улс зарим салбартаа НӨАТ оруулж эхэлснээр энэ төрлийн татвар 2011 оны байдлаар дэлхийн 130 гаруй улсад нэвтэрч НӨАТ-аас дунджаар татварын орлогынхоо 25 хувийг бүрдүүлдэг болсон  байна. Монгол Улсын хувьд 2010 оны байдлаар НӨАТ-аас нийт татварын орлогын 21,5 хувийг бүрдүүлсэн нь чамлалтгүй үзүүлэлт юм. Харин өнгөрсөн  оны дүн мэдээг олж үзэхэд тун төвөгтэй.

2011 оноос нэр бүхий аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын хуулийн цоорхой,  татварын системийн сул талуудыг гярхай ашиглаж олон тэрбум төгрөгийн хохирол учруулахуйц, гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүдийг хийж эхэлжээ. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн татварын буцаан авалтад гарч буй энэ гэмт үйлдлийг шалгаж, хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлсэн. Одоогоор энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжгүй. Албан бус эх сурвалжийн мэдээллээр дөрвөн аж ахуйн нэгжээс эхэлсэн энэ хэрэгт 160-аад  аж ахуйн нэгж хамрагдаж, эдгээрээс салбарлан явсаар өдгөө 2000 гаруй аж ахуйн нэгж татварын асуудалд орооцолдон шалгагдаж байна. Хачирхалтай нь татварын байцаагчид энэ хэргийг зуучилсан гэх мэдээлэл бий.Татвар хурааж, улсад орлого оруулах учиртай хүмүүс нь татвараас зайлсхийхэд зуучлаад , хэзээ мөдгүй ял авах гэж байхад , НӨАТ-ын хуулийг боловсруулахад оролцсон мэргэжилтнүүд нь татварын асуудалтай компаниудад зөвлөх “үйлчилгээ” үзүүлнэ гээд явж байна. Урьдаас зохион байгуулалттай ч байж мэдэх л хэрэг, хуулийхан учрыг нь олох биз, бид хардаад л сууж байхаас өөр яахав.   НӨАТ төлөгч 13000 гаруй аж ахуйн нэгжээс 7000 гаруй нь хэрэгт холбогдсон гэж байгаа ч хууль хяналтынхан “баригдсан” цөөн хэдтэйгээ ноцолдож байгаа бололтой. Хэрэв 2000 цаашлаад бусад аж ахуйн нэгжүүдийг шалгаж, хуулийн хариуцлага тооцно гэвэл Монгол Улсын гайгүй гэсэн бүх компанийн нягтлан, захирлууд дээлээ нөмрөх хэрэг гарна. Зөвхөн том дүнтэйг нь гэвэл тэд жижигтэйгээ барьцана. Баялаг бүтээгчдээ хуу хамаад шоронд илгээчих бас л хайран. Толгойг нь илээд өнгөрвөл даварна. 2007 оны сүүлээр Татварын өршөөлийн тухай хууль гэж баталсан.Одоо хүртэл тэр хуулийн цоорхой нь нийгмийн даатгалын санд нөлөө үзүүлж, “өршөөгдсөн” өрийн асуудал байсхийгээд шүүхэд хэлэлцэгддэг.Одоо НӨАТ-ын асуудлаар дахиж өршөөх үү? Олон хүнийг гэмт хэрэгт түлхэж байгаа зэрэмдэг хууль баталсан эрхэм гишүүд хариуцлага хүлээхгүй нь тодорхой. Харин хойшид батлах хуулийнхаа хожмын нөлөөллийг тооцоолж байх ёстойг сануулсан чухал сургамж гэдгийг тэд анхаарах хэрэгтэй. Нөлөөлөл гэдэгт зөвхөн эдийн засаг, хууль эрх зүйн хувьд үүсэж буй үр дүнг ойлгох биш, нийгэм, хүний хөгжил, хувь хүнд үзүүлэх эерэг болон сөрөг хүчин зүйлүүдийг урьдчилан тооцож хууль баталж байгаасай.

 Хамаг асуудал энэ дөрвөн аж ахуйн нэгжээс боллоо гэвэл учир дутагдалтай. Даравч дардайна, булавч бултайна гэгчээр НӨАТ-ын падааны бизнес өмнө нь ч байсан, цаашдаа ч ямар нэгэн хэлбэрээр байх ч болно. Олон улсын хэмжээнд НӨАТ-ын луйвар, залилангийн схемүүд байдаг. Татварын өөрийнх нь онцлогоос болоод энэ схемүүд нь бүгд ижил ч хяналтын механизм сайн бол луйвар хийх боломжгүй шахуу юм. Монгол Улсын 2011 оны НӨАТ-ын гүйцэтгэлийг хайгаад олдохгүй байгаа нь дээрх гэмт хэрэгтэй ч холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.

НӨАТ-ын падааныг ихэвчлэн импортлогчид зардаг. Хилээр бараа оруулж ирэхэд нь гаалийн татвар, НӨАТ-ыг нь урьдчилаад авчихдаг.Ингэхээр импортлогч компанид хил дээр төлөгдсөн НӨАТын буцаан авалтын эрх үүсэж байгаа юм.Буцаан авалтын эрхээ өөрөө эдлэхгүйгээр хэрэглэгчээс нөхөөд авчхаж байгаа учраас тэр буцаан авалтын эрхийг падаан хэлбэрээр бусад НӨАТ төлөгч байгууллагад зарж , падаан худалдаж авсан компаниуд төлөх ёстой НӨАТ-аасаа тодорхой хасалт хийлгэх зарчмаар харилцан ашигтай хэлцэлд ордог. НӨАТ-ын падааны үнэ 0,8 хувиас 2 хувь хүртэл байдаг байна.Жишээ нь нэг компани улсын хилээр 100 сая төгрөгний үнэ бүхий бараа оруулж ирээд гааль, НӨАТ-ын татварт 15,5 сая төгрөг төлдөг бөгөөд НӨАТатварт ногдох 10,5 сая төгрөгийг төлчихсөн учраас 100 сая төгрөгийн НӨАТ-ын падаан зарах эрхтэй болно гэсэн үг. Падааныг 2 сая төгрөгөөр зарахад, тухайн худалдан авсан компани 10,5 сая төгрөгийг өөрийн төлөх НӨАТатвараас хасаж тооцдог зарчим үйлчилдэг байна. Энэ наймаа нь ихэвчлэн нягтлангуудын нэмэгдэл орлого болдог нь нууц биш юм.

Татвартай холбоотой эрүүгийн хуулийн заалтуудад хачин жигтэй юм их байна лээ. Татвар нуун дарагдуулах, татвараас зайлсхийх хоёр хоорондоо алд дэлэм зөрүүтэй ойлголт. Нэг нь идэвхтэй үйлддэг, нөгөөх нь санамсаргүй ч үйлдэгдэж болдог. Эвэртэй л юм чинь гээд нэг шуудайд чихээд байж боломгүй. Үүнээс болоод татвартай холбоотой Эрүүгийн тухай хуулийн 166 дугаар зүйлээр НӨАТ-аас зайлсхийсэн асуудлыг шийдэхэд төвөгтэй. Учир нь орлого, ажил үйлчилгээгээ нуугаагүй, бууруулж мэдүүлээгүй. Зөвхөн системийн гажуудлыг ашиглаж хийсвэрээр буцаан олголтын бичилт хийсэн бөгөөд яг энэ үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тусгайлан заагаагүй. Албан татвар гэж хуульд тусдаа бие даасан ойлголт байхад, эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд татвар гэж оруулсан нь хариуцлага тооцоход  хүндрэлтэй байдал үүсгэж магадгүй. Нэг харсных 226 дугаар зүйлийг ч харчхаарай. Мэдээллийн баазад нэмэлт бичилт хийсэн залууг энэ зүйлээр шийтгэсэн, харин нэмэлт бичилт хийвэл гэмт үйлдэл болно гэсэн үг заалтад лав байхгүй.

Үнэндээ манайх шиг орлогын их багаас  хамаарч НӨАТ төлнө, төлөхгүй гэсэн НӨАТ-ын татвартай газар цөөхөн байдаг.Миний олж тоолсноор найм. 130 гаруй улсаас найм гэдэг их бага эсэхийг уншигч авхай өөрөө мэдтүгэй. Харин бараа, үйлчилгээнд ялгавартай НӨАТ тогтоодог  (эм, хүнсний бүтээгдэхүүн, ном, банкны үйлчилгээ, урлаг уран сайхан гэх мэт ) жишиг бий. Санхүүгийн үйлчилгээнд НӨАТ тогтоох боломжгүй учраас банк, даатгал, үнэт цаасны арилжаа болон олон улс дамжсан шуудан харилцаа, тээвэр зуучлал гэх мэт үйлчилгээнээс  татвар авдаггүй. Үндсэн хуулийн цэцэд хандаж иргэн Б.Лхагважав нарын үүсгэсэн маргаанд  УИХ-аас  “Түүнчлэн аливаа татвар төлөлт, ногдуулалт, тайлагналтын процесс нь өөрөө татвар төлөгчид хүнд суртал, чирэгдэлгүй, шуурхай ойлгомжтой, хялбар, үр ашигтай, зардал бага байх зарчимд тулгуурладаг. Татварын бодлого зөв байх дээр дурдсан үндсэн ойлголтуудад үндэслэгдэн татварыг ялгамжтай тогтоох, түүний дотор 10 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой үйлдвэрлэл, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн” гэсэн тайлбарыг хүргүүлэхдээ “нэмэгдсэн өртгийн албан татварын ийм хөнгөлөлт, чөлөөлөлт дэлхийн бүх оронд мөрдөгдөж байгаа билээ”  хэмээн хэнэгч үгүй залжээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цааш нь уншвал яагаад ийм ялгавартай хууль гарсныг олж харж болно. Татварын ерөнхий газрын тайлбараас ишилбэл:

  • Нэмэгдсэн өртгийн албан татвартай ихэнх оронд татварын нийт орлогын 85-90 хувийг татвар төлөгчдийн 10-15 хувь нь оруулдаг учраас олон жижиг татвар төлөгчидтэй ажиллах нь Татварын албаны хувьд зардал ихтэй.
  • Жижиг бизнес эрхлэгчид нь ихэвчлэн төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр хийдэг, татварын үүргийг тодорхойлоход шаардагдах бүртгэл хөтөлдөггүй буюу хөтлөх мэдлэг, чадваргүй байдаг.

Яагаад зарим нь төлөөд зарим нь төлдөггүй тухайд УИХ-ыг төлөөлөн Л.Пүрэвдорж, Ж.Батхуяг нар “Ижил бөгөөд харьцуулж болох нөхцөлтэй этгээдүүдийн хувьд хуулиар тэгш бус байдал, ялгаварлыг бий болгосон бол түүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бидний нөхцөлд тухайлбал 50/10 саяын босгоос дээш/ сая төгрөгт бизнес явуулж байгаа болон 5/10 саяын босгоос доош/ сая төгрөгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийг хооронд нь ижил бөгөөд харьцуулж болох төвшинд байна гэж үзэхгүй. Тиймээс тэдэнд үйл ажиллагааны цар хүрээ болоод өрсөлдөх чадварыг нь харгалзан хуулиар татварын өөр нөхцөлийг бий болгосон нь Үндсэн хуулийн оршилд заасан шударга ёсны зарчмаас эх үүсвэртэй юм. Татвар төлөгчдийн эрхэлж байгаа үйл ажиллагааны шинж чанар, цар хүрээ, хэмжээнээс хамаарч татварын ялгамжтай бодлогыг татвар төлөгчдөд хөнгөлөлт, чөлөөлөлт хэлбэрээр эдлүүлэх, татварын хувь хэмжээг ялгавартай тогтоодгийг хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдлөө, хөрөнгө чинээ, ажил албан тушаалаар ялгаварлан гадуурхлаа гэж үзэж болохгүй” гэсэн тайлбар өгсөн байх юм.

Тэгэхээр зардал ихтэй байдаг болохоор жижиг хулгайч, танхайг барьж шүүж шийтгээд яахав, хулгайлаад, танхайраад явж л байг, хулгайч хууль уншдаггүй тэнэг учраас биелүүлэхгүй нь тодорхой. Бас том, жижиг хулгайч, хулгайч биш хүмүүсийн хулгайлж буй цар хүрээ ижил ч хооронд нь харьцуулах түвшин биш учраас хулгайч нарт хууль үйлчилдэггүй нь  Үндсэн хууль зөрчөөгүй гэсэнтэй дүйцэх тайлбар гаргаж байгаа манай Үндсэн хуулийн цэцэд “мундаг” хуульчид байж болох ч, эдийн засагч лав тэнд алга.

НӨАТ-ын гол ажиллах зарчим нь бараа, үйлчилгээ үзүүлэгч этгээд зөвхөн өөрийн нэмсэн өртөгт татвар төлж, түүнийгээ эцсийн хэрэглэгчид үүрүүлдэг, дунд нь өртөг нэмж буй этгээдийн нэмсэн өртөг бүр улсад бүртгэгддэгт оршдог. Өөрөөр хэлбэл урт гинжний хамгийн сүүлийн хэрэглэгчийн төлсөн татвар, үйлдвэрлэгч импортлогчийн төлсөн татварын зөрүү тухайн бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийг гаргадаг гэсэн үг. Энэ гинжийн аль нэг хэсэг алга болбол бүртгэл гаргах боломжгүй. Харин энэ гинжнээс өөр өөрийн бизнесийг сугалж НӨАТ-аас чөлөөлөх гэж их чармайсан манай зарим хууль тогтоогчдыг илчлэх ажил эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гол асуудал болон эзнээ хүлээж байна. Ялангуяа автомашины импорт, барилгыг тойрсон НӨАТ-ын буцаан авалтыг судалж үзвэл, үе үеийн Сангийн сайд нарын зарим нь нэг өглөө бууралтаад босоод ирж мэднэ.

Жижиг аж ахуйн нэгжүүдийг татварын дарамтанд оруулахгүй гэсэн санаа биш, зөвхөн тэднээс татвар түүж авахыг түвэгшээснээсээ хаясныг дээр хэлсэн. Жижиг аж ахуйг татвараас чөлөөлсөн гэж ойлгож явдаг улс төрч цөөнгүй. Уг нь энэ татварыг мэддэг хууль тогтоогч байсан бол аж ахуйн нэгжид бус зөвхөн эцсийн хэрэглэгчид дарамт үүсдэг гэдгийг ойлгох байсан байх. Татварын Ерөнхий газрын “залхуурч яршигласнаас” болоод ялгавартай тогтоосон татварын хууль нь зарим нөхдийг шүүхийн хаалга татахад хүргээд зогсохгүй НӨАТ төлөгч байгууллагуудыг жижиг аж ахуйн нэгжүүдтэй харьцахгүй болгож , зах зээлээс жижиг аж ахуйн нэгжүүдийг шахан зайлуулах хөшүүрэг болоод байна.

Аж ахуйн нэгжүүдийн хооронд  “НӨАТ төлөгч биш бол бизнесийн харилцаанд орох боломжгүй”....гэсэн хандлага нь угтаа зөв боловч жижиг аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн том эргэлтээс шахан зайлуулж байна.

Ялгавартай татварын уршгаар аж ахуйн нэгжүүд орлогоо нуун дарагдуулж, НӨАТ-ын буцаан авалтад гэмт хэргийн шинж чанартай үйлдлүүд хийгдэж байгааг харсаар байж татвар төлөх босгыг өндөрсгөх тухай ярих нь өвчнийг анагаах биш зөвхөн шинж тэмдэгтэй нь тэмцэж буй хэрэг. Хордлого авсан хүнд хорын тунг нь нэмээд өг гэж байгаагаас ялгаагүй.

НӨАТ-ыг байхгүй болгох тухай ярьдаг хүмүүс бий. Олон төрлийн татвараас зайлсхийж дэлхийн олон улс энэ хэлбэрийн татварыг сонгож байхад бид болих нь буруу. Өнөөх алдарт уул уурхайн хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээнүүдийг санахад л НӨАТ-ыг болих гэдэг байж боломгүй. Харин бүгдээс нь авдаг болбол эдийн засаг тунгалаг болж, далд эдийн засгийн хэмжээ буурах учиртай. Нэг зах зээлд оршин тогтнож буй  аж ахуйн нэгжүүд нэг бол орлогын хэмжээ эсвэл хийдэг бизнесийн төрлөөрөө татвар төлдөг, төлдөггүй байвал НӨАТ өөрийн утгаа алдана. Одоогийн НӨАТ-ын хуулийн татвараас чөлөөлсөн замбараагүй  олон заалтуудыг цуцлах хэрэгтэй. Импортын НӨАТ дээр бас нэг завхрал үүсдэг нь нэг бараанд хоёр дахин НӨАТ төлөгдөж, улсад төлсөн гаалийн татвараас татвар авдаг гажиг жишиг байна. Шинэ парламент бүрдэх болгондоо татварын эрэг шургыг ёс юм шиг оролддог юм чинь НӨАТ-ын хуулийг оролдоосой, оролдохдоо зөв оролдоосой.

 


avatar
    • Зочин
    • 103.57.95.*

    Их бага гэж ялгалгүй бүгд л хамрагдаж байж сая шудрага болно

    • Зочин
    • 49.0.132.*

    Яг тийм бүгдээс нь ижил татвар авбал нийтээрээ цэгцрэх юм байна

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5116

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%