Цаазаар авах ялыг халах нь Монгол Улсын олон улсын өмнө төдийгүй Үндсэн хуулиараа хүлээсэн үүрэг

Оршил

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд Монгол Улсын иргэн “амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан. Энэ заалтын дагуу зөвхөн Эрүүгийн хуульд заасан тохиолдолд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулж болох бөгөөд бусад бүх тохиолдолд хүнийг цаазлахыг хориглосон гэж ихэнх судлаачид, хуульчид үздэг. Төр, нийгмийн зүтгэлтний амь насанд халдах, хорлон сүйтгэх, хүнийг санаатай алах, хүчиндэх, зандалчлах, терроризм, төрлөөр устгах гэсэн долоон төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэл цаазаар авах ял оногдуулж болохоор 2002 оны Эрүүгийн хууль (81, 84, 91, 126, 177, 178, 302-р зүйл)-д заасан. Шүүх эдгээр гэмт хэргийг үйлдсэн этгээдэд цаазаар авах ялыг оноосоор ирсэн. Гэхдээ, Эрүүгийн хууль батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас УИХ уг хуулиас цаазаар авах ялыг бүрэн халах боломжтой бөгөөд ийнхүү халахыг Үндсэн хуулиар  хориглоогүй.

Цаазаар авах ялаар шийтгүүлсэн ялтан амь уучлахыг хүссэн өргөдөл гаргавал Үндсэн хуулийн 36-р зүйлийн 1.2-т заасны дагуу Ерөнхийлөгч түүнийг уучилж, цаазаар авах ялыг нь 30 жилийн хорих ялаар солих бүрэн эрхтэй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх байр сууриа 2010.01.14-нд УИХ-ын чуулган дээр илэрхийлж,[1] улмаар шүүхээс цаазаар авах ял оногдуулсан хүмүүс өргөдөл гаргавал уучлал үзүүлэхээ амласан. Тиймээс, Монгол Улс цаазаар авах ялын гүйцэтгэлээс бодит байдал дээр түдгэлзэж хүнийг цаазлахгүй байна.

Цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх Ерөнхийлөгчийн байр суурийг УИХ дэмжиж хууль зүйн хувьд баталгаажуулах эхний алхмыг хийсэн. УИХ Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИБУТЭТОУП)-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг 2012.12.05-нд баталж цаазаар авах ялыг халах үүргийг олон улсын өмнө  хүлээсэн.

Цаазаар авах ялыг түдгэлзүүлж эхлэх үед болон түүнээс хойш уг ялыг түдгэлзүүлэх, халах нь буруу байсан, уг ялын гүйцэтгэлийг сэргээх хэрэгтэй, Эрүүгийн хуулиас уг ялыг халж болохгүй гэсэн байр суурийг нэлээд хүмүүс илэрхийлсээр байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазын ялтай бүх ялтнуудыг уучлах шийдвэр гаргасан болон УИХ Нэмэлт II протоколд нэгдэн орсон нь зөв байсан гэдгийг энэ өгүүлэл нотлон харуулах болно. Монгол Улс дараах дөрвөн үндэслэлээр одоогийн Эрүүгийн хуулиас энэ ялыг бүрмөсөн халах хууль зүйн үүрэгтэй: (1) цаазаар авах ялыг халах нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг; энэ ял нь Үндсэн хуулийн суурь үнэт зүйл болох (2) хүний эрхэм чанар, (3) амьд явах эрх, (4) эрүү шүүлт, хүнлэг, хэрцгий, доромж хандлагаас ангид байх эрхийг тус тус ноцтой зөрчдөг. Эдгээр хууль зүйн үндэслэлээс гадна цаазаар авах ялыг халах дараах гурван үндэслэл бий: (5) гэм буруугүй хүнд цаазаар авах ялыг хэрэглэх боломж ямагт байдаг төдийгүй (6) энэ ял нь онц хүнд гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлдөггүй; (7) цаазаар авах ялыг халах нь дэлхий нийтийн түгээмэл чиг хандлага болсон. Энэ ялыг халах эдгээр долоон үндэслэлийг тус бүрд нь тайлбарлая.

 

1. Цаазаар авах ялыг бүр мөсөн халах нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг

УИХ Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг халах өөрийн үүргээ биелүүлэх ёстой. Үндсэн хуулийн 10-р зүйлд заасны дагуу Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх ёстой. Монгол Улс ИБУТЭТОУП-ын Нэмэлт II протоколд нэгдэн орсон тул уг протоколын дагуу цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байхын зэрэгцээ Эрүүгийн хуулиас халж, Иргэний бүртгэлийн тухай хууль (1999), Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль (2004) зэрэг бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг өөрчлөх шаардлагатай.

Нэмэлт II протоколд зааснаар Монгол Улс “өөрийн шүүхийн харьяаллын хүрээнд хамаарагдах хэний ч хувьд цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй” байх, “өөрийн эрх хэмжээний хүрээнд цаазаар авах ялыг халахад чиглэсэн шаардлагатай бүхий арга хэмжээг” авах үүрэгтэй болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазын ялыг уучилж байгаа учраас уг ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлээд байна. Гэвч, Эрүүгийн хууль дахь цаазаар авах ял оногдуулж болох заалтууд хэвээр байгаа бөгөөд шүүх уг заалтуудыг хэрэглэж цаазаар авах ялыг оногдуулсаар байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа өөрчилбөл, эсхүл түүний дараагийн Ерөнхийлөгч цаазын ялтай ялтанд уучлал үзүүлэхээс татгалзаж байхаар шийдвэрлэвэл бол цаазаар авах ялын гүйцэтгэл сэргэж Нэмэлт II протоколоор хүлээсэн үүргээ Монгол Улс зөрчинө.

 

2. Цаазаар авах ял хүний эрхэм чанарыг үгүй хийдэг

онгол Улс Үндсэн хуулиараа хүний эрхэм чанар, амьд явах эрх, болон эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромжилсон хандлагаас ангид байх эрхүүдийг суурь үнэт зүйл хэмээн хүлээн зөвшөөрч хамгаалдаг. Гэвч, цаазаар авах ял эдгээр суурь үнэт зүйлсийг бүгдийг нь зөрчдөг.

1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон 1966 оны ИБУТЭТОУП нь хүний бүрийг эрхэм чанартай гэж хүлээн зөвшөөрсөн. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1-р зүйлд "Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, эрхэм чанар, эрхийнхээ хувьд тэгш байна" гэж заасан. Мөн, ИБУТЭТОУП-ын 17-д мөн эрх чөлөө нь хязгаарлагдсан хүнтэй хүнлэг харьцаж, хүний эрхэм чанарыг нь хүндэлж байхыг үүрэг болгосон. Монгол Улс Үндсэн хуулийнхаа 10-р зүйлийн 1 дэх хэсэгт “олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг баримтална,” “олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасан. Хүний эрхэм чанар нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйл учраас олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, мөн ИБУТЭТОУП-д хамгаалагдсан учраас олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг мөн. Тиймээс, Монголын төр хүний эрхэм чанарыг хэзээ ч зөрчиж болохгүй.

Цаазаар авах ял нь хүний эрхэм чанарын эсрэг юм. Хүн бүр хүний хувьд адилхан үнэ цэнэтэй бөгөөд хүний ёсоор хандуулах эрхтэй. Хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж болдоггүй бөгөөд төр хэзээ ч хүний эрхэм чанарт халдаж болохгүй.[2] Аймшигтай гэмт хэрэгт яллагдаж байгаа хүн, эсхүл гэмт буруутай нь шүүхээр тогтоогдсон хүн буруу юм хийсэн учраас хүний эрхэм чанаргүй гэж үзэж болохгүй. Цаазаар авах ял нь хүний эрхэм чанарыг бүрэн үгүйсгэдэг. Энэ санааг АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Бренан оновчтой хэлсэн байдаг: “цаазын ял нь хүн төрөлхтний гэр бүлийн гишүүнийг тоглоод хаядаг объект шиг ханддаг, хүн биш гэж үздэг… Тиймээс энэ нь хамгийн аймшигтай гэмт хэрэгтэн ч хүний эрхэм чанарыг эзэмшдэг хүн хэвээрээ байдаг гэсэн [Үндсэн хуулийн] заалтын гол нөхцөлтэй зөрчилддөг.”[3] Тиймээс, цаазаар авах ял нь хүний эрхэм чанарын салшгүй байх шинжийг үгүйсгэж либерал ардчиллын суурийг ганхуулдаг.

Цаазаар авах ял нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний эрхэм чанар хүндлэгдэх баталгаанд маш ноцтой, гутаасан байдлаар халдахгүйгээр өөрийн зорилгод хүрч чаддаггүй. Учир нь, цаазлуулах гэж байгаа хүн урт хугацаагаар хоригдож, “хүзүүгээрээ дүүжлэгдэнэ эсхүл толгойдоо буудуулна” гэсэн ирээдүйн дүр зургийг үхэх хүртлээ төсөөлж, ихээр зовж шаналдаг. Хүнийг цаазалдаг нийгэм нь тухайн хүнд дараах зүйлийг тодоос тод хэлдэг: “Чи хүнлэг чанаргүй. Чи хүн төрөлхтний дунд амьдрахад тохирохгүй. Чи амьдрах эрхгүй. Чи эрхэм чанаргүй. Тиймээс, бид чиний амьдралыг бүр мөсөн устгана.”[4] Канадын Дээд шүүх “Цаазаар авах ял нь хоригдлоос хүний эрхэм чанарын ул мөрийг бүрэн авч хаядаг төдийгүй хувь хүнийх нь хувьд түүнийг гутаан доромжилдог” гэж үзсэн.[5] Цаазаар авах ял бол хүний эрхэм чанарын хамгийн гол мөн чанарыг зайлшгүй устгадаг.

 

3. Цаазаар авах ял хүний амьд явах эрхийг зөрчиж хүний хувьд эдлэх бүх эрхийг нь үгүйсгэдэг

Үндсэн хуулийн 16-р зүйлд Монгол Улсын иргэн бүр “Амьд явах эрхтэй” гэж заасан. Цаазаар авах ял бол гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж болох хамгийн хүн хэлбэрийн ял мөн. Цаазаар авах ял нь хүний амьдрал болон хүний эрхэм чанарыг бүр мөсөн үгүй хийдэг учраас амьд явах эрхийг үндсэн агуулгыг зөрчдөг. Уг ялыг гүйцэтгэснээр хүний амьдралыг бүрэн дуусдаг бөгөөд дахин сэргээх ямар ч боломжгүй. Энэ нь амьд явах эрхийг эцэс болгоод зогсохгүй Үндсэн хуулиар хамгаалагдсан бүх эрхийг хэзээ ч дахин эдлэх боломжгүй болгодог.

Цаазаар авах ял хүний амь явах болон хүний эрхэм чанартай байх эрхийг зөрчдөг гэсэн үндэслэлээр цаазаар авах ялыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж Унгарын Үндсэн хуулийн шүүх 1990 онд шийдвэрлэсэн. Энэ шүүх амьд явах болон хүний эрхэм чанартай байх эрхүүд болон эдгээрийн туйлын мөн чанарт анхаарал хандуулсан: “Эдгээр эрхүүд нь бусад бүх эрхүүдийн эх сурвалж юм. Бусад эрхүүд хязгаарлагдаж эсхүл бүр үгүйсгэгдэж, эргээд нөхөгдөх боломжтой боловч тэдний цаад хязгаар бол амьд явах болон эрхэм чанартай байх гэсэн хоёр эрхийг хадгалах явдал байдаг. Эдгээр нь Үндсэн хууль дахь бүх эрхүүдийн үндсэн агуулга. Энэ эрхүүдийг үгүй хийхэд бусад эрхүүд байхгүй болдог.”[6]

 

4. Цаазаар авах ял бол хүнд хүнлэг бус, хэрцгий, доромж хандахын ноцтой жишээ

Хүний эрхэм чанарыг хүндлэх нь хүнлэг бус, хэрцгий, доромжилсон хандлага болон ял шийтгэлийг хориглохыг шаарддаг. Цаазаар авах ял бол хүний амьд явах болон хүний эрхэм чанартай байх эрхүүдийг үгүй хийхдээ эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх эрхийг давхар зөрчдөг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж заасан бөгөөд энэ эрх нь хэзээ ч зөрчигдөж болохгүй абсолют эрх юм. Хэдийгээр зарим хуульчид эрүү шүүлтээс ангид байх эрх болон хүнлэг бус, хэрцгий, эсхүл доромжилсон хандлага, ял шийтгэлээс ангид байх эрхүүдийг хооронд нь ялгаж магадгүй ч цаазаар авах ял нь эдгээр эрхүүдийг амин сүнсийг үгүй хийдэг.

Цаазаар авах ял бол бие мах бодийн шийтгэл. Хүнийг зодох, заначих, ташуурдах зэрэг шийтгэл нь хүний бие махбодод өвдөлт, сэтгэлд шаналал учруулдаг тул эдгээр шийтгэлийг эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлага хэмээн хориглодог. Үүнтэй адилхан цаазаар авах ялын гүйцэтгэл нь хүний биед хэрэглэгддэг бөгөөд гүйцэтгэгдэхээсээ өмнө болон гүйцэтгэгдэх үедээ хүнд бие махбодын өвдөлт, сэтгэлийн шаналал учруулдаг. Цаазын ял бол хэрцгий бөгөөд хүнлэг бус яагаад гэвэл “уг ялаас өөрөөс нь салгаж болохгүй бие мах бодын болон сэтгэл санааны зовлонг”[7] ялтанд учруулдаг. Цаазын ял бол хамгийн аймшигтай эрүүдэн шүүлт мөн. “Учруулсан өвдөлт эсхүл зовлон нь эрүү шүүлтэд тооцогдохын тулд ноцтой байх ёстой”[8] бөгөөд цаазын ял нь хүний амьдралыг бүхэлд нь устгах мөн чанартайн хувьд маш ноцтой өвдөлт, зовлонг мэдрүүлдэг. Тиймээс, энэ ял нь эрүү шүүлтээс ангид байх эрхийг зөрчдөг.

Цаазын ял бол өөрөө хэрцгий ял. Хэзээ цаазаар авах нь тодорхойгүй байдаг нь уг ялын хэрцгий байдлыг нэмэгдүүлдэг. Өмнөд Африкийн Үндсэн хуулийн шүүх үүнийг дараах байдлаар хэлсэн: 

Шийтгүүлснийхээ дараа хоригдол нь цаазын ялтнуудыг хорих өрөөнд цаазаар авах ял авсан бусад хоригдолтой хамт давж заалдах болон уучлал хүсэх ажиллагааны явцад хүлээдэг. Энэ бүх хугацаанд цаазын ялтнуудыг хорих өрөөнд байгаа хүмүүс нь цаазаар авах ял оногдуулсан шийдвэрийн хэрэгжилтийг бүр мөсөн хүчингүй болгох эсхүл дүүжлүүр рүү хүргэгдэх эсэхээ мэдэхгүй учраас хувь заяа нь тодорхойгүй гэдгийг мэдэрдэг. Цааз бол хэрцгий ял бөгөөд уг ялыг хүчингүй болгох эсхүл биелүүлэх эсэх нь тодорхойгүй байж зайлшгүй хүлээлгэдэг нь улам илүү хэрцгий болгодог.[9]

Монгол улсад анхан шатны шүүхээс цаазаар авах ял оногдуулснаас хойш давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын дээд шүүхээр хянуулах, Ерөнхийлөгчөөс уучлал хүсэх өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх хүртэл нэг жилээс илүү хугацаа зарцуулах боломжтой. Цаазаар авах ялаар шийтгүүлсэн ялтан Ганц худгийн цагдан хорих төвд гурван жилээс урт хугацаагаар хоригдож байсан тохиолдол ч гарч байжээ.[10]

 

5. Гэм буруугүй хүнийг цаазлах боломж ямагт байдаг

Гэмт буруугүй хүнд оногдуулсан цаазын ялыг бид засах боломж байдаггүй. Цаазаар авах ялыг судалсан судалгааны багийн тооцоолсноор “Монгол улсад цаазаар авах ял ногдуулах үед шүүхээс гаргах алдаа барагцаалбал 30 гаруй хувьтай байх магадлалтай байна.”[11] 2000 онд шүүх нийт 13 хүнд цаазаар авах ял оногдуулснаас Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар гурвыг нь өөрчилж, хоёрыг нь хүчингүй болгосон байна. Тодруулбал, нэг жилд шүүхээс цаазын ял оногдуулсан тогтоолын 40 шахам хувь нь хяналтын шатны шүүхээр өөрчлөгдөж, 10 гаран хувь нь хүчингүй болсон байх бөгөөд энэ нь гэм буруугүй хүний хилсээр цаазлах гэж байсан гэсэн үг юм.

Монгол Улсад гэм буруугүй хүнд цаазын ял оногдуулах эрсдэл байгаа нь шүүхийн тогтолцоо муу ажилладагтай холбоотой гэж хэлж болох ч энэ нь үндэслэлгүй. Алдаа гаргадаггүй байлгахын тулд эрх зүйн тогтолцоог байнга шинэчлэх ёстой боловч хэчнээн чармайсан ч түүнийг төгс болгох боломжгүй. Шүүхээс алдаа гарах эрсдэл ямагт байдаг. Эрх зүйн тогтолцоо нь өндөр хөгжсөн гэж хэлэгддэг улсуудад ч шүүхээс алдаатай шийдвэр гаргах эрсдэл дандаа байдаг. Жишээлбэл, АНУ-д 1994-2000 онуудад гэм буруугүй хүмүүст цаазаар авах ял оногдуулсан 61 тохиолдол гарчээ. Бид төгс эрх зүйн тогтолцоог бүтээх боломжгүй (гэхдээ, хамгийн сайныг бол бий болгох боломжтой) учраас цаазаар авах ялыг халахгүй бол гэм буруугүй хүнийг цаазлах эрсдэл байсаар байх болно. Гэм буруугүй хүнийг цаазалсан бол тэр хүнийг эргээд амьдруулах ямар ч боломжгүй байдагт энэ ялын хамгийн ноцтой тал оршдог. Өөр хүний амийг санаатай бүрэлгэсэн хүмүүс өөрсдөө амьд явах эрхгүй гэж үздэг хүмүүсийн зарим нь энэ шалтгаанаар цаазаар авах ялаас татгалздаг.

 

6. Цаазаар авах ял нь онц хүнд гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй

Нэг талаас, төр гэмт хэрэгтнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл болгож үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхэм чанарыг нь үгүй хийж болохгүй. Нөгөө талаас, онц хүнд гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод цаазаар авах ял бусад төрлийн ялаас илүү үр нөлөөтэй үйлчилдэг гэдэг нь одоог хүртэл судалгаагаар тогтоогдоогүй байна. Цаазаар авах ял болон хүнийг санаатай алах гэмт хэрэг хоёр хоорондын харилцан хамааралд анализ хийсэн судалгааг НҮБ-д зориулан 1988 онд хийж 2002 онд шинэчилсэн байна. "Цаазаар авах ял бол бүх насаар нь хорих гэсэн илүү хөнгөн ялаас илүү хүн амины гэмт хэргийн гаралтыг багасгана гэсэн таамгийг хүлээн зөвшөөрөх нь хэтэрхий гэнэн явдал болно" гэсэн дүгнэлтэд энэ судалгаа хүрчээ.[12]

Цаазаар авах ялыг халсан улсууд дахь гэмт хэргийн гаралтын статистик нь уг ялыг халснаар сөрөг нөлөө үзүүлдэггүй гэдгийг нотлон харуулж байна. Жишээлбэл, Канад улсад хүнийг санаатай алах гэмт хэрэгт оногдуулдаг байсан цаазаар авах ялыг 1976 онд халсан бөгөөд үүнээс хойш хүнийг санаатай алах гэмт хэргийн тоо тогтмол буурсан байна. Цаазаар авах ялыг халахын өмнөх жил буюу 1975 онд 100,000 хүнд ногдох хүнийг санаатай алах гэмт хэргийн тоо 3.09 байсан бол 1980 онд 2.41 болж буурчээ. Цаазаар авах ялыг халснаас хойш 30 жилийн дараа буюу 2006 онд 100,000 хүнд ногдох хүнийг санаатай алах гэмт хэргийн тоо 1.85 байсан бөгөөд 1975 оныхтой харьцуулахад уг гэмт хэргийн гаралт 40 хувиар буурсан байна.[13] Мөн, Энэтхэг улс 2004-2011 онуудад цаазаар авах ял гүйцэтгээгүй ба энэ хугацаанд буюу өнгөрсөн 10 жилд хүн амины гэмт хэрэг 23 хувиар буурсан үзүүлэлттэй байна.[14] Эндээс цаазаар авах ял болон хүнийг санаатай алах гэмт хэргийн гаралт хоёрын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй гэж дүгнэж болно.

Монгол Улсад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасны дараа онц аюултай гэмт хэрэг өсөх эсхүл буурах аль аль ажиглагдсан байна. Тухайлбал, зарим судалгаагаар 2011 оны сүүлийн улиралд онц аюултай гэмт хэрэг 30 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Гэвч, энэ өсөлтийг цаазаар авах ялыг түдгэлзүүлснээс болсон гэж үзэж болохгүй бөгөөд үүнийг гэмт явдлыг тусгайлан судалдаг судлаач Г.Оюунболд дараах байдлаар тайлбарлажээ:

Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс чинь ядуу, боловсролын түвшин доогуур [ихэнх нь бичиг үсэг мэдэхгүй хүмүүс байдаг]. Эсвэл олонх нь сэтгэл зүйн өөрчлөлттэй байдаг. Эрүүгийн хуулийг уншсан чинь цаазаар авна гэсэн ял байна тэгэхээр би ийм хэмжээнд хэрэг үйлдэнэ гэсэн тооцоо хийдэггүй байхгүй юу. Харин нийгэмдээ өс санаж, хонзогносон байдал харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл инфляц газар авдаг ч юм уу, ядуурал бүр ихсээд ирэхээр ухамсрын түвшин нь доошилдог. Таньдаггүй хүнтэйгээ богино хугацаанд гэрлэж, нөгөө хүнтэйгээ зохицож амьдарч чадахгүй явсаар тэр нь нэг өдөр тэсэрдэг. Хэнд ч тийм зүйл тохиолдож болно л доо. Налайхад банк дээрэмдэх гэж хүн алсан хүн бол мөнгө, ядуу байдлаас болж ийм үйлдэл хийсэн байгаа. Энэ нийгмийг яаж хэмжээнд нь барих вэ гэдэг Засгийн газрын асуудал.[15] 

Эндээс үзэхэд гэмт хэргийн гаралтад нийгмийн хүчин зүйл илүүтэй нөлөөлдөг бөгөөд ихэнхдээ гэмт хэрэгтэн Эрүүгийн хуульд цаазаар авах ял байгаа эсэхийг бодож үзэлгүйгээр гэмт хэргийг үйлддэг байна.

 

7. Цаазаар авах ялыг халах нь дэлхий нийтийн түгээмэл чиг хандлага болсон

Хүний амьдрал болон хүний эрхэм чанарын халдашгүй байдлыг хүндэлдэг орчин үеийн ертөнцөд энэхүү ялыг хүлээн зөвшөөрдөггүй. Дэлхий нийтэд цаазаар авах ялыг халах хандлагатай байна. Нийт улсуудын гуравны хоёроос илүү хувь буюу 144 нь цаазаар авах ялыг хуулиараа эсхүл практикт халсан байна.[16] Үндэсний хууль тогтоомж батлах, бүс нутгийн эсхүл олон улсын гэрээнд нэгдэх замаар цаазаар авах ялыг халж байна. Дараах олон улсын гэрээнүүдэд улсууд нэгдэн орж байна. ИБУТЭТОУП-ын Нэмэлт II протокол болон Хүний эрхийн Америкийн конвенцийн Цаазаар авах ялыг халах тухай протокол нь цаазаар авах ялыг бүрэн халах тухай боловч хэрэв нэгдэн орж байгаа улс хүсвэл дайны үед энэ ялыг хэрэглэхийг зөвшөөрдөг. Одоогоор ИБУТЭТОУП-ын Нэмэлт II протоколд 72 улс нэгдэж, гурван улс нэгдэн орохоо илэрхийлэн гарын үсэг зураад байна. Хүний эрхийн Европын конвенцийн 6-р протокол нь энхийн цагт цаазаар авах ялыг халах тухай гэрээ юм. Хүний эрхийн Европын конвенцийн 13-р протокол нь бүх нөхцөлд цаазаар авах ялыг халахыг үүрэг болгожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн бөгөөд УИХ Нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хууль гаргаж уг ялыг халах арга хэмжээ авах үүрэг хүлээсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаалыг хүлээж, Монгол Улс либерал ардчиллын үнэт зүйлдээ үнэнч, тууштай гэдгээ харуулсан. Тухайлбал, Франц зэрэг бусад ардчилсан улсууд, Эмнести интернэшнл, Фрийдом хаус зэрэг хүний эрхийн олон улсын байгууллагууд, НҮБ Монгол улсын энэхүү үйлдлийг сайшаан дэмжихийн хамт цаашид Эрүүгийн хуулиасаа уг ялыг бүр мөсөн халахыг уриалсан.

 

Дүгнэлт

Монгол Улс нь ИБУТЭТОУП-ын Нэмэлт II протоколд нэгдэн орсон ч цаазаар авах ялыг Эрүүгийн хуульдаа байлгаж, шүүхээс хэрэглэж байгаа нь Үндсэн хуулийн 10-р зүйлд заасан олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зарчмыг зөрчөөд зогсохгүй Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн хүний эрхэм чанар, амьд явах, эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх эрхүүдийг ноцтой үгүйсгэж байна. Ямар ч эрх зүйн тогтолцоонд гэм буруугүй хүнд ял өгөх эрсдэлийг бүрэн арилгаж чадахгүй бөгөөд гэм буруугүй хүнд цаазаар авах ял оногдуулж гүйцэтгэсэн тохиолдолд уг гэм буруугүй хүний амьд явах үндсэн эрхийг дахин сэргээх боломж байхгүй. Цаазаар авах ял нь бүх насаар нь эсхүл хугацаагүй хорих гэсэн илүү хөнгөн ялаас илүүтэйгээр онц хүнд гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй. Эдгээр үндэслэлээр Хууль зүйн яамнаас боловсруулсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цаазаар авах ялыг бүх насаар хорих ялаар солихоор заасан нь сайшаалтай бөгөөд УИХ уг хуулийн батлах ёстой. Эсвэл, 2002 оны Эрүүгийн хуульд байгаа цаазаар авах ялыг оногдуулж болохоор заасан заалтыг даруй хүчингүй болгох шаардлагатай. Түүнчлэн, шүүгч нар одоогийн Эрүүгийн хуульд буй цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх, эсхүл уг ял нь Үндсэн хууль зөрчсөн тухай саналыг Улсын дээд шүүхээр дамжуулан Цэцэд хүргүүлэн хэрэгтэй. Мөн, Ерөнхийлөгч, Улсын ерөнхий прокурор зэрэг бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүсэлт, цаазаар авах ялаар шийтгүүлсэн иргэн өргөдөл, бусад иргэн мэдээлэл Цэцэд гаргах хэрэгтэй бөгөөд Цэцээс энэ өгүүлэлд дурдсан үндэслэлээр Эрүүгийн хууль дахь цаазаар авах ялыг хүчингүй болгох ёстой. УИХ эсхүл Цэцээс цаазаар авах ялыг бүр мөсөн хүчингүй болгох хүртэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уг ялыг түдгэлзүүлэх байр суурийг дараагийн Ерөнхийлөгч үргэлжлүүлэх нь чухал.

Монгол улс цаазаар авах ялыг халах ёстой. Монгол улс өөрийн суурь үнэт зүйлдээ халдахгүйгээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шударга ёсыг тогтоодог байх шаардлагатай. Цаазаар авах ялыг халснаар шударга ёс алдагдахгүй. Учир нь, уг ялыг халж оронд нь бүх насаар нь эсхүл хугацаагүй хорих ялыг бий болгох бөгөөд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст урт хугацааны хорих ял оногдуулах замаар шударга ёсыг тогтоож нийгмийн үнэт зүйлийг хамгаалах болно. Цаазаар авах ялыг бодит амьдрал болон хуулиас бүр мөсөн халахгүйгээр Монголчууд бид хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх боломжгүй.

2014.09.28

 

[1] “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаазаар авах ялын хориглох мэдэгдэл хийлээ,” Vip76.mn, 2010.01.14, http://vip76.mn/content/8796.

[2] О.Мөнхсайхан, “Хүний эрхэм чанар (human dignity),” Trends.mn, 2015.01.25, http://www.trends.mn/n/945.

[3] Gregg v. Georgia, Supreme Court (United States) 428 U.S. 153 (1976).

[4] Nihal Jayawickrama, The Judicial Application of Human Rights Law: National, Regional and International Jurisprudence, 1st ed. (Cambridge University Press, 2003), 283–284.

[5] Kindler v. Minister of Justice, Supreme Court of Canada, (1992) 6 CRR (2nd) 193 (SCC).

[6] Case No. 23/1990 (X. 31) AB.

[7] Furman v. Georgia, Jackson v. Georgia and Branch v. Texas, 408 U.S. 238, 92 S.Ct. 2726 (1972)

[8] Jayawickrama, The Judicial Application of Human Rights Law, 306.

[9] The State v. Makwanyane (1995) 1 LRC 269.

[10] С.Нарангэрэл нар, Цаазаар авах ял ба хүний эрх (УБ: Монголын Эмнести Интернэшнл, 2006), 15–16.

[11] Мөн тэнд, 11.

[12] Roger Hood, The Death Penalty: A Worldwide Perspective, 3 edition (New York: Oxford University Press, 2002), 230.

[13] Мөн тэнд, 214.

[14] Г.Амарзаяа, “Цаазаар авах ял гэмт хэргээс сэргийлэх үр нөлөөгүй,” Time.mn, 2013.10.10, http://review.time.mn/content/35780.shtml.

[15] Г.Оюунболд, “Монгол цаазын ялыг халах эсэх нь УИХ-ын гишүүдийн үзэмжийн асуудал болохоор гацаанд орчихоод байна,” 24tsag.mn, 2012.02.07, http://www.24tsag.mn/content/7624.shtml.

[16] “Death Penalty,” 2014.09.20-нд үзсэн, http://www.amnestyusa.org/our-work/issues/death-penalty.


avatar
    • Zochin
    • 162.158.167.*

    Гэм буруугүй хүнийг цаазлах 'боломж' биш магадлал байдаг. Chance = боломж боловч монгол хэлний 'боломж' нь өөдрөг, эерэг утгатай үг учир үл тохирно. Бусдаар бол санал нийлж байна.

    • СаМPeR
    • 27.123.212.*

    МОНГОЛ УЛСАД Цаазын ял хэрэгтэй

    • Зочин
    • 103.87.255.*

    yu soliorood bgan. tsaaziin yal baih heregtei

    • Зочин
    • 103.23.51.*

    багшээ монгол улс үндсэн хуульдаа харшилсан гэрээ конвенцид нэгдэн орохыг яадаг билээ би бүүр мартчихаж

    • Иргэн иксэ
    • 202.179.20.*

    Цаазаар авах ял хэрэгтэй. Хүн дэлгүүрээс талх авахдаа түүнтэй тэнцэх хэмжээний мөнгө төлдөг. Үүнтэй адил хүний амь хороовол түүнтэй тэнцэх төлбөр төлөх ёстой. Хүний амь хүний амьтай л тэнцүү. Ээбээ муу нохойг цаазаар авахад ч багадна.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%