Ардчилсан намаа Ардчилалтай болгоцгооё

                 Монгол даяараа, тэр дундаа соошил орчин тэр чигтээ улс төрд умбаж байна. Гол сэдвүүдийг нэрлэвэл Ардчилсан нам ардчилалгүй болжээ, залуучууддаа ээлгүй л гэнэ, даргын засаглал тогтсон л гэнэ, фракцууд хөлөө жийлцлээ, хурлаа хийдэггүй, гишүүдээ сонсдоггүй л гэнэ. Бүгд л бодит байдал дээр болж байгаа зүйлс. Харин энэ бүх асуудлын учир шалтгааныг ярьж байгаа хүн цөөхөн байна. Асуудлыг шийдэх гарцыг ярьж байгаа хүн бүр цөөн, өдрийн од шиг л байна. Намын хэсэг залуу гишүүд намын шинэчлэлийн талаар саналаа намын даргад хүргүүлээд байна. Гэхдээ тэдэнд шинэчлэлийг хүсэж байгаа дэмжигчдийн дэмжлэг бас хэрэгтэй. Аливаа асуудлыг хэлэлцээрийн аргаар, дүрмийн дагуу шийдэх шийдэл бол шалгарсан арга. Гэхдээ өнөөдрийн намын дүрэм, намын даргын хязгааргүй эрх мэдэл асуудлыг зөв зүйтэй тийш нь шийдэж чадна гэдэгт тэдгээр залуучууд итгэхгүй байгаа бололтой. Ардчилсан намын гишүүд нь итгэхгүй байгаа цагт сонгогчид итгэхгүй байх нь аргагүй. Иймээс Ардчилсан нам дахь дотоод ардчиллын талаар, итгэлцлийг хэрхэн бий болох талаарх санал бодлоо энд бичлээ.

 

Асуудлыг багаараа ярилцаж хэлэлцэж биш дарга дангаараа, өөрийнхөө үзэмжээр шийдэж байвал тэр нам дотоод ардчилалгүй байна гэсэн үг.

 Гишүүд дэмжигчдийн оролцоог хэрхэн хангаж байна, тэдний үгийг хэрхэн хүлээж авч байна, хэрхэн хамтран шийдвэр гаргах үйл явцдаа оролцуулж байгаа байдлаар улс төрийн намын дотоод ардчилал хэмжигддэг. АН 2012 оны УИХ-ын сонгуулиар санаснаас бага суудал авсны нэг шалтгаан бол энэ. Тойрогт нэр дэвшигчдийг тодруулах явцад намын жирийн гишүүд, дэмжигчдийн оролцоог хангаагүй цөөн хэдэн хүний хүрээнд, фракцуудад квот өгөх байдлаар шийдсэн явдал. Тэгвэл2016 онд энэ байдал давтагдаж өмнөх сонгуулиасаа цөөн суудал авч мэдэхээр дүр төрх ажиглагдаж эхэллээ. Намын дарга ҮЗХ-ны гишүүдийг хүлээн авч, хэн дэвших дэвшихгүйг шууд шийдэх байдлаар ярилцсан гэх яриа хэвлэлээр олон удаа гарсан. Энэ бол бид арга барилаа өөрчлөх, дотоод ардчилалтай болох, асуудлыг багаараа шийддэг хэлбэр рүү шилжих болсныг сануулсаар байна. 2016 оны УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах сунгааг 3-4 үе шаттай зохион байгуулж нэр дэвшигчийг тодруулахаас энэ ажлаа эхэлбэл зүйтэй. Баянхонгор аймагт сонгогдох горилогч тэр тойрогтоо төдийгүй улс орон даяар АН-ын гишүүд дэмжигчдийн дэмжлэгийг авч чадаж байвал тэр хүнийг тэр тойрогт дэвшүүлье.Оролцоог хангаж багаараа шийдвэр гаргадаг шилдэг жишгийг намын дүрмэндээ оруулъя. Ийм л шударга зарчмаар, багаараа шийдвэр гаргадаг оролцоог намдаа бий болгоцгооё, үүний төлөө намын нийт гишүүд ажиллах хэрэгтэй байна.

Дотоод ардчилалтай намд намын дарга бол багийн шийдвэрийг гүйцэтгэгч байдаг. Өөрөөр хэлбэл намын дарга бол дураараа, үзэмжээрээ, өөрийнхөө эрх ашгийг нэгд тавьж шийдвэр гаргадаг хүн биш, тийм эрх үүрэг байхгүй байх ёстой. Ардчилсан намд Гүйцэтгэх зөвлөлийн эрх үүрэг өнөөдөр тодорхой биш байна. Гүйцэтгэх зөвлөл бол намын ҮЗХ-ны хурлын чөлөөт цагт шийдвэр гаргадаг удирдлагын баг байх ёстой.

 

Бүгдээрээ ярилцвал буруугүй гэж мэргэн үг бий, бид дарга шийдвэр гаргах биш багаараа шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэрийг нь намын дарга олон нийтэд зөв арга замаар таниулдаг, ажил хэрэг болгодог шинэ жишгийг нэвтрүүлэх цаг нэгэнт бий болжээ.

 Намын их хурлаа яаралтай хийцгээе. Намын дүрмээ шинэчлэн баталцгаая. Намын дарга, ҮЗХ-ны гишүүдээ намын Их хурлаасаа шинэчлэн сонгоцгооё. Их хурлын төлөөлөгч сонгох үйл явцаа ил тод нээлттэй, сум, хорооны намын нийт гишүүдийн оролцоог хангаж хийцгээе. Их хурлын төлөөлөгчдийг сонгохдоо ахмад, залуучууд, эмэгтэйчүүд гээд бүх төлөөллийг ижил тэгш оролцуулъя. Мөн намын их хурлаа олон нийтэд ил тод, орон даяар шууд дамжуулж нээлттэй хийцгээе. Их хурлын өмнө, их хурлын үеэр гишүүд, дэмжигчдээс намын шинэчлэлийн талаар нээлттэй санал асуулга, хэлэлцүүлгийг олон удаа хийцгээе. Ардчилсан намаа ил тод нээлттэй улс төрийн институц болгоцгооё.

Дотоод ардчилалтай намын дараагийн чухал шалгуур бол хариуцлага, хяналтын зөв шударга тогтолцоотой байх. ӨнөөдөрАН-д хариуцлагын тогтолцоо байна уу, хүчтэй хараат бус хяналтын хороо ажиллаж чадаж байна уу? Дотоод ардчиллын энэ хоёр гол шалгуур Ардчилсан нам төдийгүй улс орны хэмжээнд асуудалтай байгааг хүн бүр мэдэж байгаа. Хариуцлага тооцдог зөв механизм, хариуцлагаа хүлээж чаддаг соёлтой улс төрчид, зөв бурууг дэнсэлж чаддаг, буруу зүйлийг таслан зогсоож чаддаг хүчтэй хяналтын тогтолцоо өнөөдөр Ардчилсан намд үгүйлэгдэж байна. Энэ зүйлсийг бий болгох, одоо байгаагаа хэд дахин сайжруулах эрэлт хэрэгцээ маш их байна.

Гишүүд дэмжигчдийнхээ оролцоог хангаж шийдвэрээ багаараа гаргадаг болох, нийгмийн бүх төлөөллийг аливаа бүтэц, сонгуульдаа тэгш оролцуулдаг байх, бүх шийдвэр үйл ажиллагаа нь байнга олон нийтэд нээлттэй ил тод болгох, хариуцлага хяналтын тогтолцоог бүх шатанд сайжруулж шинэчлэх их ажлууд АН-ын гишүүд бидний өмнө байна. Намын Их хурлаа яаралтай хуралдуулж энэ бүгдийн эхлэлийг тавих боломж бидэнд байгаа. Намын Их хурлын бэлтгэлийг хангах ажлын хэсгийг ч олон нийтийн оролцоотойгоор, төлөөлөлтэйгөөр байгуулахаас энэ ажил эхлэх ёстой.

Ардчилсан намын бүх гишүүд намын Их хурлыг хуралдуулахын төлөө үгээ хэлцгээе, намын Их хурлыг хуралдуулахыг шаардаж байгаа залуучууд нэгдэж намаа шинэчилцгээеАрдчилсан намаа дотоод ардчилалтай болгоцгооё.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4457

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%