АИ-92  бензиний үнэ 500 төгрөгөөр буурах боломжтой

2012 оны 10-р сарын 26-нд Шинэчлэлийн засгийн газар болон Монголбанк хамтран шатахууны үнэ тогтворжуулах SIFS  хөтөлбөр баталснаас хойш 2 жил 6 сар өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээр  нефтийн үнэ шалдаа бууж, бусад улсад шатахууны жижиглэнгийн үнэ ч дагаад буурч ирлээ.  Харин манай улсад 1660 дээр очоод гацчихсан АИ-92 бензиний үнийн бүрдлийг тооцож үзлээ.  Угтаа шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр эхэлснээс хойш жилийн дараа монголбанкны ерөнхийлөгч, уул уурхайн сайд хамтарсан тушаал гаргаж хөтөлбөрт зарим өөрчлөлт нэмсний дотор дараах нөхцлүүд багтаж буй.

 

 

Өөрөөр хэлбэр хилийн үнийг 6 сарын хоцрогдолтой ч борлуулалтын үнэд тусгаж явах, бүрдэлтийг олон нийтэд тогтмол мэдээлэх ёстой юм. Үнэ өөрчлөгдөөгүй байгааг машинаар хахсан хотынхон маань түгжирч барсан бензинээ очиж дүүргүүлэхэд 1660 төгрөг литр тутам төлдөг тул сайн мэдэж байгаа. Харин үнэ бүрдэлтийн талаар бол уул уурхайн яаман дахь 2014 оны 7, 8-р сарын шатахууны үнэ бүрдэлт гэсэн дараах мэдээллээс өөр тогтмол мэдээлэл гэхээр юм олдсонгүй.

 

 

Иймд үнэ тогтворжуулах хөтөлбөр үйлчилж эхлэсэн 2012 оны 11-р сараас өнгөрсөн сар хүртэлх АИ-92-ийн үнэ бүрдлийг ОХУ талын экспортын үнийн мэдээ, монгол улсын гаалийн статистик, тээвэр борлуулалтын зардал зэргийг ашиглан дахин тооцож үзэв. Монголбанкны цахим хуудсанд үнэ тогтворжуулах хөтөлбөр 2014 оны 4 сараас хойш үнэлгээний тайлан гаргаагүй, нэгдсэн тайлан байхгүй, 2015 оны 1 сараас гааль, онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу 1441 төгрөгөөр доллар авч шатахуун худалдан авсан, мөн 3,8 хувийн хөнгөлөлттэй зээл хэрэглэсэн хугацааг 2014 оны эцэс хүртэл гэж тооцов. 

1660 төгрөг = Хилийн үнэ*Валютын ханш + Тээврийн зардал + Зээлийн хүүгийн зардал + Борлуулалтын зардал + Улсын татвар + Шатахуун импортлогчийн ашиг

 

гэсэн тэнцэтгэлд хувааж графикыг уншина уу. Эндээс мэдэгдэж байгаа “Хилийн үнэ*Валютын ханш + Тээврийн зардал + Зээлийн хүүгийн зардал + Борлуулалтын зардал” гэсэн хэсгийг хасаж  “Улсын татвар + Шатахуун импортлогчийн ашиг” гэсэн хэсгийг хамтад нь бодож гаргасан буй. Жишээ нь хилийн үнэ үнэ тогтворжуулах хөтөлбөр эхэлсэн үеийн даруй талтай тэнцсэн өнгөрсөн 3-р сард

Литр тутам 1660 төгрөг = Хилийн үнэ 935,49төг + Төмөр зам 12,41 төг + Авто тээвэр 0,012 төг + Зээлийн зардал 14,03 төг + Борлуулах үйл ажиллагааны зардал 136,26 төг +  Улсын татвар болон ААН ашиг 561,79 төг

гэсэн үг. 

 

 

Дээрх графикийг арай өөр хэлбэрээр илэрхийлж ингэж харж болно.

Улбар шар хэсэг(зөрүү) буюу 2012 оны 11 сараас 14 оны эцэс хүртэл улсын татвар болон ААН ашиг нэмэх харагдаж байгаа ч нөгөө талаас 1441 төгрөгөөр валют зарж, хөнгөлөлттэй зээл олгоход улсаас зардал гарсныг мартаж болохгүй.  Мөн, жишээлбэл валютыг 1441 төгрөгөөр  2014 оны 12 сар хүртэл тооцох ёсгүй, хөтөлбөр 2014 оны 8 сар хүртэл л үргэлжилсэн зэрэг мэдээллийн зөрүү байвал холбогдох байгууллагууд өөрсдөө тайлан гаргамаар байна. Энэ тэмдэглэл бүгд НЭГ ЛИТР-ийн нэгжээр яригдаж буй, нийт орон даяарх хэрэглээний хэмжээнд үүнийг тусгаж байж тооцоо гүйцнэ. Энэ удаагийн тэмдэглэлийг нэг литрийн үнэ бүрдэлтийн сэдэв дотроо хязгаарлая.

 

4-р сарын 5-нд телевизээр цацсан бичлэгтээ ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодорхой тоо хэлээгүй ч шатахууны үнийн зөрүүг татварт авч, цалингийн нэмэгдэл болгоно гэж ярьсан. Тэрний өмнө чуулганд хэлсэн үгэндээ  эдийн засгийн гол гол макро үзүүлэлтийг нэгтгэн боловсруулж нийгэмд тогтмол мэдээлж байх саналыг дэвшүүлснийг эндээс уншиж болно.  Хөтөлбөрт хэдийг зараад, хэзээ болиод, одоо хэдийг татварт аваад, хэд нь хэнд цалин болж очих вэ? Түмэнд хандаж тоогоор биш бараг шүлгээр бодлого, тайлан тавьдаг нь тоо ойлгохгүй гэж дорд үздэгийх үү, өөрсдөө ойлгодоггүйгийх үү, тун чиг уяхан гэнэн цагаан олныг харанхуйд үлдээх зориудын бодлого уу... төөрөлдсөн иргэн бээр чадан ядан тооцоо хийж хүргэв.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5564

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%