Нийтлэл 04 сарын 28, 2015

ИРГЭНИЙ НИЙТЛЭЛ- 'Оркууд'

Машиндаа суухаас өмнө тамхилж зогстол, нэг хүүхэн гарах замыг минь таглаад машинаа тавьж харагдав. –“Гүйээ, энэ яадаг дурак вэ ? гээд ухасхийх гэтэл гэр ойр, дөхөөд буудаг ажлын залуу : –“Та болио, амны гарз ,өөрөө ухраад гар л гэнэ. Наадах чинь харваас Орк байна” гэдэг юм байна. Би сайн ойлгосонгүй, шууд гүйж очоод –“Би гарах гэж байна, жаахан урагшилчих ,зөндөө зай байна” гэтэл. –“Хуцалгүй, өөрөө ухарч мухраад гарахгүй юу... “ гээд аймшгийн муухайгаар над уруу ширвэхэд нь айсандаа юм хэлж чадсангүй. Ажлын залуугийн элэг нь хөших нь нээ, миний шоконд орсон царай мэдээж инээдтэй байсан л байлгүй.

 

Замдаа би Оркуудын талаар нэлээд мэдээлэлтэй боллоо. Хөдөөнийхнийг хэлдэг юм гэнээ, “Бөгжний эзэн”  гэнэ үү нэг хүүхдийн  кинон дээр гардаг дүр юм байх. Маргааш амралтын өдөр юм чинь гээд хүүгээсээ киног нь гуйж үзэв. Ээ бурхан минь, хүнийг, тэр тусмаа элэг нэгт Монгол ахан дүүсээ ингэж нэрлэж, ингэж доромжилж яаж болноо?

Болоод  байна, чадаад  байна. Өнөөдрийн хүүхэн жишээ нь, ингэж хэлүүлэхдээ таарсан амьтан, яадгийн больж, жаахан урагшилчхад  болчих юмыг заавал намайг тамлаж нааш цааш холихуулж мах иддэг (энэ Оркууд махнаас лав өөр юм иддэггүй байх), тэгээд тэр над уруу харсан харц нь хүртэл ойролцоо гэх маягийн инээдтэй юм бодсоор өнгөрөв.

 

Харин нэг мэдэхнээ миний Монгол хэлний сан нэг шинэ үг, ойлголтоор аль хэдийнээ баяжжээ. Гудманд өчнөөн сайхан хувцасласан мөртөө нус, цэрээ ХАР, ХУР хийтэл нийнэ.- “Аан муу Оркууд”Ногоон гэрэл асмагц, чагнаалаа орилуулна.-“Оркууд л биз”Үүрийн таван жингээр ирчээд, буугаад жижүүр сэрээнэ гэж байхгүй, чигнаалдаад чигнаалдсаар хавь ойрыг, нялх нойтонгүй сэрээх.-“Мэдээж Оркууд” Болохгүй газар машинаа тавьж ачуулчихаад, хүний эрх ярьж, ичих нүүргүй, төр цагдааг шүүхэд өгнө гэж байдаг. –“Хууль журам уландаа гишгигч аймшигт Оркууд”

 

Жаахан соёлгүй гэх юмуудаа, нэг тийм хотын амьдрал, хэв маяг мэдэхгүй эсвэл боловсрол тааруухан хүнийг –“Зайлуул, малын захаас холдож үзээгүй юм” гэдэг байсан шиг санах юм. Одоогийнхоор бол –“Зайлуул, Орк юм шдээ “ гэсэнтэй агаар нэг хэллэг байждээ.

 

Эхнэр хүүхэдтэйгээ лифтэнд суух гэтэл нэг залуу тамхи баагиулсаар гарч ирэхэд нь би үнэхээр тэссэнгүй:-Юу бэ, энэ жижигхэн битүү юманд, би одоо хүүхэдтэйгээ яах болж байнаа, хэдэн хором тэвчиж болсонгүй юу,  орон сууцанд тамхи татахыг хориглосон хууль гараа биз дээ гэж ирээд л  урсгаад хаячихлаа.  –“Чаддаг байж, хууль мууль донгосч хуцаач, алышүү муу чац.... га минь!! “ . 8 настай хүүгийнхээ хажууд муухайгаар дуудуулсандаа биш, үнэн юм хэлсэнд нь бантаад дуугарч чадсангүй, энэ удаад Орк залуугийн зөв байв. Хэрэгжүүлж чадахгүй бол хууль баталж, төрийн нэр бүү унагаач эрхэм Оркуудаа. Эрүү цагаан болжмор нь жиргээд л байна гэдэг шиг хийсэн юмтай харагдах гэж битгий хуулийн нэрийг гууль болгооч эрхэм Орк гишүүн ээ... Би энэ явдлаас хойш олон юм ярьж, оркуудын ад болохоо болив. Олон юм донгосч байж Оркын гарт амь үрэгдэнэ, яршиг цаашаа.

 

Мээрлот дарсны амтыг бишригч нэгэн Орк ,өмнө минь суугаад виноны  тухай мэдэмхийрч  байна. Уг нь бол Мэрло гэж дууддаг юм л даа, Монгол хүн айргаа бол одоохондоо мэдэх байх дарсны хувьд бол ай мэдэхгүй, ядахдаа эхлээд нэрийг нь зөв дуудчихвал болох нь гэх хавьцаа. Улаан луувангаас өөр амттан идэж үзсэн болов уу гэмээр улаа хацарласан нөхдүүд миний элгийг хөшөөх хошин шог. Сүүлдээ инээдэм ханиадам болох,  заримдаа уурламаар, уйлмаар болох юм.

 

Ингэхэд байнаа, хүн хэлэлтгүй би чинь өөрөө Орк юм шүү дээ. Зуны 3 сар говийн голио  болтлоо эмээ, өвөө дээрээ хурга ишиг, унага тугалд  гүйдэг, татдаг, морддог байлаа. Мунхаг намайг хаяад эрхэм уншигч өөрөө  өөрөөсөө асуудаа? Өвөө, эмээ чинь малын бэлчээрт байсан уу? За, хамаагүй хүрээний түшмэл байж, хүрээнд морилсон тайжийн гаралтай байж. Малгүй, малын бэлчээр мэдэхгүй түшмэл,тайж Монголд байсан уу? Ингээд л бид бүгд малын бэлчээрээс холдож үзээгүй нөхдүүд, эсвэл тэднээр хүмүүжүүлсэн болж  байгаа юм.

 

Жинхэнэдээ бол миний нэг найз:”Намайг тэмээгээ хариулаад, хацраа хайруулаад тэшүүлж явахад гадаадад сургуульд явах боллоо гэж аймгийн төвөөс хүмүүс ирээд ,тэгээд би энд “ гээд яралзсан цагаан шүдээ гаргаад тачигнатал инээдэгсэн. Хаана гээч? Ейл. Багш нар нь:- “Монголчууд та нар, уудам талд амьдардаг болоод тэр үү, хөх тэнгэрийн ивээлд гээд энэ үү? Манай сургуульд толгой цохиж байна, цахиур хагалж байна” гээд л тэмээчин найзыг минь үгээ олохгүй магтах, би омогших. Угтаа бол яг тэр малын бэлчээр дээр, яг тэр уудам талд Монгол хүн боловсордог юм.

Одоо харин яачхав? Яагаад Оркоороо дуудалцаж, нэг нэгнийгээ үзэн ядах болов?

 

 

Г.Отхон

Сэтгэгдэл бичих

    • эгийй
    • 2018-12-04

    хөдөөнийхөныг орк гээгүйэ соёлгүй ёс суртхуунгүй ёс зүйгүй хүнийг орк гэнэ үүнд томоос хууль энээ трэ хэрэгжүүлдэггүй жижгээс шүлс нус цэрээ гадуур хамаагүй хаяж хогооч хогийн саванд хийж чаддгүй хүмүүсийг хэлж байгаа юм. хөдөө амьдравал дасан зохицох чадвар сайтай хүн гарч ирнэ гэвч тэнд хээр талд хотын соёлин талаар ярих боломжгүй байгаа бс тэр хээ хаагүй хэл яриа гээд олон зүйл хотод орж ирээд гологддог гэхдээ заавал голлогддог бишлдэ ухаалаг хүүхдүүд зөндөө бий ёс суртхуун сайтай сүүлд хэлсэн таны хөдөө жинхэнэ боловсрон гэдэгтэй санал нийлэхгүй байна хүн хичээвэл хаан ч боловсрон харин тэнд байгалиг сөрж байгаль цаг уурт ажиралгүй түүнд дасан зохицол чадвартай болно.

arrow icon