“Харанга”-аар овоглосон Лхагвасүрэнгийн тухай А-Я

Хэд хоногийн турш ганцхан дууг л мянгантаа сонслоо. “Хайртай гэхээсээ өмнө” Сэтгэлд тэгтэл хүрсэн энэ дууг “Харанга”-ын Лхагвасүрэн дуулжээ. Дуулахын тулд төрсөн энэ хүний талаар бичих юмсан гэж бодлоо. Түүнийг зөвтгөхийг эсвэл буруутгахыг хүссэнгүй. Орлох дуучин Монголд байхгүй учраас хүндлэх хэрэгтэй.

Аяа. Ойр дотныхондоо Аяа гэж дуудуулдаг энэ дуучныг анх 1991 онд “амьдаар” нь харж билээ. Харангын тоглолт Дарханд болж, “Шүүдэр цэцэг”-т дурласан тэр үед би 7-р ангийн сурагч байлаа. Дэндүү гоё дуунуудыг урт буржгар үсээ задгай тавьж, толгойгоо эрээн алчуураар ороосон этгээд залуу дуулж байсан нь Лхагвасүрэн байсан юм. Тэр дуулахдаа нүдээ анина. Түүнийг нүдээ анихаар дууных нь үг миний өмнүүр дүрс, зураг, салхи, цэцэг болж жирэлзэн өнгөрч байлаа.

Бодол. Ядрах цагт нөхрийн чанар танигдана гэж. Лхагвасүрэнгээс олон найз нөхөд, алга нижигнүүлэн ташин магтан сайшааж байсан хүмүүс нүүр буруулсан. Гэвч “Ганц худаг”-т хоригдож, сэтгэлээр унаж явахад нь Монголын алтан үеийн олон сайхан ардын жүжигчид батлан даалтад авах хүсэлт хүртэл гаргаж байсан.

Виз. Хар тамхины хэргийн үеэр Лхагвааг “10 жилийн визтэй юм байж гадагшаа гарчихаач” гэж зөвлөсөн хүн олон байсан. Харин тэр “Эх орондоо л байвал шоронд байсан ч яахав” гээд тоогоогүй. Тэр өөрийнхөөрөө л амьдардаг.

Гэр бүл. Лхагваа гурвын гурван нялх үрээ ганцаараа тэжээх гэж яаж зовсныг мэддэг болохоор ээждээ хамгаас илүү хайртай. Түүний ээж Д.Дашцэрэн МУ-ын онц холбоочин, радио телевизийн тэргүүний ажилтан, бас шаггүй зохиолч. Дашцэрэн гуай “Харангаар овоглосон хүүгийн ээж” нэртэй дурдатгал бичиж хэвлүүлжээ.

Дөч хүрсэн эр. Лхагвасүрэнгийн хувьд олон ч зүйл үзэж, бишгүй л алдаж онож явсан. Харин одоо “тогтуун” амьдрах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн бололтой.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2009 оны наадмын өмнө уучлалын зарлиг гаргаж зарим хүмүүсийг сулласан ч тэдний дунд Лхагвасүрэн байсангүй. Ард түмэн, Лхагвасүрэн өөрөө ч уучлалын зарлигийг битүүхэн хүлээж байсан учраас энэ явдал түүнд төр төмөр нүүртэй гэдгийг мэдрүүлсэн байх. Харин ерөнхийлөгч суудлаасаа буухын өмнөхөн дахин зарлиг гаргаж дуучин Х.Лхагвасүрэнд уучлал үзүүлсэн билээ.

Жаргал даахгүйн зовлон. Ийнхүү хугацаанаасаа өмнө суллагдаад удаагүй байхдаа Эрдэнэтийн "Уурхайчин" соёлын ордонд зохиогдсон хамтлагийнхаа 20 жилийн ойн шоу тоглолтын дараа автын осол гаргав. Олон хүн түүнийг “хайр даасангүй” гэж буруутгасан. Харин дотныхон нь хоригдож байхдаа даамжирсан нүднийх нь өвчнөөс боллоо гэж байв. Хараа муутай байтугай эрүүл нүдтэй хүн шөнийн гялбасан гэрэлд харах орчин хязгаарлагддаг нь үнэн шүү.

Зурдаггүй хүний дэргэд Лхагвасүрэн бол зураач. Түүний нуугдмал авъяас бол зураг зурах. Ялангуяа морь, хүн, хөргийг сонирхогчийн түвшнээс хамаагүй дээгүүр зурдаг.

Их зантай. Өмгөөлөгч нь хүртэл түүнийг ингэж тодорхойлсон. “Анх хар өнгийн савхин хүрэм, өмдтэй, том цагирган ээмэг зүүж, эрх эргүүлсэн, үг яриа нь их зантай залуу ирж байсан. “Ноён өмгөөлөгчөө” гэж харьцахад нь хүнд санагдаж байснаа нуух юун. Харин дараа нь хүүхдийн гэмээр гэнэн сэтгэлтэй, хүмүүст үнэн сэтгэлээсээ тусалдаг, сайн залуу гэдгийг мэдэж билээ” гэжээ.

Клип илүүдэх цорын ганц дуучин бол Лхагвасүрэн. Түүнийг дуулахад амьдралын нандин мөчүүд, хайртай хүмүүс минь аяндаа нүдний өмнүүр үзэгдэж, ямар нэгэн дүрсгүйгээр, нэмэлт тайлбаргүйгээр зүрх сэтгэлд хүрдэг. Түүний дуу бүхэл бүтэн кино шиг.

Лемон студийн Лхагвадорж Лхагвасүрэнгийн төрсөн дүү. Бас л ах шигээ өвөрмөц. Гэхдээ тэр авьяасаа дуу хоолойгоороо биш нүд, сэтгэхүйгээрээ урлагт гаргаж яваа залуу. Лхагвадоржийн хайрын сонголт нь Харангын Лхагвасүрэн, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа 2-ыг ураг төрлийн холбоотой болгожээ.

Маск продакшны дэлгэцийн бүтээл "Хайр харуусал" кино 2 дуутай. Нэгийг нь дуучин Агиймаа, нөгөөг нь Харангын Лхагвасүрэн дуулжээ. “Хайртай гэхээсээ өмнө” дуу энэ киног үзэхийг хүсэгчдийн тоог хэд дахин нэмэгдүүлж чадсан. Маскынхан энэ дууг Лхагвасүрэнгээр дуулуулсан нь маркетингийн хамгийн сайн хувилбар байлаа.

Намир цэцэг. Хүн бүр л түүнийг хар тамхины хэргээр шоронд орсон гэж боддог. Түүний шоронд суусан жилүүдтэй Намир цэцэг холбоотойг мэдээд гайхах, харамсах зэрэгцэж билээ. Нойр булчирхайн өвчнөө дарахын тулд хэрэглэдэг байсан энэ цэцэг хар тамхины хольцтой байсан бөгөөд гэрээс нь нэгжлэг хийх үед олдсон нь түүний амьдралд хар түүх үлдээсэн.

Овог. Лхагвасүрэнгийн нэрний өмнө маш томоор бичигдэх нэг л үсэг байдаг. Тэр бол “Х”. Гаргалгаа нь “Харангын” эсвэл “Хатанбаатарын”. Ард түмэнд Харанга хамтлагаар цоллуулж, харин албан бичигт Хатанбаатарын гэж овоглодог. Лхагваа аавыгаа Хамбаа гэж дууддаг байж. Хамбаагаа өөрийн аавыгаа гэж мэдэлгүй олон жил армид хамт бүрээ тоглож сайн найзууд болсон байв.

Өмдөн дээрх зүрх. Хэрэв энэ бичлэгийг дуучин маань өөрөө уншвал “өмдөн дээрх зүрх” гэснийг хараад өөрийн эрхгүй инээмсэглэх бизээ. 4 настайгаасаа л ээждээ хань болж, тэрсхэн дүү нарынхаа хоол ундыг нь бэлдэж, урагдсан өмдөн дээрээ зүрхэн хэлбэртэй нөхөөс хүртэл оёж, гэр орноо цэвэрлэдэг, ер нь л энэ бүхнийг яаж амжуулдаг юм болдоо гэмээр ажилсаг хүү байсан гэдэг.

Первый раз. Тэр анх удаа Оросод тоглохдоо урлагийнхны залбирдаг “Большой театр”-т морилжээ. Монгол наадмын сүлд дуу “Толин хул” Большой театрт цууриатаж ах нарыг гайхшруулсан. Харин Харангын нэрийн хуудас болсон хамгийн анхны дуу нь “Шүүдэр цэцэг” бөгөөд орцны дууны зохиогчоор 3 хүний нэр яригддаг юм билээ. Х.Лхагваа харин Цоожоогийнх гэдэг.

Рок попын ертөнцийг Лхагвасүрэнгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр дуулж эхэлснээр Монголын рок поп урлаг содон, дахин давтагдашгүй өнгө төрхтэй болсон. Рок түүхийг “Харанга”-гүйгээр, харин “Харанга”-ыг Лхагвасүрэнгүйгээр ургуулан бодох гээд үзээрэй. Яг л 1-р утасгүй гитар хөгжим шиг байх болно.

Сэтгүүлч. Уг нь ээлжийн инженер ээжийгээ дагаж телевиз дээр хонохдоо өндөр антентай бор байшингийн хонгил, дээврийг нэг бүрчлэн нүхэлсэнсэн. Хаа нэг бичлэг хийлгэхээр энд ирэхэд нь хүүхэд насных нь нандин дурсамжууд өөрийн эрхгүй тодордог байх. Тэр телевизэд хайртай ч сэтгүүлчдэд харин дургүй. “Сэтгүүлчид хүнээс юм асуухдаа зөв асуухгүй дандаа буруу асууна. Тийм болохоор би тэдэнтэй олон юм яримааргүй санагддаг” гэжээ.

"Тоосго" Лхагвасүрэнгийн хоёр дахь хамтлаг. Хорих ангид хүмүүжиж байхдаа таван хүний бүрэлдэхүүнтэй “Тоосго” хамтлагийг байгуулсан. Энэ хамтлаг урын сандаа 14 дуутай.

Уран бүтээл. Дууг дуулах биш амилуулдаг учраас түүнд Монголчууд хайртай. Тэр “Шүүдэр цэцэг”-ийг “Үгүйлэн санана” гэдгээ “Москвагийн бороо”-той үдшээр мэдэрч, “Сар шиг хол нутгаас” эх нутаг өөдөө “Толин хул” шиг гүйж, “Хайртай” бүсгүйдээ “Хайртай гэхээсээ өмнө” “Бодлын тэнгис”-ээр “Манан”-тай зочилж, “Уучил хайрт минь” “Зүүдэндээ би хайртай” гээд “Бүсгүйн заяа”-ны төлөө “Зөвхөн Монголдоо” тэмүүлсэн юм. Энэ бол түүний “Нарыг хайрла”-сан “Амьдрал” билээ.

Үнэндээ дуулна гэдэг бөөлөхтэй адил. Бөө онгод нь орж бөөлдөг бол дуучин хүн дуундаа орж дуулна. Төстэй л юм. Харанга 2 бөөтэй. Нэг нь Энхманлай, нөгөөх нь Лхагвасүрэн. Аль аль нь үүнийг хүлээн зөвшөөрдөг. Лхагвасүрэн “Би дуулахдаа л бөөлчихдөг” гэж ярьдаг.

Харангын үүслийг яривал 37 жилийн түүх бий. 1977 онд Ц.Чулуунбат, 1978 онд Ц.Энхманлай цэргийн албанд татагдаж, жилийн дараа Я.Одсүрэн ирснээр хамтлагийн үндсэн бүрэлдэхүүн цэргийн “Соёмбо” чуулгад нэгджээ. Харин бөмбөрчин Н.Пүрэвдаш цэргийн чуулгын “хал хөгжимчин” байж. Ингээд гол 4 гишүүн уулзав. Харин Х.Лхагвасүрэн 10 жилийн дараа буюу 1989 онд тус хамтлагт гоцлол дуучнаар орсон. Хамтлагийнхнаасаа 10 дүү “бяцхан жаал” ах нарынхаа хайрыг яаж ийгээд л татаж чадаж. Тэд анхны тоглолтоо 1989 оны 10 сарын 26-нд   “Амьдрал”   нэртэйгээр хийж, “Үхэн үхтэлээ хамт шүү. Түрүүлж үхсэнийг нь амиа бодсонд тооцно"  хэмээн  тангараг тавьсан гэдэг. Үүнээс хэдхэн жилийн дараа даралтат хөгжимчин Х.Булган агсан энэ хамтлагийн бүрэлдэхүүнд орж ирсэн түүхтэй.

Царай зүсээрээ Лхагвасүрэнтэй усны дусал мэт адилхан залуу “Оддын эрэлд” шоу нэвтрүүлгээр гэнэт л гараад ирсэн. Түүний дуулж байгаа байдал, дүр төрх нь яалт ч үгүй Лхагвасүрэнг санагдуулж байсан юм. Авьяас удамшдаг гэдгийг Л.Мандахын дуу хоолойноос ард түмэн мэдэрсэн. Харин хамгийн хайртай бага хүү нь 2013 оны 12 сарын 21-нд буюу Лхагвасүрэнгийн төрсөн өдрөөр мэндэлж, рок аавыгаа уярааж орхижээ. Унаж босож явахад нь үргэлж хамт байсан Ганбаяр хэмээх бүсгүйг Лхагваа гэргийгээ болгож, тэд хөөрхөн бяцхан хүүтэй болсон нь энэ билээ.

Чибулаг. Түүний Өвөрмонголын алдарт хуурч Чибулагтай хамтран хийсэн уран бүтээл бол “Морин хуур”. Чибулаг үг аяыг нь зохиож, ар монголын дуучин Х.Лхагвасүрэнгээр дуулуулсан нь цаанаа л учиртай байсан. Удалгүй дахин нэг бүтээл мэндэлсэн нь “Дэлхийд ганцхан  Чингис хаан” дуу бөгөөд бичлэгийг “Сонор” студид хийж, клипийг Absolute pictures-ынхан бүтээсэн байна.

Шилжилтийн насан дээрээ хүү минь аавтай, бас охин дүүтэй болж энэ бүхэнтэй эвлэрэхэд хэцүү байсныг би ойлгож байсан гэж Лхагваагийн ээж дурссан байдаг. Залуу сайхан насаа наргиж баярлах ч зав чөлөөгүй 3 хүүхдийнхээ төлөө өнгөрөөсөн ээж нь олон жилийн дараа сэтгэл нийлэх ханьтай болоход ухаалаг зан гаргаж, сайхан сэтгэлээр хүлээн авсан хүүдээ ээж инь ихэд баярласан гэдэг.

Эр хүн. Хурдын Отгонбаяр Лхагвасүрэнг ингэж тодорхойлсон юм. “Над шиг ийм үйлдэл битгий хийгээрэй гэж Лхагваа ах залууст хэлэхдээ жинхэнэ эр хүн шиг зан гаргасан. Энэ бол рокуудыг ямар шударга хүмүүс болохыг харуулсан тод жишээ. Харин улс төрд их мөнгө идсэн хүмүүс ямар нэгэн аргаар зугтаад л ял, шийтгэлгүй л өнгөрдөг биз дээ” гэж нэгэн ярилцлагандаа дурджээ.

Юунд ч эмзэглэлгүй амьдраарай. Х.Лхагвасүрэнд ингэж л хэлэхийг хүсэж байна. Түүнийг Ардын жүжигчин А.Долгортой “Энхтайван”-г дуулсныг сонсоод гайхсан. Дуурийн хоолой рок урсгалтай тэгтлээ нийцнэ гэж хэн мэдэхэв дээ. Бас 2010 оны наадмын хүндэтгэлийн концерт дээр Төрийн шагналт Д.Сосорбарам “Үлэмжийн чанар”-ыг эхэлж, 2 дахь бадгийг нь цав цагаан хүрэм өмсөн хар ороолт, хар шил зүүсэн Лхагвасүрэн гарч ирэн дуулахад алдарт Данзанравжаагийн бүтээл энэ хүнээс яаж эгшиглэх бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

Яаж ингэж дуулдаг байна аа? Түүнийг дуулах бүрт би өөрөөсөө ингэж асуудаг. Үнэхээр уулга алдмаар аялгуу түүнээс хөвөрнө. Харанга хамтлагтай холбогдсон 30-аад жилийн тэртээгээс түүний амьдрал илүү “төгс” болж, тэр танигдсан. Бас өөрийгөө таньж эхэлсэн. Бурханаас өгсөн шагнал уу, эсвэл шийтгэл үү, нарт орчлонд ийм хоолойтой төрсөн хүн дуулахаас өөр яах ч билээ. Чамайг дуулахад хүн бүрийн зүрхэнд хөвөлзөх тэр нандин урсгалыг таслалгүйгээр энэ орчлонд дууч шувуухай шиг жиргэж, өөртөө таалагдтал дуулж амьдраарай.  Лхагваа!


avatar
    • с.монхбаяр
    • 103.10.21.*

    унэхээр гайхалтай дуулнадаа харин ч нэг бусад асуудал бол чипух

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4334

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%