АРДЧИЛАЛД ГАРСАН КОНЦЕПЦИЙН АЛДААНУУД ( 2 дугаар хэсэг)

 

Улс тѳр, нийгмийн хүрээнд.

Албан тушаал таваар мѳнгѳний харилцаанд орж нийгмийн баялгийг хѳдѳлмѳрѳѳр хуваарилах шударга зарчим утгаа алдсан.  Энэ нь зах зээлийн эдийн засгийн удирдлагад тѳр, зохицуулах механизмаар дамжуулан оролцохын оронд менежментийн бүр цаашлаад албан тушаалтны рольтой оролцсоны үр дагавар юм болуу гэж харж байна. Энэ бол гарцаагүй концепцийн алдаа.

 

Эдийн засагт таваар мѳнгѳний харилцаа гэж байдаг. Эдийн засгийн гол хуулиудын нэг л дээ, М-Т-М' гэсэн томъёотой. МѲНГѲ-ТАВААР-НЭМҮҮ ѲРТѲГ ШИНГЭСЭН МѲНГѲ гэсэн үг. Энгийнээр тайлбарлахад, хѳрѳнгѳ оруулалт хийнэ, үйлдвэр үйлчилгээ явуулна, шинэ технологи нэвтрүүлнэ, ашиг олно гэсэн л үг. Олсон ашгаасаа эхний ХО-аа нѳхѳѳд үлдсэнээс нь ХО-ын дахин хуваарилалтыг сайн хийж чадвал  М'-Т'-М'' томъёонд шилжиж нэмүү ѳртѳг үүсгэнэ. Манайд болохоор таваар мѳнгѳний харилцаа ѳвѳрмѳцѳѳр яваад байна. Монголын онцлогтой, энэ нь ХО-ыг үйлдвэрлэлд биш албан тушаалд оруулчихаж байгаа тухайд юм. Шинэ технологи авах мѳнгѳѳрѳѳ албан тушаал худалдаж аваад, албан тушаалаа ашиглан ашиг хийчхэж байна. Албан тушаал онцгой таваарын үүрэг гүйцэтгэж байна гэсэн үгДэлхийд хосгүй таваарын үйлдвэрлэл. 

 

Ѳр зээл тавьж байгаад ч болов эхлээд УИХ-д  гишүүнээр сонгогдоод авна, дараа нь давхар сайд хийнэ.  Сонгогдсон гишүүд, алдаагаа далдлах дархлаатай болно, бас албан тушаалаа ашиглаад том тѳсѳл, хэдэн тендер олж авна, ѳр зээлээ дараад бѳѳн ашиг орж ирнэ, бааргаар бол иймэрхүү л хосгүй механизм үйлчлээд байна. Энэ гажуудал доош халдварлан удирдлагын хүрээг бүхэлд нь хамарчих шиг боллоо. Энэ механизмыг ерѳнхийд нь  А-АТ-А" буюу АВИЛГА-АЛБАН ТУШААЛ-НЭМҮҮ АВИЛГА гэж томъёолж  болох юмдаа.

 

Үндсэн хуулийн дордохын 7 хэмээх хоч зүүсэн ѳѳрчлѳлт чухамдаа албан тушаалын бизнессийг дэмжих л далд учиртай байсан юм байна гэдэг ч эндээс ил болж байгаа юм.  Баян ядуугийн хэт ялгарал эндээс л улбаатай. Албан тушаалаар таваар мѳнгѳний харилцаанд орж чадсан нэг нь мѳнгѳѳр наадаж, хоногийн бор хоногт борив бохис хийхгүй хѳдѳлмѳрлѳсѳн бусад нь булууны ясны шѳлѳѳр хооллоод явдаг баян ядуугийн дэндүү их дифференситэй нийгэм ингэж үүссэн.

 

 

Ядуус гэхээр  чухамдаа Улаанчулуутынхны ч тухай яриа биш, шударгаар хѳдѳлмѳрлѳѳд, зүтгээд ч амьдралд нь хүрэлцэхгүй байгаа ѳчүүхэн бодит орлого, ахуйн нѳхцлийн тухай л  хэлээд байна.

 

 

 

Ер нь  бол дээр дор гэх юмгүй, монголд ямарч албан тушаал гүйлгээтэй бараа болжээ, энэ бол факт, албан тушаал-таваараар ашигтай бизнесс хийж байгаа, хийж болдгийн нотолгоо. Ийм биенесст нэгэнт орчихсон хүмүүс энэнээсээ ѳѳрсдийн ухамсраар  гарна гэхэд тун хэцүү болсон юм шиг байна.

 

Тѳрийн удирдлагад улс тѳрийн намын жанжлал (hegemony)  тогтсон.  Нэг намын дарангуйлал халагдаж оронд нь олон намын дарангуйлал орж ирсэн. Улс орны  нийгэм, улс тѳр, эдийн засгийн амьдрал бүхэлдээ нам, фракцын мэдэлд орчихсон нь бодит байдал болсон. Зүй нь бол, намууд нь эрдэмтдийхээ мэдлэгэд түшиглэн, улс орныхоо бодлогыг боловсруулалцаж, хѳгжлийн жанжин шугам, улс тѳрийн угтвар нѳхцлийг бүрдүүлэх чадвартай институци болон явах ёстой байлаа.  

 

Намууд бүлэг, фракциуд сонирхлоороо нэгдэн, ѳвѳрмѳц зохион байгуулалттай далд сүлжээгээр дамжуулан тѳрд суусан олигаархиудыг бѳѳцийлэгч болон хувирчээ. Улс тѳрийн намууд, улс орныг хѳгжүүлхэд түлхэц болох суурь мотивациа алдаж, урвуугаар сааруулагч, чѳдѳрлѳгч хүчин болж хувирсан байна.

 

Монголын тѳр ѳнѳѳдѳр олигааржилтад идэгдэж улмаар эрхэмсэг чанараа алджээ. Тѳрийн түшээд, ѳндѳр албан тушаалтнууд нь бизнесс хѳѳцѳлдѳж хувийн сонирхолоо тѳрийн ажилд шургалуулдаг болжээ. 

Гадаадын хѳрѳнгѳ оруулагчтай гэрээ хийж суухдаа хүртэл надад юу унах юм бэ гэсэн асуулт тавьж мэлрүүлжээ гэж үнэн худал нь мэдэгдэхгүй юм олны дунд яригддаг. АБНЭУ-д томилолтоор явж байсан тѳрийн албан тушаалтан, зочид буудлын хаалганы алтан бариул хулгайлсан, дараа нь нэг шейх нь танай монгол түшмэдүүд их ѳвѳрмѳц соёлтой хүмүүс шүү гэж шоолсон  гэнэ лээ гэж барин тавин ярьцгаадаг. Олны үг ортой ч гэдэг, олон түмэн цуурч ч чаддаг, аль нь ч л байлаа гэсэн ийм яриа гараад байна гэдэг нь ѳѳрѳѳ жижиг зүйл биш юм. Чингисын 9 хѳлт цагаан тугийг сумын наадамд дэрвүүлж, морь нь үргэж булгин тугтайгаа унаж, самарч байгаа Ѳмнѳговь аймгийн Цогтцэцийн наадмаас сонирхогчийн буулгасан  бичлэгийг хараагүй монгол хүн гэж үгүй, тэр чигээрээ сумын ишгэн даргын дэглэсэн хошин шог.

Улс үндэстэн бүр, үндэснийхээ валютийн мѳнгѳн тэмдэгтэд тѳрийхѳѳ билэгдлийг дүрсэлсэн байдаг. Гэтэл манайх? Задгай мѳнгѳн тэмдэгт ( монет)ийг  ямар зорилгоор, ямар бодлогоор, хэний санаачилгаар устгасан юм бол хэмээн эргэлзэж явдаг иргэдийн нэг нь би. Тѳрийн эрхэмсэг чанар талаас нь аваад үзвэл энэ ч жижиг зүйл биш. Энэ мэтээр тѳрийн эрхэмсэг чанарыг алдуулсан баримт олныг дурдаж болно.

Монгол тѳрийн эрхэмсэг чанарыг илтгэн харуулдаг, монголоос ѳѳр аль ч улс оронд байхгүй гайхамшгт уламжлал бол ТѲРИЙН НААДАМ юм. Үнэндээ бол морь, бѳх гэхэд л сүүлийн жилүүдэд тѳрийн эрхэмсэг оршихуйн илэрхийлэл гэхээсээ илүүтэй бохир бизнесс, олигаархиудын зугаа цэнгэл маягийн л юм болох шинжтэй, гашуун ч үнэн нь гэвэл энэ байна.

 

Тѳрийн эрхэмсэг чанарыг буцаан тогтоох чадвар одоогийн тѳр түшигчдэд байгаа юу гэвэл эргэлзээтэй. Тѳрийн эрхэмсэг чанарыг тогтоон баригчид нь мууд идэгдээгүй, хүний ДЭЭД БИ чанарыг эрхэмлэхийн зэрэгцээ тѳрийн дигнитийг ѳндѳрт ѳргѳж явах чадвартай,  ёс зүйтэй хүмүүсийн ажил байх л болов уу.   Тѳрийн эрхэмсэг чанар бол тѳр түшиж байгаа эрхмүүдийн ёс зүйн дадал, тѳрт ёсны уламжлалын илэрхийлэлмөн.

одлогын залгамж чанар алдагдсан. Монголд ардчилсан хувьсгал ялснаар бодлого боловсруулан мѳрдѳх хуучин механизмыг агуулгаар нь үгүйсгэхээс аргагүй болсон нь мэдээж, гэхдээ хэлбэрэтэй нь цуг бүхэлд нь үгүйсгэчихсэн нь методологийн  алдаа байсан. Нийгэм эдийн засгийн хѳгжлийг цогцод нь хараад, засаг барих субьект солигдлоо ч хѳгжлийн бодлогыг ѳѳрчлѳхгүйгээр үргэлжлүүлээд урагш явуулдаг методологийг хэвээр барих байсан. Гэтэл ѳнѳѳдрийг хүртэл, нэг нам нь засагт гаруутаа л үйлдвэржүүлэх бодлого яриад, ХО-аа түүндээ зохицуулдаг, дараа нь ѳѳр хүмүүс гарч ирүүтээ л урьдын бодлогыг бүхэлд нь үгүйсгээд уул уурхай хѳгжүүлнээ, олборлоноо болоод явчихдаг, эргээд ѳѳр нам засагт гарахдаа бүх юмаа орвонгоор нь эргүүлдэг ийм л нэг бодлого гэхэд ч хэцүүхэн юмаар явж иржээ. Урлагаар бол improvisation ч юм шиг. Сценари хийлгүйгээр жүжигчнийг тайзан дээр түлхээд гаргачихаар юу дуртайгаараа, санаанд юу орж ирснээр  явцын дунд авъяасаараа шийдвэр гаргаад, жүжиглээд явчихыг импровизаци гэдэг дээ, яг л түүн шиг. Монголоор бол авд гэдэгтэй утга дүйнэ. Анд мордох гэхээр чоно ч юмуу баавгай ч гэдиймүү тодорхой анг намнахаар бэлтгэлээ базаагаад гарахыг хэлнэ. Авд мордох гэхээр тодорхой бодсон юм байхгүй, юу тааралдсанаа л буудна гээд бэлтгэл муутай гарахыг хэлнэ. Тэхээр манай тѳрчид бол авд мордогчидШийдлийн гэх чамин нэртэй одоогийн засгийн газарт гэхэд л эдийн засаг гэж гурвантаа давтсанаас ѳѳр олигтой мѳрийн хѳтѳлбѳр гэх юм байна уу, тэгэхээр  авд бодолтой л засгийн газар.

 

Тѳрийн бодлогын залгамж чанар алдагдахаар түүнийг дагаад мэргэжлийн залгамж халаа тасарсан. Энэ бол тѳрчдийн улаан гараараа хийсэн, хийсээр байгаа гүн алдаа. Соёл иргэншилтэй орнуудад тѳрд алба хаагч залуус карьер хѳѳдѳг, дараагийн очих албан тушаалаа урьдчилан мэдэж түүнд ѳѳрийгѳѳ бэлтгээд явдаг, алдаа л гаргачихгүй бол тэр албан тушаалдаа гарцаагүй очдог бичигдээгүй хууль үйлчилж дадал болсон байдаг. Салбарын мэргэжилтнүүд мэргэжилдээ ахисаар мэргэжлийн жинхэнэ том эзэд (magnate)  болдог, эндээс мэргэжлийн технократууд тѳрдѳг, бойждог, улс тѳрчид нь тэдэндээ түшиглэж  нийгмийг бүхэлд нь урагшлуулж байдаг, хүчирхэг Герман, хѳгжилт Япон улсуудын жишиг гэвэл ийм.  Монголд энэ харилцаа яг урвуугаар явагдсан. Улс тѳрчид ѳѳрсдийгѳѳ их мэдлэгтэйгээр тодруулж, улмаар жинхэнэ мэргэжлийн инженерүүдийн хѳдѳлмѳр үнэлэгдэхээ больсон. Оюуны хѳдѳлмѳр, мэргэжилтнүүдийн үг үнэлэмжээ алдаж эхэлсэн. Мэргэжлийн удирдлагын бүх тѳвшинд мэргэжилтнүүд биш  улс тѳрчид суудаг болсон, уршгий нь ѳнѳѳдѳр бүх нийтээрээ эдэлцгээж байна.

 

Нийгэмд бадрангуйн тэмүүлэл унтарч, бүх нийтийг хамарсан үл итгэлцэл бий болсоон. Масс жолоодлоггүй болсон. Ардчиллын анхны жилүүдэд, бүх нийтээрээ учраа олохгүй бужигналдаж, хѳлѳѳ олох гэж ядацгаан хэцүү л байсан, гэхдээ л ёстой хѳлтэй нь хѳдѳлж, хѳлгүй нь мѳлхѳж байдаг чадлаараа мэрийцгээж тийм нэг сайхан, нийгмийн бадрангуй тэмүүлэл, урам зориг (enthusiasm) ѳрнѳж байлаа. Ѳнѳѳдѳр, ард олны тэр сайхан бадрангуй чанар унтарсаан. Тѳрийн сүлд ѳршѳѳ хэмээн тѳрѳѳ бурханчлан шүтдэг ард түмний, тѳрдѳѳ итгэх итгэл нэгэнт алдуурчээ, гунигтай л юмдаа. Нийгэм ѳнѳѳдѳр зоргоороо хѳдѳлж байна, мѳрѳѳрѳѳ хѳдѳлж яваа амьдралд маань оролцоод бас үймүүлээд битгий байгаасай л гэж тѳрдѳѳ залбирч байна. Ард түмэн аргаа баржээ.

Хэн чаддаг нь амьдрана гэсэн ширэнгийн хуулиар саяхан болтол явж байсан ард түмэн ѳнѳѳдѳр хэн овсгоотой нь амьд үлдэнэ гэсэн Африкийн зэрлэгүүдийн хуулиар явдаг боллоо

 Иргэдэд, ялангуяа хүүхэд, нялх үрсэд амьд явах баталгаа үндсэндээ алга болжээ. Гутрангуй томъёолол, гэхдээ бодит байдал иймэрхүү л байна.

 

 

Иргэний нийгэм байгуулах нѳхцлийг бүрдүүлж, иргэншилд бодитоор хандаж чадаагүй. Соёл иргэншлийн дээд тѳвшинд очиход замын буудал гэж бий, тэр нь иргэний нийгэм, монголчуудын очих цэг. Монголын тѳр 25 жил очих цэгээ олж харсангүй, баримжаагүй явлаа. Уг нь шинэ Үндсэн хуулиндаа иргэний ардчилсан нийгэм байгуулна гээд тунхаглачихсан байгаа, гэхдээ л иргэний нийгмийг чухалчлахгүй явсаар ѳнѳѳг хүрчээ. Иргэний нийгэм цогцлоох асуудалд үзэл баримтлалын ( conception) алдаа гаргасан. Иргэний асуудлыг нийгмийн халамжын хүрээнд авч үзэн, цалин, тэтгэвэр, халамж, эмнэлэг, цэцэрлэг...гэсэн шүү ойлголтоор хязгаарлаж цаг алдсан. Зүй нь бол иргэний асуудлыг иргэншлийн, соёл иргэншлийн хүрээнд авч үзэх ёстой байсан. Нүүдлийн соёл ахуйгаас суурин соёл иргэншил рүү зүглэж яваа улс орон шүү дээ манайх.  Иргэншүүлэхийн тулд иргэний амьдралын тавлаг орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа хүчтэй явуулах байсан. Ѳнѳѳдѳр улс маань иргэний тавлаг орчны үзүүлэлтээр дэлхийд 120 хавьд жагсаж байна

 

Монгол хүн монголоо алджээ. Даваан дээр таарсан морьтонгууд зѳрѳѳд ѳнгѳрнѳ гэж байхгүй, мориноосоо бууж,  гаанс, хѳѳрѳг зѳрүүлэн алдар нэр, нутаг усаа асуулцан мэнд амраа мэдэлцдэг байсан, ямар сайхан уламжлал байж вэ! НЭР гэдгээс холбоос үүсгэн НЭР ТѲР, НЭР ХҮНД, АЛДАР НЭР, НЭР ЦОЛ монгол хүний ѳндѳрт ѳргѳж явах л ёстой хамгийн сайхан чанаруудыг онцолдог байж, ямар сайхан ёс вэ! Гэтэл ѳнѳѳдѳр, ѳчүүхэн сонирхлоор, ѳшѳѳ авах зорилгоор нэг нь нѳгѳѳгѳѳ зүгээр л НЭРийг нь унагачихдаг болсон, ямар муухай зуршил вэ! Нэг хүний үзэл бодлоо чѳлѳѳтэй илэрхийлэх эрх нь, нѳгѳѳ хүний нэр бүтэн явах үндсэн хуулийн эрхээр хязгаарлагдаж байдаг гэдгийг хэн ч, хэзээ ч уг нь мартах ёсгүй юм. 

Тал дүүрэн билчсэн мал нь эзэнтэй ч юм шиг, эзэнгүй ч юм шиг харагддаг, тавиад алдчихсан малы нь сургийг нэгэндээ гаргаад ѳгдѳг, ойртуулаад, дѳхүүлээд ѳгчихдѳг заншил саяхаан болтол байсан. Гэтэл ѳнѳѳдѳр түргэн машин хѳлѳглѳсѳн малын хулгайчид бэлчээр дээр нь нам нам буудаа л аваад явчихаж байна. Монгол хүний хүн чанар хаашаа алга болчихов! 

Монгол менталитет, толераанс, монгол хүний идентит чанар, дигнити зэрэг ёс зүйн зарчмын чухал асуудлуудыг зах зээлтэй зэрэгцүүлэн ярьж, альхэдийн бодлого хийх ёстой байсан. ЗАРЧИМ ( principle)-ыг маш их ярих байсан, цаашид ч их ярих ёстой зүйл. Зарчимгүй юм гэж даян дэлхийд байхгүй, зарчимд захирагддаггүй хүн гэж байх ёсгүй. Хүний адгууснаас ангид байх хууль гэвэл энэ. 

Африк, араавын орнууд, орос, энэтхэг, манайд л байдаг эрийн эрх давамгайлсан ёсноос гарч, монголчууд эмэгтэйчүүдийн эмансипаци  ярих цаг нэгэнт болсон.

Үгийн эрх чѳлѳѳ гэдгийг бурууд ашиглан монгол хүн монгол хүнээ элдвээр  доромжлох, үгээр үхүүлэх бол энгийн үзэгдэл болсоон. Ялангуяа сонгуулийн сурталчилгааны үеэр энэ үзэгдэл гаардаг баримтаас харахад л эмоци биш, улс тѳржилт, улс тѳрийн далд зохион байгуулалттай хар пиар болох нь нотлогдно. Энд ч тѳрийн зихицуулалттай эрх зүйн орчин гарцаагүй хэрэгтэй санагддаг. Хүнийг ХҮН гэдгээр нь дээдлэх ёсонг хэвшүүлэх цаг иржээ.

 

Дүгнэлт. АРДЧИЛАЛын гэх 25 жилд, засаг ээлжлэн барьсан улс тѳрчдийн гаргасан концепцийн голдуу алдаануудаас үүдэн улс орон бүхэлдээ хямарч, хѳгжлийн том боломжуудыг нэгэнт алджээ. Нийгмийн сэтгэлгээ зэвэрч, ухамсар доройтолд оров. Алдаа бүр ардаа тодорхой эзэнтэй, гэхдээ олигаархижсан тѳрд хариуцлагаа ухамсарлаад, эргэж алдаагаа засаад улс орноо ѳѳд нь татаад явах хүсэл, сэтгэл, эр зориг байхгүй нь ойлгомжтой боллоо. Энийг гагцхүү ард түмэн тѳрѳѳ, үндэс тулгуураар нь тѳрчидтэй нь цуг шинэчлэж чадвал л хийх боломж гарна. 

Олигаархиудын дарангуйллыг ѳнгѳ заслаар биш, ард түмний хувьсгалаар, сонгуулийн аргаар л ѳѳрчилж чадна. Гэхдээ үгэнд автаж,  ганц нэгээр нь огцруулах санаа сэдэж, эсвэл нийт зон олноороо хүнд байгаа ѳнѳѳ үед гудамжны хѳдѳлгѳѳн үүсгэж, жижиг юмаар хѳѳцѳлдѳж  бужигнуулах нь ард түмэнд л лав ашигтай зүйл биш.  Харин 16 он хүртэл сонгогчид ѳѳрсдѳѳ сайн боловсорцгоож, том үйлсэд биеэ бэлтгэж, зохион байгуулалтанд орцгоож тѳрд бүхэлд нь ѳѳрчлѳлт оруулхуйц зѳв сонголт хийх нь л чухал гэсэн дүгнэлт,  энэхүү нийгэм зүйн судалгаанаас урган гарч байна. Нийгмийн хувьсгалт ѳѳрчлѳлтийг мѳнгѳ биш гагцхүү ХҮН хийж чадна.

 

Жич. Судалбарын эхний хэсэг нийтлэгдсэний дараа олон уншигч комент бичиж сэтгэлийн урам хайрласанд сэтгэл хангалуун байна. Уншигчдын шүүмжийг хүлээн авч энэ хэсгийг дахин боловсруулаад та бүхний гарт хүргэж байна, тогтоон соёрхно уу!

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4457

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%