ДЭЛХИЙН ТҮВШИН БИШ МОНГОЛЫН ТҮВШИН САЙХАН АМЬДРАЛД ХҮРГЭНЭ

Хөгжил ба амьдралын хэв маяг

Хүмүүс урьд нь ѳөрсдѳѳ хийдэг байсан зүйлсээ дэлгүүрээс авдаг болохыг улс орны хѳгжил гэнэ гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй, хөгжихийн хэрээр худалдаж авах боломжтой бараа үйлчилгээний тоо улам л ихэсдэг. Хөгжлийн оргил гэгддэг өнөөгийн Токио эсвэл Нью-Йорк шиг хотод юу л бол юуг худалдаж авах боломжтой бол 13-р зууны нүүдэлчин айл дийлэнх хэрэглээгээ өөрсдөө бүтээдэг байсан. Сурах бичигт мэдээж ингэж тайлбарладаггүй ч орчин үеийн амьдралын хэв маягийг эрт дээр үетэй харьцуулвал гол ялгаа нь ердѳѳ л энэ.

Өнѳѳдѳр бид хоол хүнс, хувцас хунар, орон байрнаас эхлээд киноны билет, брэндийн цүнх, их сургуулийн хичээл гэх мэт ихэнх хэрэгцээгээхудалдан авцгаадаг. Ингэхдээ iPhone шиг өөрсдийн хийж чадахгүй зүйлсээс гадна, өөрөө чадах энгийн зүйлст ч мөнгөө үрцгээдэг нь нэг талаар хачирхалтай ч гэмээр. Жишээ нь, гадуур хооллох нь өөрөө хийж идэхээс үнэтэй ч бид дахин дахин хоолны газруудад орсоор байдаг. Хоолны хамтаар мэргэжлийн тогоочийн гаргасан амт, цагаа хэмнэх боломж, тав тухтай орчин зэрэг “илүү мөнгө төлөхөд” харамсахааргүй үнэ цэнийг  хамтад нь худалдан авдгаас тэр. Хэрэв гадуур хооллох нь бидэнд ямар ч ашиггүй байсан бол хэн ч илүү мөнгө үрэхийг хүсэхгүй байсан. Зах зээл дээр зарагдаж буй бусад бүтээгдэхүүн үйлчилгээнүүдэд ч бидний хэрэгцээг хангах ямар нэгэн үнэ цэнэ байдаг учраас л бид бусдын хөдөлмөр шингэсэн нэмүү өртөгт илүү мөнгө төлцгөөдөг.

Ийнхүү хүний хэрэгцээг дагаад өдрийн хоолноос эхлээд хувцас хунар, үзвэр үйлчилгээ, мэдлэг боловсрол гэх мэт зүйлс зах зээлийн арилжааны бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдсээр, эдийн засаг бүрэлдэн тогтдог. Тэгээд үйлдвэрлэл нэмэгдэж, эдийн засаг өсөхийн хэрээр улс орон хөгжиж, иргэд нь хангалуун амьдралд хүрцгээнэ...Энэхүү системд бусдын хэрэгцээг хангах үнэ цэнэтэй зүйл бүтээх явцыг бизнес, харин ижил төстэй бизнесүүдийг нийлүүлээд эдийн засгийн салбар, салбаруудын бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэл идэвхжихийг Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлт гэж бид нэрлэдэг. Эдийн засгийн хэмжээ тэлж, нэг хүнд ногдох ДНБ өссөнөөр улс орны амьдралын түвшин сайжирна гэдэг зүй тогтлыг арай өөр өнцгөөс харвал нэг иймэрхүү.

 

 

Хөгжил ба боломж


Хүн бүгдийг өөрөө хийх биш, харин хамгийн сайн чаддаг юмаараа үнэ цэнэтэй зүйл бүтээн орлого олоод, өөрт хэрэгцээтэй бусад зүйлсээ худалдаж авах нь орчин үеийн хөгжсөн амьдралын хэв маяг. Ийм амьдралд шилжсэнээр хүмүүс илүү мөнгөтэй, түүнийгээ үрэх цаг зав болон худалдаж авах боломжтой бараа үйлчилгээний өргөн сонголттой болжээ:

  • Чөлөөт цаг
    Өөрөө бүгдийг хийдэг малчин хүний хувьд 7 хоногт 7 өдөр, жилд 365 хоног гэсэн хуваариар өглөөнөөс орой хүртэл цаг наргүй ажиллахаас өөр аргагүй гэдгийг хөдөө явж үзсэн хүн бүр мэдэх байх. Ажлын 8 цаг, хагас бүтэнсайн, ээлжийн амралт  гэсэн ойлголтууд хөдөөний амьдралд байдаггүй. Хуваар нь тодорхой чөлөөт цаг бол орчин үеийн амьдралын хэв маягийн нэг хэсэг ба тогооч, дуучин эсвэл програмист гэх мэт  нэг чиглэлээр нарийн мэргэшээд, түүгээрээ хоолоо олж иддэг хүмүүст олдсон эрх чөлөө.
  • Өндөр орлого.
    Хангалуун амьдралтай дундаж давхарга гэдэг нь хүн төрөлхтний хэдэн мянган жилийн түүхийн сүүлийн үед л хамаарах саяхны ойлголт. Олон зүйлд сатааралгүй нарийн мэргэшсэн нэг чадвараараа л орлого олох боломжтой болсны ачаар хаад ноёдоос бусад нь бүгд ядуу амьдардаг байсан үе ард хоцорчээ. Жишээ нь өнөөдөр Apple-ийн хэдхэн инженер залуус компьютер дээрээ сууж байгаад л Монголчууд бид улсаараа бүтэн жилд үйлдвэрлэх хэмжээний баялгийг ганцхан сар хүрэхгүй хугацаанд л бүтээчихэж (тэр хэмжээгээрээ орлого олж) байна. Тэднийг хөдөөний жирийн малчин хүнээс их хөдөлмөрлөдөг гэж үзэх аргагүй ч орчин үеийн нарийн мэргэшил, хөдөлмөр хуваарилал, өндөр технологийн нийгэм бага хөдөлмөрөөр их зүйл бүтээх энэхүү боломжийг бий болгодог.
  • Олон сонголт
    Мөнгөтэй бөгөөд завтай бол юу хийж болох вэ? Хоол идэх, кино үзэх, үсээ сэнсдүүлж, хумсаа засуулж, хувцсаа угааж индүүдэхээс эхлээд сансарт жуулчлах, хүйсээ солиулах гээд хүний санаанд орох бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ өнөөдрийн зах зээл дээр бий. Бидэнд тал нутаг, 13-р зуун, нүүдэлчин соёл гээд уламжлалт амьдрал маань цаанаа л нэг гайхамшигтай сайхан санагддаг ч, хөгшчүүлийн ярьдаг юм ховор бага насных нь  үеийнх нь амьдралын дурсамжийг бид сайн ойлгоогүй байдаг юм шиг. Өмсөх гуталгүй хөлийнхөө улыг хагартал хөл нүцгэн алхаад уйлах ямар байдгийг хямдхан углаашнууд төрөл бүрээрээ захын лангуун дээр овоолоостой үеийн бид мэдэхгүй. 

Ийнхүү орчин үеийн амьдралын тав тух, сонголт боломжуудаа бодоод үзэхээр хөгжил бол бидний хүсэх зүйл мөн гэдэгтэй маргах хүн цөөн байх гэж бодно. Нүүдэлчин амьдрал руугаа буцаж очооод, зөвхөн өөрсдийн хийж чаддаг зүйлийг л хэрэглэж, цаг наргүй зүтгэж эд зүйлээр ховор тарчиг амьдрахыг одоо үе хүсэх үү? Өнгөрсөнд сайн сайхан зүйл олон бий ч, ирээдүйд илүү сайхан амьдрахыг хүн бүр хүснэ. Тэгэхээр хөгжил ямар боломжийг бий болгож байгаа, түүнд хэрхэн хүрэх арга замын талаар хамтдаа бодоод урагшаа явах нь л Монголчууд бидний цаашдын сонголт биш гэж үү?

 

 

Хөгжил ба бидний бүтээх чадвар

Өнөөдөр Улаанбаатарын гудамжинд хямдхан ТҮЦ-нээс эхлээд Louis Vuitton хүртэлх сонголтууд бий. Даяарчлалын ачаар Монголчууд бид Америк компьютер, Япон машин, Солонгос гар утас, Франц сүрчиг, Англи хувцас, Итали гутал, Герман пиво...гээд л дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн юу л байна, бүгдийг хэрэглэх сонголттой болжээ. Хэрэгцээг маань хангах зүйлсээ авахын тулд бидний халааснаас гадагш урсах мөнгө ихэссээр байгааг сүүлийн 10 жилд 5 дахин өссөн импорт буюу гадаадаас авдаг бараа үйлчилгээний хэмжээ харуулж байна. Улмаар долларын ханш жаахан чангарахад л “Юмны үнэ өслөө, цалин тэтгэвэр нэм, амьдрах аргагүй боллоо” гэцгээх нь гуравхан сая Монголчууд бидний саналаа нэгтгэж чаддаг цөөхөн зүйлсийн нэг болоод байгаа, харамсалтай нь. Тэгвэл бид хэдий болтол ингэж амьдарцгаах вэ?

Дэлгүүрээс ингээд бүх юмаа авчих амархан, харин ямар мөнгөөр авах вэ гэдэг хэцүү. Тэгвэл Монголчууд бусдад хэрэгтэй юу бүтээж яаж орлогоо олж байна вэ? Үүнийг мэдэхийн тулд экспорт буюу гадагш нь зарж буй зүйлс маань юунаас бүрдэж байгааг харвал (2014 оны эцэст):

  • 90%: Уул уурхайн бүтээгдэхүүнүүд
    (Зэс 45%, Нүүрс 15%, Газрын тос 11%, Төмрийн хүдэр 8%, алт 7%)
  • 6%: Нэхмэл бүтээгдэхүүн
  • 4%: Арьс шир гэсэн малын гаралтай бүтээгдэхүүнээс эхлээд мод модон эдлэл гэх мэт экспортын 1%-аас хэтэрдэггүй бусад бүх зүйлсийн нийлбэр.

Эндээс харахад дэлхийн жишгээр хэрэглэдэг ч, өөрсдөө бүтээх чадваргүй одоогийн тэнцвэргүй байдлыг нөхөж байгаа ганц л зүйл нь өвөг дээдэс, магадгүй бурхны хишиг гэж хэлж болох байгалийн баялаг маань болж таарч байна. Харин хэрэглээг маань тэтгэх орлогын гол эх үүсвэр болсон уул уурхай маань цаашид бид бүгдийн амьдралыг сайжруулна гэхэд доорх эргэлзээнүүд төрнө:

  • Уул уурхай үргэлж савласаар ирсэн, одоо ч савлагааг нь бид мэдэрч байна, цаашид ч савласаар л байх болно. Үүнийг дагаад эдийн засаг, Монголчуудын амьдрал савлаад л байх уу?
  • Ажиллах хүчний 5% хүрэхгүй хэсгийг л хамaрдаг, нэмүү өртөг бага шингэдэг гэгддэг уул уурхайн салбар үлдсэн 95%-ийн Монголчуудын амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
  • Уул уурхайгаас олох орлогын төлөө хэр хэмжээний байгаль орчноо бид золиослох вэ? Эргээд нөхөн сэргээж чадах уу? Энэ нь бидний амьдралд нөлөөлөх үү ?
  • Ер нь энэ OT, TT гээд гол найдвар болсон төслүүдээ хараад байхад бидэнд яг одоо байгаа уул уурхай маань ч олигтой урагшаа явж чадах уу?

Ер нь бусдад хэрэгцээтэй үнэ цэнэтэй зүйлийг (нэмүү өртөг) л бүтээхгүй бол хувь хүн, компани эсвэл улс аль нь ч бай орлого олохгүй, сайхан амьдрахгүй гэдэг нь өнөөгийн хорвоо ертөнцийн хатуу жам ёс. Бүтээсэн үнэт зүйлийнхээ л хэмжээгээр ашиг олж, амьдралын түвшнээ сайжруулах энэхүү тогтолцоонд бид сайхан амьдрахын тулд юу хийцгээх вэ?

 

 

Хөгжил ба өрсөлдөөн: Монгол түвшин

Даяарчлал хэзээ ч байгаагүй өргөн сонголттой цуг аль ч үед байгаагүй ширүүн өрсөлдөөнийг ч мөн авчирсан нь хэрхэн үнэт зүйл бүтээж орлого олох вэ гэдэг асуудлыг улам хэцүү болгож ирлээ. Бидний хөгжлийн жишээ болгож ярих дуртай Финлянд улсыг дэлхийн тавцан дээр гаргаж ирсэн Nokia компани өрсөлдөж чадахаа болин, хэдэн тэрбум доллараар хэмжигдэх алдагдлаа нөхөх аргаа ололгүй 25 мянган ажилтнаа "халж", Microsoft-д гар утасны бизнесээ зарсан нь үүний нэг баталгаа. Гар утас=Nokia байсан үе ингэж дууссан шиг, зургийн аппарат=Kodak, телевизор=Sony, компьютер=IBM байсан үе ч аль хэдийн
 ард хоцорсон. Салбартаа дэлхийг тэргүүлж явсан эдгээр аваргууд шиг “өөрийнхөө тоглоомноос” хасагдсан иймэрхүү түүх цөөнгүй ба Apple, Google, Samsung, Toyota шиг өнөөдрийн лидерүүд ч маргааш өрсөлдөөнд унахгүй гэсэн ямар ч баталгаа байхгүй ийм л хорвоо ертөнцөд бид амьдарцгааж байна.

 

Улсын төсвөөс маань хэд дахин их мөнгийг зөвхөн судалгаа шинжилгээндээ зарцуулдаг дэлхийд тэргүүлэгч компаниуд хүртэл тогтож чадахгүй унадаг ширүүн өрсөлдөөн технологи гэлтгүй  бусад олон салбарт ч бий болсон. Тиймээс хэрэв бид зэс зарахыг хүсвэл Чилигээс, нүүрс бол Австрали, Индонезичүүдээс сайн санал тавихгүй л бол амжилт олох хэцүү. Бангкок эсвэл Лондонг зорих жуулчдыг Улаанбаатарт авчрахын тулд тэнд байхгүй зүйлсийг үзүүлэх шаардлагатай. Товчхондоо даяарчлалын ачаар iPhone-ooс сайн утас хийхгүй л бол Nokia шиг хувь заяа хүлээх болно гэдэг зүй тогтол аль ч бизнесийн салбарт үйлчилж байна.

 

Бид энэхүү ширүүн өрсөлдөөн дунд дэлхийд тэргүүлэх түвшний зүйлийг л бүтээж байж орлого олж, хангалуун амьдралд хүрнэ. Өнөөдөр Монголчууд боловсрол, технологиос эхлээд маш олон зүйлс дээр “дэлхийн түвшин” гэж ярих дуртай ч тэр нь угтаа тийм ч сайн гэсэн үг биш байдаг. Жишээ нь, Америкчууд Ivy League-ийн боловсрол, Япончууд Toyota технологи, Францчууд Bordeaux вино л гэж мэдэх ба “дэлхийн түвшин” гэдгийг сайн ойлгохгүй, магадгүй хоцрогдсон бүдүүлэг гэсэн үг байх гэж бодно. Яг л бидэнд сүмо бөхийн хувьд дэлхийн түвшин гэвэл нэг л төсөөлөгдөхгүй, харин Монголчуудын түвшин гэвэл хэр сайн бэ гэдэг нь маш ойлгомжтой байдаг шиг л. Тэгэхээр бид цаашид сайхан амьдрахыг хүсвэл сүмо шиг дэлхийд тэргүүлэх Монгол түвшний зүйлийг бүтээхээс өөр гарц байхгүй.

Харин яаж? Технологи, туршлага ба санхүүгийн боломжийн хувьд бараг л 0-оос шахуу эхлэх Монгол компаниуд аль салбарт хэрхэн амжилт гаргах вэ? гэдэг чухал асуулт үлдэнэ. Хаа хаанаа хариулт эрж буй хөгжлийн төлөөх энэ чухал асуултын хариултыг хайх зуур, бусад уул уурхайн орнууд юу хийсэн бэ гэдэг талаар дараагийн нийтлэлдээ оруулъя.

 

 

 

  

Нэмэлт

-Зарим сонирхолтой статистик:

$10.9 тэрбум: Монголын 1 жилийн GDP (2014)
$74.6 тэрбум:  Apple-ийн 1 улирлын борлуулалт  (2014 оны 09-12 сар)
$7.8 тэрбум: 2011 онд Nokia судалгаа шинжилгээнд (R&D) зарцуулсан мөнгө
$3.5 тэрбум: Mонголын нэгдсэн төсөвийн нийт зарлага (2014)

 

Эх сурвалж:

Гадаад худалдааны статистик: Үндэснийн статистикийн хороо

Компаниудын R&D http://www.forbes.com/sites/adamhartung/2012/11/05/top-20-rd-spenders-not-good-investments/

Apple –ын борлуулалтын мэдээ: http://www.apple.com/pr/library/2015/01/27Apple-Reports-Record-First-Quarter-Results.html


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4868

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%