Нийтлэл 05 сарын 22, 2015

Монголын хамгийн, хамгийн...хамгийн нь хэн бэ?

Алганаас ч жижиг хэмжээтэй 4 цуврал  “Монгол нууцын хэлхээ” номыг С.Жалбалдорж эмхтгэн, түүхч Г.Гонгоржав редакторлан 1990 онд хэвлүүлжээ. Тус ном нь хэн болгоны сонирхож уншдаггүй байгаль, түүх, нийгэм, соёлын тухай зузаан боть номуудад байдаг баримтууд, мөн хүн төдийлөн мэдээд байдаггүй сонин содон, үнэн ботид түүхийг цуглуулан хүн бүрд хүртээмжтэй, уншихад сонирхолтой, өвөрмөц байдлаар бичигджээ. Тус номын зохиогч С. Жамбалдорж уншигчиддаа хандан: 

 

“Монголд маань хамгийн том, жижиг, хамгийн эртний, анхны, хамгийн номч мэргэн, хамгийн, хамгийн...хамгийнх нь хэн бэ? Бидний Монголчууд өөрсдийгөө таньж мэдэхгүй юм бол хэн бидний сайн муу, сайхан, муухайг хэлж өгөх билээ? Энэ бүхэнд Монгол нууцын хэлхээ ном хариулна. Эртний мэргэн сургаальд айлдахдаа:

Тус болох нөхөр гурав, ус болох нөхөр гурав болой. Тус болох нь үнэнч нөхөр, шударга нөхөр, ихийг дуулсан нөхөр болно. Ус болох нөхөр нь нүүр тал засагч, зусар бялангач, цууранхай амт нөхөр болой гэжээ. Ном бол үнэнч нөхөр, ихийг дуулсан нөхөр, шударга нөхөр мөнийн тулд танд хань болж чадна.“

хэмээн бичсэн байна. Ингээд та бүхэнд эдгээр цуврал номноос түүвэрлэн зарим сонирхолтой түүх, баримтуудыг хүргэж байна:

 

 

ХАМГИЙН ГАЖУУД НЭРТЭН

Монгол хүн бүр үр хүүхэдээ утга төгөлдөр, нэр өгдөг уламжлалтай. Гэтэл нэг хүнийг тахин шүтэхийн дон шүглэсэн үед МЭЛС, МЭЛСЧО- Маркс, Энгельс, Ленин, Сталин,Чойбалсан гэсэн нэрийн эхний үсгээр хүүхдэд нэр өгөх явдал байв.

Элдэв өвчин зовлон гай тотгор, далдын муу юмнаас хамгаалах зорилгоор Хүнбиш, Муугөлөг, Оргодол, Бэлтрэг, Хомоол, Энэбиш, Тэрбиш гэх мэт нэр өгдөг ёс ч байлаа. Эдүгээ тийм нэр ховор болсон боловч манай улсын паспорт авсан иргэдийн дотор:

  • Шунал
  • Шунахай
  • Яатуу
  • Ярвайдаг
  • Мухир
  • Үзэмтэй мантуу
  • Оочир
  • Пропуск
  • Люкс
  • Шээсмаа
  • Метро
  • Музей
  • Молоток

зэрэг нэртэнгүүд байдаг аж. 

 

 

 

АНХНЫ УЛСЫН БААТАР ЭМЭГТЭЙ

Нэгэн сонин явдал болжээ. 1965 онд ЗХУ-ын сансрын нисгэгч А.Г. Николаев,  В.В.Терешкова нар манай оронд айлчлахад тэдэнд улсын баатар цол олгохоор болж гэнэ.

 

Гэтэл:

-Улсын баатар болсон Монгол эмэгтэй бий болов уу? гэсэн яриа гарчээ.

Үнэндээ тэр үед Улсын баатар цолтой Монгол эмэгтэй байсангүй. Тэгээд Терешоквад улсын баатар цол олгожээ.

Мандухай сэцэн хатны удам судар дотроос Улсын баатрын “Алтан таван хошуу” зүүх эрхтэй хүн хоёр тодорч байжээ. Анхных нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Түвдэнгийн бор (1913-1932) удаах нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат Гомбын Цэнд (1902-1932). Т.Борыг 1971 онд тэр эрхэм цолоор нэхэн шагнажээ.

Тэд аль аль нь хувьсгалын эсэргүүнүүдтэй тэмцэн явж амьд үрэгджээ.

Их шуурга сөрөх мэт урагш тэмүүлсэн залуу бүсгүйн хөшөө говь нутгийн цэлмэг тэнгэр доор сүндэрлэж байдаг юм. Өмнөговь аймгийн Цогт-цэций сумын төвд Т. Борын хөшөөг босгож, сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгожээ.

 

 

 

АНХНЫ БААВГАЙ СУРГАГЧ

Булган аймгийн Ингэтолгой сангийн аж ахуйн малчин байсан З.Даржаа 1950 оны хавар анд явж байгаад баавгайн хоёр бамбарууш олж гэртээ авчирчээ.

Анчны гэргий Дашзэвгэ тэдгээр бамбаруушт мах өгөлгүй үнээний сүүгээр тэжээсээр дөрвөн сар болгоод байтал тэр нутгаар явж байсан циркийн дарга Хичээнгүй түүний сургийг дуулаад очиж авсан байна.

“Монгол циркийн ” анхны сургуультай баавгай болох хувь тавилан хөвчийн хоёр бамбаруушт тэгж олджээ.  Ийнхүү малчин, анчин З.Даржаа, түүний гэргий Дашзэвэг нар бол манай анхны баавгай сургагч нар байлаа.

 

 

ХАМГИЙН ХУРДАН ХҮН

Монгол нутагт морьтой уралдахад хоцордоггүй хурдан хүмүүс байсан тухай домог яриа байдаг. Тэдний нэг нь саяхан болтол амьдарч байсан говь нутгийн гүйдэг Гэндэн юм. Гэндэн угаас ядуу ард бөгөөд хавирга нь хэрзийсэн, өндөр биетэй, ааш зан сайтай хүн байжээ. Тэр хурал номонд оролцохоор 40-50 км орчим зайтай газар гүйж явах замдаа туулай хөөж бариад хийдийн эмч багшдаа махыг нь аваачиж өгдөг байв.

Түүний хурданг нүдээр үзсэн хүмүүс гүйдэг Гэндэн зээр, гөрөөс туулай зэргийг төвөггүй хөөж барин өнчин хэдэн хүүхдүүддээ өл хоол залгадаг байсан гэж ярьдаг байжээ.

Мөн Завхан аймгийн Их –Уул суманд жороо Банзрагч гэдэг хүн Их-Уулын хөндийгөөс өртөө (30 км) газар жороо морьтой хүнтэй уралдуулахад хол түрүүлэн ирж байсан гэнэ. Жороо Банзрагч хэмээн олонд алдаршсан тэр хүн эдүгээ Тосонцэнгэл хотын төвд амьдарч байгаа гэнэ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon