ҮНДЭСТНИЙ АМБИЦ - ЯПОНЧУУД МӨРӨӨДӨӨГҮЙ БОЛ ЯПОН ХӨГЖИХГҮЙ БАЙСАН

 Хөгжил хуучнаа голж, шинийг эрэлхийлсэн мөрөөдөл, хүсэл зорилгоос төрдөг, мөрөөдөл хүсэл зорилго харин мөрөөдөгчөөс, хүсэл зорилготой хүмүүний дотроос төрөн гардаг. Монгол хүн мөрөөдөхгүй бол Монгол улсад мөрөөдөл үгүй.  Хүн бүр мөрөөдөхөөс гадна хамаг нийтээр, улс үндэстнээр өмнөө тавьсан зорилготой, түүндээ хүрэх ажлын төлөвлөгөөтэй байхыг албаны үгээр бол үндэсний стратеги гэж буй. Үндэстний амбиц! Монголчууд бидний хамтын мөрөөдөл, өмнөө тавьсан нийтлэг зорилго юу вэ? Өөрсдийн хариултыг эрж хэлэлцэхэд  өнгөрсөн түүхээсээ, мөн бусдын түүхээс суралцах зүйл их бий. Нийтлэгч Соннигийн Монгол мөрөөдөл ба үндэстний амбици  нийтлэл дэх Хятад, АНУ-ын жишээн дээр нэмээд Япон үндэстэн  улс нийтээрээ ямар зорилго тавьж хөдөлмөрлөөд өнөөгийн түвшинд хүрсэн түүхээс толилуулсан өмнөх нийтлэлийн үргэлжлэлийг хүргэе.

 

Япон үндэстний амбиц дэлхийн II  дайнаас өмнө  - Catch up!

200 орчим жил хаалттай улсын бодлого явуулсан аралын орны эрэгт АНУ-ын усан цэргийн коммандлагч М. Перри “”хар хөлөгт мангас”-ын дүрээр ирж, гадаад харилцаа нээхийг тулган шаардсан 1853 он. Японы хувьд эдийн засгийн уналт, энэ нь дамаа гэмт хэрэг, хот хөдөөгийн ялгаа гүнзгийрэхэд хөтлөөд, элдэв реформын бодлого хэрэгжүүлэвч үр дүн муутай хямарч асан цаг.  Өрнөдийн цэрэг зэвсэг, эдийн засгийн хүчний өмнө цэргийн феодлын хоцрогдсон дэглэмтэй Азийн орон хүчин мөхөсдөж, Ёкохама, Нагасаки тэргүүтэй 5 боомтоор хилээ нээж өгөөд нэр нь найрамдалт ч нидэр дээрээ дээрэлхүүлсэн гадаад харилцаа, худалдааны Канагавагийн гэрээг  АНУ-тай байгуулжээ. Гэнэтийн нээлттэй гадаад харилцаа, өөрчлөлтөд ард түмэн цочирдов. Зэвсэгт бослого газар сайгүй гарч, үндсэрхэг үзэл газар авах зэргээр эдийн засгийн хямрал дээр гадаад шоок нэмэгдсэнээр хөл толгойгоо олохгүй нийгмийн үймээн болж хувирав. “Хаанаа залъя, харийнхныг үлдэн хөөе!”   Гэрээ байгуулсан цэргийн засгийн газрын нэр хүнд унаж, зарим феодал, олон нийт ийм уриа дор нэгдэв. Олон зуун жил оршин тогтносон систем дотоод, гадаадад давхар тэнцвэрээ алдахын хамт төрийн удирдлага нэн түрүүнд буруутах нь төрийн ял, түүхийн жам . Дотоодын зөрчил 14 жил үргэлжилсний эцэст Бошин дайны дараагаар сүүлчийн шёогүн  Ёшинобү Мэижи хаан эзэнд улс төрийн эрх мэдлийг шилжүүлж өгөв.  Бакүфү буюу цэргийн феодлын засгийн газраас ч шинэчлэлийн бодлогыг эхлүүлээд байсан ч  чухам энэ Мэижи хаан эзний дэргэд 1867 онд байгуулагдсан шинэчлэлийн засгийн газрыг бүрдүүлж асан шилмэл лидерүүд зуун жилийн хөгжлийн ялгааг давж, гүйцэж түрүүлэх үндэсний стратеги боловсруулж, хэрэгжүүлж чадсан юм.

Тэд 1868 оны гуравдугаар сарын 14-нд “5 зүйл тангараг” бодлогын бичиг зарлаж,  япон үндэстний амбицыг catch up буюу  “ӨРНӨДИЙГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ” гэж томьёолов. 14 жилийн удаа дараагийн гадаад дотоодын дайн дажин Япончуудад өрнөдийг үлдэн хөөх, тэмцэхэд хүч нь хүрэхгүйг, эн тэнцүү харилцъя гэвэл нээлттэй харилцангаа гүйцэж хөгжихөөс өөр замгүйг хэлж өгчээ. Энэ зорилгынхоо төлөө “баян улс, хүчирхэг арми” “үйлдвэрлэлийг хөгжүүлж бизнесийг сэргээх” гэх дөрвөл түлхүүр ханзаар нэрлэсэн үндэсний стратегийн бодлого гаргаж, шат дараатай хэрэгжүүлсэн нь шинэ үеийн хөгжлийн түүхэнд домог болсон Мэижийн шинэчлэл. Орон нутаг, нийгмийн статус, боловсрол, хууль зүй, өмчийн дахин хуваарилалт зэрэг нийгмийн бүх л салбарыг хамарсан асар далайцтай эл модернизацийн дотоод явц, өрнөлийн тухайд тусад нь бичих шаардлагатай. Ямартай ч Мэижийн төр хүн ардын хүсэл сэтгэл, хөдөлмөр зүтгэлийг “өрнөдийг гүйцэх” үндэстний амбиц дор нэгтгэн зангидаж чадсан. Тиймдээ ч шинэчлэл эхэлснээс ердөө 20-30 жилийн дараагаар барууны орнуудтай зэрэгцэн хөрш орнуудад милитарист бодлого явуулах хэмжээнд хүчирхэгжиж, дахиад хоёр аравны дараа дэлхийн дайн хийлцэх хэмжээнд “гүйцэж түрүүлсэн”. Манай улс 90 оноос хойш Мэижигийн шинэчлэлийн хурдаар хөгжсөн бол өдийд Galaxy, iPhone-тэй өрсөлдөх бүтээгдэхүүнтэй, Украйн, Азийн бүс нутгийн гадаад харилцааны хэрэг явдлуудад өөрийн гэсэн жинтэй байр суурьтай орон байна гэсэн үг. Хямарч, туйлдсан Япон орон эдийн засаг, цэрэг армийн үнэмлэхүй давуу талтай өрнөдийг гүйцэж түрүүлнэ гэж сэтгэж, зорьж, улмаар хэрэгжүүлж чадсан нь тов тодорхой үндэстний амбиц, төрийн нэгдсэн удирдлага ямар үр дүнд хүрдгийн сонгодог жишээ болон судлагдсаар байна.

 

Дэлхийн II дайны дараа- Дахин сэргэлтийн төлөө!

“Гүйцэж түрүүлсэндээ” эрдсэн Японы милитарист бодлого шангаа хүртэж, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Нагасаки, Хирошима хотуудаа хүний түүхийн хамгийн гунигт туршилтаар оруулж, олон мянган иргэд нь цөмийн зэвсгийн галд жинхэнэ утгаар хайлж үрэгдсэн. Түүнээс том гутамшиг, үүнээс их гуниг үзсэн орон байхгүй.

 “... Хэсэг эрчүүд 60 см орчим гүнзгий нүхний ойр ажиллаж байв. Ачааны машинд овоолсон цогцоснуудыг нүүрсээр гал түлсэн нүхэнд ар араас нь хийж байсан юм. Тэгж байтал 10 орчим насны хүү дөхөж ирэхийг харав. Нялх хүүхэд бэхэлсэн үүрэг үүрсэн хүү. Дүүгээ тийнхүү нуруундаа үүрээд тоглох хүүхэд тэр үеийн Японд ховор дүр зураг биш байлаа. Гэхдээ хүүгийн төрх нэг л өөр байв. Нэн чухал зорилготой энэ газрыг зорьж ирсэн нь илэрхий. Тэр тусмаа хөл нүцгэн. Хүү чандарлах газарт дөхөж ирмэгц, шийдэмгий царайтай, нүдээ хурцлан харж хэсэг цэх зогссонсон. 5-10 минут зогссон болов уу. Улмаар цагаан масктай эрчүүд үүрэгний уяаг нь аажуухан тайлж эхлэв. Хүүгийн үүрсэн нялх дүү нь нас барсан байсныг тэгэхэд л би анх анзаарч билээ. Эрчүүд бяцхан хүүгийн гар хөлөөс барьж, оршуулгын нүхэнд аядуухан хэвтүүлэв. Балчир бие галд хайлах дуун гараад нүд дальдчам их гэрэл хаялан гэнэт дүрэлзэн асав. Жаргах нарны туяа мэт ув улаан галын дөл огт хөдлөхгүй цэх зогссоор буй хүүгийн булбарай хэвээр хацарт улаан өнгө тусгаж асан. Яг тэр үед.  Галын дөлийг идэх гэж буй мэт ширтэж зогссон хүүгийн уруулд цус шүүрч байгааг анзаарсан минь. Бяцхан хүү хөмхийгөө дэндүү хүчтэй зууснаас доод уруулаа цус шүүртэл хазаж. Мөнөөх жаргах нарны туяа мэт улбар дөл унтарч эхлэхэд хүү гэнэт цааш эргэж, юу ч дугарахгүй хэвээр чандарлах газрыг орхин одож билээ...”

хэмээн Нагасаки хотыг бөмбөгдүүлсний дараахан энэ зургийг авсан гэрэл зурагчин Ж.О’Доннел дурсчээ.

1945 онд 10 настай байсан энэ хүүгийн шазуур, цус шүүртэл хөмхийгөө зуусан ч нулимс унагаагүй самурай нар цөмийн бөмбөг, дайны хөл, газар хөдлөлтөөр үнс нурам болсон улс орноо 1970 он гэхэд дахиад тусгаар тогтносон, эдийн засаг технологийн их гүрэн болон босгож ирсэн билээ. Нэг нэрт зохиолчийнх нь хэлснээр “үнсэн саарал өнгөтэй дайны нурам дороос гунигтайяа өндийсөн” үндэстэн. Магадгүй өнөөдөр ч гуниг сарниагүй.

 

Ингэж төгссөн дайны дараа үндэстний амбицаа тодорхойлж ядах юм байсангүй. Улс орон нь нуранги болсон байв. Өлбөрч, даарч, доромжлуулсан ард түмэн дахин сэргэхийн төлөө дээр доргүй ажилдаа оров. Нэн түрүүнд Ёшида үзэл баримтлалын дор АНУ тэргүүтэй дайнд ялсан холбоотнуудын армиас тусгаар тогтнох, дайнаар асуудал тарьсан улсуудтай учраа олж олон улсад эргээд бүрэн эрхэт гишүүн болох хэрэгтэй байлаа. Холбоотнуудын армиас чиглүүлсэн хаан эзэн бэлэг тэмдэг төдий байх, ардчилал, энх тайван хэмээх гурван багана дор үндсэн хуулиа хүний эрхийн төлөө болгон шинэчилж, империализм, их гүрний хийрхэл, эзэн хаан,  төрөө шүтэх элдэв догмагаас салангид эдийн засгийн өсөлтийн бодлого хэрэгжүүлэв. Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг.   Соц.коммунист болон түүний эсрэг төмөр хөшигний хоёр талд хуваагдаж асан дэлхийн баруун талыг дагах болсон нь дайнд хайлж нүцгэрсэн орны хамгийн гол стратегийн амбиц дахин өлбөрөхгүй, дахин даарахгүй, дахин ягтахгүй хэмжээнд их гүрэн болоход  оршиж байсантай холбоотой. Нэн түрүүнд эдийн засгийн чадамжтай болохын тулд, мөн холбоотнуудын шахалт дор армийн зардлыг асар хөнгөвчилж батлан хамгаалахыг үндсэндээ АНУ-д даатгаад, гадаад худалдаа, экспортод чиглэсэн индастриал хөгжилд төрийн бодлогыг зангидав.  1952 онд дахин тусгаар тогтносон энэ орон хоёр намын удирлага үргэлжилсэн нэг жаранд “орлогоо нэг нугалах төлөвлөгөө” зэрэг тодорхой зарлаж, хөдөлбөргүй хэрэгжүүлсэн төрийн төмөр бодлого дор 1966 онд Францыг, 1967 онд Их Британийг, 1968 онд баруун Германыг гүйцэж түрүүлээд 1978 онд ЗХУ-г давж дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон нь бас нэг үндэстний амбицад 2010 онд гүйцэгдэж өдгөө эдийн засгийн хэмжээгээр гурав дугаарт эрэмблэгдэж буй.

 

Өнөөдөр харин жирийн япон хүнээс үндэстний амбиц чинь юу вэ? гэвэл Мэижийн үеийнхэн шиг, 1950, 60, 70-аад оныхон шиг нэг үзүүрт мөрөөдөл, зорилгыг дуу нэгтэй хариулж чадахгүй байж мэднэ. Эзэн хаан, төрдөө үнэнч дайтсаны золионд бие барсан нялх дүүгээ галд хайлахыг харсан үеийнхэн халаагаа өгч, их өсөлтийн жилүүдэд тансаг өссөн үеийнхний цаг ирсэн. Юу ч л гэсэн хэнд ч дээрэлхүүлэхгүй, хэн ч өлсөхгүй, олон улсын статусаа мөнгөөр зодоод өсгөх тоо төвтэй эдийн засгийн бодлогын эрин зорьсондоо хүрсэн ч түүний дараагаас улстөр, төсөв, орон нутгийн асуудлууд олширч, үл хөдлөхийн хөөс хагарсан 1991 оноос алдагдсан 10 жилийг туулсан гэгдэнэ.  1970-аад он хүртэлх шиг тов тодорхой үндэстний амбиц, ард нийтийн мөрөөдөлд хөтөлж чадаагүй засгийн газрууд солигдсоор өдгөө Абэгийн кабинет “абэномикс+идэвхитэй пасифизм” буюу дахин нийгэм эдийн засгийн модернизац хийх, бүс нутгийн гадаад харилцаанд идэвхитэй байр суурь эзлэх бодлого хэрэгжүүлж буй ч унаж үзсэн, бүр цөмийн дайнд өртөж үзсэн, тэндээсээ босож үзсэн хашир үндэстнийг нэг амбиц, нэг мөрөөдлийн төлөө манлайлж, хөгжлийн шинэ шатанд гаргаж чадах эсэх нь тодорхой болох болоогүй байна. Юутай ч Япон орны дайны өмнөх хөгжлийн хурд, дайны дараах сэргэн мандалт нь үндэсний амбицтай, бүх нийтийн зорилготой ажиллаж чадсантай холбоотой, баббл хагарснаас хойших зогсонги байдал нь нэг талаар шинэ мөрөөдлөө олоогүй байгаатай холбоотой гэж үзэж болно. Ambition matters, national ambition matters more.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%