Нийтлэл 06 сарын 09, 2015

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ – Ерөнхийлөгчийн шүүх, прокурор дахь нөлөө багасна 

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Үндсэн хуулийг батлалцаж байсан 430 гишүүний төлөөлөл буюу УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Л.Цог, С.Баярцогт, Л.Болд, Н.Батцэрэг, С.Оюун нар багтаж, Н.Батбаяр гишүүн ахалж буй. Уг ажлын хэсгийн хэлэлцэж буй гэгдэх өөрчлөлтүүдээс УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдлийн харилцаанд хамаарах хэсгийг энд танилцуулсан.  Үргэлжлэл болох төрийн албан хаагч, шүүх, засаг захиргааны нэгжтэй холбоотой болзошгүй өөрчлөлтүүдийг дор танилцуулж байна: 

 

47. Төрийн албан хаагчийн шалгуур, тогтвортой ажиллах, дэвших нөхцлийг хуулиар тогтооно

Ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэж заасныг жинхэнэ албанд орох, тогтвортой ажиллах, дэвших нөхцөл, баталгаа болгож өөрчлөх

 

51. Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ зөвшөөрснөөр Ерөнхийлөгч батламжилна. Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилохгүй.

Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно гэж заасныг УИХ зөвшөөрснөөр Ерөнхийлөгч батламжилна гэж, Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заасныг улсын дээд шүүгчдийн дотроос нууц санал хураалтаар сонгоно гэж өөрчлөх.

 

52. Дээд шүүгч, бусад шүүгчийн ажилласан жил, босго насны шаардлагыг чангаруулна

Дээд шүүгчид 10-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, 35 нас хүрсэн иргэн гэж заасныг 40 нас хүрсэн иргэн гэж, бусад шүүгчид гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, 25 хүрсэн иргэж гэж байсныг таваас доошгүй жил ажилласан 30 хүрсэн иргэн болгож өөрчлөх

 

53. Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхийлөгч томилохгүй

Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн 6 жилийн хугацаагаар томилно гэж заасныг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ зөвшөөрнөөр Ерөнхийлөгч батламжилна гэж өөрчлөх

 

57. ХОТ албан ёсны засаг захиргааны нэгж болно

Нийслэл, аймаг, сум, дүүрэг, хороо, баг гэсэн засаг захиргааны нэгжийн нийслэл гэснийг хот болгож, Эрдэнэт, Дарханыг хот гэж тооцохоор өөрчлөх

 

59. “Дүүрэг” засаг захиргааны нэгж биш болж магадгүй

Засаг захиргааны нэгжийн нутгийн өөрөө удирдах байгууллагат хамаарах заалтуудаас “дүүрэг” гэсэн нэгжийг  хот нь шууд хороонд хуваагдахаар зохицуулсан тохиолдолд хасах магадлалтай. Жишээ нь нутгийн өөрөө удирдах байгууллага нь иргэдийн төлөөлөгчийн хурал гэж заасан засаг захиргааны нэгжээс дүүргийг хасахаар өөрчлөх.

 

65. Цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч биш Засгийн газар санал болгоно

Цэцийн есөн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс гурав гурваар санал болгож УИХ томилно гэж заасныг УИХ, ЗГ, Улсын дээд шүүх болгож өөрчлөх

 

Нэмэлт өөрчлөлтийн төсөл одоогоор албан ёсоор өргөн баригдаагүй. Нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 76 гишүүнээс 57 нь дэмжвэл батлагдана. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил ирэх 9 сар хүртэл хойшилсон байна. Хуулиараа УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой учраас сонгуулиас өмнө өөрчлөх бол 2015 ондоо багтааж өөрчлөх ёстой.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon