МЭДЛЭГ: Гадаадын ШУУД хөрөнгө оруулалт гэж юу вэ?

ГХО, эсвэл ШХО, ГШХО гэдэг гурав дөрвөн үсэг моодонд оржээ.  Ганц манай улсад ч биш олон улсад.  Хүйтэн дайнаар баахан улсыг базаад царцсан маруужин хайлахад олон эдийн засагт хавар ирж, хайлсан цас мөс урсах мэт капитал чөлөөтэй хөдлөх болсноос хойш.  Ерөөд оны дунд үе гэхэд  л ODA буюу албан ёсны хөгжлийн тусламжийн дүнг давж ирсэн.  Тэр дундаа шинэ тутам хөгжиж буй орнууд руу чиглэсэн ГХО 1990-2013 онд гэхэд нэрлэсэн дүнгээр 22 дахин өссөн байна. Манайд бол мөнгөн дүнгээрээ татарч байгаа ч ярианы сэдэв гэдэг утгаараа жинхэнэ трэнд болсон. Дээр дооргүй  ГХО татарлаа, ГХОгүй баларлаа, ГХО төд, ГХО өд... гэж харагдана.

Энэ жаргон нийтийн хэрэглээнд ийн нэвтэрсэн нь хэзээнээс билээ?  Жишээ нь 1990-2000 онд “гадаадын шууд хөрөнгө оруулалт”  -г бүтнээр нь хэрэглэсэн мэдээ, мэдээлэл хэр олон орсныг шалгаж үзвэл 1999 онд Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гаргасан нэг мэдээ,  компанийн тухай хуулийн тайлбараас өөр мэдээ харагдахгүй, энэ ч бас вэб медиа хөгжөөгүй байсантай холбоотой байх.  2005-2010 болгож үзмэгц 4 хуудас мэдээ болж ирнэ, энэ нь ихэвчлэн Дэлхийн Банк, Соросын сан, АХБ, Европын сэргээн босголтын банк, эсвэл их сургуулийн судалгааны ажил гэх мэт албан ёсны судалгаа талын мэдээллүүд .  Ерөнхийдөө news.mn зэрэг олон нийтийн медиад Оюутолгойн гэрээ байгуулагдсан 2009 оны сүүлээс нэвтэрч эхэлсэн бололтой.  2014 оноос бол бүр супер, Ардчилсан нам гэмээ нь намын адаг болохыг харуулах ганц сайхан үзүүлэлттэй болсон тул графикаар, зурагаар, жиргээгээр, байж болох бүх суваг, хэрэглэж болох бүх цагаан толгойгоор ГХО хэрхэн татарсныг хэн хүнгүй ярьж халаглах болсон.  Ер нь ГХО л сайн сайхан байлгасан, муу муухай байгаад ч ГХО л холбоотой. Ерөнхий сайд ГХО олоод ирвэл овоо доо хөөрхий, үргээвэл хэнд ч хэрэггүй, зайл.. хог дээр хая, яв, буу, огцор. Дөрөв тавхан жилийн дотор хүний хүн мөнгөө итгэж хийхээр орон байхын  төлөө хэн хүнгүй санаашрах болсон нь сайн хэрэг ч бурхны аврал бүхний гарц мэт тахин шүтээд байх нь бас туйлшрал юм.

 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж юу вэ?

  • ХО, ГХО, ГШХО гэсэн дарааллаар зарим нэг тодорхойлолтоо эргэн харъя.
  • ХО бол  10 төгрөгөө 11 болгох зорилгоор хөрөнгөө ямар нэг бизнес, бараа, төсөлд хийх. 
  • ГХО нь тэгэхээр гадаадын этгээд 10 төгрөгөө 11 болгох зорилгоор 10 төгрөгөөрөө(эсвэл түүнтэй дүйцэх хөрөнгөө өгч) манай бондыг авах, эсвэл хүүтэй зээл болгох, эсвэл компанийн хувьцаа авах зэргийг хэлж байна. 

Үүний дунд Ш үсэг хэзээ нэмэгдэх вэ гэхээр  10 төгрөг нь уг хөрөнгийг хүлээн авч байгаа талын бизнесийн удирдлагад “lasting interest” буюу тууштай ашиг сонирхол үүсгэх хэлбэрийг хэлнэ. Санхүүгийн зах зээл юм уу хувь хүнд биш Шууд л уг бизнест хөрөнгө, сонирхлоо оруулсан хэлбэр гэсэн үг. Хөрөнгө оруулалтыг хэзээ Ш үсэгтэй хөрөнгө оруулалтад тооцож болох талаар бол ОУВС-гийн татсан  дор хаяж 10 хувь саналын эрхтэй хувьцаа хэмээх шугам нийтлэг хэрэглэгдэж байна.  Өөрөөр хэлбэл 100 төгрөгний үнэ цэнэтэй бизнесийн 10-ыг нь дор хаяж чиний хөрөнгө бүрдүүлж байвал аль болох амжилттай болгохоор менежментэд нь нөлөөтэй байх тууштай, шууд сонирхол үүснэ гэж үзэж байгаа хэрэг. Ш үсэгтэй хөрөнгө оруулалт гаднаас техник, технологи, мэдлэг авчирна гэдэг итгэл эндээс үүсэлтэй. Хөрөнгө авах тал нь голдуу шинэ тутам хөгжиж буй, технологийн түвшин доогуур орон байх тул тэндэх бизнесээ ашигтай ажиллуулахын тулд lasting interest-тэй нөхөр мэддэг чаддаг бүхнээсээ нийлүүлнэ гэсэн үг. 

Гэхдээ хөрөнгөө оруулагчийн эцсийн зорилго 10 төгрөгөө л 11 болгоход оршиж байгааг мартаж болохгүй.  Зоосны нөгөө талыг харвал сүүлийн 20 жилийн хөгжиж буй орны дундах ГХО-ын төлөөх уралдаан манайх нэг биш 1,5 төгрөг өгнө, манайх бүр 2-ыг өгнө, үгүй манайх, манайх манайх гээд цагаан цацаг шиг элдэв татварын хөнгөлөлт, татаасаар татах гэж оролдож ирсний үр дүн гэсэн ч болно.   Манайхан бол өөрсдийгөө дэлхийд 21-д жагсах сайхан цагаан цацагтай гэж байгаа.  Гэхдээ нэгэнт л хүнд ашиг өгөх орчноороо 21-д жагсах хэмжээний потенциал байгаа юм бол яагаад гаднын хүн урин залан, илүү нөхцөл олгон байж ашиг өгөх ёстой билээ?  Яагаад Пак, Жан, Иван биш Дамба хөрөнгө оруулагч болоод ашгаа авч болдоггүй билээ?   Шинэ тутам хөгжиж буй орон өсөх, тэлэх бизнесийн потенциалтай,тэрийгээ бүрэн  амьдруулахын тулд хөрөнгө хэрэгтэй.  Гэхдээ хөрөнгийн урд Г үсэг, Ш үсэг зүүгдчихээр л хөгжлийн түүчээ болоод хүнээс сайхан амьдардаг нь үнэн үү?

 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт  бурхан мөн үү?

ГШХО-ын хөдөлгөөн ихсэж, туршлага хуримтлагдахын хамт  хөгжил, өсөлтөд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийх овоо дата хуралдаж, холимог  үр дүн үзүүлсэн дүгнэлттэй техник судалгаа олширч ирэв(энд).  Энэ дөрвөн үсэгний мууг үзье гэвэл Азербайжан, Африк энэ тэрээр үлдээгээд өөрсдөө бол ашгаа аваад гарсан элдэв таагүй ул мөрөөс өчнөөнийг дурдаж болно.  28 орны датаг шинжлээд дөрөвт нь л урт хугацаанд хөгжил авчирсан гэх цочмоор дүгнэлт ч бий. ГХО-гийн төлөөх халуурал дунд зарим нь Холланд өвчинд холбогдох дараах үр дагаврууд ажиглагдах болж ирэв.

  • Урт хугацаанд үнэ цэнэ бүхий хөрөнгө гадагш шилжих, 
  • Их хөрөнгөөр зодож тусгай зөвшөөрөл, мэргэшсэн ажилчид зэрэг нөөцийг давуу эрхтэй эзэмшиж дотоодын хөрөнгө оруулагчдын шахах(crowding out),
  • Нэг салбарт төвлөрсөн хаалттай мэдлэг бусад салбарт тоймтой нөлөө үзүүлэхгүй байх(ОТ-н жишээ) ,
  • Хэмжээний эдийн засаг ашиглан дотоодын борлуулалгчдыг шахах,
  • Цалингийн өрсөлдөөнөөр хөл дээрээ зогсоогүй дотоодын бусад салбар, урт хугацаанд илүү үнэ цэнэтэй боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг унагах гэх мэт .

Холын жишээ хайлтгүй,өөрсдийгөө харсан ч болно.  Хаана байна нөгөө lasting interest, тууштай ашиг сонирхол? Шинээр орох нь 7 дахин буурдаг байлаа гэхэд 2013-2014 онд 450 сая доллар давах ашгаа буцаан татаж олон улсад хөрвөх чадваргүй жижиг валютад маань, улмаар монголчуудын худалдан авах чадвар, амьдралын түвшинд үхлийн цохилт өгөв. Ийм тууш, lasting interest гэж байх уу? Хуримтлагдсан ГХШО олон улсад ДНБ-ийн 40 хувьд хүрэхгүй байгаа ч  манайд 2012 оноос хойш ДНБ-г давж, 2013 он бүр 130 хувь хүрсний 80 хувь нь уул уурхайн салбарт төвлөрч байв. Олон улсын нэг рекорд болсон энэ өндөр үзүүлэлт нэг талаар Монголын потенциалыг, нөгөө талаар Монголын жижгийг, цөөн том төслийн хэт хамаарлыг, эмзгийг харуулж ирлээ. 2015 оны эхний улирлын балансаар хөрөнгө оруулалтын хувьд 24 тэрбумын, өр зээлийн хувьд 20 тэрбумын хасах баланстай байна. Тэгээд ДНБ-г маань давсан ийм өндөр дүн огцом татрахад нь юу болдгийн горыг хангалттай амсаж байгаа ч Г, Ш үсэгнүүд гүнгэрваанаас буух байтугай улам бүр автах, араас нь гуних, аль нэгийгээ чичлэх хэрүүлийн зэвсэг болгох болов.

Мега төслүүдийн хувьд нэгэнт хуримтлалгүй орон тул ГШХО зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хөрөнгө оруулалт гэх хөрөнгийн хөдөлгөөний уг утга учир, үнэ цэнэ, үүрэг функцыг иргэншилгүйгээр ойлгох хэрэгтэй. Уг нь бол бизнес өргөжихөд мөнгө хэрэгтэй, тиймээс мөнгөө ухаалаг зарцуулж хадгалсан мөнгөнөөсөө хөрөнгө оруулна, байхгүй дутвал ашгаа хуваалцая гээд  Г, Ш үсэгт дулдуйдаж гаднаас олж ирнэ. Айл ч гэсэн өөрт байгаа хөрөнгөөрөө тохижиж өргөждөг, дутвал банк санхүү танил талаасаа зээлж ирдэг. Тэгэхээр өөрийн санхүүд баригдалгүй илүү том хөдлөх боломж үүсдэг, гэхдээ хүү төлж, амжилт алдаагаа хуваах болдог.   Мэдлэг, технологи бол заавал мөнгөө өгч байж нэвтэрдэг дайвар бүтээгдэхүүн уг нь биш.

 

Авдраа цоолчихоод айлаас зээлсээр

Бизнесийг ерөнхий шинж чанараар нь бүтээлч буюу баялаг бүтээх, дамын буюу спекюлятив салбар гэж томхон хуваах нь бий. Манай улсын татварын статистик, том аж ахуйн нэгжүүдийн төрөл, төр бизнесийг нэгтгэн эзэгнэгч томчуудын хөрөнгө оруулалтын мэдүүлгийг харвал монголын хамаг хөрөнгө үл хөдлөхийн хөөсрөл, дахин нэмүү өртөг бүтээхгүй дайны цагийн танк мэт зам тагласан том машинууд, баялаг бүтээх бус уг чанартаа бол бүтээгчдийг хүүлж орлого олдог  санхүүгийн салбарт төвлөрч байгааг төвөггүй харж болно.  Тэгсэн хэрнээ боловсруулах салбар, бусад бүтээлч индастриг дааж ядан үүрч яваа зарим Дамбуудаа барьж хориод  хармааг нь гөвчихдөг. Адаг сүүлдээ аймар аймар тансаг буудал байшин, форумд ч төрийн хөрөнгийг гудийхгүй зарцуулах болов. Хамаг том хөрөнгө оруулалтыг төр атгадаг, тендер концессын хагас коммунист эдийн засагтай. Тэхдээ тэр субъект нь ч дотоодын хөрөнгөө гамгүй зараад, Г, Ш-тэй хөрөнгө авчирдаг сайхан цагаан цацаг болохын тулд хамаг ухаанаа барж байна.

Өөрийн хөрөнгөө буруу зарах тусам нь ГШХО-ын үнэ цэнэ улам нэмэгдэнэ, нэмэгдэх тусам нь хамаарал нэмэгдэнэ, хамаарал нэмэгдэх тусам шүтлэг нэмэгдэнэ, энэ цикл улам гүнзгийрч ирэв. Уг нь  20 хүнд ажил олгоод дунд зэргийн үйлдвэр босгочих 100 мянган доллар бензиний мангаст хувиргаж, өөрийн хөрөнгөө энд тэндхийн үл хөрвөх хөрөнгөнд хуваарилсан атлаа хөл дээрээ тэнцэж ядаж байгаа хэдхэн хувьцаат компаниасаа нэг ширхэг хувьцаа авч үзээгүй гарууд, эсвэл  дотоодын хөрөнгө идэвхитэй эргэх бүтэц бүрдүүлэх боломж гарт нь байсаар байтал хийхгүй байгаа хүмүүс...ер нь эхлээд өөрийн чадах хөрөнгийн хуримтлал, бүтээлч инвестмэнт, түүнийг сайжруулахын төлөө ямар нэг юм хийхгүй хүмүүс(эрх мэдэлтэй, боломжтой тусмаа) цөмөөрөө энэ гурван үсгээр гоёж, эх орны данс тооцоонд аягүй санаа зовсон дүр үзүүлж,  ГШХО уналаа, улс сөнөлөө гэж халаглах хоор дууны эгнээнээс гарвал зохино.

 

Мөөмчигтөө хадгалсан мөнгөгүй ч том төсөл хөдөлгөх хэрэгтэй оронд ГШХО хэрэгтэй, гэхдээ  хамаарал багасгах, дотоодын хөрөнгөө эргэх орчин бүрдүүлэхэд Г , Ш-гүй хөрөнгө оруулалт гэдэг маань уг чанартаа юу сан билээ гэдгээ нэхэн санах болсон. Дээр дооргүй хөрөнгөө зохистой зарцуулж хуримтлал бий болгох, хуримтлалаа потенциалтай бүтээлч салбарт оруулах механизмтай, культуртай болж байж өсөлтийн өгөөжөөс өөрсдөө хүртдэг болж, гаднын валютын урсгалаас хэт хамаарахаа болино.  ГШХО хэрэггүй гэж хэлээгүйг анхаараарай, гэхдээ тэрнээс ч чухал нь Монгол хүний хөрөнгөө удирдах, илүү дээр ирээдүйн төлөө инвест хийх чадвар.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%