Хотын жорлонгүй иргэд хотод амьдрах эрхгүй

Улаанбаатарын утаа, агаарт их хэмжээгээр орших нарийн ширхэгт тоос, тоосонцорын тухай яг одоо ярьдаг цаг нь шүү дээ. Ер нь Улаанбаатарын утаа, агаарын бохирдол, хөрсний бохирдол дэлхийд толгой цохиод багагүй хугацаа өнгөрч байгааг бид бүгдээрээ л мэдэж байгаа. Улаанбаатар хотыг барилгажуулах, гэр хорооллыг орон сууцжуулах ажил бол агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх үндсэн шийдлийн нэг гэж олон мэргэжилтнүүд үздэг. Гэр хорооллыг орон барилгажуулах асуудлын хамгийн гол бэрхшээлтэй хэсэг нь иргэд өөрийн эзэмшдэг, өмчилдөг газар дээрээ барилга, орон сууц бариулах талаар барилгын компаниудтай тохиролцож чаддаггүйгээс хугацаа сунжрах, эдгээр төсөл хөтөлбөр хэрэгжихгүй удаашрахад хүргэж байна.

 

Утаа болон хөрсний бохирдлын улмаас агаар зонхилох нарийн ширхэгт тоос, тоосонцрын хор хохирол нярай хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд ямар хор хохиролтой, хичнээн хүмүүс астма, сүрьеэ, уушигны хорт хавдраар өвчилж байгаа талаар тоо баримтуудыг сонин хэвлэл бишгүй л бичсэн байдаг юм билээ. Түүнээс гадна хөрсний бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрлээ. Ганданд хашаан дахь ухсан жорлон нь дүүрэхээр шороогоор таглаад, дахин шинэ жорлон гаргасаар байгаад хашаандаа ухах газаргүй болсон айлууд олон байдаг. Зун ахиухан устай бороо орохоор гэр хорооллын айлуудаас, нэн ялангуяа Гандангийн дэнж дээрх айлуудын жорлон усаар дүүрч, тэрхүү ус Гэсэр сүмийн баруун талаар Бөмбөгөрийн чиглэлд хотын төв рүү урсан орж ирж, улмаар нар төөнөхөд агаарт ууршдаг. Эмч биш болхоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ хөрсний энэ бохирдол, ахуйн хог, хаягдал ил байх нь хүний бие, эрүүл мэндэд маш их хортой, халдварт өвчнүүдийн үндсэн эх үүсвэр болдог. Мэдээж эдгээрт ялаа хэмээх амьтан маш их тус болдог. Ер нь эрдэмтэд ялааг дулааны улиралд хүн төрлөхтний эсрэг бактерлогийн дайн явуулдаг гэж үздэг юм билээ. Далийгаад явчлаа. Одоо асуудалдаа оръё. 

 

Улаанбаатар хотод 1.5 сая гаруй хүн амьдардаг. Саятан хот тул олон улсын хэллэгээр “Мегаполис” гэж үзнэ. Ийм хот өөрийн гэсэн хатуу дүрэм, журамтай, амьдрах хямд биш өртөгтэй байж гэмээнэ оршин суугч иргэдийнх нь тав тух, эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдана гэж хувьдаа боддог. Асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны түрүүнд Хотын захирагч Э.Бат-Үүл, эсвэл тэр урагшгүй ухаан муутайчуудын цуглуулга болсон Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэн даруй дараах шийдвэрүүдийг гаргамаар байна. Үүнд:

  1.  Улаанбаатар хотын “А”, “Б” бүсэд 2015 оны 9-р сарын 01-нээс хойш ил жорлон (газрын хөрс ухаж, дээр нь модон амбаар барьсан бие засах газар), ил бохир асгах нүх (угаадас, ахуйн хог хаягдлыг хийхээр зориулагдсан нүх) бий болгох, ашиглахыг хориглох.
  2.  Улаанбаатар хотын “А”, “Б” бүсэд 2015 оны 9-р сарын 01-нээс  хашаа, байшин, монгол гэрт амьдрах иргэд био жорлон, ахуйн хог, хаягдлыг боловсруулах орчин үеийн технологиор хангагдсан төхөөрөмж ашиглаж байхыг даалгах.
  3.  Ил жорлон, ил бохирын нүх ашиглаж байгаа иргэдэд хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авна. Цаашлаад шат дараалсан хуульд заасан арга хэмжээ авахыг анхааруулах.

 

Нэг иймэрхүү захирамж, тогтоол гаргах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор шинээр батлагдах Гэмт хэргийн тухай хуульд “орчноо бохирдуулах” гэмт хэргийн тухай зүйл, заалт нэмж оруулъя. ХОТОД ХОТЫН ДҮРЭМ, ХОТЫН ХУУЛИАР АМЬДАРНА . Улаанбаатар хотын иргэн бүр бусад иргэдийнхээ Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хүндэтгэж амьдрах үүрэгтэй. Магадгүй дээрх шийдвэр гэр хороололд амьдрах иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулах байх. Гэхдээ сонгуулийн хугацаа болоогүй байгаа дээр хотын иргэдийн сайн сайхны тулд хэсэг бүлэг иргэдэд таатай бус шийдвэрийг яаралтай гаргаж эрчимтэй хэрэгжүүлэх ёстой. Ийм маягаар гэр хороололд амьдардаг иргэдийг шахаж байна гэж хэлэх л байх. Ний нуугүй хэлэхэд шахаж байна. Шахах ч болно. Хэрэв та нүүрс түлж агаар бохирдуулж, нүх ухаж жорлон хийж, хөрс бохирдуулж амьдардаг бол тэр чинь бусад иргэдийн, хүүхдүүдийн эрүүл мэндийг хордуулж байгаа гэдгийг ухамсарлан зохих арга хэмжээг авах ёстой. Магадгүй ийм зүйл бичихээр миний газрыг булаах гэж байна гэж сүржигнэж хийрхэх нөхөд бишгүй л байгаа байх. Та өмчилж авсан газар дээрээ, хашаандаа монгол гэрээ барина уу, байшингаа барьж амьдарна уу энэ бол таны эрх. Гэхдээ та цаашид хотын “А”, “Б” бүсэд ингэж амьдрах болвол халаалтаа нүүрс түлдэг зуухаар биш цахилгаанаар шийдэх, жорлонгоо био жорлонгоор солих, эс бөгөөс стандартын шаардлага хангасан ёонкос (резервуар) ашиглаж, бохироо машинаар байнга соруулж байх, угаадас, хогоо битүү саванд хийж хадгалан зориулалтын аргаар тээвэрлүүлэх гэх мэт шаардлагыг хангасан байх ёстой юм. Эцсийн бүлэгт барилгын компаниуд таны алга дарам газрыг зүгээр ч авчихгүй, харин ч орчин үеийн орон сууц, байраар сольж авахыг санал болгож байгаа. Хотод хотын дүрэм, хотын хуулиар амьдрахгүй бол болохоо больсон цаг ирсээн. Э.Бат-Үүл баатар аа,  шийдвэрүүдээ гаргах цаг ирлээ! Зоригтой шийдвэрээ гарга. Хогны уут дугаарын хязгаарлалт гээд жижиг сажиг зүйлээр адлагдаж явахаар зоригтой даацтай шийдвэр гаргах цаг болсон шүү дээ.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5544

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%