Монголд хөрөнгийн захыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий юу? (1)

 

Түүхий эдийн үнийн өсөлт Монголыг хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд авчирчээ

 

2008 оны хямралаас гарах Хятадын сангийн тэлэх бодлогын үр дүн, Австралид болсон үер зэрэг нь зэс, нүүрсний үнийг харьцангуй богино хугацаанд сэргэх боломжийг олгов. Харин бусад томоохон эдийн засгийн өсөлт сул байсан нь алтны ханш өсөхөд нөлөөлсөөр байлаа. Ийнхүү 2011 онд манайх шиг түүхий эд экспортлогч орны хувьд экспортын орлого өссөн хамгийн таатай жил байв. Үнийн өсөлтийг дагаад уг салбарт хөрөнгө оруулагчдын тоо ч нэмэгдэв. Энэ нь Монголын байгалийн баялаг дэлхий нийтийн анхаарлын төвд ороход хүргэсэн байна. Ялангуяа хайгуулын лицензүүд олноор олгогдож алт, зэс, нүүрсний ордуудад хөрөнгө оруулж эхэллээ. Үр дүнд нь манайд байгалийн баялагт тулгуурлаж гадаадын биржээс хөрөнгө босгосон, эсвэл бизнесээ Монголд өргөжүүлсэн 31 компани бий болжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эхний давлагааг алдчихжээ. Дараагийн давлагааг алдахгүйн тулд юу хийх вэ?

 

  

 

2010 оны дунд үеэс зогсоод байсан хайгуулын лиценз олгох үйл ажиллагаа энэ оноос эхэллээ. Мөн шүүхийн шийдвэрээр цуцлагдаад байсан 106 лицензийг эргэлтэд оруулах үйл ажиллагаа ч эхлэв.

 

 “Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 % буюу 31 сая га талбайд олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай Монгол Улсын нутаг дэвсгэрийн 71.5% хувийг эзэлж байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл, харин 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно” Эх сурвалж: Уул уурхайн яам, 2015 оны 01-р сарын 13

 

  "2015 оны 05-р сарын 31“2015 онд шинээр 1018 лиценз авах хүсэлт ирүүлснээс 34 нь ашиглалтых, 984 нь хайгуулын лиценз авах хүсэлт байгаа юм. Харин тавдугаар сарын 31-ны байдлаар 222 хайгуулын лиценз, 30 ашиглалтын лиценз олгосон байна” Эх сурвалж: Ашигт малтмалын газар

 

Эхний таван сарын байдлаар хайгуулын лиценз хүссэн өргөдлийн тоо 984 байгаа нь 2009 оны нийт дүнтэй ойролцоо байна. Хайгуул хийгдээгүй нутаг дэвсгэрийн хэмжээ их байгаа нь ирээдүйд олон тооны ашигт малтмалын нөөц илрэх үндэслэл болох юм. Цаашид хайгуулын лиценз олголт нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалт татах хэрэгцээ нэмэгдэнэ. Ганц удаа хайгуул хийгээд дуусахгүй. Хэд хэдэн шаттай хийнэ. Тэр бүрт нь хөрөнгө оруулалт шаардагдана. Цаашилбал ашиглах үеийн хөрөнгө оруулалт татах шаардлага үүснэ. Ганц үгээр хэлбэл, Монголын баялагт суурилсан хувьцаат компаниуд төрнө. Дараагийн давлагаа үүсэх нөхцөл аль хэдийнээ бүрдсэн. Гагцхүү цаг хугацааны асуудал болоод байна. 

Иймээс бид өнгөрсөн алдаанаасаа суралцаж ирээдүйд үүсэх боломжийг ашиглахын тулд Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарах шаардлага урган гарч байна.

 

Түүгээр урсах мөнгийг үүгээр урсгах боломж юу байна вэ?

  Ашиглалт нь эхэлчихсэн Оюу толгой, Ухаа худаг, Овоот Толгой, Хөшөөтийн ордуудад үйл ажиллагаа явуулж буй компаниудын зах зээлийн үнэлгээ 7.349 тэрбум ам.доллар. Түүхий эдийн үнэ ёроол орчимд хүртэл уначхаад байхад шүү дээ. Цаана нь хайгуул нь хийгдэж байгаа, нөөц нь бүрэн тогтоогдож дуусаагүй 19 компанийн 204 сая ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий хувьцаа арилжаалагдаж байна. Дөнгөж 23 компанийн зах зээлийн үнэлгээ Монголын ДНБ-ний 62.5 хувьтай тэнцэж байгаа юм. Хайгуул хийгдэж нөөц нь нэмэгдвэл ханш нь дахиад өснө.

Зөвхөн энэ оны эхний таван сард шинээр олгосон лицензийн тоо 222, хайгуул хийх боломжит талбайн нь хэмжээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 % буюу 31 сая га. Харин одоо хүчин төгөлдөр байгаа ашиглалт ба хайгуулын лицензийн талбай 7.1 хувь. Хайгуул хийгдээгүй 31 сая га газарт ямар хэмжээний ашигт малтмал байгаа бол? Эндээс хэчнээн хувьцаат компани төрөх бол?

Нэгтгээд дүгнэвэл, бид зөв удирдаж чадвал Азидаа уул уурхайд тулгуурласан томоохон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломжтой юм.

 

 

 

Хууль эрх зүйн орчны оновчтой зохицуулалт хөгжлийн хурдыг нэмэгдүүлнэ

 

Төрд нэгэн хүчтэй зэвсэг бий. Тэр нь хууль. Хуулийг шинээр баталж, хүчингүй болгож бас нэмэлт өөрчлөлт оруулдаг. Эрх зүйн орчны зохицуулалтаар дамжуулж бизнесийн орчныг үндсээр нь эргүүлдэг. Сүүлийн хэдэн жилд үүний тод жишээг нүдээр харж, чихээр сонгож, биеэр мэдэрлээ. Тэгвэл хөрөнгийн захын хөгжлийг түргэсгэх нэгэн зохицуулалт “Ашигт Малтмалын тухай” хуулинд байгааг сануулах нь зүйтэй болов уу.  Тус  хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэж заажээ.

 Нэгдүгээрт, хуулийн энэ заалтыг ашиглахгүй байна. Иймээс эргэн сануулахыг хүслээ.

Хоёрдугаарт, тус заалтыг зөвхөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд бус бүх л орд газруудад үйлчлэх байдлаар өөрчилбөл түүгээр урсах мөнгийг хялбархан аргаар үүгээр урсгах боломж нээгдэх нь.

 Мэдээж хэрэг дан ганц үүнийг хийгээд хөгжлийн асуудлыг шийднэ гэж үгүй. Хөрөнгийн зах зээл гэдэг системийг бүрдүүлэгч эд эрхтэн бүрийг  хөгжүүлэх шаардлагатай. Иймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хөгжлийн бодлого, төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд гаргаж, төрөөс баримтлах бодлого болгох шаардлага тун их байна.

Дүгнэлт

 Хэдийгээр түүхий эдийн ханш уналттай, олон компаниуд дампуурч, өнөөдөртөө энэ салбарт хэн ч гараа дүрэхийг хүсэхгүй байгаа ч хөгжлийн тухай яриа өрнүүлж буй бол үнэ унах чухал биш. Бидний ухаад борлуулж буй түүхий эд нөхөн сэргээгдэхгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам шавхагдана. Харин дэлхийн хүн ам өсч, хэрэглээ нэмэгдсээр байна. Тодруулбал, цаг хугацаа өнгөрөх тусам нийлүүлэлт нь буурч, эрэлт нь өссөөр байна. Иймээс ирээдүйд үнэ өсөх нь гарцаагүй. Гэхдээ энэ үйл явдал нэг хүний нэг насны амьдралд тохиох нь ховор. Ийм ч учраас өнөө амьдарч буй хүмүүс нь өөрсдийгөө бодох нь элбэг. Гэхдээ бидэнд нэг үеийн бус нилээд хэдэн үеийн Монголчуудыг хамрах хөгжлийн бодлого хэрэгтэй. Өнөөдөр амьд байгаа Монголчууд эдийн засгийн хямралд өртөж амьдрал нь доройтож буйг тооцохоос гадна ирээдүйд төрөх Монголчуудыг хоосон үлдээхгүйн тухай заавал тооцож, нөөцийн оновчтой хуваарилалт хийх ёстой. Тодруулбал, үнэ уналаа гээд түүхий эд хог болчихгүй, иймээс заавал зарах гээд зүтгэх ч хэрэггүй. Ирээдүйд үнэ өсөх нь гарцаагүй. Тэр үед нь заръя. Харин яг одоо бол орд газруудаа ухах цаг биш, харин Монгол толгойгоо ажиллуулах мөч.  

 

Асуудлын гол нь түүхий эдийн уналтад бус харин байгалийн баялгийнхаа үр шимийг Монголчууд бид хэрхэн хүртэж чадахгүй байна вэ гэдэгт байна. 2010-2011 онд түүхий эдийн үнэ өндөр өсч байхад энгийн Монгол иргэний амьдралд юу наалдав? Нүүрсний экспорт хоёр хүрэхгүй жилийн хугацаанд 500 сая ам.доллараас 2.5 тэрбум ам.доллар болж өсөхөд бидний амьдрал хэрхэн дээшлэв? Гадаадын шууд хөрөнгө оруулалт 600 сая ам.доллараас 4.8 тэрбум хүртэл өсөхөд таны амьдрал яаж сайжрав? Нэг минут нухацтай бодоод үз. Хэрэв таны амьдралд эерэг өөрчлөлт гараагүй бол дахин үнэ өсч нүүрс, зэс, алтаа тн тн-оор нь гаргасан ч бид дахиад л хоосон хоцрох нь. Тэгэхээр түүхий эдийн үнэ унасандаа биш үр шимийг нь тэгш тараах тараах систем үгүйд л гол учир байна. Иргэн таны амьдралд байгалийн баялгийн үр шимийг хүртээх санхүүгийн зах зээл нь хөрөнгийн зах зээл юм.

 

Түүхий эдийн үнэ өсөхөд Монголын баялагт суурилсан компаниудын хувьцааны ханш өснө. Дотоодын хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадвал бид тэр компаниудын хувьцааг Монголоосоо хялбархан авчихна.  Тэр л үед Монголчууд нийгмээрээ байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэх юм. Дахин хэлэхэд түүхий эдийн үнэ унасанд гол асуудал байгаа юм биш. Харин үнэ өсөх үед яагаад Монголчууд баялгийнхаа үр шимийг хүртэж чадахгүй хоосон хоцроод байгаад л гол асуудал байна. Түүхий эдийн үнэ унаж, зарагдахгүй хог шиг болж байгаад гол учир нь байгаа юм биш. Харин ийм үед газраа ухаж мөнгө олохын оронд толгойгоо ухаж өөр боломжийг эрэлхийлэхэд хойрго хандаж байгаад л гол учир байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу!


avatar
    • Зочин
    • 202.21.109.*

    zailshgui shaardalagui bhguiee. manaih shig jijig orond . jijig zah zeel deer hurungiin zah zeeleerch yadiin

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%