АРДЧИЛСАН НАМЫН ЗАЛУУ ГИШҮҮНИЙ ӨЧИЛ (1)

“76 тэнэг”

За тэнэг нь ч юу юм. Гэхдээ л энэ хэллэг УИХ-ын сонгуулийн үр дүнд нийгмийн багагүй хэсэг сэтгэл дундуур үлддэгийг илэрхийлдэг. Өчнөөн сайхан залуус байна, боловсролтой, ёс зүйтэй, чадвартай. Тэд хаачив? Өчнөөн сайхан залуус байна, гадна дотно төгссөн, улс төрд бохирдоогүй, зөв үзэл бодолтой. Тэд яагаад гарч ирдэггүй юм бэ? Ингэж олон хүн боддог. Эндээс тэр тэнэг нөхдийг сонгоод байгаа ард түмэн өөрөө тэнэг гэдэг логик гараад ирдэг. Тэгвэл тийм бишээ. Монголчууд тэнэгтээ буруу хүмүүсээ сонгоод байгаа юм биш гэж би хэлэх гэсэн юм. Өнгө мөнгөнд саналаа худалддаг хэсэг бий нь бий. Гэхдээ ерөнхий дүн нуруугаар монголчууд бол харьцангуй өөрийн гэсэн бодолтой, бие даасан сонголт хийх чадвартай ард түмэн гэж хэлж болно. Тэгвэл яагаад сонгуулиас сонгуульд 76 тэнэгийн үлгэр үргэлжилнэм бэ?

 

Асуудлын гол нь жирийн иргэдэд сонголт хийх боломж байдаггүй. Тухайн тойрог дээр АН-аас “А” гэж нөхөр нэр дэвшиж, МАН-аас “Б” гэж нөхөр нэр дэвшинэ. Хоёулаа л сэтгэлд хүрэхгүй. Тэглээ гээд аль нэгийг нь сонгохоос өөр аргагүй. Тэгвэл тэр нөхөд ямар арга замаар нэр дэвшчихдэг юм бэ? Вот, эхлээд үүнийг нягталъя. Чуулганы танхимд морилох 76-гаа зурагтаар харж дэмий хараахаас өмнө хэдүүлээ манай нийгмийг буруу залаад байгаа тэр механизм, тоглоомын дүрмэнд анхаарлаа хандуулъя. Асуудлаа зөв тодорхойлохгүй бол алдаа хэзээ ч засагдахгүй. Бидэнд далай доторх мөсөн арлын зөвхөн уснаас ил гарсан хэсэг буюу өнгөн дээд хэсэг л харагдаж байна. Усан доторх доошоогоо ёзоор хүртэлх тэр аварга хэсэг, уг үндсийг нь жирийн хүн тэр болгон мэддэггүй. 76 нэр дэвшигч тодрох хүртэл хугацаанд намууд дотор ямар алалцаан болдгийг зарим уншигч л зах зухаас нь гадарлах байх. Намаас урваж шарвалаа, намдаа гомдлоо, намын нэг хэсэг нь нөгөө хэсгээ шүүхэд өглөө, намын байрны гадаа зодоон боллоо, энэ бүхэн бол ердөө л нэр дэвших процесст гарч буй завхралын гадагш харагдаж буй хэсэг.

 

Нам өөрөө шулмын хорлолтой байшин бишээ, намын анхан шат, дунд шатанд алдаа завхралын уг үндэс байж байдаг. Үүнийг боломжит хамгийн бага хэмжээнд барьж чадвал улс төр арай эрүүл, бидний хүсэн хүлээсэн тэр ном горимоор явагдана. Улс төр өндөг шиг цагаан байна гэж байхгүй. Хүний нийгмийн өрсөлдөөн явагдаж байгаагаас хойш хар цагаан бүх л арга мэх энд туршигддаг. Ядаж байхад монгол хүний толгой муу юмандаа сайн ажилладгийг хэлэх үү. АН гэхээрээ, МАН гэхээрээ болохоо байчихаад байгаа юм биш, тэдэн дунд Монгол орны хувь заяаг зөв залаад явах хүсэл сэтгэлтэй лидерүүд цөөнгүй бий! Далдаганасан, долдогоносон, хорлосон, намын нүүр царайг гутаасан маш том масс ч бий. Үнэндээ амаргүй тэмцэл, байлдаантай кино. Гэхдээ л найдлага тасрах болоогүй. Тоглоомын дүрмийг сайжруулах замаар л эцсийн дүндээ “сайн нь муугаа дийлээд явах”, нийгэм арай гэгээлэг өнгөлөг тал руугаа явах боломж бий. Гутранги хүн бол үүнээс цааш унших хэрэггүй. Өөдрөг үзэл л маргаашийг бүтээдэг.

 

Тоглоомын дүрэм. Намын дүрэм! Ирэх намрын чуулганаар улс төрийн намуудын тухай хууль шинэчлэгдэн батлагдана. Мөн сонгуулийн нэгдсэн хууль шинэчлэгдэнэ. Үүнийг дагаад намууд дотоод дүрэмдээ өөрчлөлт оруулахаас аргагүйд хүрнэ. Хэрэв тоглоомын дүрмээ зөв зохиовол, оролцогчид нь тэр дүрмээ сайн мөрддөг болвол, нийтээрээ хянаж шахаж тэр соёлыг хэвшүүлбэл өнөөдрийн улс төр дэх олон асуудал шийдэгдээд явна. Тиймээс энэ “Улс төрийн намуудын тухай хууль” ямар байдлаар шинэчлэгдэх нь манай улс үндэстний хувь заяатай холбоотой, нэн ач холбогдолтой үйл явц болох юм.

Тиймээс энэ “Улс төрийн намуудын тухай хууль” ямар байдлаар шинэчлэгдэх нь манай улс үндэстний хувь заяатай холбоотой, нэн ач холбогдолтой үйл явц болох юм.

Намаар дамжиж улс төрийн бодлого явагддаг тогтолцоог үгүйсгээд, нэг л их эх оронч бие даасан гишүүдийг, “мөрөөдлийн баг”-ийг гаргаж ирээд Монгол улс хөгжих үү? Үүнийг хүүхдийн гэнэн мөрөөдөл л гэж хэлнэ. Яахав тэд нэг удаа ялж магадгүй. Хамтын, институтын хариуцлага хүлээх чадваргүй бие даагчид, популистууд нэг удаагийн сонгуулиар бөөндөө гараад ирэхийг үгүйсгэхгүй. Үр дүнд нь эргээд буух эзэн, буцах хаяггүй, супер одуудаас бүрдсэн уран сайханчдын чуулга улс орноор жинхэнэ тоглож хаях байх даа. Түүний дараа сайнтай ч, муутай ч нам нь зангиддаг тогтолцоо арай дээр болохыг харж, сургамж авсан ард түмэн дахиж тийм сонголт хийхгүй л болов уу. Гэхдээ л түүний төлөөс хэтэрхий чанга.

За бас эзэн Чингис хааны 21-р зууны хувилбар гарч ирээд нийгмийг цэгцлээд, чиглүүлээд, хөгжил дэвшилд хүргээд өгөх хувилбар яригддаг. Нэг хэсэг хүн үүнийг хүсэн хүлээдэг. Гэхдээ энэ бол даяарчлагдсан орчин үе, бардам бөгөөд эрх чөлөөнд дуртай монгол үндэстний хувьд бараг л боломжгүй болохыг шулуухан хэлчих нь зөв бизээ. Гадаад харилцаа талаас нь бодоод үзсэн ч тэр. Орос, Хятад гэсэн аварга хүчирхэг гүрнүүдэд хавчуулсан манай улсын хувьд барьцгүй, хэд хэдэн уялдаатай институтээс бүрдсэн байх нь үндэсний аюулгүй байдал талаасаа тохиромжтой.

Барзгар гээд хамраа огтолж болохгүй шиг, бид өнөөдрийнхөө системийг бүхэлд нь үгүйсгэлээ гээд асуудлаа шийдэж чадахгүй. Хэрэв бид асуудлаа тодорхойлж чадахгүй бол дэмий л амаа ангалзуулсаар эцэстээ Ардчилсан Намыг, бусад намыг ч үзэн ядаад, намын тогтолцоог тэр чигт нь, магадгүй ардчиллыг бүхэлд нь үгүйсгэхэд хүрнэ. “АН биш юмаа”, “МАН ч биш юм”. Тэглээ гээд бусад нь ч биш болохыг МАХН ч харууллаа, ИЗНН ч харууллаа. Энэ 3-4 үсэгтэй товчилсон нэрүүд яаж ч солигдлоо гэсэн олигтой дүр зураг гарахаас өнгөрсөн. 30 сайхан залуугаас бүрдсэн ХҮН нам илүү юу? Харж байж л болъё. Гэхдээ л тэд нийгэмд байр суурь эзэлж, дэмжлэг авахын тулд гурван зуугуулаа болно, гурван мянгуулаа болно. Амжилттай явбал түүнээс ч олуулаа болно. Ингээд ирэхийн цагт нөгөө ах нарынхаа хойноос хүссэн, хүсээгүй ч орно. Үүгээр би шинэ тутам намыг үгүйсгэх гэсэнгүй. Тэнд миний олон найз нөхөд бий. Харин хүн гээч амьтны олонлогоос бүрдсэн улс төр гээч ямархан хэцүү зунгаарал болохыг сануулах гэсэн юм. Ардчилал бол асуудлыг өргөс авч байгаа юм шиг шийддэг тогтолцоо биш. Ардчилал өөрөө өчнөөн асуудалтай. Ардчилсан Нам даанч яавдаа гэх үе ч бий. Гэхдээ л Ардчилалд, Ардчилсан Намд хамгийн гол давуу тал, нандин чанар байдаг. Тэр нь өөрөө өөрийгөө эмчлэх, зугуухан бөгөөд зовлонтой боловч болохгүйгээ засаад явах чадвар нь юм. Черчиллийн хэлсэнчлэн “ардчилал бол муу систем, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүү сайныг олж чадаагүй л байна”. Ардчилсан Нам толинд байгаа барзгар царайгаа хараад толио хага цохидог нам бишээ!

Үргэлжлэл бий...


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2179

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%