Монгол Японы стратегийн  түншлэл - EPA хонгилын үзүүр дэх гэрэл мөн үү?

Валютын ханш унаж, Тавантолгойн хэрүүл үргэлжилж асан хоёрдугаар сард ганц гайгүй нааштай мэдээ Монголчуудыг баярлуулсан нь Японтой зурсан эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ EPA байлаа. Ойрын 10 жилд хоёр улсын хоорондох худалдааны татварын 90 хувь нь тэглэгдэнэ.

Ялихгүй аж ахуйтай ч ямаан хэрэглээтэй бидний газраа ухаж гадагш зарж ирдэг гурван гол эрдэс, түүхий эдийн үнэ унасан. Дээр нь урт хугацаанд өгөөж өгөх дэд бүтэц болж хувирсан ч дотоод гадаад хямрал хавсарсан ийм үеэр ойрын хугацаанд төлөх ёстой зээлийн(гадаадаасаа илүү дотоодынх нь бараг том асуудал болж ирсэн) үндсэн төлбөрүүд шил даран хүлээгдэж байна Ийм нөхцөл байдалд EPA богино юм уу дунд хугацаанд экспортын орлого, нэг төрлийн шинэ саалийн үнээ болж өгөх болов уу?

Энэ асуултад хариулт эрэхийн тулд эхлээд EPA, Дэлхийн Худалдааны Байгууллагын талаар, түүний үр үндэс GATT -ын талаар баримжаатай болох хэрэгтэй.

 

Олон улсад

Цус урсгасан дэлхийн 2-р дайны гал намжаагүй 1944 онд баялаг тойрсон зөрчлөө зохицуулж чадаагүйгийнхээ горыг ханатал амссан 44 улс АНУ-д чуулж  дайны дараах дэлхийн мөнгө санхүү, эдийн засгийн бодлогын системийг зурагласан нь Бреттон Вүүдсийн систем гэгдэнэ. Хоёр гол институц нь ОУВС болон Дэлхийн банк. Сангийн яамдын манлайлал дор худалдааг нэлээн орхигдуулсан энэ гэрээгээр гэхдээ ОУВС-гийн дутууг гүйцээх худалдааны байгууллага хэрэгтэйг хүлээн зөвшилцөөд салсан байдаг.  1945 оноос дайны дараа үйлдвэрлэлийн хүчин чадал нь харьцангуй бүрэн бүтэн үлдсэн АНУ санаачлагыг гартаа авч ажилласнаар өдгөөгийн ДХБ-ын схемийн эх болох GATT буюу худалдаа, тарифын талаарх ерөнхий гэрээ 1948 онд зурагдсан.  Бараг хагас зууны туршид улс хооорондын гэрээ, ерөнхий дүрмийн хэлбэртэй явж ирсэн энэ схем 9 жил үргэлжилсэн Уругвайн тойрог хэлэлцээрийн дүнд 1995 онд Дэлхийн Худалдааны Байгууллага хэмээх албан ёсны байгууллагын хэлбэрт орсон түүхтэй. Гол зарчим нь энгийнээр хэлбэл өөрийн болон хүний барааг ялгалгүй авч үзэх. Гэхдээ   2001 оноос эхэлсэн Доха тойргийн хэлэлцээр сунжирч, 2008 онд муудаж тараад, эцсээ үзэлгүй 15 жил өнгөрч байна. Өөрөөр хэлбэл тоглоомын дүрэм гүйцэд бичигдээгүй.  

Доха тойрог сунжирсан нь нэг талаар анх АНУ-ын өөрөө санаачлан үүсгэсэн үеэс өнөөдрийн дэлхийн индастриал харилцаа шал өөр дүр зурагтай болсонтой холбоотой. Худалдан авагч байсан Хятад гэхэд асар том экспортлогч болж, Энэтхэг, Өмнөд Солонгос гээд Ази тив эргээд АНУ, Их Британид бүтээгдэхүүн нийлүүлэх тал болсон. Тэрнээс гадна либерал худалдаа, нео-либерализм дагасан хагас зуунд дэлхийн худалдааны хэмжээ  мөнгөн дүнгээр даруй хэд нугарч өссөн ч өмнөд хойдын баян ядуугийн ялгаа улам гүнзгийрч, баян нь баяжих, ядуу нь ядуурах явц улам эрчимжсэн нь системд итгэх итгэл үнэмшлийг нойллож дуусаад байв. Ингээд схемийг төрүүлсэн эцэг АНУ нь нэг гараараа либерал худалдааны дүрэм нэхэх хэрнээ нөгөө гараараа дотоодын хөдөө аж ахуйдаа 288 тэрбум долларын 5 жилийн татаас баталсан нь ДХБ-ын зарчимтай зөрчилдөж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хоёр их гүрэн Хятад, Энэтхэгтэй муудалцахад хүрснээр хэлэлцээрийн ширээг орхисон нь түүхийн даажин л гэсэн үг.  Доха тойрог зогсонги байдалд ормогц угаасаа GATT-ын хажуугаар үүсэж хөгжиж ирсэн төрөл бүрийн бүс нутаг, улс хоорондын хоёр талт, гурван талт, олон талт гэрээ хэлэлцээр улам эрчимжив. Япон манайхтай EPA зурсныг ч энэ гэрэлд харах ёстой. Энэ улсын EPА –н жагсаалтыг эндээс харж болно. Бид нэгт EPA, түүний эх болох чөлөөт худалдааны систем бол  юм л бол дэлхий дэлхий, дэлхийд тоогдлоо гээд юм үзээгүй царайлаад байдаг шигээ сохроор шүтэн баясах үнсгэлжингийн үлгэр биш гэдгийг ойлгох хэрэгтэй.  Чөлөөт схем дотор ижил боломж үүснэ, гэхдээ тэрийг ашиглах хүчин чадал улс орон бүрт адилгүй. Хүч нь тэнцэж хэн нь хэндээ зарах вэ гэдэгтээ тулаад ирэхээр хоёр тийшээ харсан жишээ цөөнгүй.  Япон гэхэд Азид индастриал хөгжлийн түвшнээр өөрийг нь гүйцэхгүй талуудтай голдуу гэрээлж ирснийг, сүүлийн жилүүдэд стратегийн гол бүтээгдэхүүнийг нь гүйцэж түрүүлж ирсэн Өмнөд Солонгостой хийх чөлөөт худалдааны гэрээ 2004 оноос хойш зогсонги байдалтай байгааг харж болно.

 

Монгол улс, макро түвшинд:

Манай улс 1991 онд GATT-д нэгдэх хүсэлтээ гаргасан байдаг, 1997 онд албан ёсны гишүүн болсон.  Нэг бодит бүтээгдэхүүн гараараа бүтээж зарж үзсэн гэхэд эргэлзмээр хүмүүс оюун санаа, улс төрийн ертөнцөд давамгайлж байсны дээр 1996 онд гарсан М.Энхсайханы засгийн газар гаалийн татвар тэглэж, 1995 онд л байгууллагын хэлбэрт орсон ДХБ-д гишүүн орноор элссэн. Ингэснээр  89-90 оны шоокоос эргэж сэргэж ядаж байсан боловсруулсан бүтээгдэхүүний эрэлтийг тэр чигт нь шинэ тутам эрчимтэй үйлдвэржиж байсан өмнөд хөршийн Эрээнд шилжүүлэв. Алт, зэс, нүүрс зардаг, зарсан мөнгөөрөө эрээн бандааш, 00-ын цаасаа хүртэл ачиж ирж амьдардаг хэв маяг ингэж хөдөлбөргүй тогтсон билээ. Эргээд чөлөөт худалдааны системийг ашиглаад экспортлох шаанстай бараа гэвэл оёдол, ноос, ноолуураас өөр байсангүй(хожуу үеийн экспортлогчид угаасаа энэ салбараас эхэлнэ ).   ДХБ-ын multi-fiber гэрээгээр АНУ-д оёдлын бүтээгдэхүүн зарах квоттой байсан ч тэртэй тэргүй үйлдвэрлэлийн дотоод организм биежээгүй манайд энэ схемийг ашиглан Хятадын, Солонгосын үйлдвэрүүд монгол компанийн нэртэй байгуулагдаж хувцас үйлдвэрлэж гаргадаг болов.  2004 онд хугацаа  нь дуусах байсан энэ гэрээг Бушийн засгийн газар сунгаж өгсөн. 2007 оноос тэнгэр ивээж түүхийн эдийн үнэ өссөн ч орж ирсэн сул мөнгөө дээр дооргүй сагаж сагсуурч хувааж идээд өөр экспортын салбар өсгөж хөгжүүлж амжилгүй өнөөдрийн ороо бусгаа цагийг угтаж байна.

 

Монгол улс, микро түвшинд:

Зарчмын хувьд өрсөлдөөнд тэгш боломж олгох утгаараа чөлөөт худалдаа орлогоо нэмэх боломж мөн нь мөн. Гэхдээ сүүлийн 60 жилийн туршид яагаад орлогын ялгаа гүнзгийрч, хөгжиж буй болон хөгжсөн орны хооронд голдуу хямд түүхий эд--- үнэтэй боловсруулсан бүтээгдэхүүний солилцоо явагдаж,  энэ харилцаанд өөрчлөлт гармагц  Доха тойрог зогсохдоо тулсны учир нь микро түвшний буюу өвсний үндэс болсон үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, хүний нөөцийн хөгжлийн түвшинд бий. Макро схем нь бүгдэд боломж өгдөг, харин микро түвшинд хэн нь хүн тоож авахаар бараа хийж чадаж байгаа нь түүхэн замналаас хамааралтай path-dependent амаргүй асуулт. Манай улсын хувьд түүхэн үечлэлийн хувьд үйлдвэрлэлийн технологийн болон үйлдвэрлэснээ борлуулах сэйлс, маркетингийн  ухаан гэсэн хоёр чиглэлд хоёуланд нь сая EPA зурсан Японоос даанч хол хоцорч явна.  Японы хувьд хүн ам багасч ирж, гадаад зах зээлд шинэ тутам үйлдвэрлэгчдэд шахагдаж ирж буй дотооддоо илүүдэл нийлүүлэлттэй орон тул айлаас бараа авахаас илүү борлуулах инсентив нь хүчтэй. Ядаж манайх аж ахуйн хөгжил сул дээрээ төрийн зохицуулалт нойл.  Бүр тэнд дотооддоо дутагдалтай, манай талын маркетингаар биш нөгөө талаас хайж олж ирээд авъя гэж байгаа ганц барааг гаргах гэж 3 жилийн туршид ямархан хэцүү зангууны үлгэр өрнөж байгааг энд тоочвол  эрхэм уншигч залхахад хүрнэ. МNS стандартаар 6 сар хадгалах бараа гээд гаргаж болдоггүй, тэр нь тээхэд хүрэлцдэггүй, сунгах гэхээр 6-9 сар шаардлагатай гэх мэт түй түмэн хүнд суртлыг давах болдог, тэр дунд тэртэй тэргүй дотооддоо хөл дээрээ тэнцэж ядаж байгаа үйлдвэрлэгчид бууж өгдөг, бодит байдал тийм л байна.

 

Тэгээд EPA гэж хэнд ч хэрэггүй шоу юу?

Ингээд харахаар 2 сард зурагдсан EPA их л дэврүүн романтизм боловч 10 жилдээ тариф тэглэх худалдааны харилцаа үүсэх нь үүслээ. Хоёр боломж хонгилын үзүүрт харагдана. Нэгд, гурвалжин будаа гэх мэт ХАА-н бүтээгдэхүүний joint-venture-г хөгжүүлэх, япон талын борлуулалт, менежментийн ноу-хауг ашиглаад Япон руу болон бусад улс руу гаргах. Өөр салбарын иймэрхүү жишээ гэвэл Санко Сэико компанийн нарны эрчим хүчний хавтан байна. Монгол хүн ажил хийдгийг, монголоос бүтээгдэхүүн гарч болдгийг япон хүн харуулж өгч буй. Хоёрт, Мицүбиши, Сүмитомо гэх мэт манай эдийн засгийг 20 нугалах жишээтэй хүчирхэг худалдааны хаусуудын хөлд сууж, Засгийн газраас идэвхийлэн харилцах, дотоодын гайгүй том компаниудаа хамруулсан хамтын төсөл хэрэгжүүлэх(менежментээ нөгөө талд даатгах). Тэд бөмбөрцөг даяар  юуг ч хэнд ч хэдийг ч зарах чадвартай. Гэхдээ манай улсыг ямар нэг бүтээгдэхүүнийг тогтсон хуваарийн дагуу жигд чанартай, их хэмжээгээр нийлүүлэх чадамж алга гэцгээнэ. Энэ утгаараа бид зарим орны 19-р зууны түвшинд ч очоогүй яваа нь гашуун үнэн. Худалдааны хаусууд бүгд Улаанбаатарт оффистой ч уул уурхай, хүнд механизмын импортоос бусдаар үйлдвэрлэгч гэж харахгүй байна. Засгийн газраас идэвхи шаардлагатай гэдэг нь нэгэнт компанийн хөгжил ийм түвшинд тул тэдэнтэй гар нийлэх хүч хувийн хэвшлээс төрөх найдвар бараг байхгүйтэй холбоотой. Манай хувийн аж ахуйн хөгжил бие даагаад тэдний түй түмэн стандарт, чанарын шаардлагыг хангах, масс борлуулалт хийх, эн тэнцүү чөлөөт худалдааны түншлэл хийх өдрөөс даанч хол байна.  Хийж чадах ААН төрвөл мэдээж тэрнээс сайхан энэнээс бахдалтай зүйл хаа байхав.

Тэгэхээр хамгийн эхэнд асуусан EPA саалийн үнээ болох боломж байгаа эсэхийн хариу нь (харамсалтай нь) Засгийн газрын үйлдвэрлэл гэчихээр үйлдвэрлэл хийх бодитой бодлого хэрэгжүүлэх хүсэл, манлайллаас ихээхэн хамаарна гэж бодож байна. Хүсвэл арга нь олдох буюу, япон хэлтэй сайн боловсон хүчин ч хэдэн зуу, мянгаараа бэлтгэгдсэн. Нэг япон танилын гасалж байсанчлан нэг ажил эхлээд 6 жилийн дотор төрийн албаны хариуцсан хүн нь 7 солигдсон дордохуйн үлгэр шиг энэ гэрээг базах төрийн албаны багт 8 жилийн боловсролтой хамаатны дүүгээ чихэх мэтээр сурсан аргаараа ажиллах бол их л бахдан пиар хийж асан EPA хэмээх нь баахан мисо, цуу, шинэ хуучин машин авч хэрэглэдэг Эрээний үлгэрийн хоёрдугаар бүлэг болж дуусах вий.

 

 

 

 


avatar
    • Зочин
    • 122.201.24.*

    MONGOLDOO BUIM IH UHAANTNUUDAA ASHIGLAJ CHADAHGUI BAIJ URGELJ HARIIN YUM SHUTEJ,HARIIN HUNEES TSARAI ALDAJ BAIDAG ...YACHIHSAN ULS TOR VE..MONGOLIINHOO ERDEMTEN,INJENERUUDIIG ASHIGLAJ TEDNIIGEE DEEDELJ ARCHILJ CHADAHGUI....HELEH UG CH OLDOHGUI YUM...SANHUUGII NI SHIIDEED OGVOL MONGOLCHUUD YU CH HIINE SHU DEE MALNUUD MINI...AILAAS REHEER AVDRAA UH GEDEG BIZ....TENEGIIN DOTOR UUJUU GEJ ARGAGUI L UNEN UG YUM DA.

    • Зочин
    • 122.201.21.*

    ГЭРЭЛ МӨН

    • Зочин
    • 103.229.122.*

    Mongoliin gants awaral bol Mongol oroo tuunees 3dagch Japan Russia Hyatad USA ogt bish

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5142

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%