Нийтлэл 09 сарын 21, 2015

Бизнес: Зоригтой лидерүүд уучлал гуйдаг

“Намайг уучлаарай, би бол авах юмгүй хогийн гар”.

Бизнес лидерүүд зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, ажилтнууд, хэрэглэгчид гээд бүх талуудыг бодолцож сайтар тунгаасан шийдвэр гаргах ёстой байдаг. Энэ шийдвэр нь оновчтой тусаж, ашиг орлого авчирсан бол бусад талуудаас өндөр бонус хүртэх боломжтой. Энэ хэрээрээ үг үйлдэлд нь том хариуцлага дагалддаг. Том хариуцлагад тоомжиргүй хандсаны төлөөсөнд янз бүрийн хэлбэрээр хариуцлагаа хүлээдэг, түүний нэг нь  олон нийтийн өмнө бизнесийн болон хувь хүний зүгээс албан ёсоор уучлал гуйх. Улстөрчид бол хариуцлага нэхэх соёл бүрдсэн оронд ихэвчлэн албан тушаалаасаа буудаг. Ингээд бизнесийн түүхэн дэх уучлал гуйсан хамгийн алдартай зарим скандалтай танилцъя.

  1. Apple, Стив Жобс : iPhone 4-ийн антеннад зарим нэг асуудал гарсан тухайд хэрэглэгчдээс уучлал гуйж “бөгсөө сайрттал” ажиллаж асуудлыг шийднэ гэж ам өгсөн. Шийдсэн. 2012 онд түүний орыг залгамжилсан Тим Күүк ч газрын зураг заах аппликэйшний талаарх хэрэглэгчдийн гомдолд

    “бид хэрэглэгчдэд хамгийн сайныг хүргэхээр ажиллаж ирсэн, энэ удаа тэр үүргээ биелүүлж чадсангүй”

    хэмээн чамгүй урт уучлал гуйж, арга хэмжээ авснаар брэндийнхээ нэр хүндийг аварч гарч байв.
  2. 2006 онд Марк Цукербэрг Фэйсбүүкийн шинэчлэлээр нууцлал, аюулгүй байдалд согог үүссэн асуудлын тухайд мэдэгдэл гаргаж, олон нийтээс уучлал гуйсан. 22 настай залуу бизнес од “энэ удаа үнэхээр бантан хутгачихлаа” гэж чин шударгуу хүлээн зөвшөөрсөн нь тухайн үед дөнгөж гарч ирж байсан соошил медиа лидерийн цаашид хэрэглэгчидтэй ойр харилцаж явах бизнес карьерийнх нь гараа болсон билээ.
  3. Barclays Английн санхүүгийн корпорацаас арилжааны хүүтэй холбоотой “но” илэрсний дараагаар албан ёсоор дараах мэдэгдлийг гаргасан. Мэдэгдэл

    Та бүхний урмыг хугалсандаа, ийм юм болсонд чин сэтгэлийн угаас уучлал гуйя

    хэмээх өгүүлбэрээр эхэлдэг.
  4. АНУ-ын хоолонд дурлагсдын коммюнити Kitchen Aid

    “Обамагийн эмээ хүртэл сайн юм болохгүйг мэдэж байсан, эмээ түүнийг ерөнхийлөгч болохоос нь 3 хоногийн өмнө нас барсан юм”

    гэж жиргэсэн нь дэндүү хүндэтгэлгүй хэрэг болжээ. Нэг ажилтан нь хариуцлага алдсан уг жиргээг захирал С.Соледад нэн даруй устгаж, нэгд брэндийн зүгээс, хоёрт удирдлагын зүгээс гүн гүнзгий чин сэтгэлийн уучлал гуйж бүх хариуцлагыг гартаа авснаар базаахгүй шуугиан газар авч, брэндийн нэр хүнд улам сэвтэхээс эрт сэргийлж чадсан түүхтэй.
  5. 2014 оны 10 сард Microsoft-ын СЕО C.Наделла эмэгтэйчүүдийн цалинг нэмэх тухай асуултад бараг кармад даатгах ёстой маягийн юм хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Наделла нэн даруй асуултад буруу хариулснаа хүлээн зөвшөөрч, “хувийн туршлагаа энэ гаригийн хүн амын хагаст нь тулгах алдаа хийсэн”-дээ булзааруулалгүй уучлал гуйсан нь олны риакцыг хөнгөлж өгсөн.
  6. Снапчатын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Е.Спигелийн оюутан байхдаа охидод бичсэн асар бүдүүлэг захидлууд ил болсны дараа тэрээр

    “надад өөрийгөө өмөөрөх ямар ч шалтаг байхгүй, намайг уучлаарай, тэр захидлуудыг бичиж байсан үеийн би бол авах юмгүй хогийн гар”

    хэмээн мэдэгдэж, олон нийтэд хандан уучлал гуйсан агаад, тэдгээр захидлууд миний эмэгтэйчүүдийг үзэх үзлийг илэрхийлэхгүй хэмээн цайруулсан удаатай.
  7. Abercrombie & Fitch чөлөөт загварын хувцасны брэндийг хөгжүүлж, босгож ирсэн CEO М.Жефри 20 жил удирдсан компаниа хариуцлагагүй үгнийхээ төлөөсөнд орхиход хүрсэн. Тэрээр олон нийтийн ТВ-ээр

    “сургуульд ганган(cool) хүүхдүүд байдаг, нэх ганган биш нь ч байдаг. Шуудхан хэлэхэд бид гангачуулд нь зориулж хийдэг. Манайд тохирохгүй өчнөөн хүн бий, тэд тохирохгүй л бол тохирохгүй, чадахгүй. Бид exclusive байгаа биз?

    гэж ярьсан нь бүх нийтийг хамарсан дургүйцэл, эсэргүүцэл өдөөж, бүтээгдэхүүний борлуулалт нь унахад хүргэсэн юм.

 

 

Тоёта ч, Apple ч, Женерал Моторс ч тойрч гардаггүй үйлдвэрлэл, чанар, үг яриан дахь бизнесийн алдаа.  

Хэрэглэгч ба бизнесийн харилцааны уг үндэст хүн хоорондын л харилцаа байдаг. Чин сэтгэлээс гуйсан уучлал хүмүүсийн сэтгэлд хүрдэг. Харин хүргэх эсэхийг удирдлагын эр зориг, характер шийддэг билээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon