Хэр чинээлгийг хэмжиж болох уу? (2)

Нэгдүгээр хэсгийг эндээс уншина уу.

Шинэ хэмжүүрийн эрэлд

Хэдэн жилийн өмнө Францын ерөнхийлөгч Саркози ДНБ-ийг орлох шинэ эдийн засгийн аргачлалыг зарлав. Түүнд ДНБ-ий дурангаар харагддаггүй өөр "чинээлгийг" хэмжих зорилго агуулагдаж байлаа. Энэхүү шинэ хэмжүүрийг бүтээхийн тулд ерөнхийлөгч Саркозийн тавьсан өдөт сум болбоос Нобелийн шагналт Joseph Eugene Stiglitz  Штиглиц гэгч байв. Тэрээр өмнө нь Америкт Клинтоны засагт эдийн засгийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн ч хийж явсан.


Сонирхолтой нь, Штиглиц Францад зарласантай адил аргачлалаа Америкт ч санал болгож байсан бөгөөд, тэрийгээ дор нь татан авч байж. Учир нь Америкт энэ талаар улс төрийн эсэргүүцэлтэй тулгарч, шантрахад хүрчээ.  Тэр нь ч мэдээж учиртай. ДНБ гэдэг хэмжүүр дор дэлхийн номер нэг гүрэн Америк боловч, өөр шугамаар хэмжвэл номер нэг хэвээрээ байна гэсэн баталгаа байхгүй. Ялангуяа "чинээлэг", "баялаг"-ийн тухай болоод ирвэл, Америк эхний 10-т ч багтахгүй нь илэрхий шахуу.

Чинээлгээрээ алдартай нь Европ. Дан ялангуяа Норвеги, Швед, Дани, Исланд мэтийн хойд зүгийн орнууд бүр ч хүчтэй. Юугаа хэмжүүлэхээсээ хамаараад Франц ч номер нэг төр болох боломжтой. ДНБ-ийг эсэргүүцэх хандлага Европт хүчтэй байдаг нь ч ийм учиртай биз.

Америкт хэдий орлого өндөр ч, амьдралын өртөг түүнийгээ дагаад өндөр байдаг. Гэтэл Францын олон цалинтай амралт болон эрт тэтгэвэрт гардаг зэрэг давуу талуудыг ДНБ-д нь сөрөг зүйл болж тусдаг.  Хөгширтлөө амралтгүй ажиллах нь, ДНБ–д илүү нэмэр болох боловч тэр нь тэгээд "чинээлэг амьдрал" гээч мөн үү? ДНБ-ээр номер нэг болж чаддаггүй Франц, энэ асуултыг үндэс болгож шинэ хэмжүүр зарлан дэвшүүлж байжээ.

Хүнээр хангалуун нь Япон

Харин Экономист сэтгүүлээс онцолсон НҮБ–ын шинэ илтгэцүүр ч, "чинээлэг"-г чухалчлах хэмжүүр бөгөөд, "хүний нөөц", "байгаль орчин"–ыг хүндийн төвөө болгосон нь түүний онцлог юм. Энэ туухайгаар хэмжвэл, Америкийн баялаг өөрийн ДНБ-ээсээ даруй 10 дахин их болж үржинэ. Гэвч хүн нэг бүрт нь хувааж орхивол, Японыг ч гүйцэхээ байх юм. Японы хүний нөөцийн түвшин дэлхий аль ч орноос хол тасархай өндөр ажээ.  (НҮБ–н хүний нөөцийн тооцоонд,  боловсрол хүртэх жилийн дундаж, ажилчидын цалингийн дундаж, тэтгэвэрт гартлаа ажиллаж чадах жил зэргийг ашигласан.)

Байгалиа хамгаалж чадсан Япон

Японы бахархал нь хүний нөөцөөр тогтохгүй. 1990-2008 оны хооронд "байгальдаа гар хүрээгүй" ердөө 3хан орны нэг нь Япон. Нөгөө хоёр нь Франц болон Кени.Япон хэдийгээр нефть зэс мэтийн байгалийн баялаггүй ч гэлээ, газар нутгийнх нь ихэнх хагас нь тансаг ой модоор бүрхэгдэж, цэвэр ус тунгалаг агаартай. Энэхүү үзэсгэлэнт байгаль орчин нь гамшигт газар хөдлөлтийн бүсийг эс тооцвол сүүлийн 30 жилийн турш огт хөндөгдөөгүй юм. Эсрэгээрээ байгалийн сүйрэл эрчимтэй өрнөж байгаа улсуудад Орос, Колумб, Нигер, Саудын Араб, Өмнөд Африк, Венесуэл гэх мэт дэлхийд алдар цуугаа дуудуулсан эрдэнэсийн авдрууд толгой цохиж явна.

Магадгүй Японд байгалийн баярлаг байхгүй нь, эсвэл ой модны талаархи судалгаанд арвин зоос зарсан нь, байгалиа онгоноор нь хадгалж үлдсэн цаад шалтгаан байсан ч байж болно.

Хөрвөх чадвартай 3 баялаг

НҮБ-ын шинэ аргачлал нь, материаллаг нөөц, хүний нөөц, байгалийн нөөц гэсэн 3 үндсэн хэмжүүрт хуваагдах бөгөөд, энэ гурвыг мөнгөн дүнд шилжүүлсэнээр харилцан биедээ хөрвөх чадвартай болох юм.

Жишээ нь, Саудын Араб байгалийн нөөц болох нефтийнхээ 40 тэрбум доллартай тэнцэх хэсгийг экспортлож, олсон мөнгөө боловсролд хаясанаар хүний нөөцөө 1 их наяд доллараар нэмэгдүүлжээ (1990-2008). Өөрөөр хэлбэл, нефть нь багасч гарлагадсан ч, тэрийгээ 27 дахин өсгөж хүндээ шингээсэн байна.Нэг л ухаад эхлэвэл дуусах тавилантай нефтийг ч гэсэн хүний нөөц рүүгээ шилжүүлэн хадгалах боломжтой гэсэн үг.

Үнэхээр хөрвөх чадвартай гэж үү?

Материал, хүн, байгаль гурав харилцан хөрвөх чадвартай гэх нь туйлын уран санаа боловч, үүнийг эсэргүүцэх үзэл олон бий. Учир нь, нэгэнт доройтсон байгаль унаган төрхөндөө эргэж ортол хичнээн жил сар, хүч хөдөлмөр шаардах вэ гэдгийг зөв тогтоох боломжгүй аж. Байгаль эхэд тохирсон үнийг нь хэлэх хэцүү бөгөөд, огт үнэ хэлэхгүй явдал ч элбэг байдаг байна. Тиймээс, НҮБ-ын дээрх тооцоололд хамрагдах байгалийн баялаг гэдэг нь нүүрс, зэс, мод гэх мэт зах зээлийн үнэ ханштай түүхий эд л орсон. Түүнээс цааших эзэмших ч боломжгүй, зарах ч боломжгүй цэвэр агаар, тунгалаг ус зэргийг багтааж чадаагүй болно.

Зөгийний хийсэн ажил нь зөгийн балаар тогтохгүй

Байгальд үнэ тогтоох гэдэг туйлын бэрх ажил бололтой бөгөөд, нөгөө алдарт эдийн засагчид хүртэл энэ тал дээр үгээ хэлдэг шиг байгаа юм. Ухаалаг эдийн засагчид зөгийний хийсэн балд нь үнэ хэлж чадах боловч, ургамалд зориулсан үр хүртээх үйлчилгээнд үнэ хэлэхэд хүндрэлтэй болохыг мэдэж байгаа. Энэ өнцөгөөс харвал НҮБ-ын шинэ хэмжүүр төгс биш.

Гэвч үнэ тогтоох боломжгүй зүйлд үнэ тогтоохыг эрмэлзсэн явдал нь туйлын үнэлүүштэй зүтгэл юм. Учир нь, явж явж хүн гээч нь тоогоор илэрхийлж байж, сая юмны үнэ цэнийг харьцуулдаг, баримжаалдаг амьтан билээ.

Хүн бол тоосго

Хүн бол тоосго, хүн бол хана, хүн бол цайз юм. Хүн л улс гүрний суурь нэгж. Хэдий цаг үе нь өөр ч, дэлхийн үе үеийн удирдагчид "Манай улсын хамгийн том баялаг бол манай ард түмэн юм" гэж олонтаа хэлсэн байдаг. Энэ итгэлцүүрийн тухай НҮБ-ын илтгэлд дээрх үзэл тусгалаа олжээ. Дэлхийн ихэнх улс орны хувьд, үндсэн 3 нөөц дотроос хүний нөөц нь үнэмлэхүй жин дарсан байна.

Хүний нөөцийн хувийн жин нь, Англид 90%, Америкт 78%, Японд 73% тай байна. Хүн-баялаг хамгийн том баялаг нь болж чадаагүй ердөө гурван улс байгаа нь Орос, Саудын Араб, Нигер гэнэ. Аль аль нь газрын тосонд хөлбөрсөн төр.

Баялагаас илүүтэй урт насалдаг төр

Японы гомдол тавьдаг ганц зүйл нь байгалийн баялаггүй байдал боловч энэ дутагдлынхаа ачаар харин ч байгалиа хамгаалж, хүнээ хөгжүүлсэн үр дүнд хүрсэн гэлтэй. Нефтэнд умбалаа умбалаа гэвч, тэр давуу тал нь 100 жил үргэлжлэх эд биш. Байгалийн баялгийн богино настай харьцуулахад төр улсын нас хамаагүй урт. Геннист бичигдсэнээс үзвэл Японы төр хамгийн урт буюу 2600-аад жилийн настай гэнэ.

Ийм урт удаан оршдог төрийн ирээдүйг бодолцох аваас, зуу, хэдэн зуухан жилийн настай байгалийн баялагт хувь заяагаа даатгах нь ямархан аюултай зүйл бол? Яг л улам богиносох өчүүхэн таягийг хамаг жингээрээ дарж тулахтай адил мэт.

Гэтэл үүнтэй харьцуулахад, хүний боловсрол гээч ямар зүйл билээ?
Жишээ нь, хүмүүнийг оюунд үлэмж нөлөөтэй дэлхийн хэмжээний шашнууд хөнгөхөн 2000 жилийн настай. Зуу зуун жилийн өмнөх гүн ухааны суут бүтээлүүд одоо ч гүн гүнзгий утга агуулгаа хадгалсаар буй. Энэ удаагийн НҮБ-ын илтгэлд япон хүнийг өндөрөөр үнэлсэн нь, магадгүй Япон төрийн 2600 жилийн туршид өсгөж тойлсон ямар нэгэн зүйл ард түмэнд нь хуримтлагдсаны үр дүн ч юм билүү.

Дахиад салаа зам?

Нэгэнтээ ДНБ гарч ирж байх үед, дэлхий салаа замын өмнө байж. Өнөө үе ч тэр, өөр үнэлэмж хайх болсон нь бас дахин салаа замын өмнө ирээ юу гэлтэй.
Эдийг сонгох уу? Хүнийг сонгох уу? Бас байгальтай хэрхэн зохицож урагшлах вэ? гэх мэт салаа замууд.

Салаа зам дээр ирсэн хүн төрөлхтний хувьд ДНБ төвтэй орчин цагийн иргэншил хэмээх хултай айргийг зүгээр л уугаад байдаг тансаг үе удахгүй төгсөж мэдэх нь ээ...


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4865

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%