Нийтлэл 11 сарын 03, 2015

Түрийвчээ нэг тэмтэрч үзэхэд

Энэ 7 хоногт улсын сангийн бодлогын хамгийн том хэрэгсэл болох төсөв хэлэлцэгдэж байна. Улс орныхоо гадаад дотоод өрийн хэмжээг энэ далимд нэг нэгтгэн харцгаая.

 Монгол улсын гадаад өр, 2015 оны хоёрдугаар улирлын байдлаар 21,6 тэрбум ам доллар

Гадаад өр нь Засгийн газрын болон хувийн хэвшил, бусад салбарын өрөөс бүрдэж байна.  Дотоодын хувьд арилжааны банкны нийт зээлийн үлдэгдэл 11,8 их наяд, мөн Засгийн газрын дотоод өр 3,7 их наяд төгрөг байна. Гадаад өрийг ам.доллар 1950 төгрөгийн ханшаар бодвол бүгд нийлээд 57,8 их наяд төгрөг. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 оны байдлаар   23 их наяд  567 тэрбум 753 сая төгрөг.  

 Гадаад, дотоод өрийн нийт дүнд эзлэх Засгийн газрын өрийн нийт хэмжээ саяхан батлагдсан 2015 оны төсвийн тодотголд бичсэнээр бол 13 их наяд 740 сая төгрөг. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 58,3 хувьтай тэнцэнэ. Мөн энэ онд нэгдсэн төсөв 1,18 их наяд төгрөгийн алдагдалтай тодотгогдсон нь  ДНБ-ий 5 хувьтай тэнцэж байна. 58,3 хувь, 5 хувь гэдэг нь оны эхэнд шинэчлэгдсэн төсвийн тогтвортой байдлын хуулиар заасан таазанд яг сайхан тулгаад тааруулсан гэсэн үг(яаж ингэж сайхан яв цав таардаг байна аа).   Ирэх оны төсөв одоогийн байдлаар 901 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөл өргөн баригдаад байгаа.  Төсвийн төсөлд 2016 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 1,345.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын дахин санхүүжих үнэт цаас шинээр гаргаж, өмнөх жилүүдэд гаргасан Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 1,345.1 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөв гэснийг үзвэл энэ жилийн алдагдлыг нөхөхөөр гаргасан үнэт цаасыг ирэх жил дахин үнэт цаас хэвлэж төлнө. Үүний дээр 901 тэрбум төгрөгийн төсвийн алдагдлыг нөхөх ёстой. Дотоодын үнэт цаасаа энэ оны өрийг дарахад хэрэглэх тул дотоод гадаадаас нэмж зээл авч нөхөж таараа.

Төсвийн алдагдал, ЗГ нийт өрийн дүн

2015

2016

2017

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/

-1,179.2

-901.5

0.0

         -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

-5.0

-3.3

0.0

Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/

13,740.0

15,174.4

15,560.1

         -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь

58.3

55.0

50.0

 Үүний хажуугаар энэ 7 хоногт эртнээс яригдсан БНХАУ-ын Экспорт Импортын банкнаас авах 1 тэрбум америк долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэх гэж байна. Нэг тэрбум ам.долларын зээл нэмж авбал мөнгөн дүнгээрээ бол 58,3 хувиас хэтрүүлэхгүй гэж заасан өрийн таазаа хэтрэх нь хэтэрнэ. Гэхдээ эрчим хүчний зориулалтаар бол өрийн тааз тооцоход оруулж тооцохгүй гэх мэт зохицуулалтууд оны эхэнд хийгдсэн тул “асуудалгүй”.

 Харин зарим гаднын нөхөд бол асуудалтай гэж харж байх шиг байна. Standard & Poor's таван сард нийтлэсэн таамаглалдаа манай эдийн засгийг 2018 оныг хүртэл 4,4-7 хувийн хурдтай өснө гэж үзсэн байсан бол өчигдөр нийтэлсэн тайландаа энэ 2017 он хүртэл 3,7 хувиар өсөхөөр бодож бууруулсан байв.

Экспортын болон хөрөнгө оруулалтын дотогш чиглэсэн хөрөнгийн урсгал царцанги хэвээр байгаа нь Монголын төсөв, төлбөрийн тэнцэлд ачаалал учруулсан хэвээр байна. Мөн Монголд институцийн эффектив (үр нөлөөтэй) байдал, урчдилан таамаглах боломж муу байгаа нь төрийн бодлого үр дүнтэй хэрэгжихэд саад болж мэднэ гэж үзэж байна.  Иймд Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B-ээс B нэмэх болгож буулгасан. Эерэг мэдээ гэвэл хоёр том уул уурхайн төсөл нь төлөвлөсөн ёсоор урагшилвал давхар алдагдлыг нь 3-4 жилийн хугацаанд сайжруулах боломжтой.  Монголын засаглал, бодлогын үр нөлөө сул хэвээр, өнгөрсний сургамжаас үзэхэд төрийн бодлого тогтвортой байх эсэх нь сэргэж ирж байгаа бизнесийн итгэл, гаднын хөрөнгө оруулалтын маргааш-д чухал нөлөөтэй гэж үзэж байна.  Standard&Poors

Зээлжих зэрэглэл буурах, ер нь доогуур байхаар Засгийн газар олон улсын хөрөнгө оруулагчдаас зээл авахад үнэтэй болдог. Хувийн салбарыханд ч адилхан. Зээл үнэтэй болохоор төсвийн зээлийн төлбөрийн ачаалал нэмэгдэнэ. Төсвийн алдагдал нэмэгдэнэ. Алдагдал нэмэгдэхээр нэмж зээл авах хэрэгцээ үүснэ. Алдагдал нэмэгдсэн, дахиад зэрэглэл буурсан, бүр үнэтэй зээл авах гэсэн хар цикл үүсэх эрсдэлтэй. Ийм циклээс гарч чадах эсэхэд төсвийн орлого нэмэгдэх, ОУВС гэх мэтээс бага хүүтэй тусламжийн хөтөлбөр авах, зардлаа огцом танах(эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэх эрсдэлтэй) зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Дээр өр алдагдлаа нэгтгэн харуулсанчлан манайх ерөнхийдөө хар циклд орсон. Ийм зэрэглэлтэйгээр Чингис, Самурай шиг хямд өртөгтэй бонд босгох боломж бараг байхгүй, дээр нь Засгийн газар 15-16 хувийн асар өндөр хүүтэй үнэт цаас баруун солгойгүй хэвлэж төсвийн алдагдлаа нөхөж байна. 2016 онд ч төсвөө хэчнээн таналаа ч бараг нэг их наядын алдагдалтай, урд хормойгоо хойд хормойгоор нөхөөд хоёр үнээгээ саах горьдлого тээн амьдрах төлөвтэй. Ийм нөхцөлд нэг тэрбум ам.долларын зээлийн хувьд өрийн тааз гэх мэт ямар нэг аргаар өөрчилчихдөг тоо яахав гэхэд үндсэн зээлийн төлбөр бусад бонд, зээлийн том төлбөртэй давхардах юм бол төгрөгийн ханш нэмж унахад хүргэж болзошгүй. 2016 оны төсөв, зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл  гэхдээ одоогоор батлагдаагүй байна. Ямар агуулгатай батлагдах нь вэ, нийт өр, түрийвчнийхээ нимгэн зузааныг баримжаалсны үндсэн дээр явцыг ажиглацгаая.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon