“ХӨГЖЛИЙН ХҮРД” -ТЭЙ БОЛЪЁ

"Шинэ Монгол Тренд" номын "Хөгжлийн хүрд"-тэй болъё хэсгийг хүргэж байна. 

        Улс орны хөгжил гэж чухам юу юм бэ? Түүнийг юугаар илэрхийлэх вэ, бас юугаар хэмжих вэ? Нэгд хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр, эсвэл улсын сан хөмрөгийн баялгийн хэмжээгээр бүүр аль эсвэл орлогын тэгш хуваарилалтаар алинаар нь хэмжих вэ аль нь хамгийн зөв хэмжүүр вэ гэдэг бодох л асуудал. Өнөөг хүртэл хөгжлийн тухай яриа айл гэрт биш албаны голдуу ярианд л дурсагддаг. Монгол улсын иргэн Оюуны Эрдэнэбулган би тэр хөгжлийн ачаар юунд хүрэх яах нь бүү мэд.

Миний эх орон ирээдүйд ямар болох юм, миний үр хүүхдийн амьдрал ямар байх юм, бидний зорилго юу вэ, хүрэх цэг хаана байна? Энэ асуултыг өөртөө тавьж жаал зугаа ном эргүүлэв. Манай улс чинь хөгжлийн ямар ч олон төрлийн бодлоготой юм. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос эхлээд л явж өглөө дөө. Үндсэн чиглэл гэх нэртэй 452 бодлогын баримт бичгийг 1991-2013 оны хооронд УИХ, Засгийн газраас батлан гаргасан тооцоог эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргажээ.

Одоогоор Үндэсний хөгжлийн цогц бодлого-1, Хүчинтэй хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөр-131, за тэгээд дэд хөтөлбөрүүд салбарын стратеги гээд барагдахгүй их хөгжлийн хөтөчтэй юм байна. Энэ тоогоор бол бид ч хөгжлийн оргилд гарчихсан баймаар. Ямар ч байсан өөрийнхөө асуултад буюу эдгээр хөгжлийн бодлогоор бол иргэн О.Эрдэнэбулганы амьдралд юу өөрчлөгдөх нь вэ гэдгийн хариултыг Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос хайж үзлээ.

За тэгээд миний олсон зүйл бол эдийн засгийн эрчимтэй өндөр хурдацтай өсөлтийн үр дүнд ажлын байр олноор бий болно (чухам хэд вэ гэдэг тоо байхгүй), хүн амын ядуурал хоёр дахин буурна, хүний хөгжлийн индекс 0,83 болно, эдийн засаг жилд дунджаар 14-өөс доошгүй хувиар өсч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн таван мянгаас доошгүй ам.доллар байна гэх мэт байлаа. Баахан үйлдвэр барина, бүтээгдэхүүнээ гадаад гаргана, өндөр технологийг нэвтрүүлнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ, байр суурь бэхжүүлнэ л гэнэ, өөр олон төрлийн тоо тооцоолол ч байна. Гэхдээ энэ олон тоо энэ олон бодлого шийдвэрээс миний амьдралд, миний үр хүүхдүүдэд, ард түмэнд наалдах зүйл нь юу вэ?

        ...Минийхээр хөгжлийг хэмжих хэмжүүр надад наалдах зүйл нь миний орлого, миний амьдрах орчин, минйи эрүүл мэнд, надад олдож буй боломж. Хөгжлийг би ийм л хэмжүүрээр хэмжмээр байна. Дэлхийн эдийн засгийн форумаас (Бостон консалтинг групп) гаргасан судалгаагаар хөгжлийг ердөө гуравхан категорид хувааж үзсэн байна. Их энгийн,

Ийм категорийн ийм үзүүлэлтүүдийн тоон хэмжүүрээр хөгжлийг хэмждэг юм байна. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнуудын хөгжлийг хэмжих хэмжүүр нь энэ байна. Товчхондоо засаглал нь хэр чадавхитай, тогтвортой байна, амьдрах орчин нь хэр зэрэг аюулгүй бас таатай байна, иргэдийх нь орлого хэр их байна, эрүүл мэндийн үйлчилгээ нь сайн юмуу, иргэд нь хэр боловсролтой юм ердөө л энэ. Түүнээс биш хичнээн км төмөр зам барих гэж байгаа юм, хэдэн боловсруулах үйлдвэртэй байна, нүүрсээ хэдэн төгрөгөөр зардаг юм, үүгээр хөгжлийг хэмждэггүй юм байна. Төсвийн орлого өндөр байх нь, сайн дэд бүтэцтэй байх нь хөгжилд хөтлөх зам биш гэж би хэлэхгээгүй юм шүү. Хамгийн чухал нь бид ямар хөгжилд хүрэх гэж байгаагаа яаг таг мэдэхгүйгээр баахан бодлого дунд төөрчихсөн мэт тийм дүр зураг надад бууж байна. Мэдээж хэрэг олон эрдэмтэн мэргэдээр судлуулж, бодуулж /бас гадна тодныхонд чамгүй мөнгө төлж зөвлөгөө авсан/ хийлгэсэн бараг мянгад төхөж очих  тэр олон хөгжлийн бодлогуудад хөгжилд хүрэх сайн арга замууд байж л байгаа. Гэхдээ бидэнд зорилгоо тооцоогүй хөгжлийн арга замууд бус зорилготой хөгжлийн хүрэх үр дүн нь хэрэгтэй байна. Үр дүнгээ томъёолж түүнийгээ луужин болгоод амжилтад хүрсэн улс орны жишээ захаас аваад байна.

Хүн болгон дэлхийд хөгжлийг хэмжээд байгаа тэр хэдхэн зүйлийг мэддэг байж Монгол улсын ойрын 10, 20, 30 жилдээ хүрч болох хүслээ тоогоор илэрхийлж бичье л дээ. Ердөө

  • Нэг хүнд ногдох ДНБ /РРР/
  • Орлогын хуваарилалт /GINI/
  • GDP – өсөлт Тогтвортой өсөлтийг хангах
  • Ажилгүйдлийн түвшин
  • Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж
  • Хүн амын дундаж наслалт
  • Боловсролын чанар
  • Дэд бүтэц гэсэн энэ хэдэн зүйлийг ямар түвшинд байх ёстой вэ, ямар үзүүлэлтээр хэмждэг юм түүгээр нь хүрч болох өндөрлөг цэгийг нь тогтоож тоо тавья. Түүнээ хүрд шиг цээжилье. 

Бид аль нэг цахилгаан станц баригдчихвал эсвэл нүүрсний экспорт нэмэгдчихвэл зам тавьчихвал  улсын хөгжил шийдэгдчих юм шиг жижгээр харж зөндөө ч удлаа, зөндөө ч бухимдлаа. Шинэ монгол залуус хөжглийг өмнөө тавьсан тодорхой тоо бүхий зорилгоо гэж хараасай гэж би хүсч ийнхүү уриалж байна. Хүрд нь юу байхав тоо нь хэд байхав гэдгийг бүгдээрээ ярилцах цаг ирсэн. Хөгжлийн “хүрд” – тэй болж түүнийгээ бүгдээрээ мэддэг байя. Тэгээд улстөрийн намуудаас амлалт биш арга замыг нь нэхнэ. Харин хүрэх цэгээ өөрсдөө тодорхойлъё.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4875

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%