Нийтлэл 12 сарын 09, 2015

Миний харж байгааг чи харж байна уу?

BBC–ийн алдарт "Do you see what I see?" Миний харж байгааг чи харж байна уу гэдэг баримтат киног үзээд юм бодов.
– Миний нүдэнд харагдаж байгаатай яг адилхан зүйл бусдын нүдэнд харагдаж байгаа болов уу?
гэж бодож гайхширч үзсэн удаа танд бий юу? Философид ч qualia буюу аливаа шинж чанар хэн нэгний хувьд хэрхэн ухагдаж байгааг илэрхийлэх ухагдахуун байдаг.  Харин дээр дурдсан кинон дээр өнгөний тухай гайхмаар сонин зүйл хэлсэн нь 
– Өнгө гэдэг юм бодитоор оршдоггүй. Нүд бол гэрэл мэдэрдэг эрхтэн, харин тархи нүднээс гэрэл мэдэрлээ гэсэн дохио ирмэгц түүнийг нь өнгөөр зохиож буддаг
 
Бид нялх байхаасаа л өнгөний талаар төсөөлөлтэй байдаг гэнэ. Тэгээд жишээ нь улаан өнгөний талаарх төсөөллийг "улаан" гэдэг үгтэй холбоход, сая тархи улаан өнгө боловсруулах чадвартай болдог аж.
...
 
Африкийн Намиби улсад байх Химба омог гэж гарч байна. Улаан шаврыг тостой холиод бүх биеэрээ түрхсэн, хачин ганган хүмүүс байх юм. Онцлог нь жирийн бид 11 өнгө ялгах
чадвартай байхад, тэр омгийнхон 5 хан өнгө ялгадаг аж. Ер нь өнгөний талаарх тэдний сэтгэлгээ их өвөрмөц
– Ус ямар өнгөтэй вэ?
– Цагаан.
– Сүү тэгвэл?
– Цагаан.
– Сүү ус хоёр тэгвэл ямар ялгаатай юм?
– Амт нь өөр.
 
Химбачууд ногоон өнгийг тун нарийвчлалтай ялгах бөгөөд, тэр болгоноо өөр өөр үгээр илэрхийлнэ. Уулын ногоон өнгийн дүрснүүд дунд, үл ялиг цайвар ногоон дүрс нэгийг хийж холиод үзүүлэхэд, торолгүй ялгана. Тэр нь бидэнд бол үнэндээ ялгахын аргагүй. Харин шал өөр цэнхэр дүрс холиод үзүүлтэл "бүгдээрээ ижилхэн өнгө байна" гэж хариулж байна.

Шалтгаан нь Химбачуудын хэлэнд "цэнхэр" гэдэг үг байдаггүй бололтой юм. Үг буюу төсөөлөл л өнгийг үүсгэж байдаг гэдэг үнэхээр гайхмаар.
 
Библид "Эхлээд үг буй" гэж гардаг нь, яг л тийм болох нь нотлогдох мэт.
Тэгэхээр "Нүдээр харсандаа л итгэнэ" гэж муйхарлах нь амьдралгүй сэтгэлгээ болж таарлаа. Тархи гэдэг компьютер, өөрт байгаа үгийн сангийн хүрээнд энэ зөв байх гэж таамагласан тэр дүрсээ бидэнд зурж үзүүлдэг байх нь.

Жишээ нь,
– Бид хоёр гуяныхаа завсраар орчноо харвал, аль нь наана цаана байгааг ялгахад хүндрэлтэй болдог. Учир нь тархи рефлексээрээ дээр байгаа юмыг хол байна гэж үзээд алслалттай дүрсэлдэг.
– Бид зогсож байгаа цахилгаан шатаар алхах гэвэл байн байн бүдчиж гардаг. Учир нь тархи туршлагаараа хөдөлж байгаа биетийг ямар төлөвт байгааг нь амдаж дүрсэлдэг...
гэх мэт, гэх мэт...
 
Өнгө гэдэг байгаль дах хамгийн том хуурмаг үзэгдэлийн нэг аж. Түүнд эх хэл, хуучны дурсамж, тухайн үеийн сэтгэл санаа гэх мэт олон зүйл хүчтэй нөлөөлж байдаг байна. Шинжлэх ухааны томъёоллоор бол өнгө гэдэг нь ялгаатай урт бүхий гэрлийн долгионууд. Тиймээс нэгэнт л ялгаатай долгионууд хойно хүнд үзүүлэх нөлөө нь ч ялгаатай байх нь зүй.

Бас нэг сонин жишээ байна. Таэквондогийн тэмцээнийг шүүтэл улаан өмсгөлтэй тамирчин нь илүү үнэлэгээ авч ялав. Тэмцээний бичлэгийг дижитал боловсруулалт хийгээд хоёр тамирчины өнгийг сольтол үнэлгээ эсрэгээрээ эргэж, анх улаан өмсгөлтэй байсан нөхөр ялагдаж орхив. Ер нь тийм статистик тооцоо ч байдаг бололтой. Ойролцоогоор 2/3–ын магадлалтайгаар улаан булангийн нөхөд ялдаг гэж байгаа.

Дээрхи үзэгдэл хөл бөмбөгийн тэмцээн дээр ч ажиглагддаг гэж болно. Английн лигт яагаад ч юм бэ улаан өмсгөлтэй багууд ялах нь олонтаа байдаг. Таэквондогоос ялгаатай нь, хөл бөмбөгийн ялагчийг тодорхойлдог нь шүүгч биш. Тийм ч учраас хөл бөмбөгийн хувьд өнгөний нөлөөнд автдаг нь шүүгч бус, тамирчид байдаг аж. Улаан цэнхэр өмсгөлтэй тамирчидын шүлснээс шинжилгээ авч үзжээ. Гэтэл cortisol гэдэг стресстэй холбоотойгоор ялгардаг гормоны агууламж нь өөр өөр байна гэнэ. Нэг ёсондоо улаан тамирчид цэнхэрүүдийг бодвол стресс багатай, өөртөө итгэлтэй тоглоцгоожээ.
 
Үнэхээр ч "улаан бол хүчтэй, цэнхэр бол сул" гэсэн сэтгэгдэл бидний ухамсрын хаа нэгтээ байдаг мэт санагдана.  Гал улаан эрмэлзэл, эсвэл тайван хүйтэн цэнхэр гэх мэтийн зүйрлэл ч үүнтэй холбоотой бизээ.

 Бидний өнгө ялгах чадвар орчны төлвөөс шууд хамаардаг. Улаавтар гэрэлд ямар ч зүйл улайж харагдаж, цэнхэрдүү гэрэлд ямар ч зүйл цэнхэртэж харагдах жишээтэй. Гэтэл ямар өнгөтэйг нь урьдчилаад цээжилсэн дүрс болох банана мэтийг ямар ч ягаавтар гэрлэн дор тавиад шар өнгөтэй харагддаг гэнэ.

Энэ нь бидний тархинд байдаг өнгө тогтворжуулах шинж (color homeostasis) гэдэг хуурмаг үзэгдэлтэй холбоотой аж. Өөрийн гэсэн өнгөтэйгөөр ухамсарт суусан аливаа биетийг ямар ч өөр өнгийн гэрэлд харсан яаж ийгээд л үндсэн өнгөөрөө харагддаг. Харагдах ч юу байхав, тархи бананыг хүчээр шараар будаж бидэнд үзүүлдэг байх нь. Харин зургийн аппаратанд тийм функц байхгүй тул цэнхэр бананыг цэнхэр чигээр нь л гаргаж орхино. Дарсан зураг нүдээр харсантай авцалдахгүй байх явдал олонтаа ажиглагддаг аж.

Дараагийн бас нэг сонин асуулт гэвэл
– Улаан цэнхэр өнгийн өрөөний алинд нь цаг удаан урсах вэ?
Өнгөц бодоход биднийг тайвшруулах үйлчилгээтэй цэнхэр өрөөнд байвал цагийг удаан мэдрэх болов уу гэж санагдах боловч, туршилтын үр дүн эсрэгээр гарлаа. Улаан өрөөнд цагийг дундажаар 20% уртаар мэдэрдэг байх нь (1 минутыг 1 мин 11 секунд хавьцаа мэдэрдэг).
 
Хэдий эрдэмтэд ч гайхаж байгаа ч, тэдний тайлбар нь энгийндээ
– Улаан өнгө нь хүнийг түгшээдэг тул, сонор сэрэмж өндөр төвшинд байж, өнгөрч буй агшин бүрийг хором хормоор мэдэрдэг байх. Яг л цагийн зүүг тасралтгүй ширтээд байвал цаг явдаггүйтэй адилаар. Харин цэнхэр өрөөн дотор, тайвширсан хүмүүс ангайж хэвтэж байтал цаг сүр сар гээд урсаад өнгөрдөг болов уу.
...Баарны дотоод засалд улаан зонхилох нь түгээмэл боловч, нэгэн баар албаар цэнхэр засал хийж, үзэсгэлэнтэй хүүхнийг улам үзэсгэлэнтэй харагдуулахаар зорьжээ.

Төсөөлсөнөөс өөр үзэгдэл орой 10 цагаас хойш өрнөв. Тайвшруулах үйлчилгээтэй цэнхэр гэрлийн доор, хүмүүс харин ч хөөрөөд ирэх нь тэр. Баарны орлого ч цойлоод өгсөн нь мэдээж. Улаан гэрэл байсан бол хүмүүс хөөрөхийг ойлгож болох ч, цэнхэр гэрэлд, очиж очиж зүүд нойрны 10 цагаар яагаад хүмүүс гэнэт "намирсан" байх нь уу?

Шалтгаан нь хүний биеийн дотоод цагтай холбоотой гэнэ. Хүн гэрлийг мэдэрснээр сэрж бас нойрмоглож байдаг гэнэ. Тэр унтраалгад нөлөөлж чаддаг нь, зөвхөн цэнхэр гэрлийн долгион аж. Цэнхэр долгион бидний дотоод цагийг удирдаж байдаг байх нь.

Тэгвэл яагаад зөвхөн цэнхэр долгион хүний цагийг зохицуулдаг юм бол?
Түүнийг мэдэхийн тулд бидний амьдралын уртаас урт эх түүхийг судлах хэрэгтэй.

Амьдрал анх далайд үүссэн бөгөөд, тэндээ амьдарсан үлэмж урт хугацаандаа зөвхөн тэнгэрийг харж л амь зуудаг байж. Тэнгэр цагтай хамт өөрийн төлвөө ч бас хувиргана. Тэрхүү хувирлыг дагуулж, анхдагч амьтад нэгэн чухал аюулаас биеэ хамгаалдаг байсан нь "хэт ягаан туяаны долгион" юм. Тэд тэнгэрийн өнгө цэнхэртэх үеэр далайн гүнрүү шумбаж нуугдаад, тэндээ удаан байвал нарны энерги дутагдаж эхлэх тул, цэнхэр туяа суларч үд унах үеэр хөвөн гарч ирдэг байв. Ийнхүү цор ганц түшиг болох тэнгэрийн төлвийг баримжаалж явсаар, цэнхэр болон шар өнгийг цээжилжээ. Амьд байгалийн өнгөний түүх цэнхэр, шар өнгөнөөс эхэлсэн байх нь (шар гэдэг нь цэнхэрийн гүйцээлт өнгө).

Амьтад цэнхэр шар ертөнцдөө нэлээдгүй урт хугацаанд амьдарчээ. Үүний дараа, нэг төрлийн амьтад улаан болон ногоон өнгийг мэдэж чадсан нь үлэмж том дэвшил байлаа. Тэр амьтан болбоос өөр хэн ч бус, хүн бид болох Сармагчны овог (Хүн дүрстнүүд) юм (ойролцоогоор 40 сая жилийн өмнөөс). Энэ чадварыг эзэмшсэнээр сармагчингуудын хөгжил огцом хурдассан гэж үздэг. Төрөлхийн бус олдмол мэдлэг болох ногоон улаан нь, хэрхэн суралцаж эзэмшсэнээс хамаараад хүн болгоны хувьд янз бүрээр төлөвшдөг. Үүний бэлэн жишээ нь дээрхи Химбачууд юм.

Өнгө гэдэг тэгэхээр, өнгөц бодоход бүгдэд ижилхэн мэт санагдавч, үнэндээ түүхээ сөхөн харвал эхлээд цэнхэр болон шар өнгө байж, дараа нь ногоон болон улаан өнгө бий болсон байх нь. Тийм ч учраас бидний суурь ухамсар цэнхэр (эсвэл шар) болон улаан (эсвэл ногоон) өнгөнд илүү ялгавартай ханддаг байна.

Тэгэхээр өнгө гэдэг маань бидний нүдний өмнө бүгд эрх тэгш биш байх нь. Миний харж байгаа цэнхэр болон шар өнгө танд ч бас ижилхэн харагдаж байгаа гэж хэлж болох авч, олдмолоор суралцсан ногоон болон улаан өнгө та бидэнд харилцан адилгүй мэдрэмж төрүүлдэг байхыг үгүйсгэх аргагүй. Бас дээр нь хүний төсөөлөл, үгийн сан нөлөөлнө. 
 
Нийгэм хэмээх бөөгнөрөл хүн бүрийг эрх тэгш байлгахыг зорьдог ч, эсрэгээрээ харин ч шударга бус үр дүнд хүрэх нь бий . Учир нь байгаль эхийн өгөгдөл хэзээ ч эрх тэгш байдаггүй бөгөөд, түүхийн урт замнал үргэлжид тэгш бусыг төрүүлж байдаг. Түүх урт байхын хэрээр, ив ижилхэн замаар замнагчид үгүй болж, амьтан, хүн, овог үндэстэн, бие хүн нэг бүрчлэн өөр өөр түүхийг туулна. Түүхэн замналын ялгаа их байх тусам тэдний хоорондох ялгаа гүнзгийрдэг. Харин байгальд эрх тэгш байдлыг хүсэмжлэх шаардлага огтоос үгүй бөгөөд, эрх тэгш бус байх нь харин ч зүйлийн төрөлжилт хэмээх байгальд тэсвэртэй эерэг шинж чанарыг хадгалдаг.

–Өнгө хүртэл бидний өмнө эрх тэгш бус. Чиний харж байгааг тэр хараагүй 
байж болохыг хүлээн зөвшөөрөх нь амьдралын мөн чанарыг зөв үнэлэхэд тань дэм болох бизээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon