Нийтлэл 12 сарын 11, 2015

АМЬДРАЛ ХЭЦҮҮ БОЛОХОД САНАХ ЁСТОЙ 13 ЗҮЙЛ

Хүн бүрт л амьдралын хэцүү цаг үеүүд тулгардаг, даван гардаг. Гэхдээ бидний зарим нь хэцүү үеийг бусдаас илүү хялбархан давж гарч чаддаг. Тийм хүмүүсийн ялгаа юунд байна вэ? Юу тохиолдож байгаагаас илүү хэрхэн хандаж байгаа нь, хамгийн гол нь хандлага байдаг. Тэгэхээр амьдрал хэцүү болоход таны хандлагад эергээр нөлөөлж болохуйц 13 зөвлөгөөг танилцуулж байна.

  1. Болсон л бол, болсон

Будда хэлэхдээ “болоод өнгөрсөн зүйлийг эсэргүүцсэнээрээ бид өөрсдийн шаналал, зовлонг бий болгодог” гэжээ. Үнэхээр ч түр бодоод үз. Яалт ч үгүй аль хэдийн болоод өнгөрсөн зүйлийг болоогүй байсан бол гэж бодсоор байгаад шаналж дуусдаг. Хэрвээ ямар нэг зүйлийг өөрчилж чадахаар бол өөрчил! Гэхдээ өөрчилж чадахгүй бол танд 2 сонголт байна: хүлээн зөвшөөрөөд сөрөг бодлоо хаях эсвэл өөрчлөх гэж үзээд өөрийгөө зовоох.

  1. Зөвхөн асуудал гэж бодсон үед л асуудал болох болно

Ихэнх тохиолдолд бид өөрсдийнхөө хамгийн том дайсан байдаг. Аз жаргал үнэхээр нөхцөл байдлыг яаж дүгнэхээс чинь шалтгаалдаг. Хэрвээ та ямар нэг зүйлийг асуудал гэж бодвол таны бодол сөрөг л байх болно. Харин та ямар нэг зүйлийг асуудал биш сурах зүйл гэж харах юм бол гэнэтхэн тэр зүйл чинь асуудал байхаа больсон байх болно.

  1. Хэрэв бусдыг өөрчлөгдөөсэй гэж хүсч байвал та эхлээд өөрийгөө өөрчил

Таны гадаад ертөнц бол таны дотоод ертөнцийн илрэл. Та амьдрал нь үргэлж эмх замбараагүй стресстэй байдаг хүмүүсийг мэднэ биз дээ? Энэ нь ихэнхдээ эмх замбараагүй бодлоос болдог биш гэж үү? Мэдээж, тийм. Бид нөхцөл байдлыг өөрчилж чадвал өөрсдийгөө өөрчилж чадах мэт боддог. Гэвч үнэндээ эсрэгээрээ. Бид нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд эхлээд өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй.

  1. Бүтэлгүйтэл төгсгөл биш харин сурах боломж л гэж бий!

Та бүтэлгүйтэл гэдэг үгийг төгсгөл гэж бодохоо л больчих хэрэгтэй. Амжилтад хүрсэн агуу хүмүүсийн нийтлэг зүйл бол тэд дахин дахин бүтэлгүйтсэн. Томас Эдисон хэлэхдээ “Би гэрлийн чийдэнг бүтээхдээ бүтэлгүйтээгүй ээ зүгээр болохгүй 99 аргыг олж нээсэн” гэсэн байдаг. Тиймээс өөрийнхөө бүтэлгүйтэл гэж нэрлээд байгаа тэр зүйлээсээ суралц тэгээд дараагийн удаа яаж илүү дээр сайн хийхээ мэдэж ав.

  1. Заримдаа хүссэн зүйлээ авч чадахгүй байх нь илүү дээр зүйл ирж яваа гэсэн үг.

Итгэхэд бэрх гэдгийг би мэдэж байна. Гэхдээ энэ үнэн. Ихэнх тохиолдолд өнгөрсөн амьдралаа эргээд харахад зарим зүйл бүтээгүй нь сайн хэрэг болсон байх нь бий. Хүссэн ажилдаа орж чадаагүй болохоор гэр бүлдээ илүү цаг зарцуулж чадсан бол харин танд дараа нь олдсон ажил илүү уян хатан байсан ч юм бил үү. Зүгээр л бүх зүйл утга учиртай болдог гэдэгт итгэ.

  1. Одоо цагт таларх

Энэ цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй. Харин хором мөч бүхэнд нандигнах ёстой зүйлс байдаг тиймээс цагийг дэмий битгий үрээрэй. Тун удахгүй бүх зүйл дурсамж болон үлдэх болно. Тэр ч байтугай аз жаргалтай биш мэт санагдаж байсан мөчүүд ч эргээд харахад санах зүйл болж хувирах нь бий. Трэйс Адкинсийн дуулснаар “Чи үүнийг санах болно…чи үүнийг буцааж авахыг хүсэх болно. Чи цаг хугацаа хэтэрхий хурдан яваагүй байгаасай гэж хүсэх болно…чи магадгүй одоо мэдэхгүй байж болно.. чи үүнийг санах болно.”

  1. Хүсэл шуналаас өөрийгөө чөлөөл

Ихэнх хүмүүс “Давхар бодолтой” амьдардаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэд өөрсдийгөө хүсэл шуналтайгаа холбочихоод хүссэн зүйлээ авч чадахгүй болохоороо тэдний сэтгэл хөдлөл сөрөг бодол руу гүн гүнзгий унадаг. Тиймээс үүний оронд илүү “нээлттэй бодолтой” амьдар. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийг авахыг хүссэн ч гэсэн авсан аваагүй аз жаргалтай байж сурвал сайхан. Ингэснээр таны сэтгэл хөдлөл аз жаргалтай эсвэл зүгээр л байгаагаараа байх болно.

  1. Өөрийнхөө айдсыг ойлго түүнд таларх

Айдас гайхалтай багш байж чадна. Айдсаа даван туулах нь агуу ялалтыг танд мэдрүүлэх болно. Жишээлбэл ахлах сургуульд байхдаа би олны өмнө ярихаас айдаг байлаа (бүх хүмүүсийн топ 3 айдсын нэг). Гэтэл одоо би өдөр бүр олон хүмүүсийн лекц уншиж бас олны өмнө ярих талаар хичээл зааж байна. Айдсаа даван туулах нь дадлага шаарддаг. Үнэндээ айдас бол зүгээр л төсөөлөл. Айдас бол сонголт.

  1. Баяр баяслыг мэдрэх боломжийг өөртөө олго

Та итгэнэ үү байна уу өөртөө баясах баярлах боломж олгодоггүй маш олон хүмүүсийг би мэднэ. Тэд бүр яаж аз жаргалтай байхыг ч мэдэхгүй. Зарим хүмүүс өөрсдийн амьдралын асуудал, эмх замбараагүй байдалдаа хэтэрхий орчихсон тэдэнгүйгээр амьдрал нь ямар байх талаар бүр төсөөлөлгүй болсон байдаг. Тиймээс өөртөө аз жаргалтай байх зөвшөөрлийг олго. Хэдхэн хором байсан ч гэсэн өөрийн амьдралын хүнд хэцүү зүйлс дээр биш гэрэл гэгээтэй сайн сайхан зүйлүүд дээр төвлөр.

  1. Өөрийгөө бусадтай бүү харьцуул

Хэрвээ харьцуулах бол өөрөөс тань илүү хэцүү амьдралд, нөхцөл байдалд байгаа нэгэнтэй харьцуул. Та ажилгүй юу? Ажилгүйдлийн тэтгэмж олгодог улсад амьдарч байгаадаа таларх ихэнх улсын хүмүүс жилд 750$-с бага мөнгөөр амь зуудаг. Та Анжелина Жоли шиг сайхан харагддаггүй юу? Магадгүй үнэн байх гэхдээ тань шиг сайхан харагддаггүй хүн хэд байгаа бол? Түүнд төвлөр

  1. Та бол хохирогч биш

Та өөрөө өөрийнхөө замд хөндөлсөхөө болих хэрэгтэй. Та зөвхөн өөрийнхөө бодол, үг болон үйлдлийнхээ хохирогч нь. Хэн ч танд ямар нэг зүйлийг хийдэггүй. Та бол өөрөө өөрийнхөө туршлагыг бүтээгч. Хариуцлагаа гартаа аваад хүнд хэцүү байдлаас өөрийгөө гарга. Бодол болон үйлдлээ өөрчлөхөөс эхэл. Хохирогч сэтгэхгүйгээ хаяж ялагч бол. Ялалтаас ялалт руу урагшаа!

  1. Бүх зүйл өөрчлөгддөг, өөрчлөгдөх ч болно.

Бүх зүйл өнгөрөн одох болно гэдэг бол миний хэлэх дуртай үг. Хэцүү нөхцөл байдалд орсныхоо дараа бид тэндээсээ хэзээ ч гарч чадахгүй мэт боддог. Юу ч хэзээ ч өөрчлөгдөхгүй мэт боддог. Гэвч юу гээч? Тэд өөрчлөгдөх болно. Үхлээс бусад бүх зүйл түр зуурынх. Тиймээс бүх зүйл энэ л янзаараа байна гэдэг тэр бодлоосоо сал. Тэд байнга тийм байхгүй. Харин түүнийг өөрчлөхийн тулд шаардлагатай үйлдлүүдийг хий. Далдын ид шид биш танаас, биднээс л хамаарч өөрчлөгдөнө шүү дээ.

  1. Бүх зүйл боломжтой

Өдөр бүр хаа нэг газар гайхамшиг бий болдог. Тиймээ үнэхээр тохиолддог. Гайхамшиг тохиолдсон бүх хүмүүсийн түүхийг бичих зай надад байсан ч болоосой: Хавдрын 4-р үеэс эдгэрсэн хүнээс эхлүүлээд заяаны ханиа гэнэт олсон хүмүүс гэх мэт. Надад итгээрэй: гайхамшиг хаа сайгүй оршдог. Үүнд харин зарим нь итгэж, зарим нь итгэдэггүй. Үнэхээр итгэж чадсан цагт харин та тулаанд ялсан байх болно.

 

Орчуулсан: О. Эрдэнэсүх

Эх сурвалж: http://www.lifehack.org/articles/communication/13-things-remember-when-life-gets-rough.html

Сэтгэгдэл бичих

arrow icon