ХЯТАДЫН САНСАР СУДЛАЛЫН ТУХАЙ

2003 оны 10 дугаар сарын 15-нд Хятадын “Шэньчжоу-5” сансрын хөлөг агаар мандлыг цойлон хөөрч 21 цаг 22 минутын нислэг үйлдсэнээр БНХАУ өөрийн хөлгөөр сансрын нисгэгчээ сансарт бие даан гаргасан гурав дахь улс болгон түүхэнд үлдсэн билээ. Мэдээж хөлгийн цорын ганц гишүүн Ян Ливей тэр даруй үндэсний баатар болсон.

Хятадын сансар судлалтай холбоотой бүхий л үйл ажиллагааг 1993 онд байгуулагдсан “Хятадын үндэсний сансрын агентлаг” удирдан чиглүүлж байдаг ба энэ байгууллагын жилийн төсөв 1,3 тэрбум ам.доллар байна. Энэ нь жилийн 18 тэрбум ам.доллар төсөвтэй америкийн “НАСА”-ийн дэргэд одоохондоо бага байж магадгүй ч цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа.
“Хятадын үндэсний сансрын агентлаг”-ийн зорилго нь ойрын хугацаанд сансрын уудмыг ажиглах, чагнах байнгийн систем байгуулах, тойрог замд харилцаа-холбооны болон байршил тогтоогч бие даасан хиймэл дагуулын сүлжээтэй болох, бизнесийн зорилгоор ашиглах сансрын хөлөг, зөөгч пуужин хөөргөх сансрын буудал байгуулах, сансрын шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судлах(жингүүдэл, сансрын материалууд, амьд организм, одон орон, сарыг гэх мэтчилэн судлана), урт хугацаанд дэлхийн тойрог замд байнгын ажиллагаатай сансрын станц байгуулах, 2020 оноос сар руу өөрийн хөлгийг илгээж улмаар саран дээр өөрийн гэсэн бааз байгуулах, Ангараг гариг руу нисгэгчгүй хөлөг илгээх зэрэгт чиглэгддэг.
Тэгвэл саяхан цэргийнхэний тэргүүлж буй үндсэний сансрын хөтөлбөрийн хүрээнд хятадын баруун-өмнөд зүгт гурван уулын дунд, байгалийн “тогоо” хэлбэр тогтоцтой газар 30 хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй тэнцүү, 500 метрийн өргөнтэй аварга том телескоп барьж эхэлжээ.

“Тэнгэрийн нүд” хэмээн нэрлэж буй телескопын барилгын ажил 2015 оны 7 дугаар сард эхэлсэн ба ирэх онд ашиглалтад орно. Ингэснээр одоогоор дэлхийн хамгийн томд тооцогддог Пуэрто-Рико дэхь 300 метрийн урттай телескопыг ардаа орхисон байгууламж болно. Хуучин бусдын мэдээлэлд тулгуурлаж ажиллаж байсан хятадын сансар судлалын эрдэмтдэд өөрсдийн гэсэн хүчирхэг телескоптой болсоноор сансараас ирж буй төрөл бүрийн гэрэл, цацраг, радио-долгион, чимээг бие даан судлах, ингэснээр төрөл бүрийн нээлт хийх бүрэн боломжтой болж байгаа юм.

Тэнгэрийн нүд” ашиглалтад орсноор манай гариг дээр буй бусад ямар ч багажаар хийж чадахгүйг хийнэ. Тухайлбал саяхан америкийн “Наса”-ийн телескоп асар хол зайд буй дэлхийтэй төстэй гаригаас ирж буй радио-чимээг хүлээн авч судлаад уг гариг нь агаар мандалтай, гадаргуу дээрээ шингэн устай байх магадлалтайг олж тогтоосон байдаг. Тэгвэл хятадын энэхүү аварга том телескоп нь иймэрхүү радио-чимээг хүлээн авч чадахуйц мэдрэмтгий юм байна. Ер нь сансрын телескопын хэмжээ том байх тусмаа илүү мэдрэмтгий байдаг гэнэ.
Хятадууд эдийн засаг нь хүчирхэгжих тусам шинжлэх ухаан, түүний дотор сансар судлалд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа ба энэ хэрээр тэдний эрдэмтэд энэ чиглэлээр олон нээлт, амжилт гаргах нь дамжиггүй.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%