Нийтлэл 12 сарын 21, 2015

МОНГОЛ ШУУДАН КОМПАНИЙН ХУВЬЧЛАЛД ИРГЭН БҮР ОРОЛЦОХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

Бид   'Монгол шуудан' компанийн хувьцааг нийтэд арилжаална мэдээгээр тус компанийн хувьцаа Хөрөнгийн биржид бүртгэгдэж, 34 хувийг нь нийтэд борлуулах болсон тухай мэдээлсэн. Мөн Төрийн өмчийн хувьчлал биржээр дамжих тухай, баялгийн үр өгөөжийг иргэд хүртэхийн тулд хөрөнгийн зах зээл хөгжиж, санхүүгийн салбар илүү тэнцвэртэй бүтэцтэй болох шаардлагатай тухай олон талаас хөндсөн нийтлэлүүд хүргэж ирсэн. Энэ удаа хувьчлалын товч түүхийг эргэн харж, харилцаа холбооны хамгийн том компанийн нэг болох Монгол Шуудан компанийн хувьчлал, компанийн талаар мэдээлэл хүргэж байна. 

 

Түүх: Үр ургах үржил шимт хөлс бүрэлдээгүй байхад хувьчлалыг эхлүүлсэн

Монгол улс 1990 оноос өмч хувьчлалыг эхлүүлсэн түүхтэй. 475 компанийг ягаан цэнхэр тасалбараар дамжуулан иргэддээ үнэгүй хувьчилсан ч тухайн үед олон нийтийн санхүүгийн боловсрол маш муу, бүх өмч төрийн өмч байдаг гэсэн сэтгэлгээ давамгайлсан, хувьцаанд хөрөнгө оруулах хөрөнгөтэй хүн цөөхөн, хувьчилж авсан ч тухайн компанийг үргэлжлүүлэн ажиллуулах ур чадвар, санхүүгийн боломжтой хүн бага байснаас үүдэн хувьчлал таагүй үр дагаварыг авчирсан. Мөн өнөөгийх шиг хууль эрх зүйн орчны зохицуулалт, хяналтын байгууллага, олон нийтийн хараа хяналт, ил тод байдал тухайн үед байсангүй. Ийм ч учраас хувьчилж авсан хүмүүс нь тухайн компанийн хөрөнгийг хэсэг хэсгээр зарж үгүйрүүлсэн жишээ ч цөөнгүй. Гэхдээ учир мэдэх цөөнхи нь ирээдүйтэй гэж үзсэн компанийнхаа хувьцааг цуглуулж өөрөө эзэн нь болж байлаа. Эндээс л өнөөгийн бидний ярьдаг хэт төвлөрөл, нээлттэй нэр зүүсэн хаалттай компаниуд бий болсон.

Харин өнөөдөр ?

Үнэт цаасны зах зээлийг зохицуулдаг амин чухал хоёр хуулийг шинэчлэн баталжээ. 2012 онд компанийн тухай хуулийг шинэчлэн баталсан бол 2013 онд үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэв. Эдгээр хуулиуд нь өмнөх хувилбартайгаа харьцуулахад эрс сайжирч олон улсын жишигт хүрсэн гэж хэлж болно. Хариуцлага хяналтын тогтолцоо сайжирч, ил тод байдал нэмэгдсэн. Мөн жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан заалтууд олноор нэмэгдсэн нь шинэчлэлийн үр дүн юм. Мөн үнэт цаасны зах зээлийг зохицуулах чиг үүрэг бүхий “Санхүүгийн Зохицуулах Хороо” байгуулагдаж холбогдох дүрэм, журмуудыг зах зээлийн шинэ чиг хандлагатай уялдуулан шинэчилсээр байна. СЗХ нь “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах алба”-ыг байгуулан ажиллаж байгаа нь эдгээр шинэчлэлүүдийн нэгээхэн илрэл билээ. Мөн компанийн засаглалыг үндэсний хэмжээнд авч үзэн жил бүр үнэлгээ хийж сайжруулсаар байна. Энэ бүхний үр дүнд жижиг хөрөнгө оруулагчдад хөрөнгийн захад хөрөнгө оруулах таатай орчин бүрэлдсээр байгаа юм.

 Төрийн өмчийг биржээр дамжуулан хувьчилж эхэллээ

УИХ-ын 2015 оны 70-р тогтоол, Засгийн газрын 330-р тогтоолын дагуу төрийн өмчит 9 компанийг биржээр дамжуулан хувьчлах ажлыг эхлүүлсэн билээ. Тэгвэл хамгийн эхэнд хувьчлагдаж буй компани нь “Монгол Шуудан” ТӨХК болжээ. Уг компанийн 66%-ийг төрийн эзэмшилд үлдээж 34%-ийг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах ажил 12-р сарын 28-аас 1-р сарын 06-ны хооронд үргэлжлэх гэж байна. Энэ хугацаанд иргэн та үнэт цаасны данс нээлгэн мөнгөө байршуулж захиалга өгснөөр хувьчлалд оролцох боломжтой болох юм.

 Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах нь ямар ач холбогдолтой вэ?

Макро түвшинд биржээр дамжуулан хувьчлалыг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлд олон улсын жишигт нийцсэн хувьцаат компани бий болж хөрөнгийн захад итгэх итгэл нэмэгдэх, чанартай сайн бүтээгдэхүүн бий болж иргэд хөрөнгө оруулж өгөөж хүртэх, өмч хувьчлалын процесс ил тод, шударга хэрэгжиж бодит үнэлгээндээ хүрч үнэ цэнэ өсөх юм. Харин компанийн түвшинд засаглал нь илүү оновчтой болж санхүүгийн гүйцэтгэл улам сайжрах, санхүүгийн чадавхи сайжирахын хэрээр ажилчдын цалин хөлс, урамшуулал нэмэгдэх, ажилчдад цалингаас гадуурх орлогын эх үүсвэр бий болох, үүний хэрээр тэдний гүйцэтгэл сайжрах эерэг нөлөөтэй.

“Монгол Шуудан” ТӨХК юу хийдэг вэ?

Тус компани нь 94 жилийн түүхтэй 100 хувь төрийн өмчит “А” ангиллын лиценз бүхий монгол улсын шуудан үйлчилгээний ууган байгууллага. Өдгөө дотоодын шуудангийн зах зээлийн 95%-ийг дангаараа эзэлж байгаа бол олон улсын буухиа шуудангийн зах зээлийн 30%-ийг эзэлж байна. Нийт 895 ажилчид, албан хаагчидтай шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч Монгол Улсын 21 аймаг, 334 сумдын салбар, Улаанбаатар хотын 40 салбараар дамжуулан нийт 20 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг.

 “Монгол Шуудан” ТӨХК-ийн санхүү эрүүл үү?

Өнгөрсөн таван жилийн хугацаанд компанийн хөрөнгийн хэмжээ жилд дунджаар 15.5%-иар өсч 16  тэрбум 150 сая төгрөгт  хүрчээ. Түүнчлэн эздийн өмчийн хэмжээ жилд дунджаар 20.5%-иар өсч14 тэрбумд хүрээд байна. Банкны зээлгүй учраас санхүүгийн эрсдэл маш багатай. Үүний зэрэгцээ борлуулалтын хэмжээ өнгөрсөн таван жилийн хугацаанд жилд дунджаар 15.28-%-иар өсч 11 тэрбум төгрөгт хүрсэн бол 2014 онд 738 сая төгрөгийн ашигтай ажилласан. Мөн сүүлийн таван жилийн турш тасралтгүй ашигтай ажиллаж буй нь анхаарал татаж байгаа юм.

 Эндээс харвал компанийн хөрөнгийн хэмжээ тасралтгүй өсч байгаа нь үйл ажиллагааны цар хүрээ тэлсээр байгааг илтгэж байна. Нөгөө талдаа эдгээр хөрөнгийг эздийн өмчийн эх үүсвэрээр санхүүжүүлж өр төлбөр, зээлийн дарамтыг компанид үүсэхгүй байгаа нь хямралын хүнд үед компанийн санхүүгийн ачааллыг бууруулж буй таатай нөхцөл байдлыг бий болгоод байгааг хөрөнгийн захын шинжээчид онцолж байгаа юм. Харин орлогын хувьд тогтмол өсөлттэй байгаа нь шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж зах зээлээ тэлсэнтэй холбоотой. Үүний үр дүнд компани жил бүр ашигтай ажиллаж байгаа нь компанийн санхүүгийн чадавхи сайжрах боломжийг олгож байна.

 Хямралын үед хөрөнгө оруулах оновчтой шийдвэр мөн үү?

Хямралын үед хөрөнгө оруулах нь хамгийн ашигтай байдаг. Учир нь энэ үед хувьцааны үнэ бодит үнэлгээнээсээ буурсан байдаг бөгөөд эргээд эдийн засаг сэргэх үед үнэ өндөр хувиар өсч хөрөнгө оруулагчид өгөөжөө хүртдэг. Харамсалтай нь хүн бүрт хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж хямралын үед байдаггүй нь ашигтай хувьцаа худалдан авах боломжоо алдахад хүргэдэг нь тоогүй.  

 Жишээ нь, 2009 онд ТОР20 индекс 4700 нэгжид хүрч байсан бол 2011 онд 23,000 хүрч 5 дахин өсч байв. Харин та ТОР20-т багтдаг компаниудаас сайн хувьцааг сонгож худалдан авч чадсан бол мөнгөө 10, 15 дахин ч өсгөх боломжтой байсан. Яг үүнтэй адил нөхцөл байдал 2008-2010 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бусад улс орнуудад ч үүсч байсан түүхтэй. Гагцхүү та хямралын үед дампуурахааргүй санхүүгийн чадавхи сайтай, харин сэргэлтийн үед зах зээлээ хурдан тэлж чадах тийм л компанийг сонгох хэрэгтэй. Үүний тулд компанийн санхүүгийн өнөөгийн байдлыг сайтар судлах хэрэгтэй бөгөөд цаашид ашигтай төсөл хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх санхүү ба хүний нөөцийн боломжтой эсэхийг харах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл бичих

    • ХБиржийн сайтаар хайгаад юуч алга индекс ?
    • 2015-12-22

    sdfase

    • Зочин
    • 2015-12-21

    Санхуугий узуулэлтуудийг нь бичдэггуй юм уу?гол юмаа узуулэхгуй бж бас зевелгее егех санаатай

    • http://secap.mn/?locale=mn
    • 2015-12-21

    'СИКАП ҮЦК' ХХК

arrow icon