Нийтлэл 01 сарын 19, 2016

Хүйтнийг өвдөлгүй давахад тустай хоол хүнс

Энэ сарын 21-ээс эрс хүйтэрч, -49 хэмд хүрнэ. Тиймээс та бүхэндээ хүйтний улиралд идвэл таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, биеийн дархлаа сайжруулж улмаар ханиад томуунаас сэргийлэх хоол хүнсийг танилцуулж байна. Өвлийн улиралд аль болох амин дэмээр баялаг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг байна. Та дараах хоол хүнсийг хэрэглээд идэр есийн хүйтнийг эрүүл саруул даван гараарай. 

 Өндөг, загас, мах 

Өвлийн улиралд аль болох илчлэг сайтай хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг байна. Учир нь өвлийн  хүйтнээс бие махбод өөрийгөө хамгаалах үүднээс биеийн дотоод халуун туйлдаа хүрч, шарын гал бадарч, ходоод гэдэсний чадал төгөлдөржиж, хоолны шингэц сайжирдаг ажээ. Тиймээс илчлэг сайтай,  D амин дэмээр баялаг хүнс болох өндөг, загас, махан хоолыг аль болох түлхүү хэрэглэхийг зөвлөдөг байна.  Эдгээр хүнснүүд дархлааг сайжруулж, арьсны байдал, хараа, ой тогтоолтыг сайжруулах, мөн биеийн дулааныг хадгалахад чухал нөлөөтэй ажээ. Тиймээс та хүйтний улиралд аль болох илчлэг сайтай бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ сонгон хэрэглээрэй. 

 Хөлдөөсөн жимснүүд

Хөлдсөн жимс чанамлаа бодвол амин дэмээ илүү сайн хадгалдаг байна. Тиймээс төрөл бүрийн хөлдсөн жимсийг буцалгаж шүүсийг нь ууснаар таны эрүүл мэндэд олон амин дэм, эрдэс бодисыг нөхөн төлжүүлж сэргээж чаддаг ажээ. Анар жимс л гэхэд витамин С их хэмжээгээр агуулдаг нь дархлааг сайжруулах, улмаар хүйтний улиралд ханиад томуу тусахаас сэргийлдэг аж. Түүнчлэн бидний сайн мэддэг, манай орны хөрсөнд их хэмжээгээр ургадаг чацаргана хүний эрүүл мэндэд олон талаар эерэг нөлөөллийг авчирдаг бөгөөд хуурай сэрүүн нөхцөлд амьдарч байгаа бидний мах бодид нэн хэрэгцээтэй D амин дэмийг нөхөж өгдөг байна. Тиймээс та хэт хүйтний улиралд төрөл бүрийн жимсийг буцалгаж шүүсийг нь ууснаар хүйтний улирлыг эрүүл саруул давж гарах нь ээ. 

 
Сармис 

Одоогоос 7000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн сармисыг өдөр тутмын хоол хүнс болон эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн түүхтэй. Сармис нь хүний биед хэрэгцээт амин дэмээр баялаг бөгөөд зүрхний элдэв эмгэг болон ходоод гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлж, дархлааг сайжруулах маш чухал ногоонд тооцогддог. Өдөр бүр хамгийн багадаа ядаж нэг хумс сармисыг тогтмол хэрэглээд байхад таны биеийн өвчин эсэргүүцэх буюу бактерийн эсрэг дархлаа тогтож, халдварт өвчнөөс бүрэн сэргийлж чаддаг байна. Өөрөөр хэлбэл та өдөрт нэг хумс сармис хэрэглээд байвал хүйтнээс,ханиад томуу хүрэхээс айхгүй байж болно. 

 
Сүү,сүүн бүтээгдэхүүн 

 Өвлийн улиралд ханиад томуунаас сэргийлж, дархлааг сайжруулахад хамгийн чухал бүтээгдэхүүний нэг бол аарц, тараг, сүү. Нэн ялангуяа хөлдөөсөн аарцыг буцалгаж уух уламжлалт ардын арга цочир хүйтнийг давж гарахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.  Түүнчлэн цагаан идээ цусан дахь цагаан эсийн тоог нэмэгдүүлж биеийн дархлааг сайжруулдаг ажээ. 

Төрөл бүрийн амин дэмээр баялаг хүнсний ногоо 

Өвлийн улиралд хүний бие махбодын витамин буюу амин дэмийн хэрэгцээ ихэсдэг. Амьд бие махбод оршин тогтноход уураг, нүүрс ус, өөх тос, ус, эрдэс бодисоос гадна төрөл бүрийн амин дэм витаминууд зайлшгүй хэрэгтэй байдаг. Тэрхүү амин дэмүүдийг нөхөн төлжүүлж, хүний дархлааг сайжруулж байдаг бүтээгдэхүүний нэг бол төрөл бүрийн хүнсний ногоо ажээ. Тиймээс өвлийн цочир хүйтнийг эрүүл саруул, ханиад томоогүй даван туулахын тулд хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon