23 НАСАНДАА АВАРГА РОМАН БИЧИЖ ЧАДНА

Нобелийн шагналыг гуядаж авсан, 4 боть аварга том туульсын роман "Дөлгөөн Дон"-ыг М.Шолохов бичээгүй гэх үзэл хандлага байдаг. 90 он гарснаас хойш хойт хөршид энэ үзэл илүү ихээр дуулдах болжээ.

Өөр хүний бүтээлийг Шолохов луйвардсан, мөн олон туршлагатай зохиолчид нэгдэж бичээд Шолоховын нэр дээр хэвлүүлсэн гэх мэт. Тухайлбал, 1920 онд 50 насандаа нас барсан Оросын хасаг гаралт зохиолч Федор Дмитриевич Крюковыг "Дөлгөөн Дон"-ы жинхэнэ зохиолч нь гэдэг. Түүний гар бичмэлийг залуу Шолохов олж аваад, дахин хуулбарлан өөрийн болгосон гэж Крюковын талыг баримтлагчид үздэг байна.

Тэднийхээр бол нэгд, Крюков амьдралын болоод уран бүтээлчийн туршлагын хувьд Шолоховоос хол илүү байж. Бүр 1892 оноос уран бүтээлээ эхлүүлжээ. Түүх, үнэн алдартнуудын зан заншил, сэтгэлгээ, шашны баярын талаарх мэдлэг, Дэлхийн I дайн, хувьсгал болон Иргэний дайны хүнд хүчир он жилүүдийг туулсан туршлага, Оросын болон дэлхийн утга зохиолтой танилцсан зэргээрээ ийм хэмжээний туульсийн зохиол бичих боломж нь Крюковт илүү. Түүний хажууд Шолохов бол нэг муу гимназын л жаал байсан. Крюковыг нас бардаг 1920 онд Шолохов 15-тай гимназид гүйж явсан байна.

Удаад нь "Дөлгөөн Дон"-ыг бүтээсэн арга барил, дүрийн илэрхийлэл, уран сайхны дүрслэл зэрэг нь Крюковынхтай илүү төстэй байдаг гэнэ.  Мөн, Крюков большевизмыг тууштай эсэргүүцэгч байжээ. "Дөлгөөн Дон"-ы анхны хувилбарт большевизмыг эсэргүүцсэн зүйлс нэлээд байсан ба зохиолыг олонтаа засварлан хэвлэсэн гэдэг. Тэр явцад большевизмыг эсэргүүцсэн уур амьсгал арилсаар алга болжээ.

А.Солженицын "Улаан дугуй" зохиолдоо Крюковыг гол баатраа /өөр нэрээр/ болгон, энэ мэт чухал түүхийг зарим талаар дэлгэн үзүүлсэн гэнэ. Крюковын алдар нэр эргэн сэргэж, "Дөлгөөн Дон" жинхэнэ эзэндээ очих болно хэмээн А.Солженицын болон түүний үзлийг дагагчид үздэг байна.

Ер шинэ тулгар Зөвлөлт төр өөрийн хүчирхэг дуу хоолой бүхий шинэ залуу зохиолчтой болох бодлогоо М.Шолоховоор гүйцэлдүүлсэн, тэр бодлогынх нь дотор "Дөлгөөн Дон" хавчуулагдчихсан юм ч гэж хэлэх нь бас байна. Гэх мэтээр XX зууны аварга туурвилуудын нэгний талаар хачирхалтай сонирхолтой зүйлс олон бий билээ. Ер нь ч ямар нэгэн ээдрээтэй, адал явдал дүүрэн намтар түүхгүй аварга туурвил бүтээлүүд ч гэж юу байхав.

"Дөлгөөн Дон" болоод ерөөс "Донын өгүүллэгүүд", "Сэтгэлийг шинэтгэсэн нь", "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм", "Хүний хувь заяа" зэрэг Шолоховын бусад бүтээлүүдийг шимтэн уншигчийнхаа хувьд надад ч бас "Дөлгөөн Дон"-ыг хэн нь бичсэн байж болох вэ гэдэг талаар өөрийн бодол бий. Хуваалцсу...

М.Шолохов 1928 онд 23 настайдаа "Дөлгөөн Дон" романыхаа I, II ботийг, 1932 онд 27 насандаа III, IV ботийг бичсэн хэмээн албан ёсны намтарт нь байдаг.
23-хан настай залуугаас амьдралыг нэвт таньж туулсан хүнд л байх тийм арвин их туршлага байх уу, өгүүлэн урлах эгэлгүй их ур чадвартай болж амжих уу гэдэгт л дээрх эргэлзээний гол сэжүүр нь байгаа юм. Мөн Шолохов хожим "Дөлгөөн Дон" шигээ аугаа роман дахин бичиж чадаагүй нь энэхүү сэжгийг лавшруулдаг. Эргэлзээ бий болгодог гол гурван үндэслэл нь энэ болно. Тэгэхээр эдгээр дээр тогтож харьяа.


"Дөлгөөн Дон" Роман Газета сэтгүүлд анхлан цувралаас хэвлэгдсэн нь

Нэг. АМЬДРАЛЫН ТУРШЛАГА НАС ХАРГАЛЗДАГГҮЙ...
Ер нь тийм юм. 20-хон насандаа 50 настны ч үзээгүйг үзэж, туулаагүйг туулж, зовоогүйг зовох нь зарим хүнд бий.
Шолохов ч бас зүгээр нэг дардан замаар гүйгээд байсан нөхөр биш, түүний идэр насандаа туулсан богинохон он жилүүд нь адал явдлаар хангалттай. Хорь хүрээгүй шахам байхдаа хоёр ч удаа буудан алах ял авч, үхлээ хүлээн хэвтэж үзсэн хүн.
Үүнийг эхнээс нь өгүүлсү. Цуст Ням гараг улайран байх 1905 онд М.Шолохов Донын хязгаарт хасаг тосгонд төржээ. 12-тойд нь Октябрын хувьсгал гарч. Эцэг нь хүүгээ хар багаас нь нутгийн багшид шавь оруулж, бичиг үсэгт тайлуулсан төдийгүй, 9 настайдаа Москвад хөвүүдийн гимназийн бэлтгэлд, дараа нь Воронежийн гимназид хэдэн жил суралцаж, цагтаа л хөөрхөн боловсрол авсан байна. Боловсролгүй тариачин гэх боломжгүй. Энэ зуур тогсонд нь Германы цэргүүд орж ирж, үймээн самуун болж байсныг нүдээрээ харж байжээ.
13-тайдаа Гимназын 4-р анги төгсөж, хэсэг зуур завсардсаны дараа нягтлангийн сургуульд суралцсан байна. Тэгээд нударгануудаас нуусан илүүдэл хоол хүнсийг нь хураах Хүнсний отрядад оржээ. Хатуу ширүүн, өршөөл энэрэлгүй их өлсгөлөнгийн үе байлаа. Тэр цагт өлсгөлөнгөөр Оросын тал нутагт тариачид сая саяараа үхэж байж. Туйлдсан тариачид хоол хүнсгүй бол хэрхэн тариа будаагаа тарьж чадах билээ, Антантууд болон дотоодынхонтойгоо эрэгчин эмэгчинээ үзэж буй армийнхан хоол хүнсгүй бол хэрхэн байлдах билээ. Гэтэл нөөцөлсөн их хэмжээний хүнстэй хүмүүс их олон байж. Тэд хүнс тариагаа сайн дураараа гаргаж ирэх, хуваалцах сонирхолгүй. Тиймээс шинэ тулгар төр пролетарийн хүчирхийллээр тэдгээр нуусан хоол хүнсийг нь булааж авах арга хэмжээ авсан ба Шолоховын эгнээнд нь орсон Хүнсний отряд бол тэр хүчирхийллийг гардан хэрэгжүүлэгч нь байв. Өнөөгийнхөөр бол "Ил тод байдлын тухай хууль" хэрэгжүүлэгч ч юм уу даа. Тэр цагт харин нуусан нөөцийг нь шууд л булаана, өгөхгүй гэвэл буудна, шоронд хорино. Тийм л хатуу цаг үе байж.
Нударганууд гэгдэх чинээлэг тариачид, газрын эзэд илүүдэл хоол хүнсээ өгөхгүй хэмээн хатуу ширүүнээр, бүр үхэн хатан тэмцэнэ. Шолохов 1920 онд 15 насандаа тус отрядынхаа дарга нь болж, нударгануудтай тэмцэж гарчээ. Хүчирхэг эсэргүүцлийн бүлэг болох Махногийнхонтой дайтаж яваад олзлогдсон байна. Би юу, чи юу гэсэн хэцүү үе тул олзлогдсон л бол ямар ч эргэлзээгүй буудчихдаг байжээ. Олзонд байхдаа, өөрийг нь буудаж ална гэдэгт огт эргэлзээгүй гэдэг. Гэтэл аз дайрч, Махногийнхон түүнийг яасан ч үгүй явуулчихжээ. Бие жижиг, нас багыг нь харгалзсан ч байж магад юм. Эсвэл Их зохиолчийн Их хувь заяа ивээсэн ч байж болно.
1922 онд харин өөрийн талынхан нь 17-той Шолоховыг ажлын ноцтой алдаа буюу нугалаа гаргасан хэмээн баривчилж, шүүхээс буудан алах ял оноожээ. Эцэг, эх нь хүүгээ ялаас мултлахын тулд, насанд хүрээгүй гэсэн үндэслэл гарган, их мөнгө төлбөр төлөн байж, дараагийн шүүх хурал хүртэл түр хойшлуулжээ. Тэгээд алах ялыг нь хорих ялаар сольж, насанд хүрээгүй учир Москвагийн ойролцоо хүүхэд засан хүмүүжүүлэх шоронд шилжүүлсэн байна.
Удалгүй суллагдаж, курст суралцаж, комсомолд элсэж, чулуучин, ачаа ачигч зэрэг янз бүрийн ч ажил хийж үзжээ.
Энэ үедээ буюу 1923 онд Донын талд хүнсний отрядад байж, Махногийн дээрэмчидтэй тэмцэж явсан амьдралаасаа голдуу сэдэвлэсэн өгүүллэг бичиж, сонин хэвлэлд өгөх болсон байна. Тэгэхэд Шолохов 18 настай байжээ.
Ийнхүү Шолохов ангийн тэмцэлд эрт багаас оролцож, 20 ч хүрээгүй явахдаа догшин дайчидтай эрэгчин эмэгчинээ үзэн дайтаж, отряд командалж, алах ял хоёрхонтоо авч, шоронд орж, янз бүрийн ажилд нухлагдаж явсан нь түүнд амьдралын асар баялаг туршлага, бас уран бүтээлийн шавхагдашгүй түүхий эдийг цуглуулга болж өгсөн гэж харагддаг. Ер алах ял сонсож, үхлээ хүлээн сууна гэдэг бол идэр залуусын оюун ухааныг хурцалж, амьдралыг нэвт харах чадварийг нь хөгжүүлж өгсөн тохиолдол нэг бус бий. Достоевский ч мөн адил 25 гүйцэд хүрээгүй насандаа цаазын шонд толгойдоо шуудай углуулан хүлүүлчихээд, буудах тушаал өгөн хашгирах чимээг хүлээн, агшин бүрийг тоолон зогсож үзсэн хүн. Гэвч алах ял нь Сибирийн хүнд хэцүү цөллөгөөр солигдсон. Хэрвээ тийн зогсоогүй бол, тийм хүнд хэцүү зүрх сэтгэлийн туршлага туулаагүй, хэрэв Сибирт цөлөгдөөгүй бол Достоевский хэзээ ч бүрэн бүтэн Достоевский болж чадахгүй байсан.
Дэлхийн I дайн, Октябрын их хувьсгал, Иргэний дайн, их өлсгөлөн гэх мэт түүхэн их явдлууд тухайн цаг үеийнхний хүүхэд насыг цагаас нь эрт хулгайлан одож, шар сахал нь ч гүйцэд соёолоогүй насанд нь хэрсүү хэцүү, дог хашир дайчин эрс болгож байж.
Тэр үед 15, 16-хан насандаа Хороо хүртэл командлан дайтан тулалдаж явсан эрчүүдийн түүх нэг бус бий. Онцгой тохиолдолд хүүхэд эрт ухаажиж, хэрсүүждгийн жишээ.
"Төмөр ба түүний команд", "Чук, Гек хоёр", "Цэнхэр аяга" зэрэг олон сайхан зохиол бичсэн Аркадий Гайдар иргэний дайны үед 16 насандаа хороо командалж явсан гэдэг.
Үхэх үү, тэсэх үү гэдгээ шийдэх мөч өдөр бүр тулгарч байсан хүнд үе. Тэр цагийн цэргийн хорооныхон бол алж шулахаас өчүүхэн ч халирахгүй, хатуу чанга, Дэлхийн I дайн, хувьсгал, иргэний дайн гээд юм үзчихсэн хашир бурхинууд. Тэр олон зуу, мянга мянган эрсийг удирдаж, дайтна, стратегий гаргаж маневр хийнэ, хувь заяаг нь мэднэ, хоолтой ундтай, орон байртай байлгана гэдэг бол барагтай хүний барах зүйл биш. Хороо гэдэг чинь хорин хүн биш, батолеон, зуут, эскадрон, ротоос бүрддэг, бүрэн бүрэлдхүүнээрээ бол доод тал нь 500, ихдээ 2500 хүнтэй байлдааны томоохон нэгж юм. Тийм хэмжээний цэргийн томоохон нэгжийг хатуу ширүүн нөхцөлд удирдан, ялалт байгуулаад яваа 16 настай хүүг зүгээр л төсөөлөөд үзэх хэрэгтэй юм. Ямар байлдаж тоглож байгаа биш дээ. Хэршүүжилгүй ч яахав, эс чадваас үхэх болно.
Энэ мэтээс үзэхэд Шолоховыг тэр түүхэн их үйл явдлуудыг туулсан амьдралын туршлага багатай гэх үндэслэл үгүй мэт.

Хоёр: ТУУРВИН БҮТЭЭХ АВЬЯАС ТӨРӨЛХИЙНХ
М.Шолохов 19 настайдаа "Донын өгүүллэгүүд", "Номин тал" хэмээх өгүүллэгийн хоёр ч түүвэр бичсэн байна. Том түүвэр шүү дээ, гутлын зулаг шиг нимгэхэн юм биш. Тэнд буй олон арван өгүүллэгүүдийг өөр хооронд нь харьцуулбал бичлэг, үйл явдал, бүтээмж, хэллэг гэх мэтээрээ яах аргагүй нэг хүнийх болох нь харагдана. Мундаг сайхан өгүүллэгүүд бий дээ. 19-тэй залуугийн зохиол гэхэд гайхалтай.
Мөн "Дөлгөөн Дон"-той дүр дүрслэл, дүрийн зан ааш, илэрхийлэх арга барил гэх мэтээрээ их төстэй, яах ч аргагүй нэг хүний зохиол гэж надад харагддаг.
"Донын өгүүллэгүүд"-ийг нь уншсаны дараа үүнийг бичсэн 19-тэй залуу 23-тайдаа "Дөлгөөн Дон"-ийг элбэгхэн бичиж чадна гэсэн итгэл төрнө.
Гэтэл Крюковын талыг баримтлагчид "Донын өгүүллэгүүд", "Номин тал" хоёрыг нь Крюковынх гэдэггүй.
Ер туурвин бүтээх авьяас чадвар гэдэг бол зам зууртаа олдог олз биш юм. Төрөлхийнх байдаг. Харин туулсан амьдралын янз бүрийн туршлага тэрхүү төрөлх авьяас билгийг нь хурцалж байдаг. Өөрөөр хэлбэл туршлага бол билүүтэй адил зүйл. Туршлага ямар байхаас авьяасын гал ихээхэн хамаарна. Муу билүүгээр билүүдвэл ир орох нь муутай л адил тааруухан, адал явдалгүй, сонирхолгүй, унаж босоогүй амьдралын туршлага авьяас билгийг тааруухан л хурцална. Харин хурц тод дурсамж бүхэн туурвин бүтээхүйн авьяас хэмээгч алмаасын жинхэнэ өнгийг нь гарган гялалзуулж чаддаг бөлгөө.
Туурвин бүтээх чадвар төрөлхийнх байдгийн жишээ олон.
Достоевский "Ядуу хүн" туужаа 23-тайдаа бичсэн байдаг. Тэр туужийг нь тухайн үеийн нэр нөлөө бүхий зохиолч Григорьевич шөнө туж уйлан, бахархан байж уншчихаад, сэтгэл хөдөлсөндөө их Белинский дээр "Орост хоёрдахь Гоголь төрлөө" гэж хашгирсаар орсон гэдэг. Харин Белинскийн "Өнөө цагт Гоголиуд борооны дараах мөөг шиг шөнө бүр л ургадаг болжээ" хэмээн тоомжиргүй, ёжтой хүлээн авчээ. Харин уншсан хойноо Достоевский рүү өөрөө гүйн очиж уулзаад "Залуу минь чи юу биччихсэнээ мэдэж байна уу? Өдий насандаа ч чи мэдэхгүй л дээ. Хожим нь чи мэдэх болно" гэж дуу алдсан гэдэг.
Лермонтов 27 наслахдаа юу юу хийгээд үлдээчихсэнийг санах хэрэгтэй юм. Тэр яруу найрагч, хүүрнэл зохиолч, драмматургич, зураач байлаа. Бараг бичсэн бүхэн нь гайхалтай өв болон үлдсэн. "Манай үеийн баатар" хэмээх гүн гүнзгий утга агуулгатай романаа 25-тайдаа бичсэн.
Аугаа романч Чарльз Диккенс "Пиквикийн клубын тэмдэглэлүүд"-ээ 24-25 насандаа бичсэн
Манай Л.Түдэв гуай "Уулын үер" романаа 21 насандаа бичсэн. Маш содон найрагч Гомбын Сэр-Од 23-хан насалсан. Галсансүх "Үнээдэй нютаг"-аа мөн хориодхон насандаа бичсэн.
Яруу найрагчид голдуу гол гол бүтээлүүдээ идэр залуудаа бичсэн байдаг, Артур Рембо бүр 17- ч хүрээгүй байхдаа хамаг оргил бүтээлээ туурвичихсан. Энэ мэт жишээ олныг дурдаж болно доо.

 "Дөлгөөн Дон"-ы гар бичмэл. 1926 оны 11 сар... 21 настай Шолоховын ноорог.

Гурав: ЗОХИОЛЧИЙН ОРГИЛ ЦАГ ГЭЖ БАЙДАГ
Хожим Шолохов хэд хэдэн зохиол, роман бичсэн, "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм", "Сэтгэлийн шинэтгэсэн нь", "Хүний хувь заяа", "Эх орны тухай үг" гэх мэт. "Дөлгөөн Дон"-оо гүйцэхгүй ч бас л мундаг шүү дээ. "Дөлгөөн Дон"-ыг уншиж байхад яах аргагүй нэг тийм хүчирхэг залуу омголон бичлэг, илэрхийлэл мэдрэгддэг. Харин Эх орны их дайны үед голлон бичсэн "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм", бүр 1956 онд бичсэн "Хүний хувь заяа" зохиолуудаас бол ихээ амгалан, амьдралд нухлуулаад зөөлөрчихсөн ахимаг хүний ааш төрх мэдрэгдэнэ.
Ер ямар ч зохиолчид нэг тийм оргил цэг, оргил цаг гэж байдаг. Зарим зохиолчийн оргил цаг эрт ирдэг, тэгээд хожим цаг хугацаа өнгөрч, нас ахих бүр сулраад явчих... Шолоховын хувьд тэрбээр амьдралын бужигнаан дунд хувь заяаны эрхээр эрт орж, эрт хэрсүүжиж, бас ихээ эрт тэр өндөрлөгтөө хүрчихсэн хүн харагддаг.
Олонхи хүүрнэл зохиолчийн хувьд оргил цаг нь бараг насны эцэст ирэх нь бий. Гөтэ "Фауст"-ыгаа 25-тайдаа эхлээд үхэхийнхээ өмнөх жил буюу 82-тойдоо эцэслэж цэг тавьсан байдаг. Толстой, Достоевский нар гол бүтээлүүдээ нас ахисан хойноо бичсэн байдаг.
Амьдралын бус Тасалгааны зохиолч гэгддэг Жюль Верн "Дэлхийн төв рүү аялсан нь", "Саран дээр", "Ахмад Грантын хүүхдүүд", "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь" гэх мэт гол бүтээлүүдээ 36-аас 40-өөд насандаа бичсэн. Тэнд адал явдлууд голлохоос гүн ухааны хүчирхэг үзэл санаа ханхалдаггүй. Өөрөөр хэлбэл Жюль Вернд бүтээлээ туурвихад нь амьдралын туршлага голлох чухал нөлөө болоогүй гэсэн үг.
Зохиолч бүрийн хувь тавилан, туурвил бүтээл давтагдашгүй өвөрмөц... Бүгдээрээ л 50 гарч амьдралын туршлага хуримтлуулан, жаахан ухаараад ирхээрээ л том том роман бичээд байдаг ч юм биш. Яахав, ийм байдал нэлээд түгээмэл л байдаг болохоос. Учир нь романд яах аргагүй амьдралын их туршлага, ертөнцийг үзэх үзэл санааны цогц хүчирхэг систем хэрэгтэй. Харин "Дөлгөөн Дон"-д яг нарийн үзэх юм бол "Анна Каренина"-гийнх шиг, эсвэл "Ах дүү Кармазовынхон" шиг тийм гүн ухааны систем тод харагддаггүй юм.
Ингэхэд зохиолчдын томоохон бүтээл, туурвилуудыг бүтээсэн нас, зохиолчийн туулсан амьдралтай нь харьцуулан үзэхэд их сонирхолтой. Чухам авьяаслаг, нөр хөдөлмөрч утга зохиол судлаачийн л хийх ажил даа.

Тэгэхээр яах аргагүй М.Шолохов 23-тайдаа "Дөлгөөн Дон" романаа биччихсэн л харагдаад байдаг юм даа.


avatar
    • Батгэрэл
    • 202.70.46.*

    Гайхалтай 23хан насандаа Хүн төрөлхтний соёлын өв болсон уран бүтээлийн туурвин гэдэг ХҮН гэдэг амьтаны хязгааргүй оюун ухааныг илрэл мэт. Хүн гэдэг амьтан дэндүү гайхалтай сод бурханы бүтээл юм даа

    • Tuvi
    • 112.216.154.*

    Bayarlalaa..amtarhan unshlaa...

    • Зочин
    • 178.162.216.*

    Монгол залуус Мулгуу зүгээр хувцасны голууд...

    • Зочин
    • 122.201.24.*

    za bichij ehliida

    • Зочин
    • 49.0.156.*

    goyo niitlel bna.

    • Зочин
    • 122.201.24.*

    bi ali hediin ongorood yawchijee

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 502

Таны амьдрал дажгүй юу?

53%
Дажгүй шүү.
26%
За яахав дээ, болгож л байна.
4%
Дажгүй гэхэд хэцүү биш гэхэд хэцүү 0 цэг дээр.
15%
Хэрэг алга.
  • 53%
  • 26%
  • 4%
  • 15%