Нийтлэл 02 сарын 16, 2016

МЭДЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ: Транс-Пасифик түншлэл TPP гэж юу вэ?

Бидний Монголчуудыг ид  буузаа чимхэж суусан хоёрдугаар сарын 4-нд дэлхийн эдийн засгийн түүхэн дэх хамгийн амбицтай гадаад худалдааны түншлэлийн гэрээ үзэглэгдсэн. Бараг 10 жил голдуу хаалттай үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст 28 триллион буюу дэлхийн эдийн засгийн 40 хувь, гадаад худалдааны гуравны нэгийг хамарсан хэлэлцээр биеллээ олсон нь тэр. Биеллээ олсон ч гэж дээ, олох тийшээ хандсан гэвэл зохино. Юу биеллээ олох тийшээ хандаж яваа талаар зарим нэг тодруулга:

 

МЭДЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ: Транс-Пасифик түншлэл TPP гэж юу вэ?

Түншлэлд АНУ, түүний Ази Номхон далай дахь баруун гар Япон, Малайз, Вьетнам, Сингапур, Бруней, Австрали, Шинэ Зеланд, Канад, Мексик, Чили, Перу гэсэн 800 сая хүнтэй 12 орон багтаж байна. Нийтдээ 18,000 төрлийн импортын тарифыг нэгмөсөн нойллох юм уу эсвэл багасгана. Үүнд ойр нэг туршилтын загвар дэлхийн эдийн засагт бий:  500 сая орчим хүнтэй Европын холбоо. Тэгэхээр ТРР-ээр Европын холбооноос ч том либералчлагдсан эдийн засгийн бүс үүснэ гэсэн үг. Хоорондоо асар ялгаатай ийм олон орон, ийм том хэмжээнд, ийм цар хүрээтэй гэрээнд гарын үсэг зурж чадсан нь нэг бодлын том амжилт.

Гэхдээ амьдрал хэзээ дандаа тийм романтик байлаа даа... Энэ романсын ард ч  бодит амьдрал байгаа. Романс болгосон мэдээнд тархиа угаалгаад алга ташаад суугаад байдаг нэг сул тал бидэнд байдаг. Энэ удаагийн гэрээ улс хооронд, эдийн засаг хоорондын харилцааны гурван том трэндтэй нэг шугам дээр бий гэж харж болно.

Нэгд, корпорацууд төрт улсаас илүү хүчирхэг болж ирж байна. Гон бие зохион бүтээгчид гарааждаа өөрийг нь дагаад ертөнцийн хязгаар ч хүрэх халамжит эхнэрийн дэмжлэг дор шинэ сайхныг бүтээж асан эрин ард хоцорчээ. Волмартын эдийн засаг дэлхийн 170 орны эдийн засгаас том байх жишээтэй.  10,20,30 орны эдийн засгийг нийлүүлсэнтэй тэнцэх бидний сайн мэдэх Тоёта, Аппл, Самсунг гээд аварга business empires бизнесийн “хаант улс”ууд байна. Дэлхийн хамгийн том 100 эдийн засгийн тал нь корпорац. Эрт цагт сүм хийд, язгууртан, цэрэг армийн гарт байсан кноп  өдгөө корпорацуудын гарт шилжсэн гэхэд хилсдэхгүй. Өөрсдийн болон бусдын засгийн газрыг бизнесийнхээ эрх ашгийн төлөө лоббидох үзэгдлийг corporatocracy корпоратокрац гэх нэршлээр томъёолох нь байдаг. Монголчуудын зарим нь Рио Тинтог корпоратокрац ажиллагаа явууллаа гэж үздэг байх жишээтэй. Энэ удаагийн ТРР гэрээ энэ трэндийг албан ёсоор баталгаажуулав.  Олон үндэстний корпорацуудад төрт улсын шүүх, эрхзүйн зохицуулалтын эсрэг special tribunal буюу олон улсын тусгай шүүхэд заалдах эрх баталж өгч байгаа нь sovereignty сувернитид халдаж байна гэсэн ширүүн эсэргүүцэл дагуулж буй.  Зөвхөн худалдааны гэрээ биш хөрөнгө оруулалт, зохиогчийн эрх гэх мэт өргөн хүрээтэй асуудлаар заргалдах боломж үүснэ. Жишээ нь TPP-д Монгол улс нэгдсэн байсан бол нэг гадаад компани орж ирээд сайхан ажиллаж байснаа асуудал гармагц манай улсын эсрэг тусгай шүүхэд заргалдах эрх өргөн хүрээнд олгогдоно гэсэн үг. Худалдааны либералчлалыг төрт улсын бусад систем хаа хүртэл дагаж чөлөөлөгдөх вэ? Олон улсын “төр” юм уу түүний зарим үүргийг гүйцэтгэх субъект хөгжих үү, үгүй юу?  ТРР энэ чигтээ эдгээр улсын парламент дээр батлагдвал төрт улсын байр суурь улам багасах трэнд эрчээ авах нь.

Хоёрт, бизнесийн стандартын глобалчлал үргэлжилж байна. Нэг ийм дилемма байдаг. Айл 2 төгрөгөөр бараа хийж байна. Нэмээд 2 төгрөгийн стандарт мөрдөж байна. Манайх 4 төгрөгөөр хийж байна.  Бизнесийн орчин улам муудаж, 4 төгрөг нь ч нэмэгдэх шинжийн.  Гэтэл нэг нартай өдөр гадагаадаар идэж ууж яваад ирсэн нэг нөхөр өнөө 2 төгрөгийн стандартыг нь сугавчлаад буцаад ирдэг. Ингээд гадагаадын 4 төгрөгтэй, манай 6, 7 төгрөгийн хоёр дахин үнэтэй бараа өрсөлдөх болдог. Яаж дийлэх вэ дээ. Сая батлагдсан ТРР яг ийм үзэгдэл үүсэхээр зохицуулалт олныг багтаав. Бүтээмжийн ялгаа асар их 12 орон. Бүгдэд нь, зарим бүтээгдэхүүнд АНУ-ын, Канадын өндөр түвшний стандарт нэвтрүүлнэ. Хөдөлмөр, байгаль орчны зохицуулалт, оюуны өмчийн хяналтын стандартыг тэгшитгэнэ.  Ингээд эргээд хөгжсөн орныхоо бараатай  “шударгаар”өрсөлдөх ёстой болно. Шударга гэдэг хэцүү үнэлэмж, 5 жилийн нууц хэлэлцүүлэгт юу шударга, юу шударга биш эсэх дээр хамгийн их маргасан нь тодорхой.  Нэн ялангуяа эм маш их маргаан дагуулсан. Нэгдсэн хатуу стандарт тулгачихаар Америкийн монополь эм үйлдвэрлэгчдээс өөр хэн тэрийг нь давах вэ? Үнэ өндөрсвөл хүний амь нас, эрүүл мэнд хэрхэх вэ? гэх мэт олон асуулт зарим нь нээлттэй хэвээр гэрээ батлагдав.  Интернет орчинд ч АНУ-ын хамгийн хатуу зохицуулалтуудыг нэвтрүүлэх төлөвтэй байгаа нь эсэргүүцэл дагуулж, жагсаал цуглаандаа тулав.

Гуравт, Ази, Номхон далайн зах зээл дэх өрсөлдөөн ширүүсч байна. Улс хоорондын харилцаанд мэдрэмжтэй, гярхай уншигч бээр 12 орны дотор Хятад байхгүй байгааг анзаарсан нь лавтай.  Байхгүй байх нь аргагүй.  21-р зуунд товчдоо Хятад, АНУ-ын аль нь дэлхийд илүү ихийг зарахаа үзнэ. ТРР бол Хятадыг ид эрчээ авч хамгийн том экспортлогч болж эхлэхийн хэрээр АНУ өөрөө ч дунд нь анхнаасаа байгаагүй гэрээг идэвхийлэн манлайлж байгуулсан regime бүтэц. Европ хөгширч, чадавхи нь барагдаад АНУ-ын хувьд хамгийн том худалдааны оронзай нь Ази, Номхон далайн бүс болжээ.  Хоёрдугаар дайны дараа үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн бүтэн авч үлдсэн АНУ Дэлхийн худалдааны байгууллагын үүсэл хөгжлийг манлайлж ирсэн тухай эндээс уншиж болно. ДХБ-ын Доха хэлэлцээр гацаанд ормогц АНУ Транс-Пасифик тарифгүй бүс үүсгэхээр ажиллаж эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш. Гэрээ хүчин төгөлдөр болвол  тухайн бүсэд АНУ-ын үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн бараг ихэнх бүтээгдэхүүн тарифгүй болно. Өөрөө бол зарим суурь салбараа хятадын ган, төмөрлөгт 250%-ын тариф ногдуулах зэргээр хамгаалчихна. Хэний бүтээмж өндөр, өрсөлдөх чадвартай байна, түүний зүгээс худалдааны либералчлалыг манлайлж ирсэн нь түүхийн трэнд.

Интеграцчлагдсан эдийн засгийн хамгийн том албан ёсны бүс Европын холбоо “эгч”нь  чөлөөт бүсдээ хамаг бараагаа экспортлодог баян Герман ба түүнд өртэй баахан өрийн тулмын бөөгнөрөл болсон цаг үе дор ядуу тал нь чанартай бүтээгдэхүүнд зах зээлээ алдахаас, баян тал нь хямд ажиллах хүчтэй оронд компаниуд, ажлын байраа алдахаас айж олон жил сунжирсан гэрээ ямартай ч сүр дуулиантай үзэглэгдлээ.  Одоо гэхдээ гишүүн орнуудын парламентаар батлагдах ёстой. АНУ-ын өөрийнх нь парламентанд явцгүй байхыг бодоход  Доха тойргийн араас орсон ч гайхах юмгүй. Улс орон бүр сайн чаддагаа аль болох ихээр үйлдвэрлэж, ихээр худалдаалаад сайхан амьдрах сонгодог онолын амлалт. Амьдрал дээр даанч Смит, Рикардогоос хойш бүтээмжийн асар их ялгаа, нэн сонгодог бус нэжгээд зөрчил үүсчээ.  Бүгд үйлдвэрлэж, бүгдийг нь хэрэглүүлээд, бүгдээрээ хөгжиж болох ч юм шиг санагдсан сонгодог мөрөөдөл дэлхийн бөмбөрцөг ачааллаа даахаа больж, баян хоосны ялгаа гүнзгийрэхийн хэрээр алсарсаар байх шиг. Харин системийн архитекторууд үлгэр үнэн болно гэнэ. Одоо үлгэрт итгэх эсэх, гарын үсэг зурагдаад ирсэн гэрээг батлах эсэхээ энэ 12 орны парламент мэдэх нь. Манайх бол аль хэдийн итгээд, түүхийн 3 трэндэд дөнгөлүүлж, түүнийгээ ардчилал болгон зүүдэлж, хааяа нэг сэрээд шооконд орохоороо хангинатал дуулж нэг үргээж, холцортол мөргөж нэг хүлцэж яваа...

Сэтгэгдэл бичих

arrow icon