Нийтлэл 04 сарын 06, 2016

ОРОСТ 'ҮНДЭСНИЙ ГВАРДИ' БАЙГУУЛАГДЛАА

Өчигдөр, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Дотоодын хэргийн сайд В.А.Колокольцев, Холбооны хар тамхитай тэмцэх албаны захирал В.П.Иванов, Дотоодын цэргийн командлагч, армийн генерал В.В.Золотов, Холбооны цагаачлалын албаны орлогч дарга Е.Е.Юрьевна нартай уулзалт хийв.

Уулзалтын үеэр В.Путин, холбооны зарим агентлагуудын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж байгааг дуулгаад Дотоод хэргийн яамны харьяа "Дотоодын цэрэг"-ийн суурин дээр "Үндэсний гварди" байгуулж байгааг албан ёсоор зарлав. Шинээр байгуулагдаж буй "Үндэсний гварди"-ийн харьяанд Холбооны хар тамхитай тэмцэх болон цагаачлалын алба багтаж орох юм байна. 

Орост "Үндэсний гварди" байгуулах шийдвэрийг ерөнхийлөгч гаргаж, оросын хууль тогтоох байгууллага дэмжсэн ба ерөнхийлөгч өнөөдөр "Оросын үндэсний гвардийн тухай" хуульд гарын үсэг зурсан. Үндэсний гварди нь терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, дотоод хэргийн яамтай хамтран ажиллахаас гадна хуучин ОМОН, СОБР зэрэг тусгай бүлгүүд өөрсдийн уламжлалт үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. 

Ерөнхийлөгч В.Путины хэлж буйгаар бол Үндэсний гварди нь бүтэц, зохион байгуулалтын хувьд бүрэн бие даасан, бүх төрлийн хангалтаар өөрийгөө хангаж ажиллах хэдий ч дотоод хэргийн яамны нэг хэсэг байх гэнэ.
"Оросын үндэсний гвардийн тухай" хуульд яагаад ийм хүчин байгуулах болсон учир шалтгаан, гаргалгааг маш тодорхой бичсэн байгаа ба үүнийг өөрийн хэмжээнд хэсэгчлэн орчууллаа.

"ОРОСЫН ҮНДЭСНИЙ ГВАРДИЙН ТУХАЙ" ХУУЛЬ

Өнөөдөр Оросын тусгаар тогтнолын ганцхан баталгаа бол цөмийн-пуужингийн хамгаалалтын бүрхэвч юм. Гэхдээ бид ирээдүйн технологийн өрсөлдөөнийг зөвхөн АНУ-тай бус, бас БНХАУ-тай явуулахгүй бол аажмаар тэднээс тусгаарлагдаж, улмаар хоцрох байдалтай тулгарч болзошгүй юм. Ийм байдал үүсвэл биднийг найдвартай хамгаалах ёстой манай хамгаалалтын бүрхэвчийн чадвар алдагдах болно. Манай улсын "цөмийн товчлуур" өөрийн хувийн эрх ашгаа улсын аюулгүй байдлаас өндөрт тавьсан хэсэг бүлэг хүмүүсийн гарт орж болзошгүй гэдгийг хуучин БХЯ-ны сайд асан А.Э.Сердюковын дуулиант хэрэг бидэнд тодорхой харуулсан. Иргэд дайсан шаардлага тулгарсан үед манай албаны хүмүүсийг хялбархан хахуульдаад цөмийн-пуужингийн хамгаалалтад хаалт тавьж болох юм байна гэсэн ойлголттой болоод байна. Хэрвээ дайснууд манай улсын эсрэг том хэмжээний довтолгоон хийвэл бид өөрсдийгөө тэднээс зөвхөн ердийн зэвсэг ашиглан хамгаалах хэрэгтэй болно.

Бидэнтэй хөрш зэргэлдээх улс орнууд 12 сая нөөц хүчийг байнгийн бэлэн байдалд хадгалж байна. Энэхүү бэлтгэл нөөцийг дайчлан, байлдах чадвартай болгоход ердөө хэдхэн өдөр шаардлагатай. Харин Орос улсад үүнтэй төстэй бэлэн байдал бүхий бэлтгэл хүчин алга. Хэрвээ дайн боллоо гэж төсөөлбөл манай арми өөрөөсөө 15 дахин илүү хүчний эсрэг ганцхан хоног тулалдаж чадах юм. Энэ тохиолдолд бүх нийтийн дайчилгаа зарлах, дайчлах, сургаж бэлтгэх гэдэг асуудал ямарч утга учиргүй болсон байх болно. Техникийн өндөр боломж бүхий байнгийн армитай улс, дайн эхэлснээс хойш нэг сарын дотор Москваг эзлэх боломжтой гэдгийг мартаж болохгүй.

ШИЙДЭЛ

Бид бусад улсын адил эгнээндээ 8 сая хүнтэй өндөр боломжтой бэлтгэл хүчин байгуулах хэрэгтэй. Бэлтгэл хүчин нь сайн дурын үндсэн дээр элсэн орж буй иргэдээс бүрдэх ба богино хугацаагаар тодорхой бэлтгэл сургалтад тогтмол хамрагдаж байх юм. Бэлтгэл хүчний үндсэн үүрэг нь улс орны хэмжээнд заагдсан заагт хориглолтыг зохион байгуулах замаар цэргийн үндсэн бэлтгэл хүчийг бэлтгэхэд шаардлагатай цаг хугацааг хожих явдал юм. Бэлтгэл хүчийг "Оросын Үндэсний гварди " гэж нэрлэнэ. "Оросын үндэсний гвардийн тухай" хуулийг Холбооны хурлаар батлагдсан цагаас хойш хэрэгжүүлж эхлэнэ.

ХУУЛИЙН ГОЛ ТҮРХҮҮР ОЙЛГОЛТУУД

1. Үндэсний гвардид 18 нас хүрсэн, сэтгэхүйн болон бие бялдарын хувьд эрүүл, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй иргэн орж болно.
2. Гвардын гишүүн нь цэргийн сургалтын төвд жилд 3 удаа тус бүр нь 3 хоногийн сургалт, жилд нэг удаа 7 хоногийн цэргийн сургалтад хамрагдана.
3. Долоо хоног бүрийн хагас бүтэн сайн өдрүүдэд гвардын гишүүн өөрийн сайн дураар буудлагын полигонд явагдах буудлагын сургалтад хамрагдаж болно. Гишүүдийн жилд хэрэглэх сумны тоог тогтоож өгөх ба сумыг үнэ төлбөргүй зарцуулна.
4. Үндэсний гварди нь тус улсын газар нутаг, засаг захиргааны мужуудад хуваагдана.
5. Тайван цагт Үндэсний гвардийн хүчин орон нутгийн удирдлагын хүсэлтээр байгалийн болон хүний оролцоотой үүссэн гамшиг, сүйрлийн хор уршигийг арилгах ажилд дайчлагдан оролцоно.
6. Гвардын гишүүн цэргийн дүрэмт хувцас, хэрэглэл, сургалтын бууг өөрсдийн зардлаар худалдан авч гэртээ хадгалах ба улс эдгээрийн үнийг нөхөн төлнө.
7. Гвардын гишүүн нь өөрийн ажлын газраас үндсэн амралтаас гадна цалингүй 4 долоо хоногийн нэмэлт амралт авах эрхтэй.
8. Гвардын гишүүн нь орлогын албан татвараас чөлөөлөгдөнө.
9. Гвардын гишүүн нь тайван болон дайны цагт явагддаг ОХУ-ын цэрэг татлагаас чөлөөлөгдөнө.
10. Үндэсний гвардийн офицеруудыг дэвшүүлэх тогтолцоо нь өөрийн удирдаж буй бүлэг, ангиа байлдааны нөхцөлд хэрхэн удирдаж байгаагаас хамаарна. Бодит байдал дээр хэрхэн удирдаж байгаа эсэхийг шалгахдаа дайны нөхцөлд ойртуулсан лазерийн систем бүхий дуурайлган үзүүлэх тусгай сургалтын хөтөлбөр ашиглана.
11. Үндэсний гвардийн офицерууд хошууч цолтой болбол байнга ажиллаж болно. Түүний цалин нь Оросын байнгийн армийн офицертой адилхан байна.
12. Гвардийн дүрмийг боловсруулах, өөрчлөх асуудлыг гварди өөрсдөө хариуцана.
13. Гварди нь дивизийн бүтэц, зохион байгуулалттай байна.
14. Гвардийн үйл ажиллагааг явуулах зардлыг холбооны төсвөөс гаргана. Түүний төсөв нь холбооны төсвийн 5 хувь орчимтой тэнцүү байна.

ГАРАХ ҮР ДҮН

Өмнөд хөршүүдээс хийж болох том хэмжээний дайралтаас хамгаалах өндөр бэлтгэл бүхий байнгийн бэлтгэл хүчинтэй болно.
Иргэд өөрсдийн аюулгүй байдалд илүү итгэлтэй болно.
Нийгэм дэхь эх оронч үзэл нэмэгдэх юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon