Нийтлэл 04 сарын 10, 2016

ТҮҮХ: Домогт аянчин ИБН БАТТУТА гэж хэн байв?

Алтан ордны улсын түүхийн талаарх судалгаанд чухал байр суурь эзлэх нэгэн эрхэм бол алдарт жуулчин Ибн Баттута юм. Тэрээр Алтан ордны улсаас гадна Юан гүрний түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Алдарт жуулчин, худалдаачин Ибн Баттута 1304 оны хоёрдугаар сарын 25 нд өнөөгийн Марокко улсын Танжер хэмээх боомт хотод шейх Абдаллах аль Лаватийн гэр бүлд төржээ. Түүний гэр бүл тухайн үеийн жирийн л нэг дундаж давхаргын айл байжээ. Түүний овгийн бүтэн нэр нь Мухаммад ибн Абдуллах ибн Мухаммад ат-Танжи (араб. محمد بن عبد الله بن محمد الطنجي) юм. Ибн Батута бол Арабын нэрт эрдэмтэн, аялагч, дэлхийг бөөрөнхий гэж батлагчдын анхдагч билээ. Түүний амьдралаас сэдэвлэсэн аман яриа нь үлгэр мэт л дэлхий даяар яригддаг билээ. Гэхдээ тэрээр Ибн Баттута гэдэг нэрээрээ л дэлхий дахинд танигдан үлдсэн юм. Түүний хүүхэд, бага насны мэдээлэл тун хомс байдаг бөгөөд голдуу домог, ам дамжсан яриа л нийтэд түгэн тархжээ.

   Хүүхэд бага насандаа исламын шашны ахлах сургуульд боловсрол олсон түүнийг эцэг нь өөрийн залгамжлагч хэмээн ихэд итгэн найдаж байжээ. Шүүхийн мэргэжил олж авсан тэрээр шүлэг яруу найраг уран зохиол их сонирхдог байсан нь хожим аялалынхаа түүхийг бичихэд нь нөлөөлсөн юм.  Ибн Баттута 1325 оны зургаадугаар сарын 14 нд өнөөгийн Саудын Арабын Мекка хотын зүг  мөргөл үйлдэхээр Марокко улсын Танжер хотыг 21 насандаа мөрөөдлөөр дүүрэн орхин гарсан байна. Боловсролд зарцуулах хөрөнгө мөнгөөр хомс тэрээр тухайн үеийн исламын ертөнцийн сор болсон эрдэмтдийн лекц, шашны номлолыг сонсох зорилгоор Мекка хүрэх худалдаачдын цуваанд ганцаараа нэгдэн орсон байдаг. Хойд Африкийн эрэг дагуу аялан явж Тунист хэсэг саатаад цааш  2 сар аялан явсаар Египетийн Кайрт хэсэг саатан Мекка хотод хүрчээ.

1326 оны хавар 3.500 гаруй км газар аялсны дараа Египетийн Мамлюкийн эзэнт гүрний нэг хэсэг Александр хотод ирсэн байна. Тэнд Жидда (Саудын Араб) хот руу явах дараагийн аялалдаа бэлдэж байсан боловч орон нутгийн овог хоорондын маргаанаас болж Кайр хотод эргэн иржээ. Ил хаан Абу Сайд Тебризийг эзлэх үед тэрээр Иерусалим, Дамаск, Mecca, Басра, Багдадад зочилжээ. Энд тэрээр шалгалт өгч шүүгчийн батламж гардаж авсан байдаг. Үүний дараа тэрээр Меккад эргэн ирж, хуульч болж хэсэг ажилласан байна. Гэвч түүний аялал тэнд зогсоогүй юм.

1326 арваннэгдүгээр сарын 17-нд, Меккад нэг сарыг өнгөрүүлсний дараа Ибн Баттута Арабын хойгоос  Ирак руу буцаж очих мөргөлчидын их аянд нэгдэн дараа нь Мединагаас умард зүг шөнийн цагаар явж Нажид өндөрлөгийн зүүн хойд талаар Нажаф (өнөөгийн Ирак улс) хүрэх аян зам нь хоёр долоо хоног үргэлжилжээ. Нажаф дахь 4 дүгээр халиф Алигийн бунханд очжээ. Улмаар тэндээс Багдад хүрэх жингийн цуваанд нэгдэн аялсан байдаг. Тигр мөрнийг даган хойд зүг аялж Басра хот хүрсэн бөгөөд түүний дараагийн зогсоол нь Персийн Загрос нурууны Исфахан хот байсан юм. “Исфахан бол дэлхийн хамгийн том, сайхан хотуудын нэг мөн. Хүмүүс нь улаавтар цэвэрхэн цагаан арьстай царайлаг, ер бусын зоримог бөгөөд өгөөмөр. Тансаг амттан, хоол ундтай. Исламын ертөнцөд алдартай нийтийн халуун усны газар нь бүүр онцгой сэтгэгдэл төрүүлэв” гэх зэргээр тэмдэглэн үлдээжээ. Мөн Газин хотод (өнөөгийн Афганистаны зүүн хэсгийн хот) ирсэн Ибн Баттута өөрийн тэмдэглэлдээ, уг хотод зочлон ирсэн монгол ноёдын байр, хоол, үйлчилгээ, жил бүрийн Газан хааны бунхан тахилгад зориулсан зардал, баасан гарагт эрдэмтэд, бусад иргэдэд тараах чихэр, шашны баярын өдрүүдэд ядууст тараах хоол хүнс, 100 өнчин хүүхдэд “коран” заах сургуулийн зардал, жил болгон үгээгүйчүүдэд тараах 2000 хонины нэхий дээл, 100 хүүхдийн баяр буюу лалын шашны хөвч хөндөх ёслолын зардал, жил бүрийн 100 “коран” судар худалдан авах зардал, гудманд хаягдсан хүүхдүүдийг цуглуулан тэднийг өсгөн бойжуулж урлагийн болон бусад мэргэжлийг заах сургуулийн зардал, мөн эдгээр хүүхдүүдийн өрлөг ээжүүдийн цалин, харж хандах хүнгүйгээр нас барсан хүмүүсийн оршуулгын зардал, 6 сар үргэлжлэх өвлийн улиралд шувуунд зориулан дээвэр дээр асгах хоолны зардал, бэлэвсэн, харж хандах хүнгүй болон ядуу эмэгтэйчүүдийн хэрэглээнд зориулан хүн тус бүрт 3,5 кг цэвэр хөвөн олгох зардал, боол, шивэгчин болон хүүхдүүд худгаас ус авчрах замдаа хагалсан ваарнуудыг “тэд эзнээсээ айж бүү гуниглаг гэж” шинэ ваар олгох зардал, Тебриз хот явах 50 км зам дагуух чулуудыг цэвэрлэх болон усны сувгуудыг арчлах зардал зэргийг улсын төсвөөс тусгайлан суутгаж өгдөг байсныг нарийвчлан тэмдэглэсэн байдаг. 

Удалгүй тэндээсээ Багдад хүрч улмаар Ил хаан II Абу Сайдтай уулзан Мекка хотын зүг буцсан байна. 1327-1330 он хүртэл бараг 3 жил Мекка хотод мөргөл үйлдэн аяллаа түр завсарласан байна.

1331 онд тэрээр дараагийн аялалаа Улаан тэнгис дагуу эхлүүлэн тухайн үедээ хөгжин цэцэглэж байсан Сомалийн Могадишо хотод хүрэлцэн очжээ. Тэндээсээ Африкийн зүүн эрэг өнөөгийн Кени улсын хоёр дахь том хот Момбаса хот, Танзани улсын Занзибар, Килва арал хүртэл аялсан байна.

Ибн Баттута нутгийн ихэс дээдэстэй найрсагаар уулзаж хүндэт зочноор уригдан улмаар 1332 онд Персийн булангийн өмнөд хэсэг Ормузын хоолойгоор дамжин Мекка хотын зүг буцаж дараагийн аялалдаа бэлдэж эхэлжээ. Тэрбээр Синайн хойгийг гаталж Бага Ази Анатолийн зүг аяласан байдаг. Бага Азийн эрэг дагуу Гэнуягийн худалдаачдын хөлөг онгоцоор өнөөгийн Палестин, Турк, Сири, Израйль зэрэг улсуудын 25 хотуудаар аялжээ.

Цуцашгүй сониуч зан нь Ибн Баттутаг шинэ аян замд түлхсэн байна. Тэрээр Грекийн хөлөг онгоцоор тухайн үеийн Алтан ордны хаант улсын Каффа (өнөөгийн Феодоси) дараа нь Азовын тэнгисийн Солхат хотод 1334 оны 5 сард очжээ. Тухайн үед Алтан Ордны хаан ширээнд Узбек (1313-1341) сууж байлаа.

Иб Баттута Сарай хотод зочлон их хаантай уулзжээ. Ойролцоогоор 1334 оны 5 сард Узбек хаан түүнийг найрсаг дотноор хүлээн авч хүндэтгэн угтан авчээ. Ибн Баттута “Сарай хот нь уудам талд тэнгэрийн хязгаар хүрсэн орон зай эзэлсэн үзэсгэлэнт хотын нэг бөгөөд дөрвөн зүг найман зовхисын хүн ард хөлхсөн зах зээл бүхий өргөн гудамж талбайтай, өөр өөр угсаатны төлөөллүүд тус тусдаа нэгэн дүүрэг болон амьдрах бөгөөд мөн газартаа өөрийн захтай ажээ” хэмээн тэмдэглэсэн ажээ. Тэрээр дагалдагсдын хамтаар хотыг бүтэн тойрохоор шийдэн “бид хотын нэг захад суудаг байсан бөгөөд нөгөө хязгаарт нь хүрэхээр өглөө эртлэн гарсан боловч үдийн хойно л сая товлосон газартаа хүрэв. Тэндээ мөргөл үйлдэн дараа нь үдийн хоолоо идээд эргэн явахад нар шингэх үед сая буусан буудалдаа эргэж ирэв. Нэг удаа бид хотыг хэр өргөн болохыг үзэхээр өглөө эртлэн гарсан боловч үдийн хойно нөгөө захад нь ирэв. Бидний зам үргэлжилсэн байр сууц, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн дэргэдүүр өнгөрөх бөгөөд сул газар ер харагдсангүй” гэж тэмдэглэсэн байдаг.

1332 (эсвэл 1334) эцсээр Константинопольд ирээд, тэрээр Византийн эзэн хаан III  Андроника уулзсан байна. Византийн эзэн хаан III  Андроника бол Алтан ордны Узбек хаантай худ ургийн харилцаатай байжээ. Узбек хааны хатан бол III  Андроника хааны охин юм.

Тэр Станбул дахь аугаа Софийн цогчин дуганаар айлчилж, Иерусалим хотод өөрийн аяллын талаар Христэд итгэгч Үнэн алдартны тахилчтай ярилцсан байдаг. Хотод сар болоод Ибн Баттута Астрахань руу эргэж ирсний дараа, нийслэл Сарайд иржээ. Түүнээс хойш тэрбээр Каспийн болон Бухар болон Самаркандад Арал тэнгисийн өнгөрсөн байлаа. Тэнд тэрээр Цагаадайн улсын Тармаширин (1331-1334) хаанд зочилсон байна. Тэндээс тэр, дараа нь Монголчуудын захирч байсан, Афганистан, Энэтхэг руу Гиндукушийн уулсаар дамжин өмнө зүг Инд мөрнийг даган аялахдаа тэрээр эдгээр уул, хязгаарын түүхийг дурдсан байна. Ибн Баттута болон түүний нөхөд 1333 оны есдүгээр сарын 12-нд. Инд мөрөн хүрчээ. Тэндээс тэр Дели орж султан Мухаммад бин Туглактай танилцсан байна. Султан Мухаммад бин Туглак бол исламын шашинтай нэлээд баян чинээлэг хүн байсан хэдий ч тэрээр харгис хатуу бодлогоор Энэтхэг орныг удирдаж байжээ. Ибн Баттута Энэтхэг орноор чамгүй хугацаанд аялж анх удаа Инд мөрний эрэг дээр хирс харж түүнийгээ гайхаж тэмдэглэсэн нь үлджээ.

1347 онд Ибн Баттута Монголын Юан гүрний зүг аян замын жолоогоо залсан юм. Гэвч маш их саад бэрхшээл түүнийг угтаж байлаа. Тэрбээр замдаа байгалийн саад бэрхшээл, дээрэмчдийн халдлагад өртөн байж Энэтхэгийн Калькут хотод арайхийж хүрч очсон байна. Тэндээс Энэтхэгийн өмнө зүгт байх хамгийн их ачаалалтай боомт болох Коллам хот руу 10 хоног аялан байж хүрч очжээ. Гэвч тэнд далайн шуурга болж тэрээр хэд хэдэн хөлөг онгоцоо алдаж их хохирсон юм. Түүнийг Хятад явах мөрөөдөл нь зогсоож чадаагүй юм.  Энэтхэгийн зарим нэг султануудтай таарамжгүй харилцаатай болсон тэрээр Мальдивийн арлуудаар дамжин Хятад хүрэх тойруу замыг сонгосон юм. Мальдивын арал дээр 9 сар орчим саатахдаа тэрээр орон нутгийн эрх баригчидтай тохиролцох гэж нилээд цаг хугацааг алдсан байна. Тэрээр Султаны охинтой ч гэр бүл болоод амжжээ. Удалгүй түүний аялах эрх нээлттэй болж тэрээр нэг сар орчим аялан байж Бангладешийн Читтагон боомтод хүрч очжээ.

1345 онд Ибн Баттута Индонезийн Суматра аралд хүрэлцэн очжээ. Улмаар Ява арал, дараа нь Вьетнам, Малайзад хүрэлцэн очиж хаад ноёдтой нь уулзсан юм. Тэрээр исламын шашны хамгийн төгсгөлийн цэг хэмээн Ява арлыг тодорхойлсон байдаг.

Юан гүрний Цюаньчжоу хотод хүрэлцэн иржээ. Тэрбээр Хятад нь төв Азид оршдог дэлхийн хамгийн том газартай улсуудын нэг бөгөөд түүх соёлын хосгүй сайхан баялагтай улс юм. Хятадын бүх нутаг өвөлдөө хуурай хүйтэн, өмнөд нутаг, умард нутгийн дулааны хэмжээ 40 хэмээр зөрдөг. Зундаа голдуу өмнөөс салхилж, чийглэг халуун, бороо ихтэй байдаг гээд Хятадын уур амьсгалыг дүгнэхдээ үр ашиг муутай ч алт, мөнгө, тариалан, жимсний нөөц үнэхээр баялаг гэж хэлсэн байдаг. Мөн тэрээр цааш нь Хятадын гар урчууд торго, шаазанг магтаж, чавга болон тарвас, цаасан мөнгө, том усан онгоц үйлдвэрлэлийн үйл явцыг дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Хятадуудын хоолны болон тэр ч байтугай мэлхий, гахай, зэрэг амьтдын махны хэрэглээг дурдсан байна. Хотод байх исламын шашинт худалдаачид болон мөргөлчидтэй уулзан аян замынхаа урт түүхийн талаар ярилцжээ. Исламын шашинт иргэд хотод өөрийн гэсэн эмнэлэг, цэргийн хуаран, дүүрэг хороололтой байсан талаар тэмдэглэн үлдээжээ. Дараа нь тэрээр худалдаачидын зөвлөсний дагуу Хятадын зүүн өмнөд хэсгийн Гуанжоу хотоор аялжээ.

Ибн Баттута Юан гүрний эзэн хаан Тогоонтөмөр хаантай уулзахаар хойд зүгийг чиглэн явах зуураа Ханжоу хотоор дайрсан бөгөөд урьд өмнө миний үзсэн хамгийн том хотуудын нэг, хот нь үзэсгэлэнт нуурын эрэг дээр зөөлөн ногоон толгодоор хүрээлэгдсэн гэж тэмдэглэсэн байна.

Бээжин орж их хаанд бараалхан улмаар Хятадын цагаан хэрмийг үзэн хааны ордонд зочлон саатсан байна. Улмаар нэлээд худалдаа наймаа хийж      1346 онд тэрээр эргэн нутгийн зүг жолоо залжээ. Олон саад бэрхшээлийн туулан явсаар 1350 онд төрөлх хот Танжерт эргэн иржээ. Дараагийн аялал нь Мали улс байлаа. 1352 онд Сахарын элсэн цөлийг туулан тухайн үеийн Мали улсын хамгийн баян Нигер мөрний эрэг дээрх Тимбукту хотод очиж чаджээ. Улмаар жижиг завь хөлөглөн Нигер мөрнийг уруудан Гао хотод хүрч чадсан боловч түүнийг Мароккогийн султан эргэж ирэхийг тушаасан тул тэрээр 1354 онд нутагтаа эргэн иржээ. Түүний Африкийн гүн лүү хийсэн аяллаас хойш дараагийн 400 жил хэн ч ийм аялал хийгээгүй юм.

Мароккогийн султан түүнийг шүүгчээр томилсон бөгөөд алдарт аялагч маань 1368 эсвэл 1369 оны орчим нас баржээ. Ихэнх сурвалжид 1377 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хэмээн тэмдэглэдэг.

Ибн Баттутагийн туулсан зам өнөөгийн 44 улсыг дамнаж, 117 мянга орчим километр үргэлжилсэн нь Марко Пологийн туулснаас гурав дахин урт зам юм. Монголчууд бид Плано Карпини, Гильом де Рубрук, Марко Полог сайн мэдэх болохоос Ибн Баттута бол төдийлөн сайн мэдэхгүй харьцангуй бага судлагдсан гэхэд болно. Түүний аяллын талаар гарсан бүтээл ихэнхдээ Араб, Перс хэл дээр байдаг нь үүнд нөлөөлсөн байх талтай. Тиймээс цаашид энэ хүний талаар судлан судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах нь зүйтэй биз ээ.

 

Т. Сүхбаатар

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2022-12-23

    Арабын ертөнцтэй холбоо тогтоон хөгжил цэцэглэлт соёлын солилцоо хиймээр юм бна даа

    • Монгол улсын иргэн
    • 2018-06-25

    • Монгол улсын иргэн
    • 2018-06-25

    Сайхан түүх байна

arrow icon