Нийтлэл 04 сарын 21, 2016

Мал эмнэлгийн лаборатори байгуулж хамтран ажиллах боломжийн талаар ОХУ-ын Новосибирск хотын даргатай хэлэлцлээ

 Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд 

-Хэрэглэгчид цахим худалдааны төлбөр тооцоог хийхдээ банк тус бүрээр сонгох бус нэгдсэн нэг системээр төлбөрөө гүйцэтгэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл банкууд бидний интернет худалдаа гэж нэрлэж заншсан цахим худалдааны төлбөр тооцоонд Монгол банктай хамтран нэгдсэн систем нэвтрүүллээ. Монгол банк бэлэн бус төлбөрийн хэрэгслийг дэмжих, интернетэд суурилсан худалдааны төлбөр тооцоог банк хоорондын системд нэвтрүүлэх үүргийн хүрээнд ийнхүү нэгдсэн системээр ажиллах дэд бүтцийг бий болгоод байна.

-ОХУ-ын Новосибирск хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.В.Асанцев болон тус хотын дарга А.Е.Локот тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 22-ныг хүртэлх хугацаанд айлчилж байна. Энэ хүрээнд бизнес уулзалт болж, хөдөө аж ахуйн чиглэлд хамтарсан мал эмнэлгийн лаборатори байгуулах, барилга, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ. 

-Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл ойрын хугацаанд хуралдах төлөвтэй байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт энэ оны хоёр дахь хурлаараа эдийн засгийн орчин нөхцөлийн талаар хэлэлцжээ.

-“SouthGobi Resources” компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн дахин өөрчлөгдөж магадгүй байна. Мэдээллийн дараа тус компанийн хувьцаа Торонтогийн Хөрөнгийн биржид өдрийн дотор 50 хувиар өсчээ. “SouthGobi Resources”-ийн гол хувьцаа эзэмшигч “Novel Sunrise Investments” компани “SouthGobi Resources”-ийн 25.7 сая хувьцааг 24 сая ам.доллараар худалдах болон худалдан авах опшн гэрээг “Voyage Wisdom” компанитай байгуулжээ

-Японы автомашин үйлдвэрлэгч “Mitsubishi Motors” компани шатахуун зарцуулалтын талаарх мэдээллээ хэрэглэгчдэд буруу өгсөн гэж Японы Засгийн газрын холбогдох албанаас мэдээлсэн байна. Сүүлийн гурван жилд үйлдвэрлэсэн 625 мянга орчим бага оврын машины шатахуун зарцуулалтыг 10 хувиар бууруулж, худал мэдүүлсэн нь тогтоогдсон аж. 

Сэтгэгдэл бичих

arrow icon