Монгол хүний омог, дөрвөлжин хот, маргаашийн тухай

Зохиолч О.Хэнригийн дөрвөлжин хот, мөлгөр байгалийн тухай нэг хөөрхөн өгүүллэг байдаг. Америкт хөдөө нутгийн хоёр гэр бүл буудалцаж дуусаад хоёр талаас нэг нэг хүн л үлддэг. Нэг нь болихоор шийдэж Нью-Йорк хотод ирнэ.  Нөгөөх нь араас нь ирэх авч, хурц өнцөгт их хотод хөл алдаад ягтаж байтал өст хүнтэйгээ өлийн даваан дээр таардаг. Дугуй, мөлгөр байгальд хамтдаа дуэлдэж өссөн өнөөхөө хараад өшөө авах байтугай хань ижлээ олсон мэт баярлаад дуусдаг. О.Хэнригийн таних тэмдэг болсон өвөрмөц өрнөл, сэтгэл сэргэтэл мушгиж өгөөд төгсгөдөг богино өгүүллэгт хот ба хөдөөгийн ялгааг хачин гоё гярхай мэдрэмжээр геометр дүрсэнд хувилгаж,  хүндлэл, нэр төрийг аминаас илүүд үздэг  хүн ардын зан чанарыг шаглаж гаргасан буй.

Тийм түүх АНУ-ын зарим нутаг нугад үлгэр биш үнэн байсан агаад саяхан харсан Outliers хэмээх нийтэд ихэд түгсэн номонд Кентакки мужийн Харландад хоёр омог буудалцаад дууссан сонин түүхээс эшлэжээ.  Бууны шархтай  ёолж байгаа ганц хүүдээ хүүдээ  ээж нь “Одоо боль, ах шигээ нэр төртэй эр хүн шиг үх” гэж хэлэх хэмжээнд нэр төрийн төлөө амиа өгөхөд бэлэн тийм соёлыг “culture of honor”буюу “нэр төрийн соёл” гэж нэрийддэг байна. Тийм соёлд идэш ууш, хулгай зэлгий мэт шальдар бульдар гэмт хэргээс болж биш бардамнал, нэр төрийн хэрэг болгож амь нэхдэг аж. 

Зарим хүн зон зүгээр байхад зарим нь юу юуны туханд хүрэлгүй буудалцаад унадаг нь юуных вэ?  Юу юуны туханд хүрэлгүй хэрэлдээд юм уу барилцаад авдаг  ману их омог бас юуных вэ? Тэд ч, бид ч соёл уламжлалынхаа бүтээгдэхүүн. Эргээд үндсээ ухаж үзвэл энэ мэт асуултад зарим нэг хариулт олж магадгүй бололтой.

Тариачид ба малчдын нэр хүндээ эрхэмлэх зэрэг өөр өөр байдаг нь их сонирхолтой. Тэр нь шашин, замнал гээд  сэтгэлгээнд нөлөөлөх олон зүйлээс хамаардаг байж таараа ч унаган аж ахуй их чухал нөлөө үзүүлж иржээ.  Америкт гэхэд тиймэрхүү зөрчилтэй удам, нутаг нугынхныг судалж үзвэл голдуу уул нуруу, өндөрлөг талын малчин хүмүүс байдаг байна. Нэг шөнө хулгайлаад явчих боломжгүй, олуулаа тарьдаг, багт багтаж, хүний ая эв олж байж амьдрах тариачдыг бодвол ганцаараа мал маллана гэдэг нэртэй, төртэй, хэлсэн үг нь жинтэй, хэр баргийн баагийд дээрэлхүүлэхээргүй хүндтэй хүн байж байж аж ахуйгаа авч явна. Тиймээс нүүдэлчдийн(бие даасан малчдын) хувьд нэр төр бол аж ахуйн хамгаалалт, амьдралын нэг тулгуур нь агаад нэр төр, омог бардамналд нь өчүүхэн төдий халдахыг ч үл хүлцэх хандлага байдаг байна.

Малын бэлчээр, тариан талбай дээрээс шууд цуглуулсан нөхөд биш, хотод  төрж өссөн оюутнуудыг ч бага зэрэг доромжилж туршихад нүүдэлчин, малчин удмын оюутнууд хамаагүй бардам, доромжилсон тал руу шууд эргээд дайрах маягийн үр дүн гардаг юм байна. Хүний зан чанар гэмээ нь хаанаас ирсэн, хэний үр удам болохыг  гарцаа байхгүй тольдон харуулж байдаг байх нь. Монголчууд бид нүүдэлчид болохоор ийм тийм гэж ам дамжин ярьдгийг  АНУ-д янз бүрийн судалгаагаар туршсан байгаа нь сонирхолтой.

Culture of honor-той харьцуулж болох өөр нэг том соёлыг эрхэм чанарын соёл буюу Culture of dignity гэж нэрлэж байна.  Dignity хэмээх үгийн орчуулга манайд нэгмөр болоогүй. Би энд О.Мөнхсайхан профессорын “Хүний эрхэм чанар” хэмээх ганган нийтлэлийн орчуулгыг барив.  Ерөнхийдөө намба, сүр хүч, аяндаа хүндлэхээр занчанар, хүмүүний үнэ хүндийг заадаг үг.  Сulture of dignity тариачин төдийгүй гар урлал, арилжаа наймаа, хотын соёл хөгжсөн баруун хойд Европт илүү түгээмэл, хүн амын нягтрал их газруудад илүү хөгжжээ. Энэ төрлийн соёл давамгай газар хүмүүс бусдын өмнө нэр төртэй байхаас илүү өөрөө өөртөө баримтлах хэм хэмжээ, дотоод үнэт зүйлээ илүү баримтлах хандлагатай.  Түй түмэн хүнтэй хотод бусдад хүндлэгдэх нэр төртэй, мундаг хүн болох гэж бардамнаж, өчүүхэн зөрчил дээр нэгийгээ үзэж явснаас хүн нэг бүр өөрөө өөртөө үнэнч, зарчимтай, өөрийгөө хүндлэхээр байвал эцсийн дүндээ илүү ашигтай, ая эвээ олж ирэх нь мэдээжийн хэрэг мэт.  Дотоод үнэмшил, хэм хэмжээгээ зөрчвөл төрөх “гэмшил” нэг чухал залуур нь учраас “гэмшлийн соёл” ч гэж нэрийддэг юм байна.  Эсрэгээр нь нэр хүндийн соёлын хувьд хүний өмнө ичгүүртэй байдалд орох, нэр нүүрээ алдахаас айх тул “ичгүүрийн соёл” гэхчлэн нэрлэнэ.   

 Гэмшлийн соёлын бас нэг үр дагавар бол хуульт нийгэм. Нэр төрийн соёлтой чамд хүн халдвал чи ерөнхийдөө өөрөө эргэж тулаад гэсгээчихнэ. Хоёр омог буудалцаж харилцан хүйс тэмтэрсэн ч, Ромео Жульетта үхэж дууссан ч хамаагүй. Зан чанарын(dignity) соёлын хувьд нэр төрөөс илүү өөрийн үнэлэмжээ барьж тухайн үеийн ичгүүрийг тоолгүй орхиод гуравдагч этгээдэд зохицуулалтыг даатгах хандлагатай.  Олон хүнтэй харилцах хэрэгтэй тосгон, хотод хүн нэг бүрээс ичиж, нэрэлхэж өөрөө гэсгээж явснаас  зарчмаа бариад гуравдагч этгээд буюу хууль, төрд даатгадаг болох нь жам ёсны хөгжил байсан бололтой.

Ичгүүр ба гэмшил. Нэр төр ба зан чанар. Өөрөө үзэлцэх ба хуульд даатгах. Мэдээж бөмбөрцгийн бүх соёлыг хоёр хуваагаад хаяж болохгүй ч соёл судлалын салбарт харьцангуй тогтож ирсэн ангилалууд юм. Аль нэг нь муу, буруу гэсэн юм байхгүй. Тухайн үеийн аж ахуй, цаг үедээ аль нь илүү нийцтэй, аль нь илүү рациональ(ашигтай) байсан бэ гэдэг л асуудал.

Миний хувьд энэ хүртэл нуршсан шалтгаан нь мэдээж өнөөдрийн Монголоо илүү ойлгох гэсэн хүслээс үүдэлтэй. XXI зууны монгол хүн аз жаргал, хүсэл тэмүүлэл, сэтгэл ханамжийн эх үүсвэрээ олж амжаагүй байгаа талаар  хэд хэдэн өнцгөөс хөндөж бичиж ирэв. Бидэнд хаанаас ирснээ, хаачиж яваагаа, хэн болохоо, яагаад ийм байгаагаа, ийм хэвээр үлдэх эсэхээ  нухацтай тунгаах ажил бий.   Капитализм ба түүний нэг тал болох зах зээл, хот(ардчилал гэж бүр хол явахаа энэ удаа азная) бол зан чанарын, дотоод үнэлэмжийн, хүн өөрөө өөрийгөө засаглахуйн, хэн ч хараагүй байсан ч үнэлэмжээ зөрчвөл гэмшихүйн систем юм.  Чиний зан чанараас харьцангуй бага хамааралтай өсөж үрждэг, нэр төртэйхэн шиг хамгаалж байвал болох мал сүргийг бодвол бараа бүтээгдэхүүн чиний итгэл даах чанарыг,  хэм хэмжээг өөртөө шингээдэг. Хог дээр хаямаар бараа хийсэн бол хэчнээн бардамнаж, хүнд онгироод нэмэргүй.  Харин ганцаараа талх барьсан ч өөртөө зарчимтэй, үнэнчээр үйлдсэн бол мөнгөн дүнгээр ашиг болж эргэж ирдэг. “Чи хүний төлөө юм хийсэн л бол ашиг орлогын хувьд санаа зовох нэг л юм бий, ичмээр их гэсэн зовлон” хэмээх Хэнри Фордын онгироо үгийг хэдэн нийтлэл дамжуулан эшлэж байна. Энэ үгэнд эрхэм чанарын соёл хураангуйлагдсан байх шиг санагдана.  Хэнри Фордын нэр төрд халдвал гараад буудалцаад юм уу нанчилдаад унахгүй. Шүүхэд өгчихөөд л (түүний нэр төрөө сэргээлгэх шүүх гэж нэг гоё риалити шоу байлаа) хэн бэ гэдгээ дэлхийн аж үйлдвэрийг хувьсган өөрчлөөд харуулчихна. Өмнөх тэмдэглэлээсээ эшлье, бидний барих гээд байгаа нийгмийн гол нь мөнгө биш, амьдралын философи, хувь хүний ертөнц, хайраа эд болгож биежүүлэх боломж, хэр сайн чадсаныг нь мөнгөн ашгаар илэрхийлэх тогтолцоо. 

Honor ба Dignity. Бид эхнийхээс гаралтай, сүүлийнх рүү нь шилжиж яваа. Шууд дээрээс шилжүүлсэн 70 жилд хувь хүний дотоод үнэлэмжээс илүү нам төр, үзэл суртлаар базсан. Ололт амжилт байсан ч нураад эргээд өөр системд орсон. Юу руу ороод, хаачиж яваа талаар зөв ойлголт, зөв хэл хэллэг, тайлбар, бодлого, боловсрол дутаж байгаагаас үнэлэмж хэрэгтэй газар омог гаргаж, омог нь орох шингэх зайгүй болсон орчин цагийн монгол хүн хурц өнцөгт  утаатай хотдоо мөлгөр байгалиа, дугуй гэрээ уйлж нэг, дуулж нэг санагалзаж явна. Эргээд бүгд эхлэл рүүгээ буцахгүйгээс хойш өчигдрөөс өвлөсөн хөх монголын аархал, омогшлоосоо хэд хэчнээнийг ч юм бэ төлөөд эрхэм чанар, зан суртал, гэмшил, хуульт ёс оронд нь авъя уу даа бүгдээрээ, маргаашийнхаа төлөө.


avatar
    • amjilt
    • 202.124.221.*

    tarialanch ba malchdiin, tednii ba bidnii talaar mongol heleer unshsan hamgiin goyo niitlel baina. hiigeed l, bicheed l, gegeeruuleed l baigaarai, girl.

    • tarialanch ba malchdiin, tednii ba bidnii talaar mongol heleer unshsan hamgiin goyo niitlel baina. hiigeed l, bicheed l, gegeeruuleed l baigaarai, girl.
    • 202.124.221.*

    goyo

    • agree
    • 92.225.15.*

    tiimee, bid ehleed oorsdiigoo oilgomoor bna. hen be gedgee tanihaa medehee bolison bna. ehleed oorsdiigoo tanij medeed, daraa n yag ymar niigem baiguulah gej zutgeed baigaagaa bugd hoorondoo yriltsaj oilgoltoo negtgemeer bna shuu...zarim n zerleg capitalism baiguulah geed, zarim n sozial niigem geed zarim n bur uls toriin uzel sanaagaa, baruun zuunee ch yalgaj oilgohgui, boon holion bantan bolj bna...yag ymar niigem baiguulah geed baigaagaa 3 say hun bugd oilgood, huleen zovshoorood daraa n uuniihee toloo bid yu hiih ve, bid ymar moraltai baih ystoi ve geed yrimaar...

    • 42
    • 103.9.90.*

    26 жил өнгөрчихөөд байхад бид хаашаа явж байгаагаа ойлгоогүй, одоо ойлгъё гэж байгаа нь харамсалтай. 26 жил хэр их хугацаа вэ? Улс орнууд 26 жилд хэр их өөрчлөгдсөн бэ? Эргээд 1990 оны эргэлтийн цэг дээрээ очиж байна. Бид урагшилсангүй харин ухарчээ. Бид капитализм биш феодализм руу шилжчихжээ. Бид сургууль цэцэрлэг биш сүм хийд их барьжээ. 2016 он гэж байгаа боловч дэ факто бид 1900 оны эхэн үед очжээ.

    • Зочин
    • 92.225.10.*

    feudalismus baiguulla, uharlaa hotsrogdloo gedgee yer n bol bugd l oilgochood l baih shig bna,,,odoo teheer yah ve gedeg garah arga, gartsaa iluu yrimaar bna--- yer n bol 50, 60aad oniihon buyu tednii generation mash sul, huchgui generation bailaa...odoo 70, 80d oniihon oligtoi baij chadah n uu

    • Зочин
    • 92.225.10.*

    90 onii ergeltiin tseg...za manai undsen huulind: hunleg, eneregui ardchilsan niigem baiguulna gej zaasan baigaa. okay tegvel bidnii baiguulah geed baigaa niigem maani hunleg enerengui buyu sozial tegeed ardchilsan baih heregtei yum bna.teheer 1t bid yaj hunleg enerengui niigem baiguulah ve? ene talaar bugd yriltsaj negdmel neg oilgoltond hureed, daraa n ter bugdee bieluuleh ymar arga zam, urt bogino hugatsaanii bodlogo heregtei ve gedgee yrij ehleh l heregtei bna...ene chin ug n toriin bodlogo, zalgamj halaa gedgeer avch yavagdah ystoi yum daanch odoo manai toriin tolgoid baigaa garuud yun policy, strategy yrihtai manatai nohduud bna l daa

    • 42
    • 103.9.90.*

    Монгол улсын үндсэн хууль эхлэхдээ Монголын ард түмэн бид: ... -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэжээ. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад 'ардчилсан нийгэм' гэсэн ойлголт байдаггүй. Монголд 'Ардчилсан нийгэм' гэх холбоо үг байна. Капиталист нийгмийн байгууллалыг байгуулна гэсэн өгүүлбэр үндсэн хуульд алга. Дээр нь үндсэн хуульд 'мал төрийн хамгаалалтад байна' гэсэн өгүүлбэрээс дүгнэхэд дигнити гэх ойлголт үндсэн хуульд байхгүй. Дигнити үгүй үндсэн хууль бол 'мал'-уудад зориулсан хууль, малуудын ойлгодог хэл нь ЛАЛАР. Лалар царайлсан лаларуудтай лалар шиг лалараар лалар харьцах ёстой гэсэн хотын дарга, 76 байна, ерөнхийлөгч байна. 1д юу хийх ёстой вэ гэвэл үндсэн хуулиа өөрчилж үндсэн хуулинд дигнити гэх ойлголтыг оруулж ирэх хэрэгтэй. Аристотел хэлэхдээ, хувьсгал гэдэг бол үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн. Ер нь бодох ёстой шатанд хангалттай бодож чадахгүй бол дараа нь төлөөсийг нь их төлнө.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3127

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 68%