БААТАР ХОТ 'СМОЛЕНСК'

Майн баярын амралтаар Смоленск хот ороод ирлээ. Та бүхнийг сонирхох болов уу хэмээн найдаж, явсан газрын сонин хачин дуулгахаар шийдэв.

Смоленск хот нь Москва хотоос баруун өмнөд зүгт 410 км-ийн зайд оршдог, Смоленск мужийн төв билээ. Днепр мөрөн хажуугаар нь урсдаг уг хотод 330 мянга хүн амьдардаг ба 166 мянган кв/км нутагтай. Хотын дундуур европ руу явдаг агаар, төмөр, авто замын гол шугам дайрч өнгөрдөг. Тус хотоос Белоруссын хил хүрэхэд ердөө 70 гаруй км-ийн зайтай гэнэ. Москва хотоос Смоленск орохын тулд галт тэргээр 5 цаг явах ба билетийн үнэ нь 1100 рубль, харин "маршрутик"/манайхаар бол микро автобус Р.Э/-аар явбал 900 рублээр явж болно.

Хотын үүсэл гарал нэлээд эртнээс тоологдоно. Смоленск нь эртний Оросын хамгийн эхний хотуудын нэгт тооцогддог. 863 онд анх энэ хотын тухай түүхийн сударт бичигдэн үлдсэн байдаг. Өнөөдрийг хүртэл хотын 1153 жилийн түүхэнд тун олон үйл явдлууд болж өнгөрчээ. Тус хот нь Москвад хүрэх гол чиглэлд байрладаг учир оросыг эзлэхийг оролдсон гадны цэргийн хүчинд удаа дараа эзлэгдэн багагүй зовлон үзэж байв. 1232 он хүртэл тус хотыг Киевийн янз бүрийн хаад өөрсдийн мэдэлд байлгаж байжээ. Гэтэл дорно зүгээс дайн байлдааны арвин туршлагатай Монголын морин цэрэг довтолж ирээд хотыг хялбархан эзлэн авчээ. 1513 онд хот Оросын хаан III дугаар Василия хааны удирдлагад оров. 1609-1611 онд тус хот нь польшийн III дугаар Сигизмунда хааны цэргийн эсрэг 20 сар хориглон тулалдсаны эцэст эзлэгдэж байв. Харин 1812 оны 8 дугаар сарын 17-18-нд Оросын цэргүүд Наполений цэрэгтэй тулалдаж ялагдсан тул хот дахин эзлэгдэв. Тулалдаанд хоёр талаас 20 гаруй мянган цэргээ алдсан гэдэг. Удалгүй францууд ялагдаад буцсан ба хотоо эргүүлэн авчээ. Ингээд цаг хугацаа өнгөрч 1900 онтой золгов. Тухайн үеийн тооллогоор Смоленск хот нь 56 мянган хүнтэй, 139 гудамжтай, 3261 байшинтай, 32 сүм, 33 сургууль үйл ажиллагаа явуулж байсан байдаг.

1917 онд Зөвлөлт засаг ялсаны дараахан уг хотыг хэсэг хугацаанд Белоруссын бүгд найрамдах улсын бүрэлдэхүүн оруулан тооцож байсан үе бий. Цаг хугацаа явдагаараа явсаар дэлхийн хоёрдугаар дайнтай учрав. Дайны эхэн үед фашист германы "Төв" армиудын бүлэглэл, Москвагийн чиглэлд эрчимтэй давшиж байв. Германчууд ЗХУ-ын хил даваад 18 хоногийн хугацаанд 500 км гүн цөмрөн орсон ба герман 2, 3 дугаар танкийн армиуд тус хотын чиглэлд давшиж байсан юм. Харин Смоленск хотод зөвлөлтийн 16 дугаар арми хүрэлцэн ирж цувраажсан хориглолтод шилжсэн байна. Ингээд 1941 оны 7 дугаар сарын 10-нд цус асгаруулсан ширүүн тулалдаан эхлэж хоёр сар үргэлжилсэн юм. Улаан армийн дайчид хотын ойролцоо сайтар эсэргүүцэн тулалдсаны үр дүнд германы цэргийн Москва руу хийх давшилтыг хоёр сараар ухрааж чадсан байдаг. Гэвч тун их хохирол үзсэн юм. Ойролцоогоор нэг сая орчим цэрэг болоод энгийн иргэд энэ тулалдааны үеэр амь үрэгджээ. Дайны жилүүдэд тус районд партизаны 60 мянган хүнтэй 120 отряд дайсны ар талд эрчимтэй тулалдаж байсан юм. 1943 оны 9 дүгээр сарын 25-нд Баруун фронтын цэргүүд хотыг германчуудаас чөлөөлсөн түүхтэй. Хэдийгээр Смоленск хот дайсны давуу хүчний эсрэг шаргуу тулалдаж гавьяа байгуулсан хэдий ч нэлээд хожуу буюу дөнгөж 1985 оны 5 дугаар сарын 6-нд "Баатар" цолоор шагнуулсан ажээ.
Смоленск хотод ЗХУ-ын маршал А.М.Василевскийн нэрэмжит "Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн академи" бий. Энд манайхаас тодорхой тооны офицер, сонсогчид суралцдаг. Тэдэнтэйгээ уулзав. Тус хот нь "Центральный", "Заднепрский", "Промышленный" гэсэн гурван үндсэн районоос бүрддэг. Хотод Оросын хааны мэдэлд байх үед баригдсан хуучны хэрэмний тасарсан үлдэгдэл энд тэнд харагданэ. Тухайлбал 1596-1602 онуудад З.Ф.Конийн удирдлага, төлөвлөгөөгөөр баригдсан 38 цамхагтай, 6,5 км урт, 10-12 метр өндөр, 6 метрийн өргөнтэй хамгаалалтын хэрэм одоо хүртэл хадгалагдан үлджээ. Смоленск хотоос урд зүгт 110 км-ийн зайд тус бүс нутгийн оршин суугчдын 80 хувийг эрчим хүчээр хангадаг "Атомын цахилгаан станц" ажилладаг. Уг станц нь жилдээ 20 тэрбум кВт эрчим хүч үйлдвэрлэдэг гэнэ.

Хотын төвд В.И.Лениний нэрэмжит талбай байх ба голд нь Ленин багшийн томоохон хөшөө сүндэрлэнэ.

Ялалтын талбайгаар алхаж, эргэн тойронд буй үзмэр, хөшөө дурсгалын зүйлс, сүм хийдийг явж үзлээ. Хот метрогүй, харин хуучин шинэ загварын трамвай нэлээд явж байгаа харагдана. Бидний очсон өдөр майн нэгний баярын өдөр байсан тул гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хүүхдүүдээ дагуулсан хүмүүс, хөгшид нэлээд олон байв.
Төвөөр явж байгаад аугаа эх орны дайны түүхийг харуулсан музейтэй тааралдаж 80 рублиэр үзэж сонирхов. Зураг авахаар бол нэмж 200 рубль төлнө. Музейгээс гараад гудамжаар явахад хотын туулж өнгөрүүлсэн дайн тулааны түүх, гавьяаг мөнхөлсөн хөшөө дурсгал, мөн алдар цэргийн жанжид, генералиудын хөшөөтэй нэлээд таарч байлаа. Тухайлбал 1945 оны 5 дугаар сарын 1-ний өглөө эрт Рейхстагийн оройд ялалтын улаан туг мандуулсан ЗХУ-ын Баатар, гвардын дэд ахлагч М.А.Егоровын хөшөө байна. М.А.Егоров нь тус хотоос цэрэгт мордсон хүн юм байна.

Дараа нь алдарт Днепр мөрөн дээр очлоо. Энэ мөрөн нийтдээ 2285 км урт урсдаг. Зарим газруудаар өргөн нь 60 метр, гүн нь 8 метр хүрдэг ажээ. Уг мөрний нэлээд хэсэг нь Украйн, Белоруссын нутгаар дайрч өнгөрдөг юм.

Гол үзсэний дараа хотын хамгийн том сүм болох "Успенский собор"-ыг очиж үзэв. Харин замдаа Оросын алдарт цэргийн жанжин Михайл Илларионович Голенищев-Кутузовын хөшөөтэй таарч зургаа татуулав. Генерал-фельдмаршал М.И.Кутузов нь 1812 онд францын цэрэгтэй байлдаж ялсан Оросын цэргийн ерөнхий командлагч байсан юм. "Успенский собор" нь Оросын үнэн алдартны шашны сүм юм. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд германчуудын бөмбөгдөөгүй үлдээсэн бараг ганц объект нь энэ сүм гэнэ. Дотор нь ороход үнэхээр сүрлэг сайхан юм. Энэ хүрээд та бүхэндээ зориулсан Смоленск хотын тухай бичлэгээ дуусгая, хотын тухай тодорхой мэдээлэлтэй болсон гэж найдаж байна.

  • Хаштагууд:
  • #city

avatar
    • Зочин
    • 193.87.112.*

    Баатар хотын тухай тун сайхан нийтлэл бна. Дайны үеийн тухай уншихаар л багадаа уншдаг бсан дайны үеийн зохиолууд бодогддог юм. Шөнө гэрэл гаргахыг хориглосон учраас шөнийн жижүүрүүд явдаг бсан тухай, санамсаргүй гэрэл гаргасан айлын цонхыг тогшоод гэрлээ унтраа гэж анхааруулдаг бсан тухай. Даанч номны нэрийг мартжээ. Тухайн үед үнэхээр ард иргэд нь ч, цэрэг дайчид нь ч хотоо өгөхгүй гэж өлсгөлөн, хүйтэн, өвчин зовлон бүхнийг давж туулсан үнэхээр бахархахгүй бхийн аргагүй ард түмэн гэж боддог доо

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4849

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%