АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОТ 'ВОРОНЕЖ'

Сая баярын өмнөх хоёр хоногийн амралтыг тааруулаад хагас амралтын байдалтай Воронеж хот ороод ирлээ. Та бүхэнд энэ хотыг бага зэрэг танилцуулахаар шийдэв.
Зургаан дүүрэгтэй Воронеж бол оросын европын хэсэгт багтах ба Москва хотоос өмнөд зүгт 534 км-ийн зайд оршдог. Уг хот нь Воронеж мужийн болдог. Дон мөрөн дундуур нь урсаж буй энэхүү хот 1,3 сая хүнтэй. Москвагаас Воронеж орохын тулд галт тэргээр 12 цаг явах ба билетийн үнэ нь 1000 рубль, харин орон нутгийн автобусад 1000 рубль төлөөд 8 цаг явж байж хүрнэ. Хот газарзүйн байрлалын хувьд хиймлээр бий болгосон нуурын хоёр эрэгт хуваагдаж байрладаг. Оросын анхны тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцыг барих, усан онгоц зогсох зогсоол үүсгэх зорилгоор хотын дундуур урсаж байсан дон голын усыг зориудаар боож нуур үүсгэжээ. Тийм учраас хотын иргэд баруун, зүүн эрэг гэж ярилцах ба нуурын нарийн хэсгээр барьсан 4 гүүрээр хоорондоо холбогддог.
Энэ хотод профессор Н.Е.Жуковский болон Ю.А.Гагарины нэрэмжит "Агаарын цэргийн академи" сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Энэ академид манайхаас суралцаж буй офицер, сонсогч нартай уулзав. Мөн хотод буй 37 их, дээд сургууль, 53 тусгай сургуульд нийтдээ 127 мянган оюутан залуус суралцаж гэнэ. Эдгээр сургуулиудын заримд нь 60 гаруй монгол оюутан залуус суралцдаг гэж байсан.

 


Хотын үүсэл гарал, түүхийн хувьд цөөн хэдэн баримт дурьдах нь зөв болов уу. 17 дугаар зууны төгсгөлд оросын эзэнт гүрний холбоотон болох австри, венец улсууд испани улстай дайтах эрчимтэй бэлтгэл хийж байв. Харин энэ цаг хугацаатай давхцан оросын I Петр царь/хаан/, Османы эзэнт гүрэнтэй хийж болзошгүй тулаанд бэлэн байх зорилгоор тэнгисийн цэргийн байнгын флот байгуулах шийдвэр гаргажээ. Энэ үед баруун зүгт оросууд шведтэй тулалдах нөхцөл байдал үүсээд байсныг мартаж болохгүй. Тийм учраас тэнгисийн флот байгуулж, стратегийн чухал ач холбогдол бүхий азовын тэнгисийн чиглэлийг тэнгисийн хөлөг онгоцнуудаар хүч нэмэгдүүлэх нь османы эзэнт гүрэнтэй хоёр фронтод зэрэг тулалдахаас сэргийлэх зорилготой байжээ. Ингээд 1696 оны 10 дугаар сарын 20-нд "Боярын дум" байлдааны усан онгоц барих шийдвэр гарган ажил эхэлсэн ба 3 жилийн дараа эхний хөлөг онгоцоо барьж дууссан гэж оросын түүхэнд үлджээ. Воронеж хотод 1696-1711 оны хооронд нийтдээ 250 нэгж орчим байлдааны усан онгоц хийсэн байна.
Энэ хот бол цэрэг-техник, хөлөг онгоцноос гадна, оросын/зөвлөлтийн/ агаарын десантын цэргийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлсэн. Мөн түүнчлэн нисэх онгоц, онгоцны болон пуужингийн хөдөлгүүр, машин механизм, тоног төхөөрөмж, аж үйлдвэр, технологийн хувьд өндөр хөгжсэн хот юм. Тухайлбал дэлхийн анхны сансрын нисгэгч Ю.А.Гагарины сансарт ниссэн "Восток-1" сансарын хөлгийн "РД0109" хөдөлгүүрийг тус хотод бүтээж байв. Зөвлөлтийн алдарт дуунаас хурдан "Ту-144" зорчигч тээврийн нисэх онгоц, "Ил-86" загварын онгоцнуудыг энэ хотод үйлдвэрлэж байсан түүхтэй. 2010 оны 8 дугаар сарын 20-нд тус хотод үйл ажиллагаа явуулдаг "Тяжмехпресс" компани 14 мянган тонн хүчээр шахах чадалтай "КБ8552" загварын шахагч ашиглалтад оруулж байлаа.
Аугаа эх орны дайны эхний өдрөөс эхлэн тус хот нь дайн бэлтгэж эхэлсэн байдаг. Хотын иргэд сайн дураар элсэж орсон буудлагын 100 дугаар дивиз энд байгуулагджээ. 1941 оны 6 дугаар сард Коминтерний нэрэмжит экскаваторын завод тийрэлтэт пуужин харвах зориулалттай "Катюша"/БМ-13 харвах суурь Р.Э/-ын захиалга хүлээн авч тухайн сард 30 нэгжийг үйлдвэрлэсэн бол 8 дугаар сар гэхэд 100 гаруй харвах суурь үйлдвэрлэж фронтод нийлүүлж байв.
1941 оны 11 дүгээр сарын 7-нд Октябрын хувьсгалын баярын үеэр ЗХУ-д Москва, Куйбышев, Воронеж гэсэн гуравхан хотын төв талбайд цэргийн парад алхаж байсан гэнэ.

 


1942 оны 7 дугаар сарын 7-нд германы 2 дугаар арми хотын баруун эргийг эзлэн авчээ. Харин зүүн эрэгт хориглосон зөвлөлтийн цэргүүд дайсны олон удаагийн дайралтын няцааж шургуу тулалдаж байв. Германы нисэх хүчин хотыг маш хүчтэй бөмбөгдөж 18 мянган байшинг газрын хөрснөөс тэгшилсэн байдаг. 1943 оны 1 дүгээр сарын 25-нд генерал И.Д.Черняховскийн командалсан зөвлөлтийн 60 дугаар арми хотыг германчуудаас чөлөөлжээ.
Тус хотын төв талбайд 14 тонн жинтэй В.И.Лениний хөшөө бий. Ер нь хотод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгал олон тааралдах ба зам талбай, гүйлтийн болон дугуйн замын байдал харьцангуй гайгүй санагдав. Хотод цэцэг навч дэлгэрч, зүлэг, талбай ногоорч ялалтын баярын арга хэмжээнд зориулан туг, далбаа, самбараар өнгө оруулж, чимэглэсэн байсан нь үзэсгэлэнтэй харагдуулж байлаа. Та бүхэн хожим Воронеж хотод ирвэл үзэх зүйл мундахгүй олон байна. Тухайлбал хотын албан бус билэг тэмдэгт I Петрийн хөшөө, Лизюковын гудамжинд байх муурын баримал, хар чихт цагаан бим нохойны хөшөө, ялалтын баярт зориулсан талбай, "Гото Предестинации" усан онгоцон музей зэрэг үзэх зүйлс ихтэй юм.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4867

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%