Нийтлэл 05 сарын 13, 2016

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдэд өгөх санал

Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороонд

2016 оны 4-р сарын 21

 

О.Мөнхсайхан миний бие МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж, Хүний эрх, Хуульчийн ёс зүй, Үндсэн хууль тайлбарлах арга, Улс төр, эрх зүйн онол зэрэг хичээл зааж, энэ чиглэлийн судалгаа хийдэг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (ЭХХШХТ), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (ШШГХТ)-тэй танилцаад Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц баталгааг бүрдүүлэх, түүнийг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн үүрэг хэрэгжихэд чухал ач холбогдолтой хуулийн төсөл боловсруулагджээ гэж ерөнхийд нь үнэлж байна. Гэвч, хүний эрхийн хамгаалалтыг цаасан дээрх тунхаг төдий биш бодитой хэрэгждэг практик болгох үүднээс судлаачийн хувьд дараах есөн саналыг иргэнийхээ хувьд УИХ-ын эрхэм гишүүд, ажлын хэсгийн гишүүд Та бүхэнд уламжилж байгааг хүлээн авна уу.

 

  1. Тахарын албаны тухай хуульд заасан чиг үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлбэл ухралт болно

ШШГХТ-д Тахарын албаны тухай хуульд заасан чиг үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд Тахарын газрыг ажиллуулахаар тусгажээ. Төсөлд ийм зохицуулалт оруулсныг хүний эрхийн талаас нь дэмжих боломжгүй юм. Учир нь:

  • Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг (тахарын чиг үүрэг) бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиг үүргээс тусдаа, ялгаатай юм. Эдгээр чиг үүргийг нэгтгэх нь эрх мэдлийн төвлөрлийг бий болгож урвуулан ашиглах эрсдэлийг нэмэгдүүлнэ.
  • 2014 оноос Тахарын чиг үүргийг агентлагийн түвшний байгууллага, албан хаагчид тусгайлсан хэрэгжүүлж эхэлсэн нь энэ чиг үүрэгт ач холбогдол өгч, үр нөлөөтэй, хараат бус хэрэгжүүлэх үндэс болсон. Тахарын чиг үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиг үүрэгтэй нэгтгэвэл энэ чиг үүргийн ач холбогдол бүдгэрч, дагалдан шинжтэй болох, улмаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангагдаж чадахгүй, гэрч, хохирогчийг хамгаалагдаж чадахгүй болох аюултай.
  • Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг дагнасан байгууллага хариуцах, мэргэшсэн албан хаагчдаар гүйцэтгүүлэх нь өөр байгууллагын харьяа болгож хавсарга ажил болгохоос хавьгүй үр дүнтэй. Тахарын алба, тахар ажилласнаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах соёл, боловсрол, хандлага, тогтолцоо хөгжиж байна.
  • Миний бие Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” гэсэн судалгааны багийг ахалж, 2015 онд хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ Төв, Зүүн, Баруун бүсийн аймгууд дахь шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтантай уулзаж ярилцахад дийлэнх нь Тахарын алба байгуулагдсан, тахар гэж мэргэшсэн хүмүүс шүүхэд ажилладаг болсонд ам сайтай байсан бөгөөд шүүхийн шинэтгэлийн хамгийн чухал ололтуудын нэг гэж үнэлж байсан.
  • Тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр жил гаран л болж байна. Шинэ хууль, шинэ тогтолцоо, шинэ бүтцийг бий болгочхоод ийм богино хугацааны дараа тогтолцоогоор нь өөрчлөх нь хууль дээдлэх ёсонд харш юм.
  • Дээрх шалтгаанаар Тахарын албаны тухай хуульд заасан чиг үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж болохгүй. Шүүх эрх мэдлийн аюулгүй байдал, гэрч, хохирогчийн хамгаалалтын үр нөлөөтэй, хараат бус тогтолцоог төсвийн алдагдлыг бууруулах нэрийн дор сулруулж, хүчгүйдүүлж үл болно.

 

  1. Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулах шаардлагыг нарийвчлан хуульчлах
  • ЭХХШХТ-ийн 2.2-р зүйлийн 1-д “Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заажээ.
  • 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль (ЭБШХ)-ийн 231.1-д ч ийм ерөнхий заалт бий боловч бодит байдал дээр шүүх бүр дээр өөрөөр хэрэгжиж байна. Жишээлбэл, миний хувьд шүүх хуралдааныг ажиглах даалгавар оюутнуудаараа хийлгэдэг ч олон оюутан нээлттэй шүүх хуралдаанд орж чадсангүй гэж ирдэг. Зарим шүүх дээр тамгын газрын дарга, ерөнхий шүүгч шүүх хуралдаанд хэн орох вэ гэдэгт зөвшөөрөл өгдөг болсон.
  • Тиймээс, иргэн нээлттэй шүүх хуралд оролцоход зөвшөөрөл шаардахыг хориглох, аюулгүй байдал болон шүүх хуралдааны дэгийг зөрчихгүй хэмжээнд хуралдаанд чөлөөтэй орж суух, ажиглах эрхийг тодорхой заах саналтай байна.

 

  1. Өмгөөлүүлэх эрхийн хэрэгжилт, баталгааг бодитой болгохын тулд тагнуулын ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг өөрчлөх
  • ЭХХШХТ-ийн Дөрөвдүгээр бүлэгт Өмгөөлөгчийн эрх, баталгаа зэргийг заажээ. Тухайлбал, 4.1-р зүйлийн 2.1-д өмгөөлөгч “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй ганцаарчлан уулзах, түүнээс мэдүүлэг байцаалт авахад байлцах, асуулт асуух” эрхтэй гэжээ.
  • Ердийн хэрэг дээр өмгөөлөгчийн энэ эрх нь ерөнхийдөө хэрэгждэг ч тагнуулын байгууллагын мөрдөж байгаа хэрэг дээр хэрэгждэггүй гэж өмгөөлөгч нар хэлдэг. Хамгийн ойрын жишээ бол С.Зориг агсны эхнэр Б.Булган өөрийн өмгөөлөгчтэйгээ чөлөөтэй, нууцлалтай, ганцаарчлан уулзаж чадахгүй байгаа явдал.
  • Тагнуулын байгууллага, Авилгатай тэмцэх газар зэрэг аль ч байгууллага харьяаллын адгуу мөрдөн шалгаж буй хэрэг дээр шударга шүүхээр шүүлгэх эрх, өмгөөлүүлэх болон иргэний бусад эрх баталгаатай хэрэгждэг байхын тулд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй.

 

  1. Шүүгч эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлийг илүү тодорхой заах тухай

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14-р зүйлд эрүүгийн хэргээ төвийг сахисан шүүх хуралдаан (сонсгол)-аар шийдвэрлүүлэх үндсэн эрхийг баталгаажуулсан. Үүний баталгаа бол тухайн хэрэгт ашиг сонирхлын зөрчилгүй шүүгчээр шийдвэрлүүлэх явдал байдаг.

ЭХХШХТ-ийн 9.1-р зүйлийн 1-д шүүгчийн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлийг заасан байх бөгөөд ерөнхийдөө 2002 оны ЭБШХ-ийн 49-р зүйлийн зохицуулалттай адил байна (гэвч, ЭБШХ-ийн 49.1.5-ыг хасаж явцууруулжээ). Энэ жагсаалт дээр дараах тодорхой ашиг сонирхлын зөрчлийг нэмж хориглох нь олон улсын стандартад нийцнэ.

Шүүгч дараах нөхцөл үүссэн тохиолдолд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзана:

  • шүүгч өөрөө эсхүл өөртэй нь хамаарал бүхий этгээд тухайн маргаантай асуудалд эсхүл хянан шийдвэрлэх ажиллагааны аль нэг талтай хувийн ашиг сонирхлоор холбоотой гэдгийг мэдэж байгаа (1.4-ийг ингэж тодорхой болгох);
  • тухайн хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлын талаар тодорхой үр дүнд хүрнэ, шийдвэр гаргана гэж олон нийтэд мэдээлсэн эсхүл олон нийтэд тийм ойлголт төрүүлсэн (энэ тохиолдолд шүүгч төвийг сахисан байдлаа алддаг эсхүл олон нийт түүнийг төвийг сахихгүй гэж хардах үндэслэл үүсдэг учраас шүүгчийг оролцуулдаггүй).

Мөн, шүүгч нь өөрөө, эсхүл өөртэй нь хамаарал бүхий этгээд нь дараах этгээдүүдийн аль нэг нь гэдэг талаар мэдэж байгаа бол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзана:

  • хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч тал, эсхүл түүний шууд удирдах албан тушаалтан (жишээлбэл, гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга зэрэг удирдах албан тушаалтан нь шүүгчтэй хамаарал бүхий этгээд бол тухайн шүүгчийг оролцуулдаггүй олон улсын жишиг байдаг);
  • хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульчаар оролцож байгаа;
  • хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцох (хамаарал бүхий этгээд нь гэрчээр оролцохоор бол мөн шүүгчийг оролцуулахгүй байх нь маргааныг төвч шийдэх баталгаа болдог).

Шүүгч урд нь дараах үүргийн аль нэгийг гүйцэтгэж байсан бол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзана:

  • тухайн маргаантай асуудалд хуульчаар оролцож байсан, эсхүл нэг өмгөөллийн нөхөрлөлд ажиллаж байсан бусад хуульч нь тухайн асуудалд голлох үүрэгтэй оролцсон (жишээлбэл, шүүгч болохоосоо өмнө тухай асуудалд хууль зүйн зөвлөгөө өгч байсан, өмгөөлж байсан тохиолдол байна. Мөн, шүүгээр томилогдохоосоо өмнө ажиллаж байсан өмгөөллийн нөхөрлөлийнх нь хуульч тухайн хэрэг дээр тухайн үед (шүүгч болсон хуульчийг ажиллаж байх үед) голлох үүрэгтэй ажиллаж байсан бол шүүгчийг татгалздаг);
  • тухайн маргаантай асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн албан хаагчийн хувиар оролцсон эсхүл тухайн асуудлын талаар төрийн албан хаагчийн хувьд байр сууриа олон нийтэд илэрхийлж байсан;
  • тухайн асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгч байсан;
  • тухайн асуудлыг хянан шийдвэрлэхэд шүүгчээр оролцож байсан.

Дээрх тодорхой зохицуулалтаас гадна дараах ерөнхий заалтыг нэмж оруулах хэрэгтэй: “Шүүгч хуулиар хүлээсэн шүүгчийн үүргээ бодитой, шударга, төвийг сахиж гүйцэтгэхэд нь саад учруулах үндэслэл бүхий эргэлзээ байвал тухайн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзана.”

 

  1. Цагдан хорих хугацааны хязгаар шүүгдэгчид үйлчилдэггүй байдлыг таслан зогсоох
  • ЭХХШХТ-ийн 13.11-р зүйлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааны дээд хязгаарыг тогтоожээ. Энэ зүйлд яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй гэх зэргээр заажээ. Гэвч, яллагдагч шүүхэд шилжихээр энэ хугацааны хязгаарлалт үйлчлэх эсэх нь тодорхойгүй байгааг засах хэрэгтэй.
  • Төсөл дэх энэ тодорхойгүй байдал нь 2002 оны ЭБШХ-ийн тодорхойгүй зохицуулалт, түүнийг хүний эрхийг зөрчиж тайлбарласан практикийг давтахад хүргэж болзошгүй. Цагдах хорих хугацааны хязгаарлалт нь зөвхөн яллагдагчид хамаатай, харин шүүгдэгчид хамаагүй гэсэн байр суурь шүүхийн практикт одоо давамгайлж байгаа тул ЭБШХ-ийн 69-р зүйлд зааснаас илүү урт хугацаагаар хүнийг цагдан хорих нь бараг хэвийн үзэгдэл болж хувираад байна. Жишээлбэл, ЭБШХ-ийн 69.3-аар хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа яллагдагчийг хорьж мөрдөх дээд хугацаа нь 12 сар байхад шүүхэд шилжсэн гэдгээр тухайн хүнийг буюу шүүгдэгчийг 23 сар хорьсон тохиолдол 2015 онд гарсан.

 

  1. Харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоох зохицуулалтыг нарийн журамлах

 

  • ЭХХШХТ-ийн2-р зүйлд мөрдөгч хэрэгт ач холбогдол бүхий мэдээ, баримт байна гэж хангалттай үндэслэл байвал шүүхийн зөвшөөрлөөр харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоох талаар зохицуулж, шүүхийн зөвшөөрөл ямар шаардлага хангасан байхыг 21.3-р зүйлд заасан нь харилцаа холбооны сүлжээнд хувь хүний халдашгүй байдал, эрхэм чанарыг хамгаалахад чухал алхам болжээ.
  • Гэвч, энэ хяналт тогтоох ажиллагааг илүү нарийвчлан журамлахыг зөвлөж байна. Жишээлбэл, ач холбогдол бүхий мэдээ, баримтыг илрүүлсэн бол хяналтын ажиллагааг даруй зогсоох, хүний хувийн амьдралын хамгийн цөм хэсэг (дотоод мэдрэмж, хувийн дотно харилцааны хэрэг)-ийг хөндөхгүй байх, ийм мэдээллийг аливаа хэлбэрээр ашиглахгүй байх, олж авсан бол устгах, энэ хяналтыг хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэг шаардлага, зохицуулалтыг 25.2-р зүйлд оруулах хэрэгтэй юм.
  • 2000-аад оноос хойш ХБНГУ зэрэг орнуудад ийм стандартыг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол улс мэдээллийн технологийн хөгжилтэй хөл зэрэгцэн явж байгаа бөгөөд Монголчууд бусад орны иргэдээс дутахгүйгээр энэ технологийг ашиглаж байна. Энэ технологи хувь хүнд асар их боломж өгөхийн зэрэгцээ хувь хүний амьдралд халдах, дарамтлах, хянах асар их эрсдэлийг бий болгож байна. Тиймээс, харилцаа холбооны сүлжээнд хувь хүнийг хамгаалах баталгааг илүү нарийвчлахгүй бол болохгүй.

 

  1. Яллагдагчаар татах хүнийг зөвхөн “хангалттай” үндэслэлээр баривчилдаг болох
  • ЭХХШХТ-ийн 6-р зүйлд яллагдагчаар татагдах хүнийг баривчлах саналыг шүүхэд гаргахад нотолсон байх үндэслэлүүдийг одоогийнхоос илүү тодорхой заасан нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн баталгааг дээрдүүлсэн алхам болжээ.
  • Гэвч, хүний баривчлах зөвшөөрөл авахын тулд ердийн үндэслэл байхад болох мэтээр ойлгогдож байна. Хүний эрхийн стандартаар бол дундсан нөхцөл үүссэн гэх ердийн үндэслэл байхад хүнийг баривчлахгүй харин “хангалттай үндэслэл” буюу илүү өндөр түвшинд нотолсон байхыг шаарддаг. Тиймээс, 30.6-р зүйлд жагсаасан “үндэслэл байгаа бол” гэдгийг “хангалттай үндэслэл байгаа бол” гэж тус тус өөрчлөх саналтай байна.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан эдийн бус, сэтгэл санааны хохирлыг арилгах тогтолцоог бүрдүүлэх
  • ЭХХШХТ-ийн4-р зүйлд сэтгэл санааны хохирлын асуудлыг авч үзсэн нь сайшаалтай: “Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана.” Энэ нь ЭХХШХ-д байж болох зохицуулалт боловч Иргэний хууль, ИХШХШТХ-д нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол энэ хохирлыг огт барагдуулдаггүй, барагдуулсан ч шударга нөхөн төлбөр өгдөггүй өнөөгийн практик арилахгүй.
  • 2014 онд эрүү шүүлтэд өртсөн тухай 171 гомдол Хүний эрхийн үндэсний комиссд ирснээс 32 гомдол буюу 18.7 хувьд нь гомдол гаргагч эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй байсан.Энэ тайланд хүнээс мэдээлэл, мэдүүлэг авах зэрэг зорилгоор бие махбодод нь хүч хэрэглэж шаналган зовоосон эсхүл хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх, гэр бүлийн гишүүдийг нь дарамтлах зэргээр сэтгэл санааг нь шаналган зовоосон тухай жишээтэй өгүүлжээ.
  • Ердийн шүүх эрүү шүүлтээс ангид байх эрхийг хамгаалах бүрэн боломжтой боловч бодит байдал дээр тэгж чадахгүй байна. Шүүх эрүү шүүлтийн хохирлыг “бодитой” арилгадаггүй, ялангуяа эдийн бус гэмт хорд шударга, хангалттай нөхөн төлбөр өгдөггүй.Иргэний хуулийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэмт хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасныг Дээд шүүх 2009 оны 5-р сарын 22-ны өдрийн 15-р тогтоолынхоо 6.2.4-т “хүний амь нас, бие эрхтэн, өвчин, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлж болохгүй” гэж явцууруулж тайлбарласан.Дээд шүүхийн энэ тайлбараар шүүхийн практик тогтсон учраас эрүү шүүлтэд өртсөн хохирогч эдийн бус гэм хороо нөхөн төлүүлж чадахгүй байна.
  • Иргэний хуулийн 230.2-т заасан гагцхүү хуульд тусгайлан заасан гэдэгт Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хамаарна. Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй гэж заасан. Эрүү шүүлт бол Үндсэн хуулийн 16-р зүйлээр хориотой учраас үүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг шүүх биелүүлэхгүй байж болохгүй. Мөн, Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын 13-р зүйлд “Оролцогч улс өөрийн эрх зүйн тогтолцоогоороо эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо арилгуулах, шударга, хангалттай нөхөн төлбөр авах эрх, түүний дотор эрүүл мэндээ бүрэн сэргээхэд шаардлагатай төлбөр гаргуулах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж заасныдагуу эрүү шүүлтийн хохирогчид эдийн болон эдийн бус бүх хохиролд шударга, хангалттай нөхөн төлбөр гаргаж өгөх үүрэгтэй ч шүүхүүд энэ үүргээ биелүүлэхгүй байна.

 

  1. Хүний эрхийн олон улсын стандартыг сахих, хууль тайлбарлахдаа баримтлах шаардлагыг хуульчлах

 

  • ЭБШХ-ийн 8-р зүйлд байгааг уламжилж, ЭХХШХТ-ийн7-р зүйлд эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг шүүх, прокурор, мөрдөгч энэ ажиллагаанд Үндсэн хууль, ЭХХШХ, бусад хуулийг чанд сахих гэж тодорхойлжээ. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг энд дурдаагүй байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүү шүүлтийн эсрэг конвенц зэрэг нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд баримтлах чухал эх сурвалж учир хууль ёсны зарчимд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ гэж оруулах саналтай байна.
  • Эрүүгийн хууль болон ЭХХШХ-ийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ гэж төслийн 1.14-р зүйлд зааж, одоогийн хуулийн чухал заалт (ЭБШХ-ийн 13.2)-ыг уламжилсан нь ач холбогдолтой. Гэхдээ, энэ заалт байсаар байхад 2002 оны ЭБШХ-ийг хүний эрхийг зөрчсөн байдлаар тайлбарлаж хэрэгжүүлдэг практик бий болсон. Жишээлбэл, хорьж мөрдөх хуулийн хугацаа хэтэрчхээд байхад шүүгдэгчийг хорьдог, эрүү шүүлтийн хохирогчид сэтгэл санааны хор уршгийг нь барагдуулдаггүй, тагнуулын байгууллагын харьяаллын хэрэг дээр өмгөөлөх үндсэн эрхийг эдлүүлдэггүй, нээлттэй шүүх хуралдаанд зөвшөөрөл авч орохыг шаарддаг зэрэг хүний эрхийн зөрчил байсаар байгааг өмнө танилцуулсан билээ. Тиймээс, ЭХХШХ-ийг тайлбарлахад эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заахаас гадна Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хүний эрхийн стандартад илүү нийцсэн тайлбарыг баримтална гэж тодорхой зааж үүрэгжүүлбэл уг хуулийг хүний эрхийг зөрчиж тайлбарлахаас урьдчилан сэргийлнэ. Хуулийг ингэж хүний эрхийн стандартад нийцүүлэн тайлбарлахыг шаарддаг жишиг Өмнөд Африк зэрэг улсад бий.

Дээрх есөн санал нь миний өмнө хийж байсан судалгааны явцад гарч байсан дүгнэлтүүд юм. Эдгээрийг УИХ-ын эрхэм гишүүд, ажлын хэсгийн гишүүдэд уламжлах нь иргэний эрхэм үүрэг гэж үзэж, Та бүхнийг саруул ухаандаа тунгааж үндэслэлтэйг нь хуулийн төсөлдөө тусгана гэж найдаж байна.

 

 

Хүндэтгэсэн,

О.МӨНХСАЙХАН, Хууль зүйн доктор

Дэд профессор

МУИС, Хууль зүйн сургууль

Сэтгэгдэл бичих

arrow icon