Нийтлэл 05 сарын 15, 2016

GREAT GAME

Дундад Азийн хил залгаа орнууд болох БНХАУ, ОХУ, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистаны хооронд харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор анх 2001 онд байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) жил өнгөрөх тутам хүрээгээ тэлж, үйл ажиллагаа нь улам бүр өргөжиж байна. Өнгөрсөн хугацаанд Энэтхэг, Пакистан шинээр гишүүн болсны дээр Афганистан, Иран, Монгол ажиглагчийн статустайгаар үйл ажиллагаанд нь оролцож ирэв. ШХАБ нь аюулгүй байдлын асуудлаас гадна эдийн засаг, соёл-хүмүүнлэгийн чиглэлээр мөн олон талт хамтын ажиллагаа явуулах боллоо. 

Хэрэв газрын зураг сайтар харах юм бол ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын газар нутаг олон улсын харилцаанд GREAT (GRAND) GAME гэж нэрлэгдэх ойлголтын бүстэй бараг давхарддаг.  Иймээс уншигчдад сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс GREAT (GRAND) GAME-ийн тухай товч өгүүлэх гэсэн юм.

GREAT GAME-ийн түүх

Алба хааж байсан цэргийн анги нь нутаг буцахад Энэтхэгт үлдсэн ирланд цэргийн өнчин хүү Ким адууны наймаачин Махбуб Али гэгч нэгэн афган эрд зарцлагдана. Их Британий тусгай албадтай холбоотой мань эрээс Ким хүү Төв буюу Дундад Азид нөлөөгөө тогтоохын төлөөх Оросын болон Их Британий хооронд явагдаж байгаа тэмцлийг Great Game (оросоор “Большая игра” гэдэг. Баабар, Д.Баярхүү нарын гаргасан “Монгол Улсын гадаад харилцааны нэвтэрхий толь”-д “Их тоглоом” гэсэн байна) гэж нэрлэдгийг мэдэж авна. Том болоод Ким хүү Их Британий тагнуулч болж Оросын тусгай албадтай үзэж тарна.

Энэ тухай өгүүлэх английн зохиолч Р.Киплингийн 1901 онд хэвлэгдсэн “Ким” гэдэг алдартай романаас хойш “Их тоглоом” гэх энэхүү нэр томьёо өргөн хэрэглэгдэх болжээ.

ХIХ зууны эхэн үеэс Орос Дундад Ази болон Кавказад нөлөөгөө тэлж эхэлснээр уг бүс нутагт нэг талаас нь Оросын, нөгөө талаас нь Их Британий ашиг сонирхол мөргөлдөх болсон байна. Өмнө зүг нөлөөгөө тэлэх гэсэн оролдлогоо Оросууд нутгийн олон омгуудын байнгын довтолгооноос газар нутгаа хамгаалах, энэ нутагт ихээр ургадаг хөвөн зэрэг түүхий эдийг худалдан авах зорилготой байсан гэж тайлбарладаг бол Британичууд өөрийн колони болох Энэтхэгийг оросуудад алдахвий гэж болгоомжилж байв. Ер нь түүхээс үзэхэд Энэтхэгийг ямагт хойд зүгээс довтлон (Македонийн Александр, Доголон Төмөр, Бабур хаан гэх мэт) эзэлж байжээ.

Энэ хоёр гүрэн тус бүс нутагт хэдийгээр хоорондоо шууд тулж байлдаагүй ч Британий эсрэг тэмцэх бүлэглэл, улс орнуудад Орос, Оросын эсрэг тэмцэх бүлэглэл, улс орнуудад Их Британи зэр зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсний дээр аль алин нь өөрсдийн цэргийг илгээж шинэ шинэ газар нутгийг нөлөөндөө оруулж байв. Жишээ нь, Памирт хяналтаа тогтоохын тулд Их Британи 1891 онд цэрэг илгээж өнөөгийн Пакистаны хойд хэсгийг хяналтандаа авсан бол оросууд мөн угтуулан цэрэг илгээж Памирын хойд хэсгийг хяналтандаа авсан байна.

ХХ зуун гарсаар хоёр их гүрэн гол төлөв өөрсдийн тагнуул, тусгай албадын шугамаар ил, далд хэлбэрээр тэмцэж байлаа. Энэ үеэс “Их тоглоом”-ын талбар тэлэгдэж Төвд болон одоогийн Шиньжаан-Уйгарын нутгийг хамрах болсон байна. Оросын Н.М.Пржевальский, П.К.Козлов нарын экспедицийн тухай мэдсэн британичууд 1904 онд Төвд рүү цэрэг илгээж Лхас хотыг эзэлж авлаа. Тэднээс дүрвэсэн Төвдийн тэргүүн ХIII Далай лам Түвдэнжамц Орост очиж тусламж хүсэх гэсэн боловч Монголд “гацаж” жил болсон юм. Энэ үед Орос-Японы дайн болж байсан бөгөөд Орос Их Британий холбоотон Японд ялагдсан учир XIII Далай ламыг хүлээн авч, тусламж үзүүлэхээс татгалзав.

1907 онд Орос-Их Британи гэрээ байгуулагдсанаар Афганистаныг Британий нөлөөний бүст байна гэдгийг хүлээн зөвшөөрч Перс (1935 оноос Иран гэх болсон)-ийн хойд хэсгийг Оросын, өмнөд хэсгийг Британий нөлөөнд байхаар тохирлоо. Харин Төвдийн хувьд түүнийг тусгаар тогтносон, төвийг сахисан статустай байлгаж зөвхөн Хятадын засгийн газраар дамжуулан харилцаж байхаар болов.

1917 онд Оросын импери унасны дараагаар буюу 1919 онд Их Британи Афганистаныг Зөвлөлт Оросын нөлөөнд орохоос урьдчилан сэргийлж тийшээ цэрэг оруулав. Харин Дундад Азид шинэ Зөвлөлт Орос нөлөөгөө хадгалж үлдэв.

“Их тоглоом”-д Герман, Япон бас оролцох гэж үзэв. Герман Ираныг өөртөө татах гэж (жишээ нь, Багдадын төмөр замыг өөрсдийн хөрөнгөөр Тегеран хүртэл татахыг эрмэлзэж байлаа) чармайсан боловч Дэлхийн II дайны үед СССР, Их Британи хоёр Иранд цэргээ оруулснаар энэ оролдлого бүтэлгүйтсэн юм. Дэлхийн II дайны дараа Британий импери задран колони байсан орнууд нь тусгаар тогтнолоо зарласан хэдий ч Энэтхэг, Пакистан зэрэг “Их тоглоом”-ын бүст байдаг орнууд өнөөдөр ч Британий хамтын нөхөрлөлд багтсан хэвээр байна. 1970-аад онд Их Британи АНУ-тай хамтран Ираныг нөлөөндөө хэвээр байлгах гэж оролдсон боловч бүтэлгүйтэв. Мөн Афганистаны төлөө хүчтэй тэмцэл өрнөлөө. 1979 онд СССР Афганистанд цэргээ оруулсан нь түүний хувьд өмнө зүгт нөлөөгөө тэлэх гэсний илэрхийлэл байсан хэдий ч АНУ-ын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Учир нь, АНУ СССР-ийг Персийн булангийн нефтийн ордуудад хэт ойртохоос болгоомжилсон хэрэг. Ингээд СССР Афганистанд нөлөөгөө хадгалж чадаагүйгээр барахгүй энэ бүс нутагт исламизмын экстремист хөдөлгөөний уурхай бий болох эх суурь тавигдав.

Шинэ GREAT GAME

СССР 1991 онд задарч зөвлөлтийн Дундад Азийн улсууд бие даах болсноор “Их тоглоом” улам бүр идэвхжих шалтгаан болсон юм.

Шинэ “Их тоглоом”-ын үед түүний талбар өөрчлөгдөж хуучин СССР-ийн бүрэлдэхүүнд орж байсан БНУ-ууд, БНХАУ-ын баруун хэсэгт байдаг Шиньжаан-Уйгарын автономит район, Афганистан, Пакистан, Энэтхэг-Пакистаны маргаантай нутаг болон Монголыг багтаагаад энэ бүс нутгийг Төв Ази гэх болсон байна.

Хэрэв ХХ зууны эхэн хүртэл “Их тоглоом”-ын зорилго нь бүс нутгийн орнуудыг өөрийн эрхшээл, нөлөөндөө байлгаж тэндээс цай, кофе, төрөл бүрийн амттан, хөвөн, олс, торго, ноос зэргийг авах, хямд ажиллах хүчийг нь ашиглах (жишээ нь, Дэлхийн I, II дайны үед эдгээр орны хүн ард арын албыг залгуулахын төлөө зүтгэж байсны дээр цэрэгт олноор татагдан фронтод байлдаж байлаа) явдал байсан бол мөн зууны дунд үеэс энэ бүс нутаг дэлхийн томоохон нефть нийлүүлэгч болсноор их гүрнүүдийн анхаарлыг улам бүр татах болов. Өнөө үед энэ бүс нутгийн нефть, байгалийн хийгээс гадна байгалийн бусад баялаг, асар их хүн ам бүхий зах зээл нь хөгжингүй орнуудын сонирхлыг татаж байна. Хөгжингүй орнууд нь байгалийн асар их баялагтай, дэд бүтцийн зангилаа энэ бүс нутагт өөрсдийн томоохон компани, корпорациудад ашигтай гэрээ байгуулах бололцоо олгох, хийн болон нефтийн хоолой, авто, төмөр зам, далайн тээврийг хяналтандаа байлгахын төлөө тэмцэж байна. Харин 2001 оны 9 дугээр сарын 11-ний үйл явдлаас хойш тус бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэх гэсэн өрсөлдөөн нь терроризмтай тэмцэх гэсэн үзэл суртлаар халхлагдах боллоо.

“Их тоглоом”-д оролцогчдын тоо улам бүр нэмэгдэж байна. АНУ Дундад Ази, Өмнөд Кавказыг өөрийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, Каспийн тэнгисийг ашиг сонирхлын бүс гэж зарлав. З.Бзежинскийн тодорхойлсноор АНУ-ын Төв Ази дахь сонирхол нь өөрийн дэлхийд давамгайлах байр суурийг хэвээр хадгалах, бүс нутгийн гүрнүүдийн хүчирхэгжих процессыг хяналтандаа байлгахаас гадна нефть, байгалийн хийн олборлолт, тээвэрлэлтийг хянаж байх зорилготой гэнэ.

“Их тоглоом”-ын нэг идэвхтэй шинэ оролцогч нь яах аргагүй БНХАУ юм. Өөрийн бараг 1,5 тэрбум хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд эрчим хүч, түүхий эдийн шинэ шинэ эх сурвалжууд хэрэгтэй болох учраас бүс нутгийн орнуудад хөрөнгө оруулах, нефть, хийн хоолой, авто болон төмөр зам барих сонирхолтой байгаа нь эдгээр орны дэмжлэгийг авч байна. “Торгоны зам” сан, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк зэрэг эдгээр төслийг санхүүжүүлэх санхүүгийн институтүүд нь ч бэлэн болоод байна.

Асар уудам газар нутаг, байгалийн ихээхэн баялагтай хэдий ч санхүүгийн хувьд бэрхшээлтэй тулгараад байгаа Орос орон өөрийн эрх ашгаа хамгаалах, нөлөөгөө хэвээр хадгалахын тулд хүчээ нэгтгэх зорилгоор БНХАУ-тай хамтарч 2001 онд ШХАБ-ыг санаачлан байгуулав. Мөн Япон, Канад, Австрали зэрэг хөгжингүй орнууд ч “Их тоглоом”-д оролцох сонирхлоо идэвхтэй илэрхийлэх боллоо.

Өнөөдөр Монгол Улс шинэ “Их тоглоом”-ын объект болоод байна. ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөршийнхөөс гадна АНУ, Австрали, Канад, Япон зэрэг хөгжингүй орнуудын томоохон компани, корпорациуд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулах сонирхлоо илэрхийлээд зогсохгүй зарим нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгааг бид ажиглаж байна. Үүнд эмзэглэх хэрэггүй. Бидэнд хөрөнгө оруулалт, технологи, зах зээл шаардлагатай. Гагцхүү хэрэгтэй түншээ зөв сонгох нь чухал. Хэрэв Монгол Улс хөгжингүй орнуудын сонирхлыг татсан “Их тоглоом”-ын объект болж чадахгүй юм бол өнөөдөр бараг хүн бүрийн яриад байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй юм. Гэхдээ мэдээж аюулгүй байдлаа юун түрүүн бодох хэрэгтэй байх л даа.

Тэгэхээр энэхүү “Их тоглоом”-ын тоглоом болчихгүйн тулд бид яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Юуны өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурлаас батлагдсан чиг баримжаа, үзэл баримтлалаа тууштай, хэлбэрэлтгүй баримтлах ёстой. Жишээ нь, сонгуульд оролцох улс төрийн нам, хүчнүүд гадаад бодлогын талаар янз бүрийн санал дэвшүүлэх нь зохимжгүй. Цаашилбал олон улсын нөхцөл байдалд мэргэжлийн өндөр түвшинд байнгын дүн шинжилгээг хийж байх хэрэгтэй. Ийм ажлыг мэдээж тодорхой түвшинд хийдэг байх гэж найдаж байна. Чухамхүү нарийн дүн шинжилгээний үндсэн дээр гадаад бодлогын чиг баримжаагаа тодорхойлж төрийн дээд байгууллагаараа батлуулан түүнийгээ бүх шатандаа хэлбэрэлтгүй баримтлан ажиллаж чадваас бид өөрийн эрх ашгийг хамгаалж хамгийн ашигтай хувилбарыг сонгож чадна.

Эцэст нь тэмдэглэхэд зохиолч Р.Киплингийн бичсэнээр энэхүү “Их тоглоом” нь хэзээ ч дуусахгүй юм билээ.

Сэтгэгдэл бичих

    • 3ypy
    • 2016-05-16

    хятадаас өөр гуравдагчдын компаниуд манайд үйл ажиллагаа эрхлэх ямар шаардлагатайг ёстой ойлгосонгүй, хятадын 'алдагдсан нутаг' болох манайх яахаараа обьект болчдын,ийм эрсдэлийг хятад-оростой сөргөлдөн бий болгох эрх ашгийн сонирхолтон энэ дэлхийгээс олдох уу,манайх хэдийгээр барууныхны хувьд орос-хятадыг анах хамгийн ашигтай байршил ч гэлээ тэд энд бэхжих эрхзүйн болоод эрх ашгийн биежилт байхгүй,тэхээр эхлээд үүнийг ярих хэрэгтэй бус уу

arrow icon