Нийтлэл 05 сарын 20, 2016

ЛИБЕРТАРИ БИБЕРТАРИ

Манай ажлын өрөөнд дундаа орсон архинууд хөглөрөөстэй... Монголд бол хоосон байтугай шил ч байж харагдахгүй дээ... Шарууд арьс үндсээр ялгавралх үзэл расизмаар “Sieg Heil”(Нацистуудын сүлд дуу) түвшинд очиж үзсэн болхоор одоо олон юм дугарч болдоггүй шиг Монголчууд бас ажлын байрны архидалтаар “шил ч харагдаж болохгүй” түвшинд. Уг нь нормальны хүн шиг уудаг байсан бол хорионд орохгүй.  Хувьслын онол сэтгэлгээнд ч үйлчилж байдаг гэх юм уу даа. Мангар хүйтэнд амьдардаг, хатгаанаас үхтлээ айдаг нүүдэлчид цус нөжтэйгээ хутгалдсан ч бай хамаагүй нярай биетэй эхийг бол бүтэн сар угаахгүй. Одоо халуун устай дулаан байранд амьдарч байгаа ч сэтгэлгээ нь дагтаршаад үлдчихсэн. Гэхдээ байдал өөрчлөгдөөд дөнгөж 40 жил болж байхад яаж ч олон мянган жилийн сэтгэлгээ тавирах билээ.

Гэлээ гэхдээ бас туйлшрах юм аа, 80 жил социализмаар хүчирхийлүүлчихсэн болохоор автомараар либертари үзэлд сөгдөх хүмүүс байна. Эрүүл мэндийг зах зээлийнх нь механизмд л оруулчих юм бол сайхан болох юм шиг бичих хүн нэг бус байх юм. Нэг юм өөрчлөөд л бүх юм сайхан болчихдог бол уг нь сайхан. Мэдээж  “зах зээлийн механизм” гэж юуг хэлж байгаагаас шалтгаална. Тийм болхоор улсуудын ЭМ-ийн санхүүжилтийн төрлүүдийг, ЭМ-ийн үзүүлэлтээр нь жагсааж үзвэл нэгийг суралцаж болох байх. Кубыг эрүүл мэндийн дийлэнх үйлчилгээг  төр нь хариуцдаг хувилбарын төлөөллөөр, АНУ-г  дийлэнхийг нь хувийн байгууллага хариуцдаг хувилбарын төлөөллөөр, энэ хоёр туйлын хооронд орших хэлбэрээр төрийн үйлчилгээ нь хувийнхаас давамгайлсан улсаар Авсралийг, санхүүжилт нь олон нийтийнх, эмнэлэг нь хувийнх давамгайлсанхэлбэрээр Канадыг, санхүүжилтийн хэлбэрээр МУ-тай төстэйгээр нь ОХУ-г, ЭЗ-ийн байдаар (нэг иргэнд ноогдох ДНБ-ээр нь дүгнэж) МУ-тай адил Филиппиныг сонгов. Ерөнхий харьцуулалт хэлбэрээр БНХАУ, Бангладеш сонголоо. Хамгийн чухал ЭМ-ийн үзүүлэлтүүд нь мэдээж дундаж наслалт, хүүхдийн эндэгдэл (1000 амьд төрөлт тутамд тохиолдох 5 хүртлэх насны хүүхдийн үхэл) хоёр байж таарна гэж бодлоо. Хэдийгээр дундаж наслалтад олон хүчин зүйл нөлөөлөх ч гол хүчин зүйл нь ЭМ-ийн үйлчилгээ учир, хүүхдийн эндэгдэлтэй хамтаар дүнгэвэл шаардлагад нийцэхүйц мэдээлэл өгнө гэж үзлээ. Мэдээллийг 2010 оны байдлаар олон эх үүсвэрээс gapminder.org  графикт оруулж ойлгоход хялбар болгосон байна. 

Эхний ээлжинд энэ улсууд нь ЭМ-дээ эргэлтийнхээ хэдэн  хувийг зарцуулж байгааг нь хүүхдийн эндэгдлээр нь жагсааж харья. Мэдээж хэдий их мөнгө зарна үр дүн тэр хэмжээгээр сайн байхыг ерөнхий хандлага харуулж байна. Монголын хувьд Филиппинтэйгээ ойролцоо хувь зараад тэднээс муу үзүүлэлттэй байна. Австрали, Канад ДНБ-ийнхээ 10 орчим хувийг зарцуулаад хамгийн бага эндэгдэлтэй, харин АНУ 18%-аа зардаг мөртлөө Кубынхээс муу байна.

Дундаж наслалтаар нь харсан ч гэсэн их мөнгө- сайн үр дүн гэсэн хамаарал хэвээр ажиглагдана. АНУ мөнгөө үр дүн муутай зарцуулж байгаа нь илүү тод харагдаж байна. 

 Хувиасаа төлөх зардлын ЭМ-ийн үзүүлэлтүүдтэй холбож хархад тэдгээр нь хувийн зардал нэмэгдэх тусам мууддаг ерөнхий зураг харагдаж байна.

Тэгвэл төрийн оролцоо нэмэгдэх тусам ЭМ-ийн үзүүлэлтүүд нь сайжрах хандлагатай байгаа харагдаж байна. 

Мэдээж ЭМ-ийн санхүүжилт их ээдрээтэй асуудал учир ийм бүдүүн баргийн тооцоогоор хялбарчлах нь учир дутагдалтай. Үүнээс гадна улс болгон өөр тогтолцоотой учир харьцуулахад тэр бүр онцлогийн ялгаа нарийн харагдахгүй байна. Гэхдээ энэ бүгдээс дүгнэхэд зарим хүмүүсийн хэвлэлд гаргаж буйгаар бүх ЭМ-ийн тогтолцоог хувьд гаргаж, зах зээлийн механизмаар зохицуулвал зардал нь нэмэгдэж, үр дүн нь муудах магадлалтайг АНУ-ийн жишээн дээрээс харж болж байна. Түүгээр ч зогсохгүй, сайн түвшинд харьцангуй бага зардлаар хүрч болохыг Куба, Австрали, Канадын жишээн дээрээс бас харж болж байна. ЭМ-ийн зардал бол урьдчилан хэлэх боломжгүй хувьсагч учир бие даасан даатгалын (аль болох олон хүний эрсдлийг нэгтгэж зардал бууруулах) тогтолцоогоор, гэхдээ олон нийтийн эрх ашгийг урьтал болговол зардал хэмнэж сайн үр дүнд хүрж болдогийг энэ графикаас харж болно гэж бодож байна. Монгол улсын ЭМ-ийн даатгал одоогийн байдлаар жинхэнэ даатгал хэлбэрээр ажиллаж чадахгүй байгаа нь ЭМ-ийн үзүүлэлтүүд харьцангуй муу түвшинд хадгалагдаад байгаа шалтгааны нэг гэж бодож байна. Эрүүл мэндийн даатгалыг бие даалгаж, санхүүжилтийг нь ДНБ-ний 10%-д хүргэх нь салбарын сайдын гол үүрэг байх ёстой болов уу. 

2013/12/22

Сэтгэгдэл бичих

arrow icon